
Украины Гадаад харилцааны сайд Дмитро Кулёба БНХАУ-аас Киевт илгээсэн тусгай төлөөлөгч Ли Хуйд Украин улс ОХУ-д газар нутгаасаа өгөх нөхцөлтэй ямар ч энхийн гэрээг хүлээн авахгүй гэж мэдэгджээ.
Ли Хуйн хувьд ОХУ-Украины асуудлыг энхийн замаар шийдэх Бээжингээс санал болгоод буй төлөвлөгөөг танилцуулах зорилготойгоор Киевт хүрэлцэн ирсэн ба тэрээр өнгөрсөн оны 2-р сард ОХУ Украин руу довтолсноос хойш Украинд айлчилсан Хятадын төрийн хамгийн дээд албан тушаалтан болж байгаа аж.
Москвагийн ойрын түнш Бээжингийн хувьд ОХУ-ын Украин руу довтолсон явдлыг ил тод буруушаагаагүй билээ.
Энэ тал дээр Украины Гадаад харилцааны сайд Дмитро Кулёба энх тайван "Украины тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндлэхээс" эхэлнэ гэдгийг онцолжээ. Тэрээр Ли Хуйтай хийсэн уулзалтынхаа үеэр Украин улс "ОХУ-д газар нутгаасаа өгөх эсвэл дайныг түр зогсоох нөхцөлтэй" ямар ч гэрээг хүлээн авахгүй гэдгийг онцолсон болохыг Украины Гадаад харилцааны яамнаас мэдээлжээ.
Киевийн эрх баригчдын зүгээс ч мөн адил Украины талаас хохирол гарах нөхцөлтэйгээр дайныг дуусгах боломжгүй хэмээн удаа дараа мэдэгдээд байгаа юм.
Түүнчлэн Д. Кулёба цөмийн аюулгүй байдал, Хар тэнгис дэх үр тарианы экспортыг сэргээх асуудал дээр Бээжин чухал үүрэг гүйцэтгэсэн болохыг цохон тэмдэглэжээ.
Ли Хуй Бээжингийн санал болгож буй энхийн гэрээг танилцуулах зорилгоор Европт хийх айлчлалынхаа хүрээнд Киевт 2 өдрийн айлчлал хийж байгаа аж.
Өнгөрсөн 3-р сард ОХУ-д айлчилсан БНХАУ-ын тэргүүн Си Жиньпин Бээжин ОХУ-Украины хямралыг энхийн замаар шийдэхэд зуучлагчийн үүрэг гүйцэтгэнэ хэмээн мэдэгдсэн нь шүүмжлэл дагуулсан юм. Ингэхдээ Барууны улс орнууд Си Жиньпинийг ОХУ-ын Украин руу довтолсон явдлыг буруушаагаагүй гэдгийг онцолжээ.
Эх сурвалж: Reuters
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.