Итали улс дахь монголчуудыг Элчин сайдын яамны утсанд яаралтай хандахыг анхааруулав

Twitter Print
2020 оны 03-р сар 11-нд 12:41 цагт
Мэдээний зураг,

Итали Улсын Засгийн газрын 2020 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн шийдвэрээр тус улсын бүх газар нутаг, засаг захиргааны нэгжийн хэмжээнд иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах, олон нийтийн арга хэмжээ, бүх шатны сургалтын байгууллагын үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 3-ны өдөр хүртэл зогсоохоор болов.

Уг шийдвэр гарсантай холбогдуулан тус улсын төрийн байгуулагын үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх бөгөөд иргэдийн хүнсний хангамжийг хэвийн түвшинд байлгахад онцгой анхаарч, бараа эргэлт, шуудан холбоо, худалдааны тээвэрлэлтийг энгийн горимоор явуулах юм байна. Мөн олон улсын нислэг хуваарийн дагуу явагдах бөгөөд хурдны зам, орон нутгийн нийтийн тээвэр, галт тэрэгний замын хөдөлгөөнд хүчний байгууллага хяналт тавих аж. Иргэд зөвхөн онцгой тохиолдолд тусгай маягт бөглөн хот хооронд зорчих эрхтэй. Үүнд,

Эрүүл мэндийн шалтгаанаар

Албан ажлаар /муж, хот захиргааны албан ёсны бичигтэй/

Зайлшгүй шаардлагаар дэлгүүрээр үйлчлүүлэх

Аялал жуулчлалын зорилгоор ирсэн гадаадын иргэн эх орондоо буцах тохиолдол тус тус хамаарна.

Италийн Дотоод хэргийн яамнаас гаргасан тусгай маягтыг доорх линкээр татаж авна уу.

https://www.interno.gov.it/sites/default/files/allegati/modulo_autodichiarazione_10.3.2020.pdf

Италийн Засгийн газраас иргэн бүрт гэртээ байж, гаргасан шийдвэрийг хүндэтгэн биелүүлэхийг уриалав. Монгол Улсад шинэ төрлийн коронавирус (covid-19)-ын халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Улсын онцгой комиссын 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав. Үүнд,

1. Улаанбаатар-Москва-Улаанбаатар, Улаанбаатар-Берлин-Улаанбаатар, Улаанбаатар-Нурсултан-Улаанбаатар, Улаанбаатар-Истанбул-Улаанбаатар чиглэлийн хоёр талын хуваарьт нислэгийн 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 12:00 цагаас 3 дугаар сарын 28-ны өдрийг дуустал, төмөр замын олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс 3 дугаар сарын 28-ны өдрийг дуустал түр хугацаагаар зогсоох,

2. Монгол, Оросын хилийн авто замын хилийн боомтуудаар ОХУ руу зорчих Монгол Улсын иргэд болон ОХУ-аас Монгол Улс руу зорчих гадаадын иргэн, харьяалалгүй хүний зорчих хөдөлгөөнийг 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 20:00 цагаас 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл зогсоох зэрэг болно.

Итали Улсад аялал жуулчлалын болон 90 хүртэлх хоногоор түр оршин суух эрхийн хугацаа нь дээрх шийдвэрт дурдсан хугацаанд дуусч байгаа Монгол Улсын иргэд 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөрт багтаан Элчин сайдын яамны шуурхай утас (+39 389 063 4886) болон Mongolian Embassy Italy фэйсбүүк хуудсаар яаралтай холбогдоно уу.

Эх сурвалж: МОНГОЛ УЛСААС БҮГД НАЙРАМДАХ ИТАЛИ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.