
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”- БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР - “ТАВАНТОЛГОЙ ТѲМѲР ЗАМ”
“Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой Тѳмѳр зам” байгууламжуудын талаар хэвлэл мэдээлэл болон сошиал орон зайд шуугиж байсан хэмжээнд л тѳсѳѳлж байсан болохоос газар дээр нь очиж үзэж байсангүй. Ѳнгѳрсѳн долоо хоногт боломж олдож дээрх байгууламжууд дээр очиж танилцлаа. “Мянга сонсохоор нэг үз” гэдэг хэлц үг санаанд эргэлдээд байв.
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”
Хѳрсийг нь хуулаад л ил гарсан нүүрсийг эксковатораар хүнд даацын машинд ачаад Хятадын хил гаргаж зардаг “гэнэ” гэсэн ойлголттой бидний хувьд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ны үйлдвэрийг хараад гайхан бахархсанаа нуух юун. ”Эрдэнэс Тавантолгой”, “Энержи Ресурс”, орон нутгийн “Тавантолгой” компаниуд хамтран эзэмшиж буй энэ талбай дахь нүүрсний нѳѳц одоогийн тооцоолж буйгаар 7,4 тэрбум тонн аж. Улстѳржилгүйгээр, хулгайлалгүйгээр зѳв менежмэнтээр ашиглавал монголчууд биднийг бараг 100 жил тэжээх баялаг юм байна. Одоогийн байдлаар жилдээ 25-30 сая орчим тонныг олборлож байгаа боловч аажимдаа энэ хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлэх боломж байгаа. Ингэж нэмэгдүүлэхэд тээвэрлэлтийн хүчин чадал буюу тѳмѳр замын байгууламж нѳлѳѳлнѳ.
Нүүрсийг анхан шатны боловсруулалт хийлгүйгээр “түүхий” байдлаар Хятад руу гаргаж, хилийн цаана боловсруулсан нүүрсийг хятадууд Гангийн Үйлдвэрт ѳндѳр үнээр зардаг аж. Ѳѳрѳѳр хэлбэл борлуулах энэ дамжлагын явцад нүүрсний “ченж” хятадууд хамгийн их ашгийг олдог юм байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК энэ асуудлаа шийдэхийн тулд “Хуурай Боловсруулах Үйлдвэр”, “Нүүрс Угаах Үйлдвэр” байгуулж байна. Нэг нь энэ жил, нѳгѳѳ нь ирэх онд ашиглалтад ороход борлуулах нүүрснийхээ тодорхой хувийг ѳндѳр үнээр зарах боломжтой болно гэсэн үг. Тэр хэрээр Монголын эдийн засагт эерэг үр дүн авчирна. Мэдээж аажимдаа боловсруулах үйлдвэрийн хүчин чадалаа нэмэгдүүлэх хэрээр Монголын эдийн засаг улам сайжрах тѳлѳв ажиглагдаж сэтгэлд таатай мэдрэмж тѳрсѳн шүү.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нүүрс зараад ашиг олдог уу? гэвэл олж байгаа. Харин олсон ашгаа тараалгүйгээр, үйлдвэрлэлтийн хүчин чадал болон боловсруулалтын ашгаа нэмэгдүүлэхэд зарцуулбал алсдаа Монголын эдийн засаг тэлэхэд болон хувь хүмүүсийн авах ашиг нэмэгдэхэд нѳлѳѳлѳх юм байна гэсэн бодол надад тѳрсѳн. Одоогийн байдлаар ѳѳрийн хѳрѳнгѳ оруулалтаар болон захиалгаар гадны хѳрѳнгѳ оруулалттай хамтран хэрэгжүүлж буй бүтээн байгуулалт нь:
1. “Тавантолгой Тѳмѳр зам”
2. Хуурай боловсруулах үйлдвэр
3. Нүүрс угаах үйлдвэр
4. Тѳмѳр замын вагонд нүүрс ачих байгууламж
5. Гашуун Сухайтын “Шилжүүлэн ачих байгууламж
Ѳѳр зѳндѳѳ тѳслүүд байгаа байх л даа. Миний ѳѳрийн нүдээр үзсэн нь энэ байгууламжууд байлаа. Энэ бүхэн олон жил үргэлжилсэн тѳслүүд хэдий ч “Эрдэнэс Тавантолгой” ХК-д ЗГ-ын “бүрэн эрхэт тѳлѳѳлѳгч” томилсон, нүүрсийг биржээр худалдах болсон нь эерэг боломжуудыг нэмэгдүүлсэн гэж ойлгосон. Нүүрсийг биржээр худалддаг болсноор “эрчим хүчний нүүрс” нилээд хэмжээгээр борлогддог болсон гэж инженер залуу ярьсан.
