АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Колин Пауэлл коронавирусын улмаас нас баржээ

Twitter Print
2021 оны 10-р сар 19-нд 12:44 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Колин Пауэлл коронавирусын халдварын хүндрэлийн улмаас нас барсан талаар түүний гэр бүлийнхэн Facebook нийгмийн сүлжээгээр дамжуулан мэдэгджээ. Тэрээр коронавирусын эсрэг вакциндаа бүрэн хамрагдсан байсан болохыг гэр бүлийнхэн нь онцолжээ.

АНУ-ын анхны өнгөт арьст Төрийн нарийн бичгийн дарга байсан Колин Пауэлл 20-р зууны сүүл 21-р зууны эхэн үед тус улсын гадаад бодлогыг боловсруулахад томоохон үүрэг гүйцэтгэжээ. Тэрээр сүүлийн жилүүдэд хавдар болон Паркинсоны өвчинтэйгээ тэмцэж байсан аж.

Колин Пауэлл 1937 оны 4-р сарын 5-нд Нью Йоркт төрсөн ба анх геологи болон батлан хамгаалахын мэргэжил эзэмшин, батлан хамгаалахын салбарт карьераа эхлүүлж, армийн генерал цолтой болжээ.

Тэрээр 2001-2005 оны хооронд Ерөнхийлөгч Жорж Бушийн удирдлага дор Төрийн департаментыг удирдаж байсан ба Вьетнамын дайнд оролцож, Ерөнхийлөгч Рональд Рейганы засгийн газарт Үндэсний Аюулгүй байдлын анхны хар арьст зөвлөх болжээ. Колин Пауэлл 2003 онд АНУ Ирак руу нэвтрэх санаачлагыг анх гаргасан билээ.

Тэрээр 2003 оны 2-р сарын 5-нд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хурал дээр Ирак улс нь олон улсын хууль журмыг зөрчин химийн болон бактериологийн зэвсэг бүтээж буй тухай 75 минутын тайлан тавьж, Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнуудаас Ирак руу довтлохыг зөвшөөрөхийг хүссэн юм.

Иракт хүмүүсийг үй олноор нь хөнөөх зэвсэг бүтээж байгаа гэсэн мэдээлэл нь АНУ болон холбоотнууд нь Ирак руу довтолж, Саддам Хусейны засгийн газрыг унагах гол шалтгаан болсон юм.

АНУ-ын цэргүүд Ирак руу довтолсны дараа Иракт химийн болон бактериологийн зэвсэг байгаа гэсэн мэдээлэл нь нотлогдоогүй баримт байсныг тогтоосон ба АНУ-ын Тагнуулын алба баталгаагүй эх сурвалжаас мэдээлэл авч байсан нь сүүлд шалгалтаар тогтоогдсон билээ.

Эх сурвалж: interfax.ru

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.