Монголчуудын хайртай сумоч Кайогийн хөндүүр сэдвийг хөндөв

Twitter Print
2014 оны 10-р сар 30-нд 14:43 цагт
Мэдээний зураг,

Японы мэргэжлийн сумогийн алдарт арслан Кайогийн хөшөөг босгожээ. Анх 1988 оны гуравдугаар сарын тэмцээнд сумод элсэн орсон тэрээр 23 жилийн амьдралаа сумо бөхөд зориулсан юм. Энэ хугацаанд 2000 оны Нацү башё, 2001 оны Хацү башё, нагоя башё, 2003 оны нагоя башё, 2004 оны аки башёд буюу таван удаа эзэн хааны цомыг хүртсэн. Мөн кинбоши буюу их аваргыг давсан бөхөд олгодог “Алтан од” шагналыг зургаан удаа авсан. Ингэхдээ Таканоханаг 3, Акэбонаг 2, Ваканоханаг 1 удаа өвдөг шороодуулжээ. 1988-2001 оны хооронд мэргэжлийн сумогийн 140 башёд 1731 барилдаан хийж, 1047 удаад нь давж, 700-д нь өвдөг шороодсон. Мөн 158 барилдаан өнжсөн байна. Үүнээс 107 башё буюу 1444 барилдаан хийж, 879-д давсан. Харин 581 удаа өвдөг шороодож, 141 барилдаан өнжсөн байдаг.

Монголчуудыг ид сумо сонирхож байх үед дээд зиндаанд арслан цолтой барилдаж, өөрийн намбалаг, зөөлөн төрх, хүч чадлаа шавхан давсан олон барилдаанаараа манай үзэгчдийн сэтгэлд хоногшсон. Тэр ч байтугай Кайог гэмтэл авч зодог тайлах гэж байгаа мэдээг сонсоод Монгол бүсгүйчүүд очиж дэмжих хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан. Сумогийн бөхчүүд Монголд ирэхэд Кайог л харах гэж эмэгтэйчүүд дугаарлаж байсан гэдэг.

Сумо бөхийн түүхэнд өөрийн нэрийг арилашгүй тодоор үлдээсэн экс озэки Кайогийн хувийн амьдрал тийм ч дардан замаар яваагүй байна. Тэрээр одоо хүртэл хүүхэдтэй болоогүй аж. Эхнэр нь өөртэй нь адилхан тамирчин бөгөөд мэргэжлийн бөхөөр хичээллэдэг юм байна.

Харин озэки Кайотой нэгэн цаг үед барилдаж биенээ хурцалж явсан 68 дахь их аварга Асашёорюү Дагвадорж түүний хөшөө боссон мэдээг интернэт хаяг дээрээ хуваалцаж, хажууд нь “Зээ хө, манай Кайо озэки хөшөөтэй болжээ. Би "тарган туулай" гэж дууддаг байлаа. Олон ч хүний гарыг тохойгоор нь мулт татсан даа. Ойгүй бяртай шүү. Эхнэр нь мэргэжлийн бөх. Хүүхэд олохгүй зовж байгаа хоёр доо” гэж бичжээ. Асашёорюүг ингэж бичсэний дараа уншигчид өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж байсан.

Монголчууд бид үрийн заяаг хамгийн ихээр дээдэлдэг ард түмэн. Хүүхэд гаргаагүй эмэгтэй хүнийг муухайгаар хэлж ярьсан ном зохиол, яруу найраг хүртэл байдаг. Гэвч хүсэхэд хясдаг хорвоогийн жамаар хүүхэд олдоггүй хүмүүст бурхан тийм тавилан оногдуулсан нь харамсалтай ч өөрсдийнх нь буруу юм шиг ярьж бичдэг хүмүүс үүнийг ойлгодоггүй нь бүр харамсалтай. Уул нь бол их эмзэг сэдэв. Мөн хүүхэд олоогүй эхнэр нөхрийн дэргэд хүүхдийн тухай ярихаас ч эмзэглдэг билээ.

Гэтэл олон түмний хайр талархлыг хүлээсэн алдарт их аварга маань мөр зэрэгцэн барилдаж, сайн муу бүх зүйлийг туулж адилхан алдрын оргилд гарсан нэгнийгээ ингэж хэлнэ гэдэг эрүүл хүний ой ухаанд орохооргүй гутамшигтай зүйл мэт санагдаж байна. Озэки Кайо өөрийнх нь тухай, өөрийнх нь амьдралын эмзэг сэдвийг хөндсөн манай "овилгогүй" их аваргын бичсэнийг харж, сонсоод юу гэх бол доо. Баярлахгүй нь л мэдээж. Бүдүүлэг гэхэд дэндүү бүдүүлэг гэх болов уу, эсвэл энэ хүн хэзээ ч хүмүүжилгүй чигээрээ дуусах юм байна даа гэж халаглах болов уу.

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.