Л.Оюун-Эрдэнийн гомдлоор хоригдсон Монголхүү, Одбаяр нар эрх чөлөөгөө хасуулж байгаа залуусын эхнийх нь ч, эцсийнх нь ч биш

Twitter Print
2021 оны 10-р сар 26-нд 09:34 цагт
Мэдээний зураг,

Монголхүү...

Бидний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, жагсах эрхийн төлөө тэмцэж яваад Л.Оюун-Эрдэнийн гомдлоор баривчлагдан хоригдсон иргэн Д.Монголхүү, Э.Одбаяр нар төмөр торны цаана түнэр харанхуйд хоригдсоор л байгаа.

Тэднийг ардчилсан нийгмийн зарчмаар үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө эрх чөлөөнд нь халдан хорьсон явдалд дургуйцэж буйгаа АН-ын бүлгийн дарга Д.Ганбат илэрхийлж, 461 дүгээр ангид очсон төдийгүй суллахыг шаардсан. Тэгэхдээ Д.Ганбат хууль хүн бүрт өөрөөр үйлчилж байгаа явдлыг шүүмжлээд "АН цаашдаа үзэл бодлоо илэрхийлэн тэмцэх, жагсах эрхээ эдэлсэн хэн бүхнийг өмгөөлөх болно" хэмээн мэдэгдсэн билээ. Энэ сарын 5-наас хойш хоригдож байгаа иргэдийн нэг нь өлсгөлөн зарлаад 10-аад хонож буй, биеийн байдал нь тааруу, нөгөөх нь хуучин бэртэл сэдэрсэн байдалтай байгаа гэдгийг ч хэлсэн.

АН-ынхан дотроо учраа олохгүй хагаралдаж байгаа үед энэ нам амьд, эрх чөлөөний төлөө дуугарсаар байгаа гэдгийг илэрхийлэн хийсэн түүний энэ алхам бас ч гэж нийгэмд цочрол өглөө.

Иргэн Д.Монголхүү нь Нийслэлийн аялал жуулчлалын газар ажиллаж байсан, Монголын таеквондогийн холбооны шүүгч, санхүүч мэргэжилтэй нэгэн бөгөөд " No double standart" хөдөлгөөний тэргүүн юм. Түүнийг тэгш бус, шударга бус байдлын эсрэг тэмцэж яваад хоригдсоны дараа мөнгөөр жагссан гэх дуулиан дэгдсэн. Эрх чөлөөг нь хассанаараа эрх баригчид л эл мэдээг энд тэндээс эвтэйхэн сэвсэн гэж хэлж болно.

Харин Д.Монголхүү энэ талаар сарын өмнө өгсөн ярилцлагадаа "Ардчилсан нийгэм, ардчилсан үзэл бодлын төлөөх тэмцлийг хэн нэгэн санхүүжүүлдэг бол сайхан л байна. Биднийг Хятадаас санхүүжилт авсан гэсэн, тийм зүйл байхгүй" гэж хэлж байжээ.

Эдүгээ сар шахам хоригдоод байгаа энэ залуусыг юу ч гэж гүтгэж буруутгасан байг, хамаагүй, тэд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлсэн нь үнэн юм. Тэгээд ч жагсаал цуглаан зохион байгуулна гэдгээ урьдчилан мэдэгдэнэ гэж холбогдох хуульд заасан байдаг болохоос, зөвшөөрөл авах тухай үг өгүүлбэр байхгүй аж. Тэгэхээр хууль сахиулагчид хууль зөрчин тэднийг хорьсон болж таарлаа.

Ямартай ч Л.Оюун-Эрдэнийн гомдлоор хоригдож байгаа Монголхүү, Одбаяр нар яг ийм шалтгаанаар эрх чөлөөгөө хасуулсан, хасуулж байгаа монгол залуусын эхнийх нь ч биш, сүүлийнх нь ч бас биш. Энэ Засгийн газрыг шүүмжлэн, эсэргүүцэж жагссан болгоныг хорино гэвэл одоо Монголын шорон хүрэлцэхгүй. Тэндээс эндээс санхүүжилт авсан гэж харлуулна гэвэл хоёр хөршөө, Азийн орнуудыг бүгдийг нэрлээд ч дуусахгүй.

Учир нь ардчилал, эрх чөлөө хүссэн зүрх зориг тийм амархан үхдэггүй, худалддаггүй юм. Хэрэв Засгийн газрын үйл ажиллагаа цаашдаа сайжрахгүй бол Монголхүү тэргүүтэй нөхөд суллагдмагцаа дахиад л жагсах болно. Тэд тэмцэхгүй байж чадахгүй, тэрслүү зүрх нь, тэвчдэг чанар нь монгол юм. Тэр үед ард түмний тархийг яаж угаагаад ч, арслан эрслэн мэт жагсаж байгаа иргэдийг яаж хомроголон баривчлаад ч байдал намжихгүй нь тодорхой.

Тиймээс юу гээч, Д.Ганбатын хэлснээр хууль бүх хүнд, тээр дээр байгаа Оюун-Эрдэнэд ч, төмөр торны цаана суугаа Монголхүүд ч адилхан үйлчлэх хүртэл үг хэлсэн болгоныг хорино гэвэл Монголын шорон хүрэлцэхгүй. Иймдээ тултал эрх мэдэлтэн, эгэл ардын хуулийн өмнөх ялгаа зааг томорчээ.

Монголхүү Одбаяр нар хоригдсоор байгаа, тэднийг мартвал бид үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх үндсэн эрхээсээ татгалзлаа гэсэн үг, тиймээс мартах ёсгүй. Маргааш, нөгөөдөр...тэднийг суллагдах хүртэл эрх чөлөө мэт санагалзах болно!

Үнэн үг хэлсэн болгон ганц хоёроороо чимээгүйхэн алга болсоор л байх уу, омог бардам сэтгэл нь төмөр торны цаана бөхөх үү? Үгүй. Тэд өчигдөр үгээ хэлж, жагсаад хоригдсон, бид ч маргааш үг хэлж, үйлдэл хийгээд хоригдоно, өнөөдрийн үнэн энэ байна.

Р.Эмүжин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (64.119.19.79) 2021-10-26 09:44
      • 0
      • 0

      Энэ нэг юу ч мэдэхгүй сагсалзуур юмаа засгаас нэг өдөр, нэг цагийн өмнө ч гэсэн салгаач ээ. МАН д үүнээс дээр хүн байх байлгүй дээ. Улс орныг сүйрүүлж дуусгах нь ээ.

      Хариулах