Д.Мөнх-Эрдэнэ: Эрдэм хүндэт авлигачид авлига авч, хулгай хийхээ больчихвол нэр дэвших эрх нь нээлттэй

Twitter Print
2019 оны 12-р сар 27-нд 16:18 цагт
Мэдээний зураг,

Хуульч Д.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.

-Саяхан Сонгуулийн тухай хууль батлагдаж, ирэх оны сонгуулийг томсгосон мажоритар системээр явуулахаар боллоо. Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдон, ял шийтгүүлсэн хүн нэр дэвших эрхгүй болж байгаа нь хүмүүст таалагдаж байх шиг байна. Таны хувьд уг заалтыг хэрхэн харж байна вэ?

-Сонгуульд нэр дэвшигчдэд тавигдах шаардлагад орж байгаа зарчмын нэг гол өөрчлөлт нь авлига, албан тушаалын гэмт хэргээр шүүхээр ял шийтгүүлсэн нөхдийг дэвшүүлэхгүй гэсэн заалт юм. УИХ-ын гишүүнд нэр дэвшигчид тодорхой шалгуур тавих нь хэн нэгэнд давхар ял үүрүүлж байгаа хэрэг бус, харин төрийн хариуцлагатай албыг шударга, нэр төртэй, ёс зүйтэй хүн хаших нь зүйтэй гэж үзэж хуулиар шаардлага тогтоож байгаа хэрэг.Товчхондоо авлигачдыг 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж байгаа Төрийн албаны тухай хуулиар төрийн жинхэнэ албанд ажиллуулахгүй, шинэ батлагдсан УИХ-ын Сонгуулийн тухай хуулиар сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн нь төрөөс авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх талаар хийж байгаа том дэвшил гэж харж байна.

-Бусад улс оронд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдон, ял шийтгүүлсэн хүн нэр дэвших эрхгүй гэх заалт хэр байдаг вэ. Ийм жишиг тогтсон улсууд бий юү?

-Улс орнуудын жишгийг судлаад үзэхээр янз бүр байна. Олон оронд онц хүнд гэмт хэрэг, авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан хүнийг төрийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцуулахгүй байх нь төрд итгэх олон нийтийн итгэлийг бэхжүүлэхэд чухал гэж үздэг юм байна. Тэдгээр улсуудад Үндсэн хуульдаа, эсхүл Сонгуулийн хууль, Эрүүгийн хуулийн аль нэгд нь энэ талаарх зохицуулалтыг тусгадаг. Манай улсын хувьд анх удаа Сонгуулийн тухай хуульдаа тодорхой зааж, хуульчиллаа. Хуульчид болон улстөрчид янз бүрийн байр суурьтай байна. Мэдээж нэр дэвших эрхээ хязгаарлуулж байгаа, өмнө нь авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлсэн хүмүүс дургүйцэх нь ойлгомжтой.

Гэхдээ төрийн хууль тогтоох байгууллагад сонгогдож, бүх ард түмнийг төлөөлөн шийдвэр гаргах өндөр хариуцлагатай албан тушаалд нэр дэвших гэж буй нөхөрт хуулиар тодорхой шалгуур тавьж буй нь хэн нэгнийг ялгаварлан гадуурхаж байгаа хэрэг биш. Хууль зүйн хувьд ч сонгогдох эрх нь амьд явах, итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, шашин шүтэх, эс шүтэх, хэнд боловч эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахыг хориглох зэрэг эрхтэй адил ямар ч нөхцөлд хязгаарлаж үл болох абсолют, суурь эрх биш л дээ.Тиймээс хуулиар тодорхой хязгаарлалт тавьж болдог. Ер нь яагаад хариуцлагатай албан тушаал хашиж байхдаа авлига авч, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж, олон нийтийн өмчийн хөрөнгөд гар дүрсэн, олон мянган хүмүүсийн боломжийг хулгайлсан хүмүүст дахин төрийн хариуцлагатай албан тушаалд нэр дэвших боломжийг олгох ёстой гэж? Сонгогдох эрх гэдэг чинь авлигач, хулгайчдын хулгайлсан, авлигаар авсан мөнгөөрөө дахин төрийн эрхэнд гарах боломж олгодог зүйл биш ээ. Европын Зөвлөлийн дэргэдэх, Үндсэн хуулийн эрх зүйгээр мэргэшсэн, нэр хүндтэй, бие даасан хуульч экспертүүдээс бүрдсэн Венецийн комисс гэж байдаг. Тус комиссоос 2015 онд гаргасан “Гэмт хэрэгтнүүдийг парламентад нэр дэвшүүлэхийг хязгаарлах, парламентын гишүүнээс огцруулах эрх зүйн орчны талаарх тайлан итгэл”-д хүн амины болон бусад онц хүнд гэмт хэргүүд, тэр дундаа авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн сонгогдох эрхийг хуулиар хязгаарлахыг зарчмын хувьд хүлээн зөвшөөрсөн бөгөөд гэмт хэрэгтнүүдийг улс төрийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулахгүй байх нь олон нийтийн эрх ашигт нийцэж байна гэж дүгнэсэн байдаг.

