Пэрэнлэйн Лувсанцэрэн - НУРАМТЫН ӨВӨРТ /Өгүүллэг/

Twitter Print
2023 оны 02-р сар 27-нд 17:17 цагт
Мэдээний зураг,

Пэрэнлэйн Лувсанцэрэн - НУРАМТЫН ӨВӨРТ

Цагаан сарын шинийн зургаанд тэнгэр цэлмэг, хаврын сар гарсных юм уу, сэтгэл дагасных юм уу дулаахан шаргал өдөр болов. Цасны өнгийг ажиглахад өвлийн догшин цагаан туяагаар гялалзан гялтганаж байдгаа хэдийн больжээ. Энгэр нөмрийн цас нимгэнтэй газраас үдийн хирд үл мэдэгдэх уур савсаж алсын бараа цайдам хөндийг ажиглавал, мөдхөн газар дэлхий хаврын зайрмаар угаагдаж талын зэрэглээ яралзан мяралзан урсах вий гэж санагдмаар. Халзан Хаймчиг ийш тийш жаал ажиглан зогссоноо, том үнэгэн малгайгаа тайлж, түвэгшээсэн янзтай хураалттай мод руу шидээд, дахин шургааг цавчиж эхлэв. Хамаг хэргийг халзан толгойгоороо хариуцаж үе тэнгийнхнийгээ «уруу татаж» уриалга гаргасан болохоор Нурамтын өвөрт босох энэ өвөлжөөний хашаа дээр өөрөө түрүүлж ирж үлгэр үзүүлэх сэтгэлийн үүрэгтэй байснаас гадна, бас хүмүүс цуглаагүй байгаа дээр «Халзан Хаймчигт дэвэргэн сэтгэл шигээ тэнхэл чадал байна уу» гэж өөрийгөө сорьж үзэх хэрэгтэй байжээ. Ирлэсэн сүх барьж үзээгүй удаж, мод цавчих ажлаас их л төсөөрсний дээр чадал хүч доройтсоноо аргагүй ухаарав. Эхлээд хөлөө цавччих шахав. Түүндээ уур нь хүрч, газар руу нэг нулимснаа, өөрийгөө хөөргөж «хэг, хэг» гэж дуу алдан хэд сүрхий цавчив. Болмоор янзтай. Ингэж байтал Балдан, Гомбо хоёр ирэв. Гомбо ер нь залуугийнхаа дэгжин занг хаяагүй их тэнхлүүн сээхгэр яваа харагдана. Хээ хуар болсон хивсэн тохоштой цагаан тэмээ унаж (заавал цагаан тэмээ олж унасны нь бодохгүй юу?) ирснээр барахгүй булигаар тоногтой нарийн эсгий гутал өмсөж, бүсэндээ торгон даалин хавчуулжээ. Нэг үгээр хэлэхэд цоорхой хочтой ч гэсэн ганган Гомбо, ганган хэвээр үлджээ. Балдан яах вэ, хэзээний бөөдий янзаараа. Одоо байтугай залуудаа «над шиг хүрлэгэр хар амьтан гоёж гангалаад амьтны доог» гэж бодсон янзтай явдаг байсан хүн.

— Халзан Хаймчигийн тушаал ч мөн хатуу юм даа. Эхнэрээ уйлуулж байж хаяад л ирлээ шүү дээ гээд Гомбо торгон даалингаасаа пийсүү хөөрөг гаргаж барихад Хаймчиг хянга хамрынхаа саруулхан нүх рүү тамхи чихэж найтаалгаад:

— Пээх ёстой жихраас гэснээ

— Цоорхой чи ер нь өтлөхгүй байна шүү. Надаас хоёр дүү, одоо жаран естэй гэх. Тоногтой гутал өмсөнө. Нөгөө Нурамгарын дунд хүүхэн рүү чавхдаад байдаг сураг байсан үнэн байх аа гэхэд

— Ортой нь ортой л байх. Одоо цагт хойд насны нүглээс хөгшид хүртэл айхаа байж гэж Балдан хэлээд «Даа, мөн ч мундаг хэллээ дээ» гэсэн янзтай амаа том ангайн дээгүүр харж инээв. Энэ яриаг тоосон шинж Гомбод огт байсангүй:

— Өтөлснөөс биш үхсэн биш дээ. Туйлтын Сангасваа гэж нэг төвөд дал гарсан хойноо эхнэр аваад хүүхэдтэй болж байсан л юм даг. Тэр муу төвөдөөс дутах юу байдаг юм? гэхэд Хаймчиг:

— Чадлыг чинь үзнэ дээ хө. Гарт чинь сүх бариулж чадлыг чинь үзнэ гэхэд,

— Үз! гээд Гомбо дорхноо сүх шүүрэн авах янзтай ийш тийшээ харснаа,

— Бид чинь нэг муу шургааг хашаа барих юм уу? гэв.

