Төрийн байгууллага хамгийн их авлига авдаг гэжээ

Twitter Print
2014 оны 11-р сар 03-нд 09:47 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Азийн сан болон “Сант марал” сангаас “Монгол Улсад засаглал, ил тод байдлыг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд хийсэн бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдлын судалгааг хийжээ. Энэ талаар Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Нэгдсэн бодлого, төлөвлөлт зохицуулалтын газрын дарга Ч.Нэргүйгээс тодрууллаа.

-“Монгол Улсад засаглал, ил тод байдлыг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд хийсэн судалгаанд хэчнээн байгууллага хамрагдсан бэ?

-Тус судалгаанд Улаанбаатар хотод байрлалтай 330 компани хамрагдсан бөгөөд зөвхөн гүйцэтгэх захирал болон удирдах албан тушаалтнуудаас асуулга авсан. Энэхүү цуврал судалгааг анх 2012 оны есдүгээр сараас авч эхэлсэн бөгөөд тав дахь буюу сүүлийн судалгаа нь энэ оны есдүгээр сард дууссан.

-Судалгаа хийх нь ямар ач холбогдолтой байдаг юм бол?

-Бизнес эрхлэлтийн орчин дахь авлигын нөхцөл байдлын судалгааг тогтмол явуулснаар төр, хувийн хэвшлийнхний дунд авлигыг бууруулах, яриа хэлэлцүүлгийг өрнүүлж, хувийн хэвшлийнхий оролцоог нэмэгдүүлж, бизнесийн орчинг сайжруулахад хувь нэмрээ оруулах нь энэ судалгааны гол зорилго юм. Мөн энэ цуврал судалгаа нь авлигын асуудалд гол анхаарлаа хандуулдаг гэдгээрээ онцлогтой.

-Cудалгааны гол үр дүнгээс дурдвал. Бизнес эрхлэгчдэд бэрхшээл учруулдаг байгууллагын тоонд мэргэжлийн хяналтын газар орсон гэсэн үү?

-Бизнес эрхлэгчид бизнесийн орчинд сэтгэл хангалуун биш байдгаа илэрхийлсэн. Түүнчлэн өндөр татвар, зээл авах боломж, өрсөлдөөн зэрэг нь бизнес эрхлэгчдэд тулгардаг хамгийн гол бэрхшээлүүд гэсэн үр дүн гараад байгаа. Бизнес эрхлэгчдэд бэрхшээл учруулж байгаа байгууллагуудаас Татварын алба, МХЕГ, Гааль хамгийн өндөр хувьтай гарсан.

-Судалгаагаар өнөөгийн бизнесийн орчинд байгаа авлигын тоон мэдээ гарсан байх?

-Судалгаанд хамрагдсан компаниудын тал хувь нь төрийн албан дахь авлига бизнест шууд нөлөөлж байна гэж хариулсан. Мөн төрийн үйлчилгээ авлигад хамгийн өртөмтгий салбар гэж оролцогчдын 64.5 хувь нь хариулсан байгаа. Таван удаагийн судалгааны үр дүнгээс харахад хоёр жилийн хугацаанд ноцтой өөрчлөлт ажиглагдаагүй. Хувийн хэвшлийнхэн бизнесийн ерөнхий орчин тааруу байна, авлига хэвээрээ байна гэсэн хариулт хэлсэн. Гэхдээ зарим салбарт өмнөх судалгаанаасаа бага зэрэг өссөн сайн үзүүлэлтүүд гарсан.

Ер нь судалгаагаар барилга, уул уурхайн салбарт бизнес эрхлэхэд төрийн байгууллагуудын зүгээс авлига авч байна гэж хамгийн өндөр хувьтай гарсан. Энэ нь барилга, уул уурхайн салбар хөгжиж байгаатай холбоотой маш олон газар, уурхайн лиценз, зөвшөөрөл авдагтай холбоотой байх. Гэхдээ хувийн хэвшлийнхэн зүгээр суугаагүй. Тиймээс ч авлигын эсрэг нэгдээд тэмцэж байгаа.

Ж.Отгон

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.