Манай зарим улстөрчид хэнийг сонгохоо сонгогчид өөрсдөө шийдэг л дээ гэж байна. Авлига, албан тушаалын гэмт хэргээр ял шийтгүүлсэн хүнийг сонгохгүй байх соёл тогтчихсон улс гэж байна. Жишээ нь, Германд авлигач нөхөр сонгуульд нэр дэвшихэд хэн ч сонгохгүй. Үнэхээр ардчилсан, авлига, албан тушаалын гэмт хэрэг бага гардаг, нийгмээрээ энэ төрлийн гэмт хэргийг жигшдэг, намууд нь авлигачдыг хариуцлагатай албан тушаалд нэр дэвшүүлэхгүй байх соёлтой, дотоод ардчилалтай улсад сонгогчид нь шийдэг гээд орхиж болно. Ийм соёл өнөөдөр манайд байна уу, үгүй юү. Нэр дэвшүүлж байгаа улс төрийн намуудын үйл ажиллагаа шударга ёсны зарчимд нийцэж чадаж байна уу. Үгүй шүү дээ. Тийм учраас хуулиар зохицуулж, шаардлага тавих нөхцөл байдал үүссэн. Дээр дурдсан Венецийн комиссын тайлан илтгэлд дурдсан зөвлөмжид ч энэ тухай бичсэн байдаг.

-Ер нь ямар төрлийн гэмт хэргүүд хамаардаг вэ. Ял шийтгүүлсэн хүмүүс хэдий хугацаанд нэр дэвшихгүй байх гэж тодорхой хугацаа заасан уу?

-Улс орон бүрийн зохицуулалт өөр. Их Британи, Франц, Нидерланд, Өмнөд Солонгос зэрэг улсуудад мөнгө тараах гэх мэт сонгуулийн хууль бус үйл ажиллагаа явуулж, ял шийтгүүлсэн нөхдийг сонгуульд нэр дэвшихийг хориглодог байна. Мөн Өмнөд Солонгост Ерөнхийлөгч, парламентын гишүүн, орон нутгийн хурлын төлөөлөгч, орон нутгийн гүйцэтгэх байгууллагын удирдлага зэрэг хариуцлагатай алба хаших үедээ албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нөхдийг хорих ял шийтгүүлсэн бол ялаа эдэлж дууссанаас хойш 10 жилийн хугацаанд сонгуульд нэр дэвшихийг хориглодог байна. Туркт авлига, албан тушаалын болон төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нэр дэвшихийг хориглодог. Канадад сонгууль болохоос таван жилийн өмнө авлигын гэмт хэрэг үйлдсэн бол, Израилд гэмт хэрэг үйлдсэн бол долоон жилийн хугацаанд, Испанид хорих ялаар шийтгүүлсэн бол уг хугацаагаар сонгуульд нэр дэвшихийг хориглодог байна.

