
Дууны үг гэх нь уг нь буруу юм. Оросууд Музыка Петрова, Слова Иванова гэдэг. Слова-г нь үгчлэн орчуулж дууны үг гэх болжээ. Дууны яруу найраг гэмээр нь гэтэл бас цөөн.
Б.Явуухулан, Ш.Сүрэнжав, Ж.Бадраа, Б.Лхагвасүрэн, Л.Дагвадорж нарын зэрэг найрагчийн сайн шүлгүүдэд хамаарна. Гэтэл манай маш олон дууны шүлгийг дууны яруу найраг гэх нь бүү хэл дууны шүлэг гэхэд ч тансагдмаар, ёстой л нөгөө дууны үг гэхэд таармаар.. Энд нэг зүйлийг зориуд хэлэхэд дуу гэдэг дуулдаг, аятай тул гол нь хөгжмийн зохиолчийн зохиосон аяас тэр дууны хувь заяа бараг 100 хувь хамаарна. Ш.Сүрэнжав зэрэг өөртөө итгэлтэй том найрагч аргагүй л яруу найрагч хүний бардам зангаар дуу бол хоёр жигүүртэй, нэг жигүүр нь ая, нөгөө жигүүр нь шүлэг нь гэж ярьдаг ч надад л лав үнэмшилгүй санагддаг. Сүүлийн үед бүр дуу гурван жигүүртэй, ая, шүлэг, дууг амьдруулдаг дуучин гурав гэлцэх болов. Бүр байчихаад “Хөгжмийн зохиолчоос надад шалдан ая л ирдэг.
Би гэдэг аранжировка гээч гайхамшигтай юмыг хийдэг мундаг аранжировшик хүн байгаа юм. Би тэр муу шалдан аянд нь тэгж гоё аранжировка хийж, тэгээд тэр муу дуу тийм гоё амьдарч байгаа байхгүй юу” гэлцэх ч болжээ. Ээ дээ, ая нь муу бол ямар ч сайхан шүлэгтэй байгаад, ямар ч гайхамшигтай аранжировка хийгээд, ямар ч мундаг дуучин дуулаад явахгүй л дээ. Шүлэг нь аяасаа гоё дуу гэж бараг үгүй байх. Гоё шүлэгт гоё ая хийсэн нь зөндөө байх.
Нарны хооронд саран байрлах
Нарлаг хорвоо гэрлийн хувьтай...
Салхи саатан чагнамаар
Сайхан жаргалаа дуулъя...
Залуу танхил насандаа
Заяа холбон довтолгосон
Замын уртыг товчилсон
Зандан шоо гэгч морьтой сон...
Аранзал тугийн намираан доор
Амраг чи минь зүрхнээ оршино
Алтан үсэгтэй захиа бүхэн
Анхны учралыг тодхон санагдуулна...
Гэтэл бас сайхан ая хийгээд олонд түгчихсэн “азлаг” үгтэй дуу зөндөө.
Навчин дээрх шүүдэр гэмээр
Нандин сэтгэлт миний хонгор
Наргүй өдрийн тэнгэр гэмээр
Намайг үргэлж ээгээд байна гэж 1-р бадгийг нь бичсэн бол 2-р бадгийг нь
Цэцгэн дээрх шүүдэр гэмээр
Цэнгэг сэтгэлт миний хонгор
Цэлмэг тэнгэрийн наран гэмээр
Цээжин дотор гийгээд байна гэхчлэн Навчийг нь Цэцэг болгоод Нандин сэтгэлт гэсэн бол Цэнгэг сэтгэлт гээд, ер нь нэг их зоволгүйхэн биччихсэн 3-4 бадаг шүлэг нь яруу найргийн ойлголт муутайхан хөгжмийн зохиолч-д “таалагдаад” түмний дунд түгчих нь тун элбэг. Иймэрхүү “азлаг” дууны үг захаас аваад замаар нэг. Дууны үг зохиогч иймэрхүү дуугаа нэгд. Ардын дууны баялаг уламжлалаас амжилттай суралцсан, хоёрт, дуу гэдэг бадаг ба дахилт нь адил аянд орох, таарах учиртай тул гэж тайлбарладаг. Гэтэл манай ардын дуу жишээ нь:
Арван лангийн ембүүнд нь
Алгаа тосдог аав уу даа хө
Хорин лангийн ембүүнд нь
Хормойгоо тосдог ээж үү дээ хө гэж Арав гэдгийн дараа Хорь, Алгаа гэсэн бол Хормойгоо гээд зогсчихдоггүй.
