Эрх чөлөөний хөшөөг нээсэн өдөр

Twitter Print
2023 оны 10-р сар 28-нд 09:47 цагт
Мэдээний зураг,

1886 оны 10-р сарын 28-ны өдөр АНУ-ын улсын ерөнхийлөгч Гровер Кливленд / Grover Cleveland/ алдарт эрх чөлөөний хөшөөг албан ёсоор олон түмний хамт нээж байжээ. Америкийн Тусгаар Тогтнолын Тунхаглал батлагдсаны 100 жилийн ойд зориулж барих бэлгийг улс төр, үзэл санааны өндөр ач холбогдолтой байхаар сонгохоор Францчууд ихэд хичээсэн байдаг.

Бид энэхүү хөшөөг Эйфелийн цамхагийг зохион бүтээсэн ноёнтоны бүтээл гэж боддог бол энэхүү бүтээлийн гол загварыг францын уран барималч Бартолди /Frédéric Auguste Bartholdi/ зохиожээ. Харин хөшөөг босгох гол түшиг болох төмөр карказын ажлыг ноён Г.Эйффел удирдсан байна. Тэрээр өөрийн итгэлт барилгын инженер Maurice Koechlin-ийг ажлыг гардан гүйцэтгүүлэхээр томилсон байдаг.

Хөшөөний анхны эх загвар 1870 онд жижиг хэмжээгээр баригдсан бөгөөд одоо Парисд байдаг. Америкийн ард түмэн суурийн хэсгийг босгож дээр нь Францчууд хөшөөг угсрах тохиролцоонд хүрснээр хоёр улсад бүх нийтийн хандивын аян өрнөж эхэлсэн бөгөөд Франц улсад хандивын арга хэмжээнүүд, концерт, сугалаа хүртэл зохион байгуулж байсан бол АНУ-д театрын тоглолтууд, зургийн үзэсгэлэн, дуудлага худалдаа зохион байгуулагдаж байв. Уг нь хөөшөөг 1876 оны 07 сарын 04-ний өдөр буюу АНУ-ын тусгаар тогтнолын тунхагийн 100 жилийн ойгоор нээхийг хичээж байсан боловч барилгын ажил хожуу эхэлсэн, төлөвлөлт хэд хэдэн удаа хойшилсон зэргээс болж 10 жилийн дараа л нээж чадсан юм.

Гэвч 100 жилийн ойн үеэр хөшөөний баруун гар болон бамбар хийгдэж гүйцсэн байсан тул Филаделфиагийн Centennial Exposition үзэсгэлэнд байрлуулж, сонирхохоор ирсэн хүмүүсээс 50 цент авч шатаар дээш өгсөн тагтан дээр гарах боломжоор хангаж байжээ. Удалгүй энэ үнэ суурийн ажлын гүйцэтгэлд дэм болохын тулд нэмэгдэж байжээ. АНУ-д хөшөөг хаана байрлуулах талаар хэлэлцэж 1877 онд Конгрессын гаргасан шийдвэрийн дагуу Нью-Йоркийн эрэгт байх Бедлое-гийн /Бартолди санал болгосон/ аралд хөшөөг барихаар шийдвэрлэжээ. Ингээд АНУ-аас Франц улсад суух Элчин Сайд Levi P.Morton хөшөөний үндсэн барилгын ажлыг албан ёсоор эхлүүлж анхны хадаасыг хадсан юм.

Хөшөөний үндсэн ажил 1884 оны 7 дугаар сард Францад дуусав. Харин Америкийн архитекторч Ричард Моррис Хантын /Richard Morris Hunt/ зохиосон суурийн барилгын тулгын чулууг 1884 оны 8 дугаар сарын 5-нд тавьжээ. Хөшөөг 1885 оны 6 дугаар сарын 17-нд Нью-Йоркийн боомтод авчирчээ. Хөшөөг /баруун гар болоод бамбарнаас бусад хэсэг/ 350 хэсэгт хувааж 214 ширхэг хайрцагт хийж зөөжээ. Хөшөөний суурийн ажил 1886 оны 4 дүгээр сарын 22-нд дуусав. Барилгачид сүүлчийн чулууг өрөхдөө халааснаасаа мөнгөн зооснууд гаргаж зуурмагт хольж хийсэн гэдэг. Хайрцагаар ирсэн хөшөөг задалж бүтэн дөрвөн сарын турш суурин барилга дээр угсарчээ. Ингээд 1886 оны 10 дугаар сарын 28-нд албан ёсоор нээсэн юм.

