Сонгуулийн урьдчилсан дүнгээр Консерватив нам тэргүүлж байна

Twitter Print
2019 оны 12-р сар 13-нд 13:32 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн пүрэв гарагт Их Британид болсон парламентын сонгуулийн урьдчилсан дүнгээр эрх баригч Консерватив нам тэргүүлж байгааг экзитполын дүн харуулжээ.

Их Британийн телевизийн хамгийн том 3 сувгийн бэлтгэсэн экзитполын дүнгээр Ерөнхий сайд Борис Жонсон тэргүүтэй Консерватив нам парламентын доод танхимын 650 суудлын 368-ыг нь авчээ. Экзитполын энэхүү дүн сонгуулийн эцсийн дүнгээр батлагдвал Консерватив нам өмнөх парламент дахь суудлаасаа 50 суудлаар илүү болж, парламентын олонх болох юм. Ингэснээр Консерватив нам шаардлагатай гэсэн хуулийн төслүүдийг баталж, Ерөнхий сайд Борис Жонсоны төлөвлөснөөр Их Британийн Нэгдсэн Вант улс Европын холбооноос 2020 оны 1-р сарын 31-нээс өмнө гарах боломжтой болох аж.

Парламентын сөрөг хүчин болох Хөдөлмөрийн нам сонгуулийн санал хураалтын дүнгээр парламентын доод танхимд 191 суудал авсан бол Либерал демократууд 13, Шотландын Үндэсний нам 55, бусад намууд болон бие даан нэр дэвшигчид 23 суудал тус тус авчээ. Их Британийн парламентын доод танхимын дарга асан Жон Беркоу Скай Ньюс сувагт өгсөн ярилцлагадаа сонгуулийн урьдчилсан дүнг "Борис Жонсоны хувьд гайхамшигтай үр дүн" хэмээн тодорхойлжээ.

Брексит-ийг тойрсон асуудлыг мухардлаас гаргах зорилгоор өмнөх парламентыг тарааж, шинээр парламентын сонгууль явуулах санааг Ерөнхий сайд Борис Жонсон гаргасан билээ. Түүний нам энэ удаагийн сонгуулиар ялалт байгуулснаар Борис Жонсон Брексит-ийг хэрэгжүүлэх гэрээг энэ сарын 21 гэхэд парламентын доод танхимын хэлэлцүүлэгт, Зул сарын үеэр парламентын дээд танхимын хэлэлцүүлэгт оруулах гэнэ. 

Эх сурвалж: BBC 

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.