Оливийн тос яагаад үнэтэй байдаг вэ

Twitter Print
2023 оны 07-р сар 06-нд 10:45 цагт
Мэдээний зураг,

ОЛИВИЙН ТОС ЯАГААД ҮНЭТЭЙ БАЙДАГ ВЭ?

Ерөөсөө л үйлдвэрлэлт, эх сурвалж багатай. Газрын дундад тэнгисийн эргэн тойронд орших орнуудын хүнсэндээ хэрэглэдэг уламжлалт тос нь. Сайн тал байгаа юу, байгаа. Гэхдээ доорх бичвэрийг уншаад арай өөрөөр бодож эхлэнэ гэдэгт итгэж байна.

Оливийн тосны дэлхийн нийт үйлдвэрлэл жилд ойролцоогоор 3 сая тонноор хэмжигддэг, үүнийг нь Испани улс 1.3 сая тонноор тэргүүлдэг бол Итали улс удаалдаг. Дэлхийн бусад тосны үйлдвэрлэлтэй харьцуулахад энэ нь өчүүхэн бага үйлдвэрлэл.

Рапсын тосны жилийн үйлдвэрлэл 30 сая тонн буюу 10 дахин их үйлдвэрлэгддэг нь их тариалж хэрэглэдэгтэй холбоотой. Энгийн логикоор бодоход л оливийн тос нь рапсын тосноос 10 дахин үнэтэй байх нь аргагүй.

Найрлагын хувьд оливийн тос нь тосны хүчлийн бүрдлийн хувьд өөр онцлогтой л тос. Ургамлын тос мөртлөө ханасан тосны хүчил ойролцоогоор 15 орчим хувь байдаг, үүнд нь холестерол, триглицерид гээд нөгөө айлгаад байдаг бодисууд ч багтдаг.

Үлдэгдэл 85 гаруй хувийнх нь дийлэнх хэсгийг олейны хүчил эзэлдэг бөгөөд линолейны, пальмитолын гэх мэт ханаагүй тосны хүчлүүд бүрдүүлдэг. Шахсан төрлөөсөө хамаараад Е аминдэм ихтэй ч байгаа, цэвэрлэх тусам л багасна.

Үүнээс юу харагдаж байна гэхээр наранцэцэг, рапсын тос, дал модны тос зэргийн адил мөн л нэг төрлийн ургамлын тос, үүн дээр харин амьтных шиг ханасан тосны хүчлийн агууламж өндөр байдгаараа онцлог.

Оливийн боловсролт, ургах үеийн цаг агаар, ус, ургац хураалт гэх мэт олон хүчин зүйлээс хамааран тосны хүчлийн бүрэлдэхүүн өөрчлөгдөж болохоос гадна полифенолт нэгдлүүд агуулдаг. Эдгээр нэгдлүүд нь антиоксидант үйлчлэл үзүүлдэг нь судалгаагаар батлагдсан бөгөөд харин зүрх судасны эрсдэл бууруулах зэрэг нь бусад ургамлын тостойгоо л өнгө ижил, олейны хүчил их агуулдаг гэдгээрээ олон тосноосоо арай дөнгүүр байх болов уу. Гэхдээ л хамгийн сайн нь бол биш ээ.

Оливийн тосыг шарахад хэрэглэх ёстой юу, хүйтнээр нь хэрэглэх ёстой юу, энэ олон нэрийн оливийн тосны аль нь сайн бэ гэх мэтчилэн тоо томшгүй олон асуулт ирдэг. Эдгээр нь зөвхөн тосыг шахах болон цэвэршүүлэх аргаасаа хамаарч байгаа юмаа, одоо доор бичье.

Шошгон дээрээс нь дараах бичиглэлийн аль нь байгаагаар ялгарна.

1. EXTRA VIRGIN OLIVE OIL

Чидун жимснээс хүйтэн шахалтын аргаар гаргасан тос гэж ойлгоно. Тосны хувьд дотроо чидун жимснийхээ нунтаг бүрдлүүдийг агуулсан байдаг тул тунгалаг бус булингартай. Үүний улмаас өвөрмөц сайхан амт үнэртэй байдаг бөгөөд хэрвээ энэ тосыг халаавал өнөөх булингарууд нь шатаж тосны амт чанарыг өөрчилчихдөг тул үүнийг хүйтэн зуушны амталгаа, ногооны салатанд хүйтнээр нь хэрэглэх нь зохимжтой.