Хугацааны хувьд хууль тогтоогчийн сонголтын асуудал. Онц хүнд болон авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд төрийн хариуцлагатай албан тушаалд сонгогдох эрхэд нь урт хугацаанд хязгаарлалт хийх нь буруу биш гэж бодож байна.Венецийн комиссын зөвлөмжид ч тэгж бичсэн байдаг. Авлига, албан тушаалын хэргүүд бол уучилж болшгүй гэмт хэргүүд. Төрийн минь сүлд өршөө гэж залбирч ирсэн ард түмний итгэл, сэтгэл рүү ус цацаж, сайн, сайхан амьдрах боломжийг нь өөрийнхөө өчүүхэн шуналын төлөө хулгайлсан улс шүү дээ. Гэмт хэрэгтнүүдийг сонгуульд нэр дэвшүүлээд, хариуцлагатай албан тушаалд ажиллуулаад байвал хэн Монголын төрд итгэх юм бэ. БидФАТФ байгууллагын Саарал жагсаалтад орсон шалтгааны нэг нь энэ юм. Тус байгууллага манай улсыг мөнгө угаах гэмт хэрэгтэй хангалттай тэмцэхгүй байна гэж дүгнэсэн.Мөнгө угаах гэмт хэргийн цаана авлига, албан тушаалын гэмт хэргээс олсон орлогоо хууль ёсны болгон хувиргаж байгаа албан тушаалтнууд бий шүү дээ. Манайд тулгамдаж байгаа хамгийн том асуудал, Монголыг мөхөөх зүйл бол авлига. Бид түүхэээсээ сургамж авах хэрэгтэй. Эртний улсуудын түүхийг харахаар авлигад идэгдсэн түшмэдүүд л улс орноо мөхөөдөг. Манай улс одоо ийм байдал руу явж байна. Ард түмний сайхан амьдрах нөхцөлийг хулгайлж байна. АТГ-аас гаргасан мэдээллээр авлига, албан тушаалын гэмт хэргээс хохирсон хохирлын хэмжээ хэдэн их наядаар яригдаж байна. Саяын сонгуулийн хуулийн өөрчлөлтөөр оруулсан заалт бол авлига, албан тушаалын гэмт хэргийн эсрэг сүүлийн үед хийгдээгүй хамгийн том зөв алхам.

-Энэ заалт орсноор ирэх оны сонгуульд шигшигдэж, тунагдсан хүмүүс гарч ирэх боломж ч гэж харж байгаа. Нөгөө талаар нэр дэвших эрхгүй болж байгаа хүмүүсийн эсэргүүцэл ч анзаарагдаж байна...

-Хууль батлагдсанаар төр цэвэршинэ гэж хэлэхгүй. Энэ зөвхөн нэг л алхам. Цаашид хийх өөр олон ажил бий. Гэхдээ чамлахаар чанга атга гэж авлигачдад том цочроо, дохио өгч байгаа нь анзаарагдаж байна. Авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлчихээд төрийн өндөр албан тушаал дахиад хашмаар байна, намайг нэр дэвшүүлгээд явж байгаа хүмүүс байна. Мөн шүүхээр ял шийтгүүлээгүй ч хэрэг нь шалгагдаж байгаа олон хүмүүс байна. Энэ хүмүүс үнэхээр төрийн хариуцлагатай алба хашмаар байгаа бол хуулийн дагуу шийдвэр гаргаж, хувийн ашиг сонирхлоо, шуналаа хязгаарлаж сурах хэрэгтэй. Уул нь маш энгийн дүрэм. Эрхэм хүндэт авлигачид маань авлига авч, хулгай хийхээ больчихвол нэр дэвших эрх тань нээлттэй шүү дээ. Олны итгэлийг авч төрд хариуцлагатай албан тушаалд сонгогдчихоод иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох, тэгш боломжоор хангагдах гээд хамгийн чухал эрхүүдийг нь хангах талаар дорвитой юу ч хийгээгүй, боломжийг нь хулгайлсан нөхдүүд өнөөдөр яаж ичихгүй миний сонгогдох эрх гэж ярьж чадаж байна вэ. Өнөөдөр иргэдийн амьдрал, нийгмийн байж байгаа царайг хар л даа.

-Одоо УИХ-д байгаа зарим гишүүд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдчихсон явж байгаа. Эдгээр хүмүүс ч сонгуульд нэр дэвших эрхгүй болж байна уу?

-Гэм буруутай эсэхийг нь шүүх тогтооно. Шүүхээс эцсийн шийдвэр нь гарчихсан тохиолдолд тэдгээр нөхдүүд нэр дэвших эрхгүй. Энэ хуулийн өөрчлөлтөөр цааш цаашдаа олон авлигачид, албан тушаалын гэмт хэрэгтнүүд дахиж Монголын төрд орж ирэх боломжгүй болж байгаа нь том дэвшил.