Арван хушуу дамжуулаад
Адуучин хүүдээ ч өгөөсэй дээ хө
Хорин хушуу дамжуулаад
Хоньчин хүүдээ ч өгөөсэй дээ хө
Цал буурал ноёнтой
Цагийг яаж барахав дээ хө гэхчлэн цааш үргэлжилдэг, өрнөдөг, бүхэл бүтэн үйл явдал, амьдралын эмгэнэл зөрчил, (драма), гүн ухаан агуулсан байдаг.
Үүдэн хоёр шүдийг чинь
Унаад ирэхийн цагт ай хө
Үзэж харах хүнгүй болно...
Зүгээр л “үүдэн хоёр шүд” гэсэн. Ямар ч хаш шиг, танан цагаан, тэгш сайхан, яралзсан энэ тэр гээгүй атлаа хүний амьдралын жамыг “аймаар” хэлжээ. Гэтэл манай “азлаг” дууны үг болохоор:
Айраг цагаагаа бялхуулаад
Дуулъя хоёулаа дуулъя гээд байх нь тэр. Мэдээж
Дуулъя бүгдээрээ дуулъя гэж төгсөнө. Иймэрхүү “азлаг” дууны үгийг зохиоход эхний дөрвөн мөр л хангалттай.
Урд айлын уравгар хархүү
Уйлчих шахаад гуйдаг боллоо
Ухаантай чи минь хөөрхөн гээд
Учиртай үгээ хэлдэг боллоо
Урд айлынх байж болно. Хойд, Зүүн, Баруун айлынх байж бас мэдээж болно. Уйлчих шахаад гуйж ч болно. Байн байн, Зүйл бүрээр, Хоймор суугаад гуйдаг боллоо. Болж байна. Чи минь Ухаантай, бас Багын, эсвэл Зүүн айлын гэдэгтэйгээ холбоод Зүйргүй чи минь болгочихоё.
Баруун айлын багахан хархүү
Байн байн гуйдаг боллоо
Багын чи минь хөөрхөн гээд
Байдаг үгээ бардаг боллоо гээд цааш нь 5-р ангийн хүүхэд ч биччихнэ.
Зүүн айлын зүггүй хархүү
Зүйл бүрээр гуйдаг боллоо... гэхчлэн. Нэгэнт дууны тухай, дууны шүлгийн тухай ярьж буй болохоор дуулж буй Дуучин-д хандаж хэдэн үг хэлье. “Үгүй энэ Дуучин юугаа бодоод ийм үгтэй дуу дуулаад зогсож байдаг байна аа?” гэмээр тохиол олон байх юм.
Сэтгэлд хүрсэн сайхан таныгаа... гэж үү? Сэтгэлд нь хүрээгүй олон эрийг үзээд элээчихсэн хүүхэн бололтой. Хоёр биеэ хоёр газраас “тамираа тасартал” санаж буй нэг дуу байна. Яагаав,
Таван цэнгийн алтан бөгж нь
Сарвуунд тогтохоо болилоо хө... Гэтэл
Хонгор чамдаа очъюу гэтэл
Охин жолоо минь татаад байна хө гэж эмэгтэй нь дуулах юм. Бүсгүй хүн яваад оччихвол ч оччихоор газар байгаа болж таарлаа. Тэгж “тамир нь тасарч” байх хэрэг байна уу. “Морьтойгоо, хуягтайгаа” явсан “Чингисийн баатрууд” дуунд:
Нэрийг чинь хэлэхээс ч айдаг байлаа... гэснээ араас нь:
Эх түүхээ гэсэн
Та бидний буруу юу гэх юм. Хэрэв “Нэрийг нь хэлэхээс айдаг” байсан бол эх түүхээ “гэсэн” биш, гээгүй болж таарч байна. “Нэрийг нь хэлэхээс айдаг” байсан бол ямар юмных нь эх түүхээ гэсэн байхав. Логикийн алдаатай болжээ. Манай гавьяат дуучин Батсүх бол бүр зөв байсан дууг буруу болгож дуулахыг нь яана. Сайн хөгжмийн зохиолчийн сайхан аяны хүчээр мөнхөрсөн “азлаг” үгтэй дуу бол яах аргагүй “Миний аав адуучин хүн”.
