Чихэр, жимс биш зөвхөн “Эрх чөлөө”

Twitter Print
2019 оны 12-р сар 11-нд 17:19 цагт
Мэдээний зураг,

Би нэг юмыг гайхаад байдаг юм. Хятадад эсвэл Орост амьдарч байгаа монголчуудыг ойлгож болно оо, гэвч Монгол улсын монголчууд яагаад ноёддоо ноолуулаад номхон даруу, ноомой дөлгөөн амьдардаг юм бол.

Нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөө хөдөлдөггүй юм гэхэд өөрийнхөө эрхийн төлөө ч тэмцэхгүй. Алмай тэнэгтээ тэр үү? Аль эсвэл өөр шалтгаан байна уу. Манчестер их суруулиас тэтгэвэртээ гарсан настай багш манай ангид заадаг юм. Уржигдар хэрхэн мэтгэлцэх тухай заагаад биднийг хоёр багт хувааж, дунд минь 10 аргумент дэлгэлээ. Ангайв. Ухаалаг технологи хүн төрөлхтнийг сайхан амьдралд хүргэхгүй, гэрлэлт манай нийгэмд удаан оршин тогтнохгүй, өвдсөн ядарсныг тэтгэх нь төрийн үүрэг биш, залуу хүмүүст үлгэрлэх сайн дүр нийгэмд дутагдаж байна, хөгшчүүдийг асрах нь залуусын үүрэг биш.

Мэтгэлцээн бүрийн өмнө бид сугалаагаар аргументийг хамгаалах эсвэл эсэргүүцэх дүрээ сонгож байлаа. Өвгөн багш маань шүүгч. Европ, Латин америкийн халуун цустай оюутнууд урамтай сайхан мэтгэлцэх юм. Өөрийгөө илэрхийлж чадахгүй, бүрэг ичимхий, бүдүүн барагтай нь аанай л манай азичууд бас арабууд. Биднийг эй, би, си, ди гээд үсэглэж байх хооронд энэ хүмүүс хүүхэд байхаасаа хөгжлийн сэдвээр мэтгэлцэж, түүгээрээ аливааг харах өнцгөө нэмэгдүүлж, асуудалд бодитой хандах арга ухаанд суралцаж байдаг юм байж. Томчуудын ярианд орж болохгүй, том хүний өөдөөс дуугарч болохгүй, том хүн шиг овор маяг гаргавал бух болоогүй байж бухын юугаар яалаа гэж зэмлэн "хошуу хайрдаг" нийгэмд өссөн хүүхэд ахуй насаа, одоо ч ийм нийгэмд өсөж байгаа хүүхдүүдээ үнэнээсээ өрөвдөж хайрлав.

үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө зурган илэрцүүд

Чихэр жимсээр гар татахгүй эрхлүүлдэг хэрнээ үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг бид хүүхдүүддээ хэр их олгодог билээ? Хүүхэд ч гэсэн хүн шүү гэж хүндэтгэн хэдэн удаа нэг түвшинд харилцаж байсан бэ. Ошогийн нэг ярилцлагыг үзлээ. Эцэг нь Мумбай руу явах бүртээ хүүхдүүдээсээ юу авахыг хүсэж байгааг нь асуудаг байж. Чихэр, жигнэмэг, гутал, тоглоом....Ошогийн ээлж ирэхэд "Надад захих юм байхгүй ээ, харин жаахан ч болов эрх чөлөө аваад ирээрэй" гэдэг байж гэнэ. Аав нь этгээд араншинтай хүүгээ яваандаа хүлээн зөвшөөрдөг болжээ. Ошо номонд ухаангүй дуртай хүүхэд байсан бөгөөд "Би танаас ном худалдаж авах мөнгө л авна. Өөр юу ч авахгүй.

Харин та ахиухан өгч байгаарай. Ном авч хүрэхгүй, та бас нэмж өгөхгүй бол би хулгайлахаас өөр аргагүй болно. Намайг хулгайч болбол та хариуцна шүү" гэхэд эцэг нь зөвшөөрсөн гэдэг. Ошогийн гэр номын сан 150 мянган номтой. "Манайх урьд нь байшиндаа номын сантай байлаа. Харин одоо байшин минь номын санд байх боллоо" гэж аав нь нэгэнтээ хэлсэн гэдэг.

Өнөөдрөөс хүүхдүүддээ чихэр биш эрх чөлөө өг. Дууг нь хориглож, амыг нь таглахаа боль. Өөрийнх нь хийхийг хүссэн дуртай зүйлд нь чиглүүл. Таны биелүүлж амжаагүй хүсэл мөрөөдлийн золиос таны хүүхэд байх учиргүйг хатуу сана. Хүн бүр хэдэн настай байхаас үл хамааран дахин давтагдашгүй "хувь" ертөнц. Бидний нийгэмд аль л болох олон өнгийн "хувь" ертөнц зэрэгцэн оршиж байж гэмээнэ нөгөө хүсээд байгаа тэгш эрх, эрх чөлөө, шударга ёс цогцолсон нийгмийн төлөө тэмцдэг иргэдийн хүчтэй дуу хоолой төрөн гарна. Сайн ч юм болсон таг, муу ч юм болсон таг, нэг өнгийн уйтгартай, "ард түмэн" гэсэн хийсвэр нэрийг барьсан "аминч" нийгэм зөвхөн танаар л дуусаг гэх үүнийг өөртөө бас эцэг эх болсон үеийн нөхдөд зориуллаа.

Э.Эрдэнэсувд 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.