-Томсгосон мажоритар систем шинээр нэр дэвшиж байгаа хүмүүст хэр боломжтой байдаг юм бол. Нэр дэвшиж байгаа хүн бүр танигдах хэрэгтэй болдог. Ер нь сонгуулийн ямар тогтолцоо манайд тохиромжтой вэ?

-Би сонгуулийн холимог тогтолцоог дэмждэг. Холимог тогтолцоо нь нэг талдаа томсгосон мажоритар,нөгөө талдаа намд нь санал өгдөг. Та санаж байгаа бол 1990 онд анхны байнгын үйл ажиллагаатай парламентыг байгуулахдаа монголчууд намд санал өгсөн. Сонгуулийн холимог тогтолцооны давуу тал нь иргэдийн өгсөн санал гээгдэхгүй, тойргууд хаягддаггүй. Бас парламентад үндэсний хэмжээний нэг, хоёр том намаас гадна 2-5 жижиг намууд орж ирснээр хяналт сайжирч, парламентын түвшинд явагддаг улс төрийн элдэв хуйвалдаан, бусармаг явдлыг таслан зогсоох боломж нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, олонхын Засгийн газарт тавих цөөнхийн хяналт сайжирна. Мөн улс төрийн нам нь иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлдэг гэдэг утгаараа ч сонгогчдод боломж олгож, өгсөн санал нь гээгдэхгүйгээр улс төрийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд нөлөөлж байх нь иргэдийн улстөрийн идэвх, оролцоонд чухал ач холбогдолтой байдаг. Европын 43 улсаас өнөөдөр 40 нь сонгуулийн пропорционал, эсхүл холимог тогтолцоог хэрэглэж байгаа нь нэгийг хэлэх болов уу. Холимог тогтолцоогоор явбал жижиг мажоритарын зовлон буюу жалга довны төсөв, нэгдмэл улсын бодлогод таарахгүй, зохисгүй бусад асуудал яригдахгүй.

Том тойргоос гарч ирсэн хүн улс орны эрх ашигт нийцсэн шийдвэр гаргана. Том мажоритар 76 жижиг мажоритараасаа хамаагүй илүү. Сонгуулийн тогтолцоо бүр өөрийн онцлогтой. Том мажоритар тогтолцоо дээр тодорхой хэмжээнд танигдсан, илүү олон сонгогчийн санал авах хэрэгтэй болно. Мэдээж шигшигдэж гарч ирнэ гэсэн үг. Тодорхой түвшинд танигдсан хүн л улс төр хийнэ шүү дээ. Тэрэнд гомдоллоод байх юм байхгүй. Улс төр хийх гэж байгаа бол бодлого, үзэл бодлоо хүмүүст таниулж байж сонгуульд нэр дэвшинэ.

-Сонгуулийн санхүүжилтийн асуудал энэ удаа яригдсангүй өнгөрлөө. Сонгуулийн санхүүжилтийг хэрхэн зохицуулж өгөх нь зүйтэй байсан бэ?

-Сонгуулийн санхүүжилтийг ярих л ёстой. Шударга, эрүүл, ардчилсан сонгууль явуулъя, мөнгөнөөс хол сонгууль явуулъя гэж байгаа бол сонгуулийн санхүүжилт, сурталчилгаа зэргийг дан ганц намуудад найдаж орхиж болохгүй. Миний бодлоор сонгуулийн санхүүжилт, зар сурталчилгааг нэгдсэн байдлаар зохион байгуулмаар байна. Нэр дэвшигчийн сурталчилгааны материалыг нэг стандартад оруулах хэрэгтэй. Зөрчвөл сонгуульд оролцуулахгүй. Том, жижиг нам, бие даагч байна уу зардлыг нь стандартын дагуу төр гаргаад уг зардлаа нэр дэвшигчдээс хувь тэнцүүлсэн байдлаар буцаагаад авдаг байж болно. Ямартаа ч сонгуулийн санхүүжилтийг дураар нь орхихоор мөнгөний сонгууль болчихож байгаа юм. Мөнгөтэй нь олон уулзалт зохион байгуулж, мөрийн хөтөлбөрөө сайн танилцуулж чаддаг.Санхүүгийн асуудлаас болж жижиг намууд, бие даан нэр дэвшигчдэд боломж бага олддог. Сонгуулийн сурталчилгааны санхүүжилттэй холбоотой асуудал дээр төр тодорхой зохицуулалт хийж өгөх нь зөв гэж хардаг.