“ТАВАНТОЛГОЙ ТѲМѲР ЗАМ"
Цогтцэций сумаас Гашуун Сухайт боомт хүртэл 242 км тѳмѳр замыг монгол инженерүүд монгол залуустайгаа хамтран бүтээн байгуулжээ. Сайншандаас Цогтцэций хүртэлх тѳмѳр замыг ч монгол залуус байгуулсан юм билээ. Тѳмѳр замын байгууламжтай танилцаж байхад хүн бүхний нүүрэнд “Бид ѳѳрсдѳѳ энэ бүхнийг байгуулсан юм шүү дээ, гоё байгаа биз?” гэсэн бахархал илэрч байлаа. Ер нь хүн ѳѳрѳѳ сэтгэлээ шингээж хѳлсѳѳ дуслуулж бүтээсэн бүхэндээ хайртай байдаг. Бас мэргэжилдээ дурлаж, бүтээлээ хүүхдээ хайрлаж буй мэт хайрлаж байгаа мэдрэмж их гоё санагдсан. Борлуулах үйлдвэрт ч адил, залуу инженерүүд ажиллаж ажлаа хичнээн бахархалтайгаар үзүүлэн тайлбарлаж байгааг харахад “Монголын ирээдүй гэрэлтэй байна” даа гэж бодогдсон.
2 ѳртѳѳ, 6 зѳрлѳгѳѳс бүрдсэн “Тавантолгой Тѳмѳр зам”-ын бүтээн байгуулалт биднийг гайхашруулсан. Тѳмѳр замын дэр нь бетон суурьтай, далангуудыг дандаа хайрга чулуугаар хучсан, бүх хяналт болон удирдлагууд нь автомат систем дээр суурилсан байв. Тѳмѳр замын гол асуудал нь аюулгүй байдал. Замын хяналт, зѳрлѳгүүдийн шилжилт зэрэг нь сүүлийн үеийн технологиор бүтээгджээ. Жилдээ 50 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай энэ тѳмѳр замын зүтгүүрүүд нь Америкаас ирэх аж. Вагоны тэвшинд нүүрсийг маш богино хугацаанд ачих байгууламжаас 3 км зайд, ачсан нүүрсний дээр барьцалдуулагч цацаж нүүрснээс агаарт дэгдэх тоосонцрыг хамгаалах байгууламж сонирхолтой санагдсан. Орон нутгийн малчидтай маргаан үүсгэдэг мал болон зэрлэг амьтдын гарах нүхэн болон ил гарцыг олон улсын стандартын дагуу байгуулжээ.
“Тавантолгой Тѳмѳр зам”-ын “Гашуун Сухай”-таас “Ганц мод” боомт хүртэлх холболтын ажил ирэх онд хийгдсэнээр энэ тѳмѳр зам бүрэн ашиглалтад орно. Энэ асуудал хоёр улсын ЗГ-ын хэмжээнд шийдэгджээ. Хэдийгээр тѳмѳр зам ашиглалтад орсон ч хүнд даацын тээвэр зэрэгцэн оршсоор байх юм байна. Гашуун Сухайтад байгуулагдаж буй “Шилжүүлэн Ачих Терминал” удахгүй ашиглалтад орсноор ачаа тээврийн эргэлт хурдасч сүүлийн үеийн технологид шилжих аж. Монгол залуус ѳѳрсдѳѳ бүтээн байгуулсан энэ тѳмѳр замын байгууламж аль болох сүүлийн үеийн технологи ашигласнаараа сайхан санагдав. Нѳгѳѳ талдаа Монголын эдийн засгийг тэлэх “ган судас”, монголчуудын ѳѳртѳѳ итгэх итгэлийг авчирч буй “найдвар” мэт санагдсан.
БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРҮҮД
Жилдээ 5 тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай “Хуурай боловсруулах үйлдвэр” нь удахгүй ашиглалтад орно. Газрын гүнд байсан нүүрсийг буталж ангилан, лазерын тусламжтайгаар гадаргуугийн элдэв хог тоосонцорыг арилгаж цэвэршүүлэх технологитой юм байна, миний ойлгосноор. Ус ашиглахгүйгээр нүүрсийг боловсруулж байгаа нь энэ үйлдвэрийн давуу тал. Ингэж боловсруулсан нүүрс нь түүхий нүүрснээсээ хэд дахин ѳндѳр үнээр борлогдоно.
Цогтцэций сумаас зүүн урд талд баригдаж буй “Нүүрс угаах үйлдвэр” нь газар доорх болон газар дээрх байгууламжуудаараа үнэхээр том юм. Нүүрс угаах усаа 60 гаруй км-ын цаанаас татаж, ашигласан саарал усныхаа 95 орчим хувийг эргүүлэн ашиглах технологитой аж. Үндсэн байгууламжынхаа хажууд ажиллагсадын орон сууц, оффес, спорт цогцолборын хамт барьж байна. Угаасан нүүрсээ хадгалах агуулахууд, тѳмѳр замын вагонд болон авто машинд ачих байгууламж ч баригдаж байна. Энэ байгууламж нь нийтдээ 3 хэсгээс бүрдэх бѳгѳѳд эхний хэсэг нь ирэх онд ашиглалтад орно. Нэг хэсэг нь 10 сая тн нүүрс угаах хүчин чадалтай бѳгѳѳд 3 хэсэг бүгдээрээ ашиглалтад ороход жилдээ 30 сая тн угаасан нүүрс борлуулах боломжтой болно гэсэн үг. Мэдээж угаасан нүүрс нь одоогийн борлуулж буй түүхий нүүрснээс хэд дахин ѳндѳр үнээр борлогдоно гээд тѳсѳѳл дѳѳ.
