"Эрдэнэс Монгол" компанийн захирал Д.Хаянхярваа нарт их хэмжээний хахууль өгсөн талаараа хэргээ илчилж ирсэн гэлээ

Twitter Print
2021 оны 10-р сар 26-нд 14:45 цагт
Мэдээний зураг,

"Эрдэнэс Монгол ХХК-ны гүйцэтгэх захирал, УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваа нь Н.Отгонбаатар гэгчээс 3 удаагийн үйлдлээр 1 сая доллар өөрийн ойрын хамаарал бүхий этгээдээр дамжуулж авсан нь тогтоогдсон. Д.Хаянхярваа нь Шивээ овоогийн нүүрсний уурхайг түшиглэсэн 200мвт цахилгаан станцын төсөл хэрэгжүүлэхэд гүйцэтгэгч сонгон шалгаруулах асуудлаар ийнхүү авилгал авч байсан нотлогджээ.

Мөн Д.Хаянхярваа нь 2016 онд иргэн Цэрэнсодном гэгчээр дамжуулж ХҮННҮ 2222 хотхонд 800 сая төгрөгөөр үнэлэгдэх 175 м2 орон сууцны зориулалттай байрыг авилгалд авсан нь тогтоогдсон" гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан.

Тэрчлэн энэхүү хэрэгтэй холбоотойгоор "Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирал, УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваагийн албан өрөөнд аравдугаар сарын 18-ны орой нэгжлэг хийж, 48 цагийн хугацаатай цагдан хориод байв. Прокурорын байгууллагаас уг хугацааг сунгуулах хүсэлтийг шүүхэд гаргасны дагуу шүүх хурал нь 10-р сарын 21-ны өдөр болж, шүүхээс Д.Хаянхярвааг цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгаж шийдвэрлэжээ.

Харин өнөөдөр түүнтэй холбогдох хэргийн талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн орлогч дарга, ахлах комиссар М.Даваатогтох мэдээлэл өгч, Д.Хаянхярваад авлига өгсөн хүн өөрөө хэргээ илчилсэн гэдгийг хэллээ.

"УИХ-ын гишүүн асан, "Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваагийн талаар 2021 оны наймдугаар сар болон аравдугаар сард авлигын шинжтэй мэдээллийг ирүүлсэн. Энэ мэдээлэлтэй нь холбогдуулж өөрийг нь шалгаж байгаа асуудал огт байхгүй ба Д.Хаянхярваагийн өрөөнд гүйцэтгэх ажиллагаа явуулаагүй.

Энэ цаг хугацаанд хахууль өгөгч иргэнээс "Эрдэнэс Монгол" компанийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа нарт их хэмжээний ам.долларыг бэлнээр хахуульд өгсөн талаараа хэргээ илчилж ирсэн. Нэгэнт хахууль өгөгч гэмт хэргээ илчилж ирсэн тохиолдолд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулсан. Мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд нэр дурдагдаж байгаа этгээдийн тодорхой объектод прокурорын зөвшөөрөлтэй нэгжлэгийн ажиллагаа явуулсан" гэдгийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн орлогч дарга, ахлах комиссар М.Даваатогтох тайлбарлав.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.