-Сонгуулийн хуульд цахим хязгаарлалт орж ирж байгаа. Энэ тухайд?

-Цахим хязгаарлалтыг тодорхой түвшинд хийх нь зөв. Сонгуулийн сурталчилгааны үеэр бусдыг гүтгэдэг байдал хавтгайрдаг. Сонгуульд нэр дэвшиж байгаа иргэдийг онц хүнд гэмт хэрэгт гүтгэсэн мэдээ гарлаа гэхэд сонгуулийн үеэр харлаад дуусч байгаа юм. Сонгууль болоод дууссаны дараа тэр хэрэг шалгагдаж дуусна. Эрүүгийн хуульд гүтгэх заалт байхгүй. Зөрчлийн хуулиар шалгаад дууслаа гэхэд хэдэн төгрөгөөр торгоод өнгөрнө. Нөгөө талаас сүүлийн үед улс орнуудын сонгуулийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс гадаад улс орон, гадаад, дотоодын томоохон бизнесийн болон зохион байгуулалттай гэмт хэргийн бүлэглэлүүд нөлөөлөх явдал гарах боллоо. Зөвхөн манайд биш том гүрнүүдэд ч ийм зүйл гарч байна. Хүссэн нам, хүнээ сонгуульд ялуулахын тулд зохион байгуулалттайгаар гүтгэдэг, харлуулдаг, тролл ажиллуулдаг, санхүүжүүлдэг. Тиймээс улс орны сонгуулийн үйл ажиллагаанд нөлөөлөх нөлөөллийг хааж, хязгаарлаж өгөхгүй бол үндэсний аюулгүй байдалд ноцтой эрсдэл үүсч болзошгүй байна. Зөвхөн манай улсад биш, том гүрнүүдэд ч энэ аюулын талаар ярьж байгааг анхаарууштай юм.

-Гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэд сонгуульд санал өгөх эрхгүй болж байна. Монгол Улсын иргэн л бол саналаа өгөх эрхтэй. Гэтэл ийм заалт оруулж өгснөөр гадаадад амьдарч, ажиллаж байгаа иргэдийн сонгох сонгогдох эрхэд халдсан хэрэг болж байгаа юм биш үү?

-Энэ бол ухралт. Яагаад ийм шийдвэр гаргасан үндсэн шалтгааныг нь мэдэхгүй байна. Санал өгч байгаа,гадаа гараад жагсаж байгаа, сошиалаар үзэл бодлоо илэрхийлж байгаа хүмүүс бүгд ардчилсан төр улсын нэг хэсэг. Ингэж байж ардчилсан төр улс тогтож байгаа. Гадаадад амьдарч, ажиллаж байгаа иргэдээ сонгуульд оролцох боломжийг бүрдүүлэх нь ардчилсан төр улсын үүрэг. Саналаа өгөх боломжийг нь олгох хэрэгтэй. Ямар хүндрэл байгаа юм. Энэ битгий хэл зарим улс орнуудад иргэд нь саналаа гар утаснаасаа өгчихөж байна шүү дээ.

-Энэ сонгуулийн хуулийн сул тал нь юу юм бэ?

-Сонгуулийн зардлыг бууруулах талаар дорвитой өөрчлөлт орсонгүй. Нэр дэвших, сурталчилгаа хийхээс эхлээд сонгуулийн үйл ажиллагаа бүхэлдээ шударга, ил тод, нээлттэй байхгүй бол дараа дараагийн үйл ажиллагаа нь буруу болчихоод байна.

Нэгэнт их мөнгө зарсан хүмүүс нөхөх тухай л бодно. Өөрөө боломжгүй болохоор бизнесийн бүлэглэлүүдээс мөнгө авчихаж байгаа юм. Ингээд ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэрүүд гарч байна. Дэмжсэн хүмүүстээ боломж олгож өгдөг. Тиймээс нэн тэргүүнд сонгуулийн үйл ажиллагааны санхүүжилтийг шийдэх хэрэгтэй. Ер нь цаашдаа улс төрийн намуудын нэр дэвшүүлэх журам, шаардлагыг хуулиар тодорхой болгох нь зүйтэй гэж бодож байна.

Б.Номин-Эрдэнэ 

Өдрийн сонин 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.