Хөгжлийн банкны зээлээр Арилжааны банкнаас авсан зээлээ даржээ

Twitter Print
2022 оны 03-р сар 01-нд 10:05 цагт
Мэдээний зураг,

Хөгжлийн банкны зээлийг зориулалтын дагуу ашигласан уу? гэдэг асуудал чухлаар тавигдаж байна. Тэгвэл уг зээлээр Арилжааны банкуудын чанаргүй зээлээ дарсан түүхийг хүргэж байна.

Хөгжлийн банкны хамгийн том зээлдэгч бол Худалдаа Хөгжлийн банкны эзэн Д.Эрдэнэбилэг юм. Түүний “Кью Эс Си”, “Хөтөл” ХХК гэсэн 2 компаний Хөгжлийн банкнаас авсан зээлийн үлдэгдэл 500 гаруй тэрбум төгрөг болжээ.“Кью Эс Си ” компани Уул уурхайн металлургийн цогцолбор байгуулах хүрээнд 33,4 км төмөр зам барина хэмээн 2014.12.03-нд 71.3 сая долларын зээл авсан.

"Хөтөл" ХХК “Хөтөлийн цементийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг жилд нэг сая тоннд хүргэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ хэмээн 2012 онд 21.7 сая ам.долларын зээл авсан байна.

“Хөтөл” ХХК үүн дээр нэмж авсан 34 сая ам долларыг “Худалдаа Хөгжлийн банк”-аас авсан зээлийн төлбөрт, 5,6 сая ам долларыг “Улаанбаатар хотын банк”-аас авсан зээлийн төлбөрт өгсөн байна. Өөрөөр хэлбэл: “Хөтөл “ ХХК-д авсан нийт 61,2 сая ам.долларын зээлийн 40 сая орчим долларыг Д.Эрдэнэбилэг зориулалтын бусаар буюу өмнө нь арилжааны банкуудаас авсан зээлээ төлөхөд зарцуулжээ.

Дээрхи 2 банк нь хоёулаа Д.Эрдэнэбилэгийн хамаарал бүхий банк юм. Д.Эрдэнэбилэгийн компаниудын авсан зээл өнөөдөр Хөгжлийн банкны чанаргүй зээлийн жагсаалтад бүртгэгджээ.

Яагаад нэг хүн хэд хэдэн компаний нэрээр Хөгжлийн банкнаас зээл авав? Яагаад хэрэгжих боломжгүй төслүүдэд зээл олгосон бэ? гэдэг асуудал гарна. Хариулт нь Д.Эрдэнэбилэг нь Хөгжлийн банкинд өөрийн “төлөөний хүн”-ээ ТУЗ-ын дарга болгосон явдал юм.

“Кью Эс Си” компанийг зээл авсан 2014 онд Хөгжлийн банкны ТУЗ-ын дарга нь Б.Шинэбаатар байсан. Дараа нь 2016 онд Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Худалдаа Хөгжлийн банк авч, Д.Эрдэнэбилэгийн гарын хүмүүс Эрдэнэт үйлдвэрт ноёрхолоо тогтоох үед Б.Шинэбаатар Эрдэнэт үйлдвэрийн тэргүүн дэд Ерөнхийлөгч болж байсан түүхтэй.

"Төлөөний хүн"-ээ төрд шургуулахын утга учир нь энэ юм.

Сэтгүүлч Б.Отгон

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.