Шүүхээс УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт хилийн хориг тавих шаардлагагүй гэж үзлээ

Twitter Print
2019 оны 12-р сар 13-нд 13:04 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн прокурорын газраас Н.Номтойбаяр, түүний зөвлөх нарт хилийн хориг тавих санал ирүүлжээ. Уг саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр 11.00 цагт нээлттэй хэлэлцлээ.

Улмаар шүүхээс түүнд хилийн хорио тогтоох шаардлагагүй гэж үзсэн байна. Шүүх хуралдааны дараагаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "Өчигдөр миний бие сүүлийн хагас жилийн хугацаанд хүн амины хэрэг хийсэн мэтээр дайрч доромжлуулж байгаад  тайлбар хийсэн. Уг нь би тайлбар хийхээс илүү хэргийг шалгаж байгаа цагдаа, прокурор тайлбар хийх ёстой гэж бодсон. Гэтэл олон нийтэд мэдээлэл өгдөггүй. Г.Батхүү гэдэг хүнийг нас барсантай холбогдуулж хэн нэгнийг яллагдагчаар татах нь битгий хэл эрүүгийн хэрэг ч үүсгээгүй байгаа. Шүүх шинжилгээний дүгнэлтүүд мөрдөн байцаалтад хэн нэгнээс хамааралгүй болох нь тогтоогдсон. Үүнийг дахиж надтай холбохгүй байхыг хэвлэлээс хүсье.

Харин гэрчийн мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлэг өгсөн гэж цагдаагийн ажилтан намайг хэрэгт гүтгээд байгаа юм. Үнэнээ мэдүүлсээр байтал яагаад гүтгээд байгаа юм. Прокурор хэлэх үг байхгүй байгаа биз дээ. Сая ажлын албаныхан зөвлөх туслахуудтай уулзахад таслан сэргийлэх арга хэмжээ авахыг прокурорын зүгээс гаргасан юм байна. Шүүх таслан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагагүй  гэж үзсэн. Талархаж байна. Өөр юу хэлэх вэ. Өчигдөр орой над руу хэлсэн. Тэгээд ирж байгаа нь энэ. Болж өгвөл намайг муухай харагдуулах юм яваад байна” гэлээ.

Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Н.Номтойбаярыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор Т.Есөнтөмөр, Б.Эрдэнэбат нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоолгох таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай санал ирүүлсэн. Шүүхээс прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.