Эрх чөлөөний хөшөө нь 1886-1902 оны хооронд гэрэлт цамхагийн үүргийг давхар гүйцэтгэж байсан тул тухайн үеийн АНУ-ын Гэрэлт цамхагийн зөвлөл хөшөөний үйл ажиллагааг хариуцдаг байжээ. Гэрэлт цамхагт байнгын манаач ажилладаг байсан ба хөшөөний гэрэл 39 км зайнаас харагддаг байна. Гэрэлт цамхагийн хувьд анхны цахилгаанаар асдаг цамхаг байв.Түүнийг эрчим хүчээр хангахын тулд эхний үед арал дээр жижиг цахилгаан станц ажиллуулж байжээ. 1916 онд Эрх чөлөөний хөшөөний эргэн тойронд том гэрэлтүүлгүүд байрлуулсан. Тэр жил "Блэк Том"-ын гэх дэлбэрэлт болсны улмаас 100 мянган доллар зарцуулан засварын ажил хийжээ. Сүүлд Маунт Рашморын барималыг бүтээсэн Гутцон Борглум /Gutzon Borglum/ бамбарын гадаргуу дээрх ихэнх зэсийг хуулан авч шилэн хийцээр сольж шинэчилжээ. Хөшөөг 1916 оны 12 сарын 02-нд ерөнхийлөгч Вүүдворд Уйлсон ахин нээж гэрэлтүүлсэн.

1956 онд Конгрессийн шийдвэрээр Бедлое-гийн арлын нэрийг албан ёсоор өөрчилж эрх чөлөөний арал гэж нэрийдэх болсон. 1966 оны 10 дугаар сарын 15-нд Эрх чөлөөний хөшөө нь Түүхэн дурсгалт газруудын үндэсний өвд бүртгэгдсэн бол 1984 онд Дэлхийн Өвийн Бүртгэлд бүртгэгдсэн байна. Хөшөөний дотор талыг үзэж сонирхохоор ирсэн хүмүүст нээлттэй байдаг. Хүмүүс тусгай гаталга онгоцоор ирээд нэг урсгалтай дугуй шатаар дээш гарч титэмийн хэсгээс ойр орчмыг харах боломжтой. Гэвч хөшөөний дотор зуны улиралд маш халуун байдаг. Титмийн хэсэгт ойролцоогоор 30 хүн багтдаг. Титэм нь тойроод 25 цонхтой. Хамгийн том цонх нь өндөрөөрөө ойролцоогоор 46 см орчим. Хөшөөний хөх ногоон өнгө нь зэсийн химийн эсэлдэх урвалаас үүссэн ажээ.

Дотор тал болон түүний суурийн тавцанд нийлээд 354 шаттай. 25 цонхыг нь оролцуулаад титэм дээрээ 7 ширхэг цацрагтай. Эрх чөлөөний хөшөөний зүүн гартаа барьсан самбард Нэгдсэн улсын тусгаар тогтнолын тунхаглалыг баталсан өдөр буюу (JULY IV MDCCLXXVI) 1776 оны 07-р сарын 04 хэмээн ром тоогоор бичсэн байдаг. Эрх чөлөөний хөшөө нь цагт 50 милийн хурдтай салхинд ердөө 3 инч /7,62 см/ ганхахаар бат бөх баригдсан. Харин түүний бамбар 5 инч /12,7 см/ ганхана. Энэхүү уян хатан байдал нь хөшөөг чөлөөтэй хөдөлгөж нурж унахаас сэргийлж байгаа хэрэг юм.

Хөшөөний хэмжээсүүд:

1. Сууринаас бамбар хүртлэх өндөр-46 м

2. Тавцангийн сууринаас бамбар хүртлэх өндөр-93 м

3. Өсгийнөөс толгойн орой хүртлэх өндөр-34 м

4. Чих хоорондын толгойны өргөн-5,26 м

5. Нүдний урт-0,76 м

6. Хамрын урт-1,48 м

7. Баруун гарын урт-12,8 м

8. Боржин чулуугаар хийсэн суурь тавцангийн өндөр-27,13 м

9. Хөшөөний нийт зэсийн жин-27,22 тонн

10. Хөшөөний нийт ган төмрийн жин-113,4 тонн

11. Хөшөөний нийт жин-204,1 тонн

12. Зэс бүрхүүлийн зузаан-2,4 мм

Өнөөдөр хөшөө нь “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн үйлчилгээний” албанд харьяалагддаг.

Жил бүр Эрх чөлөөний хөшөөг 3,5 сая орчим хүмүүс үзэж сонирохдог ба титэм дээр гарах тасалбарын үнэ насанд хүрэгчдэд 22,25 доллар, өндөр настан /62+/ 17 доллар, хүүхэд 12 доллар байна. Энэ үнэнд гатлага онгоцны үнэ ороогүй болно.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.