Хөлгийн төвөргөөнд намайг бүүвэйлсэн
Хөрслөг аав минь адуучин хүн байсан
Уртын дуундаа намайг бүүвэйлсэн
Ухаантай аав минь дуучин хүн байсан
гээд л “аваад байх” юм аа, манай гавьяат. Хөлгийн төвөргөөнд бүүвэйлэлгүй яахав, харин уртын дуу ч тэр бүр бүүвэйлээд байдаг ч үгүй байх шүү. Норовбанзад гуай маань тэгвэл “Бүүвэйн дууч” болж тарах нь уу?
Уртын дуундаа намайг уяраасан байхгүй юу, Батсүх гуай! Та тэр “азлаг” шүлэгчийг хоёр өөр үг бодоод олчихож чадахгүй амьтан болгож арай дэндүү “доош нь хийж” байна шүү. Гавьяат дуучин Батсүх гуай маань бас “Монгол бүсгүйн үзэсгэлэн гоо” дууг дуулахдаа:
Монгол бүсгүйн үзэсгэлэн гоо
Улам хөөрхөн болоо юу гэж “ремикс”-дэх юм. Цогцолмаа гуайгаас аваад манай ээж ч гэсэн Танд гомдох нь байна шүү. Урьд өмнө бол, дээхэн үед бол “монгол бүсгүйн үзэсгэлэн гоо” тийм хөөрхөн биш байж, одоо л “улам хөөрхөн болоо юу” юм байна л даа. Уг нь бол:
Монгол бүсгүйн үзэсгэлэн гоо
Улам хөөрхөн болгоо юу юм. Тэр бүсгүй орос биш, польш биш, америк вьетнам ч юмуу энэтхэг ч биш, “монгол бүсгүй” болохоороо л, монгол бүсгүйн тэр
Үйлэнд урнаа илчилсэн Сүмбэн цагаан хуруу, Үрийн бүүвэй аялсан Сүүн цагаан сэтгэл... зэрэг зөвхөн монгол бүсгүйд л байх тэр “монгол бүсгүйн үзэсгэлэн гоо” нь түүнийг “Улам хөөрхөн болгоо юу” юм. Энэ дууны шүлгийн санаа нь, найрагчийн хэлэх гэсэн гол санаа бол Чи минь орос, польш, энэтхэг бүсгүй биш, тухайлан “монгол бүсгүйн үзэсгэлэн гоо”-г өөртөө шингээсэн болохоороо л ийм “хөөрхөн” гэсэн гол санааг нь алдагдуулаад зогсохгүй манай ээжийг Цогцолмаа гуайтай хамт гомдоож байна шүү, Батсүх гуай Та. Алдар гавьяатай Таныг дагаад олон залуу дуучин бас яг ингэж ахмад үеийн эмэгтэйчүүдээ гомдоож “ремикс”-дэж байна лээ. Харамсалтай нь гомдоож буй учраа өөрсдөө ойлгохгүй байгаа нь өрөвдөлтэй. Зөвхөн Батсүх гуайд ч биш, манай дуучдад хандаж “Юу бодоод ийм үгтэй дуу дуулаад зогсож байна аа?” гэж хэлмээр үе гарах л юм. Учир нь Та Дуучин, дуу дуулах хэн хүн-д олдохгүй сайхан хувь заяа Танд оногджээ. Гэтэл Та дуундаа ингэж хандаж болохгүй л дээ. Хэрэв Та мужаан байсан бол Таны хийсэн сандал ширээг авдаг хүмүүс л Таныг мэдэж, Таныг хүндлэх байх. Гэтэл Та Дуучин, хүмүүс Таны хийгээгүй “сандал ширээг”, өөрөөр хэлбэл шүлэг, аяыг хүртэл эгээ л Та бүтээчихсэн мэт гагцхүү Танд л уухайлан алга ташдаг. Гэтэл нөгөө түмний хайрыг хүлээсэн Дуучин маань:
Сэтгэлд хүрсэн сайхан Таныгаа
Айлын бэрээс харамлахгүй байж чадахгүй нь ээ гээд зогсож байх ч гэж. Хөршийн ганц бие, годгонуур аалигүй хүүхэн бол бас ч яая гэхэв гэх сэн. Гэтэл цаадах нь “айлын бэр” байдаг нь ч юу вэ дээ. Баахан “явдалтай” улс хөрш болцгоочихож дээ, янз нь. Эрхэм хүндэт Дуучид минь, “би юу бодоод ийм дуу дуулаад зогсож байх болж байна?” гэж өөртөө хэлдэг бол, ая аялгуунаасаа гадна шүлэг найргийн мэдрэмжтэй сэн бол би наана нь ингэж Цогцолмаа гуайн өмнөөс гомдоод байхгүй л дээ, уг нь.