— Эш шургааг нь бидэндээ дээр. Би сая хот орохдоо тэр үйлдвэрт хийж байгаа боловсон хашааг үзлээ. Ганган юм. Сайхан юм. Манай энд авч ирээд барьчихвал их чирэгдэлтэй баймаар юм. Зун тэр сайхан хашааг чинь яах вэ? Манаа гаргах уу? Тийм элбэг хүн хаана байна? Үгүй бол хашааныхаа гадуур хашаагаа хамгаалсан бас нэг хашаа барьдаг юм уу, тор татмаар. Тэгэхгүй бол оодонгийн үхэр хэмхлээд хаячихна.

— Аа тийм юм бий? гэж Балдан эргэлзсэн янзтай дуугарав.

— Түүнийг чинь бас их түвэгтэй хийж байна. Дотор нь хөвөн хийгээд хоёр талаас нь мод хадаж байна. Тэр модыг нь үргэлж л засаж сэлбэж байхгүй бол жаахан завсар гардгаа, мал нөгөөх хөвөн цаасыг нь урж малтаж, аягүй бол зулгааж идчихдэгээ. Нэг үгээр хэлэхэд ер нь их арчилгаатай байх хашаа юм аа. Шургааган хашаа бол бөх дулаан... гээд Хаймчигийг ярих гэтэл Гомбо үгийг нь таслан:

— Чиний хэнээрхэл ч гэсэн дарагдаагүй байна шүү. Юм л бол тушаах гээд. Багийн дарга явахдаа энэ тэр амьтанд, ханавал ханахаар тушааж явсандаа хөөрхий. Угаасаа хэнээтэй төрсөн хүн чинь хэнээтэй чигээрээ үхэх юм гэсэнд Балдан:

— Ортой нь ортой шүү! Одоо ч гэсэн дарга болох санаа бий гээд Хаймчигийн халзан дух руу харав. Хаймчигийн түүх судрыг яривал: Улсын сайн малчин, нэгдлийн анхны гишүүн, хэд хэдэн чухал хурлын төлөөлөгч болж явсан, бараг авдар дүүрэн үнэмлэх, сайшаал, баярын бичигтэй хүн. Хашаа барих гэдэг улс нийтээр хөдөлсөн чухал ажил гараад ирэхэд тэр урьдын нэр сүрээ бодож «Амьтны адагт хоцрохгүй» гэдэг зангаараа үеийн хэдэн өвөгчүүлийг уриалж ажилд орсон нь энэ ажээ. Энэ ажил гараагүй бол энэ хэдэн хөгшид энд ийн цуглаж учрах боломж гарахгүй байсаар дуусаж ч болох байв. Цөм нас дээр гарч гэрийн хаяанд голдуу хөл амран ямбалж их л ажил хийхдээ хонь хариулж, гэрт хүүхэд маллаж сургаал үг соёрхож, залуугийн явдлаа сэтгэлийн ёроолд бүүр түүрхэн дурсаж, хааяа нэг найрт хүндэт зочноор уригдан явснаас биш улсын ажилд нэр цохон уригдах нь ховордсон хүмүүс байв. Иймээс эд ийнхүү уулзсандаа хүүхэд адил хөөрөн дарвиж бодсоноо ярих хурц хошин үг хэлэх гэж өрсөлдөн хорхойтоцгоож суув. Урьдын явдлыг дурсавч баршгүй. Хэн хэнд нь ярих юм их. Иймээс тэдний яриа зүг чиггүй нэг юмнаас нөгөө юманд үсрэн шилжсээр байв.

— Хотын хөгшид чинь биднээс илүү жаргалтай юм байна гэж Хаймчиг хэлэв.

— Яаж байна гэж? Балдан дуулаагүй юм дуулсан мэт сүүмгэр бор нүдээн дүрлийлгэн асуулаа.

