Украинчууд газар нутгаасаа ямар ч тохиолдолд өгөхгүй

Twitter Print
2022 оны 05-р сар 23-нд 10:51 цагт
Мэдээний зураг,

Украины засгийн газар Оросын талаас Украины газар нутгаас авах нөхцөл тавьсан тохиолдолд ОХУ-тай галаа зогсоох гэрээ хийхгүй хэмээн мэдэгдсэн байна.

Өмнө нь Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Украины тал ОХУ-ын зэвсэгт хүчнийхэн Украин руу довтлохоосоо өмнө буюу 2-р сарын 23-ны өдрөөс өмнө байрлаж байсан байрандаа буцсан тохиолдолд л хэлэлцээр хийх болно хэмээн мэдэгдсэн билээ.

Ерөнхийлөгч В. Зеленскийн зөвлөх Михаило Подолякийн үзэж байгаагаар Оросын цэргүүд Украины нутаг дэвсгэрээс гараагүй үед тулаан ямар нэг байдлаар завсарлах нь оросуудад хүчээ сэлбэх хугацаа олгох ба ингэсэн тохиолдолд оросууд илүү өргөн цар хүрээг хамарсан, илүү цуст дайралт хийх аж.

ОХУ-ын зэвсэгт хүчний хувьд Украины зүүн хязгаарын Северодонецк хотыг хамгаалж буй Украины армийг бүслэлтэнд авахаар оролдож байна.

Түүнчлэн Украины зэвсэгт хүчнээс мэдээлснээр Оросын цэргүүд Украины зүүн хязгаарын Луганск мужийн засаг захиргааны төв болох Северодонецк хот руу 4 талаас давшилсан ч уг оролдлого нь амжилтгүй болжээ.

Нөгөө талаас ОХУ-ын талаас Северодонецк хотыг бөмбөгдсөөр байгаа ба бөмбөгдөлтийн улмаас Северодонецкийг ойролцоох Лисичаньск хоттой холбодог гүүр нуржээ.

Киевт ажиллаж буй BBC агентлагийн сэтгүүлч Жо Инвүүдийн мэдээлж байгаагаар талуудэн аль аль нь өөрсдийгөө энэ дайнд ялах боломжтой гэж үзэж байгаа учраас зөвшилцөлд хүрэх боломжгүй аж.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.