Харин “Хонх”-ын Цогтсайханы дуунууд манай дууны урлагт шинэчлэл авчирсан юм. Дуунууд гэж ярихдаа би энд зөвхөн дууны шүлэг, дууны яруу найраг, заримынх нь бол дууны үгийн тухай л ярьж буйгаа цохон дурдая. Цогтсайханаас өмнө манай дуунууд:
Унаган нутагтаа хариутай явъя
Уралдааны гараанд бариатай явъя
байсан юм. Ер нь л нэг иймэрхүү магтан дуулсан, бахдан сайшаасан. Хайрын сэдэвтэй дуу хайртай хүүхнээ, бүсгүй хүний үзэсгэлэн гоог, үнэнч ариун хайр сэтгэлийг магтан дуулалгүй л яахав. Гэтэл манай дууны шүлгүүд бүх сэдвээр бахдан сайшааж, магтан дуулж байсан.
Хөдөө мөн ч сайхан байгаа даа
Хоёулаа явъя, хонгор минь...
Байлдагчийн погоон мөрөнд минь гялалзаад...
Гэтэл Цогтсайхан гарч ирээд:
Албан тасалгааны цонхоор
Амьдрал сайхан харагдана...
Дөнгөж сургуульд орсон дүү минь
Дөчийн хувин усаа зөөсөн
Нүглээс айдаг хөгшин ээж минь
Нүүрс үүрээд шөнөдөө ирдэг...
Товчхон боловч Цогтсайханы дуунуудыг дурдахгүй өнгөрч боломгүй санагдаад. Шүүмжлэгч нар маань, урлаг судлаач нар маань дуугүй байгаад байхаар нь би тэсэлгүй дугарлаа. Дурслаа.Одоо жаахан наашлая. Хамгийн орчин үеийн, хамгийн сүүлийн үеийн дууны үгийн чиглэл хаашаа явж буйг харъя.