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”-“БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР”-“ТАВАНТОЛГОЙ ТѲМѲР ЗАМ”
Mонгол Улсын ЗГ, түүнийг удирдаж буй Ерѳнхий сайд Л.Оюун-Эрдэнэ асуудлыг том зургаар харж энэ гурвалжинг бүтээж байгаад бид талархах ёстой. Ерѳнхий сайдыг хувь хүнийх нь хувьд яаж ч шүүмжиллээ гэсэн “Шинэ Сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хийж бүтээж буй тѳслүүдийн үр дүнг бодитоор үнэлэх хэрэгтэй. Хэрвээ хэт улстѳржилт, хийрхэлээ дараад харах юм бол Монголын эдийн засгийг сайжруулах боломжууд бий болж байна. Олон жил үргэлжилж буй тѳслүүд болохоор ѳмнѳ ажиллаж байсан удирдлагуудад ч талархах учиртай. Хэдүүлээ энгийн тооцоо бодоод үзье:
“Эрдэнэс Тавантолгой” ХК жилдээ 70-80 сая тн нүүрс үйлдвэрлэвэл 50 сая тн нүүрсийг тѳмѳр замаар тээвэрлэж, үлдсэнийг нь хүнд даацын авто машинаар тээвэрлэнэ. Хүнд даацын авто машинаар тээвэрлэхэд тн тутмын үнэ нь 20-30$ байдаг гэж үзвэл, тѳмѳр замаар тээвэрлэхэд тн тутмын үнэ 8$ гэж харьцуулахад тээврийн зардлаас бид асар их мѳнгѳ хэмнэх боломжтой. “Хуурай боловсруулах үйлдвэр” жилдээ 5 сая тн боловсруулж,
“Нүүрс угаах үйлдвэр” жилдээ 30 сая тн нүүрс угааж, нийтдээ 35 сая тн боловсруулсан нүүрсийг түүхий нүүрсний үнээс 3 дахин ѳндѳр үнээр борлуулна гэж бодьё. Ѳѳдрѳгѳѳр харах юм бол Монголын эдийн засаг одоогийнхоос 2-3 дахин тэлэх боломж миний хувьд харагдаж байна. Энэ бүхнийг нүдээр үзэж, дотроо баримжаалан тооцоод миний сэтгэл сэргэсэн шүү. Үйлдвэрлэл ѳргѳжих хэрээр ажлын байрнууд нэмэгдэж, олон улсын стандарт нэвтэрч, хамгийн гол нь монголчууд бид ѳѳрсдѳѳ баялгаа арвижуулан бүтээж чадна.
Юу гэж бодогдсон гээч!
1. ЗГ энэ тѳслүүдээ томоор, цогцоор харж, бодлогын хувьд зангидаж сайтар хянах үүрэгтэй юм байна
2. Энэ тѳслүүдэд улстѳрчдийн болон бүлэглэлүүдийн ашиг сонирхол, шуналаас хол байлгаж, тэдний оролцоог хязгаарлах ёстой
3. Нүүрс тээвэрлэх хүнд даацын авто машинуудын боломжийг нэг систем болгож сайжруулах хэрэгтэй байна
4. Бүх тѳслүүдээ хувь хүний ая тухтай байдал, байгаль орчин ээлтэй байх, техник технологийн хувьд аюулгүй байхад бодлого болон хяналтаа сайжруулах шаардлагатай байна
5. Энэ тѳслүүдийн бодит үр дүн болон улстѳрчдийн оролцоог хувьцаа эзэмшигчидийн ѳмнѳ ил тод, бодитой болгомоор байна
“Оргил Медиа” студитэй хамтран Монголд минь болж бүтэж буй эерэг сайхан бүхнийг олон нийтэд улстѳрѳѳс ангид, хувь хүний ѳнцгѳѳс энгийн хүмүүст ойлгомжтой байдлаар үзүүлэхээр ТВ тѳсѳл эхэлж байгаа юм. Энэ тѳслийн хүрээнд “Эрдэнэс Тавантолгой”, “Taвантолгой Тѳмѳр зам” сэдвээр 2 дугаар нэвтрүүлэг бэлтгэж байна. Бас нилээд хүрээнд үргэлжлүүлэх болно. Болж бүтэж буй сайхан бүхнийг хэт шагшин магтахгүйгээр, бас шүүмжилж муулахгүйгээр байгаа байдлыг бодитоор үзүүлэхийг хичээх болно. Дандаа хар бараан мэдээлэл дунд гутарч бухимдан харааж зүхэж байхаар, болж бүтэж, хѳгжин дэмжиж буй сайн мэдээллүүдийг үзэж сэтгэлээ баясган урам зоригоо бадраая л даа. Яагаад болохгүй гэж??? Ямар ч зүйл урагшилж байхдаа заавал сайн тал руугаа эргэж байдаг нь амьдралын жам юм даа. Сайхаан сайхан.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.