
Яагаад төрийн эх үүсвэрээр гадаадад боловсон хүчин бэлдэх болсон тухай контекст буюу суурь ойлголт өгье.
Ази болон бусад бүсийн орнууд баруунд боловсон хүчин бэлдэх шаардлага Англиас эхэлж, эх газрын Европ болон АНУ-д дэгдсэн үйлдвэрлэл, технологийн хувьсгалаас үүдэлтэй юм. Технологийг түрүүлж хөгжүүлсэн барууны орнууд бусад жижиг орнууд байтугай Япон, Хятад, Египт гээд хуучны аварга соёл иргэншлүүдийг ч армийн зэвсэг техник, эдийн засгаар хүч түрэх болж, дагаад орчин үежихээс өөр аргагүй байдалд шахаж оруулсан. Ингээд Азид гэхэд Мэижигийн шинэчлэл, Хятадад Дэнгийн шинэчлэл гэх мэт асар хурдтай модернизацын түүхүүд бичигдсэн. Энэ нь гэхдээ суурь соёл иргэншил нь бяртай байсантай бас холбоотойг мартаж болохгүй. Эдгээр түүхийг чухамдаа баруунд сургаж хөгжлийн нууцаас нь мэдэж ирээд эх орондоо нэвтрүүлсэн сэхээтнүүд (репат гэдэг) манлайлж хийсэн гэгддэг.
Товчлоод шууд гол асуулт руугаа үсэрвэл өнөөдөр 21-р зуунд эдгээр орны замыг дагах албатай юу гэдэг асуудал. Би бол албатай гэж хариулна. Хорьдугаар зуунд дэндүү харгис хоёр ч дэлхийн дайн үзсэн дэлхий арай дүрэмтэй, хүмүүнлэг болсон ч өнөөдөр ар шил дээр дайтаад байж байна. Хоёрт, нөгөө гол капитал болсон технологи улс орнуудын хүчний харьцааг шийдсэн хэвээр байгаа төдийгүй, улам капитал интенсив болсоор. Хорьдугаар зуунаас ялгаатай нь технологийн олон голомт үүссэн тул заавал баруун, АНУ гэлгүй Хятад, Япон, Тайвань гээд Евразидаа хүнээ бэлдэж авах боломжтой болсон. Нөгөөтээгүүр, хүнээ сургахдаа олон соёл иргэншилд сургах нь дотоодын баланстай хөгжилд бас хэрэгтэй. Монголд эхэн үедээ хэт Оросжиж, шинэ үеийнхэн хэт Америкжиж хоорондоо мөнхийн хэрүүлтэй, дундаа ард түмнийг ядрааж лай болж байгаа нь чухам энэ тэнцвэр алдагдсаных.
Тэгэхээр одоо яах вэ гэдэг асуудал. Нэгд, өнөөдрийг хүртэл ямар нэг аргаар сураад ирсэн хүмүүсийн хүчийг модернизацдаа ашиглахгүй түлхэх тусмаа Монгол дэлхийгээс улам холдож, улам дээрэлхүүлж, өөрсдөө л улам хохироход хүрнэ. Тиймд шударга бус, хууль бус гэрээний дүнг төлүүлээд бусдыг нь бол аль болох эх орондоо урьж, анхнаасаа гаргасан бодлогын дагуу улсдаа ажиллуулах хэлбэрээр зээл төлүүлэх бодлогоо баримтлах нь зүйтэй. Түрүүлж төлж мөлж, хүмүүсийн зам хааж далчига наагаад байгаа Доржханд мэт улстөрчид улсаа биш хувийн улстөрийн рейтингээ илүү бодож байна.
Хоёрт, дахиад олон сангийн мэдээлэл нээлттэй болно. Хэдэн мянган залуусыг хэчнээн жил сургасан энэ мөнгийг нэг л групп компани, нэг л төслөөр авчдаг бодит үнэнийг аяндаа ард түмэн мэднэ. Жирийн ард түмэн бидний гол дайсан бол өмнөх үеийн энэ луугар хулгайчууд болохоос ирж яваа боловсролтой залуу үе биш! Бид нүүрс, зэс гэсэн хэдхэн экспортын гол бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тогтолцооноосоо л 50, 60-аад оны луугар хулгайчуудыг цэвэрлэхэд өнөөдрийг хүртэл боловсролын сангаар сургасан залуучуудаас хэд дахин олон 90-ээд оны, 2000-аад оны залуусыг бэлдэх нөөцтэй болно.
Бас нэг зүйл. Дээр дандаа түүхийн дүрэм, аргагүй шаардлагаар техник мэдлэгтэй болох шалтгааныг дурдав. Техник мэргэжил, боловсрол хоёр хоорондоо холбоотой боловч тусдаа зүйлс. Бүр суурь боловсролыг бол хүн зөвхөн дунд сургууль хүртэл насандаа олно. Тиймд тусгай сангийн бодлогоор хүнээ гадаадад бэлдэж авахаас гадна Монгол Улсын төрийн бодлогын нэн тэргүүний зорилт дунд боловсролд үүссэн кастын системийг арилгах, бүх хүүхдэд тэгш боломж олгоход чиглэх нь зүйтэй. Дунд сургуульд монгол хэлээрээ сайн сурсан хүүхдүүд хаана ч очиж, ямар ч мэргэжил эзэмшсэн үндэсний үзэлтэй сэхээтнүүд болж эргэж ирнэ. Гадаадад үлдэх нь үлдэнэ л биз, монгол хүн ер нь л эх орондоо эргэж ирдэг. Тэрэнд санаа зоволтгүй. Ер нь жоохон учир начиртай байцгаа! Улаан мөнгөний хэрүүлээ татасхий. Дөнгөж өсөж төлөвшиж яваа залуу хүүхдүүд рүү сүрэг адгуус мэт дайрахаа больцгоо. Галзуу юм уу! Боловсролыг зөвхөн боловсролгүй хүн л зоосны нүхээр хардаг юм шүү.
Базарсүрэнгийн Болор-Эрдэнэ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.