Энэ шахалтын тос нь дээр дурдсан полифенолт нэгдлүүдийг хамгийн их агуулдаг, оливийн хэсгүүд нь орсон байдаг тул бусад аминдэмийн агуулга ч доорх төрлүүдээ бодвол ихтэй ч хадгалалт муутай. Олив жимсний дийлэнх хэсэг нь нүүрсус агуулдаг тул, халуунаар ариутгагддаггүй тул агааргүй орчинд үржих чадвартай бактериар муудах боломжтой. Хэрэв тэгвэл юун нөгөө сайн майн, тиймээс огноо болон хадгалах хугацаа хамгийн чухал.

2. VIRGIN OLIVE OIL

Адилхан л хүйтэн шахалтын тос. Нэг ялгаа нь хадгалалтыг нэмэгдүүлэхийн тулд, хоол хийх дулааны боловсруулалтанд тэсвэртэй болгохын тулд дээрх булингарыг төвөөс зугатах хүчний эргэлтэт төхөөрөмжөөр үлэмж багасгасан байдаг. Нүдээр харахад тунгалаг ч юм шиг. Энэ төрлийг нь хоол унд хийхдээ хэрэглэж болохоос гадна салатандаа хийхэд тохиромжтой.

3. REFINED OLIVE OIL

Энэ шахалт руу бол тосны гарцыг ихэсгэхийн тулд үрийг халааж шахдаг, тосыг нь оливийн хэсгүүдээс сайтар шүүж зайлуулдаг тул илүү тунгалаг байдаг. Харин амт үнэрийг нь арилгахын тулд тусгайлсан боловсруулалтанд оруулдаггүй тул оливийн тос гэсэн утгаа бүрэн хадгалдаг. Өндөр температурт махаа шарсан ч аюулгүй, хоолонд болон саван шампунь хийхэд хангалттай хэмжээний гарцтай тул дээрх хоёроосоо хямд, бүх шахалтаасаа хамгийн их борлуулагддаг төрөл нь.

4. PURE OLIVE OIL

Энэ төрөл бол ёстой бантанг нь хутгадаг төрөл. Дээрх refined буюу цэвэршүүлсэн оливийн тос нь сул амттай байдаг тул цэвэршүүлсэн тосон дээр extra virgin, эсвэл virgin гэсэн эхний хоёр хүйтэн шахалтын төрлүүдээс хольж амт чанарыг нь сайжруулаад “pure” гээд нэрлэчихсэн. Пюр нь ч пюр л дээ тээ, дотор нь л хольчихсон болохоос.

Эхний хоёрын давуу талуудыг жаахан шингээчихсэн л refined тос. Шарах ч хэцүү, шарахгүй байх ч хэцүү.

5. OLIVE POMACE OIL

Энэ төрөл бол оливийн шахдаснаас гаргаж авдаг төрлийн тос. Нэгэнт шахсан шахдсанд үлдсэн жаахан тосыг авахын тулд шахдсыг өндөр хэмд халааж шахдаг. Энэ үед оливын бүрэлдэхүүний нөлөөгөөр үүссэн амтыг нь цэвэршүүлэх, өнгийг нь арилгахын тулд хамгийн ихээр боловсруулалт хийгддэг. Мөн гексан гэх мэт цагаригт уусгагч нэгдлүүдээр уусгах химийн аргыг ч хэрэглэх нь бий.

Энэ төрлийг хүнсэнд гэхээсээ илүү тавилганы өнгөлгөө хийх, саван шампунь хийх гэх мэт үйлдвэрлэлд ашиглах нь их. Идэхэд тийм ч сайн биш ч ядсан үед ганц нэг хуушуур хайраад идчихэж болно оо болно.

Тэгэхээр дээрх шахалтын онцлогуудыг харахад эхний буюу хүйтэн булингартай төрөл нь хадгалалт даахгүй ч оливийнхоо амт үнэрийг ихээр агуулдаг, цэвэрших тусмаа өндөр температурт шарж ашиглахад тэсвэртэй болдог. Үнэ нь ч эхний шахалтынх нь үнэтэй байдаг, хойшлох тусмаа хямдардаг гэхчлэн.

Дүгнээд хэлэхэд жирийн ургамлын тосны үнэ 7000 орчим ₮ байхад оливийн тос 30000 ₮ байгаа нь ерөөсөө л үйлдвэрлэлт нь бага, нөгөөдүүлийг нь хуванцарт савлаж байхад оливийн тосыг ганган дөрвөлжин шилэнд савладаг. Шил ч гэсэн өртөг нэмнэ.

www.healthline.com

Хүнсний Инженер О. Гал-Очир

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.