
САРЫН ТЭМДГИЙН ӨМНӨХ ШИНЖ ТЭМДЭГ (CТӨШТ) БОЛОН САРЫН ТЭМДГИЙН ӨМНӨ ШАЛТГААНГҮЙГЭЭР СЭТГЭЛЭЭР УНАХ (СТӨШСУ) ГЭЖ ЮУ ВЭ?
CТӨШТ-ийн арай хүнд хэлбэр нь СТӨШСУ шинж тэмдэг юм. Сар бүр биений юм ирэхээс өмнө СТӨШСУ шинж тэмдэг буюу сэтгэл санаа болон бие махбодид өөрчлөлт ажиглагддаг. Гэхдээ эдгээр нь биений юм ирж эхэлмэгц алга болдог. Сэтгэл хөдлөлийн хямрал, хоолны дуршил өөрчлөгдөх нь СТӨШТ-ийн үед хэдхэн өдөр үргэлжилдэг бол СТӨШСУ шинж тэмдэг илэрч буй охид, эмэгтэйчүүдэд хоёр долоо хоног хүртэл хугацаагаар дээрх өөрчлөлтүүд үргэлжилж болно.
СТӨШСУ илэрч буйг хэрхэн мэдэх вэ?
Хэрэв чи СТӨШСУ-тай бол биений юм нь ирэхээс 7-10 хоногийн өмнөөс доорхи шинж тэмдгүүдээс илэрч болно:
• Гуниглах, юу ч сонирхолтой биш санагдах
• Өөрийгөө дутуу үнэлэх
• Ямар нэгэн зүйлд байнга санаа зовинох
• Гэнэт сэтгэл санааны байдал өөрчлөгдөх
• Шалтгаангүйгээр уурлах
• Дуртай зүйлдээ дургүй болох
• Ямар нэгэн зүйл ялангуяа хичээлээ хийхэд анхаарлаа төвлөрүүлэхэд хэцүү болох
• Ядрах
• Хоолны дуршил нэмэгдэх эсвэл багасах
• Нойр өөрчлөгдөх
• Ихэнх зүйл дарамттай санагдаж, өөрийгөө хянаж чадахгүй байх
• Толгой өвдөх, хэвлийгээр базлаж өвдөх, булчингаар өвдөх, таргалсан мэт мэдрэмж төрөх гэх зэрэг бие махбодийн шинж тэмдгүүд илрэх
Яагаад CТӨШТ болон СТӨШСУ илэрдэг вэ?
Одоогоор эрдэмтэд CТӨШТ болон СТӨШСУ-ны шалтгаан юу болохыг бүрэн тогтоогүй боловч сэтгэл санааны байдал өөрчлөгдөх болон бие махбодийн шинж тэмдэг илрэх нь биений юм ирэх үед дааврын түвшин өөрчлөгддөгтэй холбоотой гэж үздэг. Даавар гэдэг нь чиний тархи болон биеийн бусад эд эрхтэнг хооронд нь холбодог химийн бодис юм. Биений юмны мөчлөгийн үед прогестрон болон эстроген хэмээх даавруудын түвшин дээш, доош болон хэлбэлздэг. Энэхүү хоёр дааврын түвшин ихээр хэлбэлзэхэд чиний сэтгэл санаа, зан авир, болон бие махбодид өөрчлөлт илэрдэг байна.
Тархинд ялгарах бусад дааврууд СТӨШСУ-ын шалтгаан болдог байх магадлалтай гэж үздэг. Зарим химийн бодисууд тухайлбал нейротрансмиттерийн өөрчлөлтийн улмаас биений юмны өмнө шалтгаангүйгээр сэтгэлээр унах, сэтгэл санаа тогтворгүй болох зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Бие махбодийн хэрэгцээт витамин, эрдэс бодисын хэмжээ бага байх, орчноос болон бусад зүйлсээс шалтгаалсан стрессийн түвшин өндөр байх зэрэг нь CТӨШТ болон СТӨШСУ-ын шинж тэмдгүүд хүчтэй мэдрэгдэхэд хүргэдэг байна. Зарим охидууд сарын тэмдэг ирэхээс өмнөх үедээ хэт их давстай хоол идэх, эсвэл кафейн агуулсан бүтээгдэхүүн (кофе, цай гэх мэт) хэрэглэх нь жин нэмэгдэх болон сэтгэл санаа тавгүй болоход нөлөөлдөг байна. Иймээс сарын тэмдгийн үед жимс, ногоо түлхүү хэрэглэх нь эерэг нөлөөтэй юм.
Эдгээр шинж тэмдгүүд нэгэнт сар бүр чамд тохиолдоод байвал яах хэрэгтэй вэ?
Хөнгөн хэлбэрийн дасгал хөдөлгөөн хийх, эрүүл зөв хооллох нь илэрч буй зовиуруудыг алга болоход тусалдаг. Энэ үед аль болох түргэн хоол, хэт их давстай хоол, кафейн агуулсан болон чихэрлэг зүйлс идэхээс татгалзах хэрэгтэй. Харин хангалттай сайн унтаж амран, ус зохих хэмжээгээр уух нь энэ үеийг давахад чинь туслах болно. Дээр дурьдсан аргуудыг хэрэглээд зовиур мэдрэгдсээр байвал зайлшгүй эмчид хандах нь зүйтэй шүү. Эмчид үзүүлэхдээ тэмдэглэлээ авч очвол чамд ямар зүйл тохиолдсоныг мэдэхэд илүү хурдан байх болно. Хэрвээ эмч шаардлагатай гэж үзвэл тохирох эмчилгээг хийх болно.
Эх сурвалж: Хөөрхөнтдөг өдрүүд
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.