Хүмүүсийн тухай буюу аливаад сэтгэлээсээ хандах нь

Twitter Print
2023 оны 06-р сар 06-нд 16:35 цагт
Мэдээний зураг,

Хүмүүс бусад (үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хийх зүйлээ өөрөө сонгох г.м.) эрх чөлөөтэй хамт “хүнээ байх, хүн чанараа хаях” эрх чөлөөтэй болсон нь харамсалтай…

Хүн чанар гэдэг бол та биднийг, болох болохгуйн зааг дээрх зураасыг давах төдийд л бидний дотор хурц гэрлээ анивчуулан хангинадаг дуут дохио юм. Өнөө цагт тэр зураасыг хэн дуртай нь давдаг болж. Яах гэж? Үүр лүүгээ аль болох ахиухан эд материал зөөж хураах гэж л тэр…

Би саяхан оросын нэгэн нэрт зохиолчийн романыг уншлаа л даа. Тэр романд гол баатар нь болох залуу хөгийн гэмээр ажил хийх мөртлөө маш өндөр цалин авдаг тухай гардаг. Аав, өвөө хоёр нь галзуу юм шиг ажилладаг байсныг мэдэх тул тэрээр биед амар ажил хийж тэвчихийн аргагүй хөнгөн амьдралаар амьдарч байгаадаа ичиж явдаг ч өндөр цалингаасаа татгалзаж чаддаггүй. Яах юм? Хүссэн бүхэн нь өөрөө гарт нь ороод ирж байхад…

Аливаад сэтгэлээ зориулдаггүй хүмүүст би дургүй

Евгений Евтушенко “Энэ хорвоод сонирхолгүй хүн гэж үгүй” гэсэн байдаг. Үүн дээр би санал нийлэхгүй. Сэтгэл нь тайлж ойлгохын аргагүй гүн далай шиг хүмүүс байхад ямар ч дурсамж үлдээдэггүй, ёроолд нь лаг шавар тунасан гүехэн шалбааг шиг хүмүүс ч бас байдаг шүү дээ.

Аливаа зүйлд өөрийгөө зориулья л гэвэл юуны өмнө “сэтгэлтэй” болох хэрэгтэй. Сэтгэл гээч нь бидэнд төрөхөөс заяагддаггүй. Олон жилийн турш бусдад буян үйлдэж, эерэг эмоци мэдэрч байж сая бий болдог. Хүмүүс, амьдралаас аль болох ихийг хүртэж байж л жаргана гэж боддог. Гэтэл үнэн хэрэгтээ хүмүүс бусдын төлөө өөрийгөө зориулж, бусадтай аль байгаагаа хуваалцаж байхдаа л жинхэнэ жаргалтай байдаг юм.

Ганцаардлын тухай

Ганцаардал гэдэг нь өөрийгөө зориулах хүнгүй байхыг хэлнэ. Миний нэг найз хүүхнийг нөхөр нь хүүхэдтэй нь хаяад явж билээ. Тэр хүн эрх чөлөөгөө эдлэж байна гэж бодсон байх. Би бол түүнийг “ямар тэнэг юм бэ” л гэж боддог. Учир нь хүү нь аавыгаа хэзээ ч сайнаар дурсахгүй, аавтайгаа санаа бодлоо хэзээ ч хуваалцахгүй, аавдаа “дэмжиж байдагт баярлалаа” гэж хэзээ ч хэлэхгүй… амьдралдаа эрхэмлэж явдаг үнэт зүйлсийг нь ч өвлөн авахгүй. Аав нь бар, цэнгээний газруудаар цагаа дэмий нөхцөөнө. Тийм эрх чөлөөгөөр яах ч юм билээ…

Сэтгэлээр залуу явахын тухай

Хүн, хүүхэд насаа хэдий чинээ удаан авч үлдэж чадна… байгалиас заяасан сайхан зан чанрууд нь төдий чинээ удаан хадгалагдаж үлдэнэ. “Хүүхэд нас” гэдэг нь минийхээр бол өчигдрөө хар бараан бүхэнтэй нь мартаж ирээдүй өөд итгэл дүүрэн харах, бусдад хар муу санахгүй байх, сэтгэлээсээ инээж амьдралаас гайхамшгийг мэдрэх чадвар юм.

Өөрийн тухай

Бид өөрийгөө хэзээ ч гүйцэд мэддэггүй. Бид 10-20-30 жилийн өмнөх ямар байснаа эргэн дурсахдаа “би үнэхээр ийм байсан гэж үү?” гэдэг. Тэгвэл 10 жилийн дараа бид ямар болсон байх бол? Одоо байгаагаасаа илүү хүчтэй байх болов уу эсвэл хэцүү бэрхийн өмнө өвдөг сөхөрчихсөн байх болов уу? Амьдралаас уйдчихсан байх болов уу эсвэл амьдралын амтыг ид амсаж явах болов уу?

Залуу насны төөрөгдлийн тухай

Бүү эмээ, бүү эргэлз! “Эхлээд хөл дээрээ босоодхоё” гэж бүү бод! Чи аль хэдийн хүчтэй! Ямар нэгэн юм хий, боломжоо бүү алд. Амьдрал эцэс төгсгөлгүй мэт санагдах авч үнэн хэрэгтээ харавсан сум шиг л өнгөрдөг.

Эцэст нь хэлэхэд, аз жаргалыг хүн зөвхөн өнөөдрөөсөө л бүрэн мэдрэх боломжтой…

Эх сурвалж: Алиса Фрейндлих

Орчуулсан: Өлзийбатын Уянга

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.