Чи минь бушуулаач гэж
Мессэж хүртэл үлдээсэн байлаа
тийшээ явж байна. Орчин үетэйгээ хөл нийлүүлэн англи хэлийг дор нь эзэмшсэн шинэ үеийн уран бүтээлчид маань үүнийгээ тайлбарлахдаа: “Дуу гэдэг бол их энгийн байх ёстой. Заавал толгой сүүл холбосон энэ тэр бол их дээр үеийн, их хоцрогдсон. Үгүй та нар энэ Англи, Америкийн оддын дуулж буй дууны үгсийг англи хэл гадарладаг бол харахгүй юу” гэж томорч байна. Тийм ээ, жишээ нь I want to hold your hand – Би гараас чинь баримаар байна. Их энгийн байгаа биз. I want, Я хочу гэхээр л заавал Би хүсч байна гэж орчуулахгүй л дээ. Би гараас чинь баримаар байна гэж орчуулбал, ойлговол нээрээ энгийн. Гэтэл энэ энгийн дуу, энэ энгийн үгс англи хэлтнүүдэд, англиараа сэтгэдэг улсад яаж нөлөөлж байсан бэ гэвэл англи, америк охидын дотрыг нь арзагнуулж, зарим нь оргазм болж байсан юм. Pretty woman – Хөөрхөн хүүхэн дууны Pretty woman walking down street үгийг орчуулбал, ойлговол – Хөөрхөн хүүхэн гудамж уруудаад алхаж явна. Бас л их энгийн. Яагаад ийм энгийн, өөрөөр хэлбэл ийм амархан атлаа энэ дуу ийм олон жил амьдарч, үлдэж, рокийн сонгодог болчихоод байна аа? Яагаад гэвэл Англи, Америкад, цаашилбал бүх Баруун-д хүн бүр ямар нэгэн стрийт-д амьдарч ирсэн. Тэр гудамжинд нь нэг хөөрхөн хүүхэн байсан. За бүр хөөрхөн хүүхэнгүй жижиг гудамж байсан ч бай, тэр гудамжаар нь нэгэн цагт хөөрхөн хүүхэн явж байсан. Хүн бүхний хараа, анхаарлыг татсан тэр хүүхэн мань эрд хүртээгүй дээ, аягүй бол. Сайхан дурсамж болоод үлдсэн. Англи, Америкийн, цаашилбал бүх Барууны ертөнцийн хүн бүрийн амьдрал энэ дуунд тусчээ. Одоо түлхүүрийг нь олов уу. Бид монголоороо орчуулаад ойлгохоор “энгийн”, гэтэл англи хэлтэндээ бол энгийн бус! Тийм ээ, энгийн бус, харин сэтгэлийг нь хөдөлгөхүйц байгаа юм. Энгийн байсан бол энгийн юмыг хэн тоох юм бэ? Стрийт – гудамж гэдэг үг англи америкчуудад, англи хэлтэнд, цаашилбал суурин соёл иргэншилтэй “шавар хэрмэнд шавалдан суудаг” улсад манай нүүдэлчин удмын монголчууд бидэнд “тал” гэдэг үг шиг л дотно сайхан санагдана. Та “тал” гээд хэлээд үз дээ. Тал хээр нутаг минь... Хэчнээн сайхан! Би насаараа Улаанбаатарт суусан ч тал гэдэг үг надад хэчнээн сайхан, хэчнээн дотнохон. Гэтэл жишээ нь, заавал англи, америк гэлтгүй, Москвагийн оросуудад степь гэдэг үг хэзээ ч сайхан санагдахгүй дээ. Эзгүй, уйтгартай, өлсөж эсвэл хөлдөж үхмээр, аюултай, аан. Яагаад ч сайханаар буухгүй. Өөр “гэр” гэдэг үгийг авч үзье. Монгол хүн-д “гэр” гэдэг үг хэчнээн дотно сайхан. Гэтэл “юрта” гээд оросоор хэлээд үз дээ. Нөгөө дотно сайхан нь юу ч үгүй болчихож байгаа биз. Ард түмнүүдийн онцлог, хэл сэтгэлгээний онцлог гэж байдаг байна. Ийм ч учраас яруу найргийг, шүлгийг орчуулах нь утгагүй гэдэг онол ч бий. Гэтэл манай нэн шинэ үеийн дуу туурвигч нар маань: “Харж байна уу, англи дуу ийм энгийн байдаг юм” гээд тэр “энгийнийг” нь “орчуулан” дуурайж байна. Англи, Америкийн оддын дуулж буй дуу их энгийн! Би мэднэ, би англитай гэж мэдэмхийрэхээсээ өмнө англи, америк хүний сэтгэл зүрхэнд тэр “энгийн” дууны шүлгүүд нь хэрхэн яаж наалдаж буйг мэдрэх хүртлээ тэгж англижиж, англи хэлийг тэгтлээ доторлож чадсан уу гэж өөрөөсөө асуугаарай, хамгийн сүүлийн үеийн дуу зохиогч нар минь. Ер нь тэгээд монгол дуу монголоороо, англи дуу англиараа байвал дээр байлгүй дээ, яаж ч бодсон.
Л.БАТБАЯР
2009 – 2 – 28.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.