— Биднийг бодвол үзэх юм их. Театрт очих юм. Сайн өдөр зах орно гээд яваад өгөх юм. Гэртээ хөзөр тоглоно. Зарим нь Гандангийн хуралд очно. Бас их гоёно. Золигууд чинь, яагаад ч юм, бидэнтэй нэг зиндааны биш арай дээгүүр улс шиг л харагдаад байгаа юм даа. Ядаж хийх ажил элбэг. Миний саналаар бол өдрийн 8 цагийн ажилд нэг хүний оронд хоёр хөгшин тавьчхаад, дөрөв дөрвөн цагаар ажил хийгээд байхад болохгүй гэх газаргүй дээ. Хөгшин хүний хашир ухаан эв дүйгээр хоёр хөгшин хүн нэг залуу хүнээс яасан ч дутуу юм хийхгүй. Харин ч илүү хийнэ гэж Хаймчигийг ярихад Гомбо:

— За яршиг. Бидэн шиг хөдөөгийн үрчгэр хөх хөгшид, хот газрын тэр ганган өвгөд авгайчуудад атаархаад юу хийнэ? Хөзрөө тоглоод л сууж байг! Тэд тэндээ, бид эндээ жаргалтай гэв. Хаймчиг яриандаа авгай хүний тухай нэг ч үг цухуйлгаагүй байхад Гомбо «өвгөд авгайчууд» гэж хэлж яриандаа эмэгтэй хүн хавчуулж амжсаны нь Хаймчиг ажиж:

— Хотод үнэндээ чам шиг хүн бол жаргал эдлэхгүй л дээ.

Хотын ганган авгайчууд чинь Нурамгарын дунд хүүхэн шиг биш их ууртай догшин байдаг юм. Бүрий болохтой зэрэг үүдээ түгжчихээд, хүн орох гэвэл өөдөөс нь «Танд юу хэрэгтэй вэ? гэж асуудаг юм. Тэгэхээр нь чи юу хэлэх вэ?» гэхэд Гомбо дуугарсангүй. Балдан Хаймчиг хоёр инээлдэв. Энэ гурвыг хийсэн онц ажилгүй ингэж ярилцаж суутал баруун гүвээ дээгүүр гурван ачаатай тэмээ торойсоор гарч ирлээ. Өвгөдийн орон сууц ирж байтаа нь энэ. Ачааны хажууд жижиг халтар нохой цас шиншлэн дагаж гүйх бөгөөд ачаа хөтөлсөн өндөр Дандар, хажуудаа яваа Жунайтай бараг үгийн солиогүй гэлдэрч явав. Учир нь тэр сэтгэлдээ маш чухал зүйл бодож явжээ. «Энэ Хаймчиг ер нь биднийг юу руу хийх гэж байгаа бол? Энэ хашааг энд барихаа дарга нартай яриад шийдчихлээ л гэсэн. Дарга гэдэг ямар бурхан биш. Ядаж бригадаараа цуглаж ярилцаад шийдвэл аштай сан. Сүүлд нь хүн өвөлжихгүй газар хашаа барьчхаад, энэ хэдэн хөгшид улсын баахан хөрөнгө сүйтгэчихлээ гэсэн яриа гарч яс өндөлзүүлээд байх хэрэг болбол яана гэж хаширлан бодож явжээ. Дандартай хамт яваа Жунайн сэтгэл Дандарынхаас огт өөр байв. Жунай бие давжаа, нүд номхон, зориг мохоо, сэтгэл гэнэнтэй хүн билээ. Хүү нь нүүрээ буддаг, сайхан үнэртэй, бадриун ягаан хүүхэн дагуулсаар нэгдэлдээ ирж, орон гэрийг нь эзэгнэн сууснаас хойш Жунай цамц гутлаа тайлж гэрийнхээ хойморт суудгийг болиод, зөөлөн түргэн хөдөлгөөнөөр орон гаран хог цэвэрлэж, мөс хайлж, оройд нь ханцуйгаа шамлан гурил элдэж, мах хөшиглөдөг болжээ. Үг хэлсэн ч зөөлөн дуугаар хэлээд, зөв хэлэв үү буруу хэлэв үү гэж лавласан янзтай бэрийнхээ нүүр рүү сэмхэн ажна. «Би зориг муутай. Энэ бэрээс би айж байна. Эрхэнд нь ороод байна» гэж Жунай дотроо эсэргүүцэн боддог хэр нь айхгүй байж чаддаггүй байв. Гэтэл үеийнхээ хөгшидтэй нийлж хээр гарч хашаа барих ажилд очно гэж хэд хоног баяртай бодож байгаад яг явахынхаа өглөө бэрийн мэдэлд, цоохор шүүгээнд байдаг хэдэн шил архинаас гурвыг нь гялс гялс хийтэл аваад богцондоо хийчихжээ. Үүнийгээ бодон бодон инээд нь хүрч, хийморь нь сэргэж хамт яваа Дандартаа яримаар санагдавч түүний их сүр бараанаас бас айв Дандар бол уул шиг лагс биетэй, урт хар сахал, хамар, эрүү, нүдний нь харц цөм доошоо унжчихсан сэтгэлдээ юмыг үргэлж муу талаас нь хэрсүүлэн боддог, талбай ихтэй, том бараан нүүрээрээ жаврыг сөрөн явдаг хүн билээ. Хаа явсан газраа халтар нохойгоо дагуулна. Ийм сүртэй хүн магнайгаа үрчийлгэж, хөмсгөө зангидчихаад нохой руугаа хүртэл муухай хараад явахаар нь Жунай түүнд үг цухуйлгаж зүрхэлсэнгүй. Энэ хоёр ийнхүү үгийн солиогүй алхуулсаар цугларсан нөхөд дээрээ хүрч ирэв. Хагархай Гомбо Жунай хоёр хэзээний их түншилж залуудаа Гомбо нь Жунайгаа тавтиртай тавтиргүй элдэв хэрэгт дагуулж байн байн сүйдлэх шахдаг байжээ. Иймээс Жунайг ирэхэд Гомбо мориноос нь ч буулгалгүй угтан очиж, мөрнөөс нь шүүрч аваад,

— За хө, барилдана даа чамтай гэж цааш нааш нь ганхуулан татсанд Жунай шалавхан эмээлтэйгээ холби үсрээд буучхав. Дандар «Та нар гэрийнхээ, буурины цасыг малтчихаад байх нь яагаа вэ?» гэж хүнгэнэн үглэсээр буулаа. Хаймчигийн хэлдгээр «хашаа барих гавшгай бригадынхан» ийнхүү бүрдэл болов. Цагаан сарын нэгэн богино өдөр төдхөн өнгөрч, оройхон тийшээ жаварлаж эхэллээ. Эл хуль эзгүй байсан энэ газар хэдэн хөгшид ирснээр гэртэй, малтай, дуу шуугиантай, бас нохойтой болж, амьдралын өнгө шинж бүрдээд иржээ. Үдэш болоход хэдэн хөгшид бүр төвхнөчихсөн Жунайн богцны ид шидийг үзэж, халуун зуухаа тойроод шуугилдацгааж суулаа.

— Хүн ер нь сэтгэлээр залуу явах нь хэрэгтэй юм байна шүү. Гомбыг хар л даа. Шургааг цавчиж байхад нь би өнөөдөр ажиглалаа. Хүч тэнхэл гэдэг лут байна даа. Нурамгарын дунд хүүхэн нь ер их шим өгч байгаа бололтой гэж Хаймчигийг инээн хэлэхэд яс мөлжиж суусан Балдан:

— Хаймчиг чи ч гэсэндээ Гомбоос дордох юм ер алга. Духнаасаа уур савсуулаад нэг уулзахаараа бас л эрмүүн байна шүү. Би чамайг хүнд зөвлөгөө өгч чадахаас биш, ирлэсэн сүх барьж чадах хүн гэж санасангүй гэв.

— Бусдад зөвлөгөөн өгөхийн хувьд яривал ч, бид бүхний хэний маань ч хийж чаддаг ганц дадмаг ажил байхаа гэж хашир Дандар хөгшдийн нэг сүрхий үнэнийг хэлэв. Жунай мартсанаа санасан юм шиг цамцаа тайлан шалдан чээж гаргаж, ганцаараа хойморт хөл нүцгэн суучхаад үдийн турш инээд алдан дэмий ярьжээ. Эр хүний жаргал эзгүй хээр гэдэг үнэн юм байна шүү гэж дахин дахин ярьж архи аягалав. Өтөл насанд ховор тохиолдох мартамгүй жаргал шиг санагдах, энэ таван өвөгчүүлийн хэд хоногийн хээрийн амьдрал ингэж эхэллээ. Нас ахих тутмаа хүн амьдрал жаргалын үнийг алтнаас нарийн цэгнэж сурдаг юм гэнэ билээ.

П.Лувсанцэрэн

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.