Ачаа үүрсэн найзынхаа араас бүү чангаа

Twitter Print
2014 оны 11-р сар 04-нд 15:53 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын намрын чуулган эхэлснээс хойш манай орон хэрхэн улстөржиж дөвчигнөдгөө дэлхийд ёстой нэг харуулж байна даа, хөөрхий. Юун Украйн, юун “лалын улс” бүлэглэл вэ гэмээр харагдана. Тэнд бас хааяа нэг гал зогсоох гэрээ байгуулаад байгаа юм. Манайд ар араасаа өрнөөд л, түгжилдээд л байна. Хэн нь Түгжил, хэн нь түгжилдүүлэгч болох нь мэдэгдэхээ болив.          

Шинэчлэлийн засгийн газар оноо авах бүрийд дотор нь муухайраад эхэлдэг Ардын намынхан анх Ерөнхий сайдыг огцруулах бичиг өргөн барьсан. Үүний дараахан түргэдэв үү, яарав уу гэмээр АН, МАХН-ын дарга нар хамтран ажиллах гэрээнд гэнэт гарын үсэг зурлаа. Араас нь нийслэлийн АН-ын дарга болох хотын мээр Э.Бат-Үүл ум хумгүй уухилж, уймран “Н.Алтанхуяг дарга гишүүддээ мэдэгдэлгүй эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, МАХН-тай гэрээ байгуулав. Авилгачдын загалмайлсан эцэг Н.Энхбаяртай ингэж найзлахыг зөвшөөрөхгүй. Түүнийг огцруулах кноп дарж намаа аваръя, гишүүд ээ” гэж золигтов. Угтаа бол Үүл баатар маань өөрийн нийслэлийн АН-ын гишүүддээ мэдэгдэлгүйгээр сөрөг хүчний талд илтэд орон намынхаа даргыг түгжилдэцгээе хэмээн уриалж орхисон нь дэндүү увайгүй хэрэг л дээ.

Заавал Ерөнхий сайдыг огцруулалгүйгээр гэрээг нь болиулж, эсвэл заалт журмыг нь өөрчилж болно. Олон хувилбар байсаар атал шууд л хөөн зайлуулъя гэж байгаагийн цаана юу цухалзаад байна. Засгийн газрыг огцруулж байж намаа аварна гэдэг зарчим нэг л сэжигтэй байх ёстой. С.Зориг агсан “Улс төрч хүн юуны түрүүнд үндэсний эрх ашгаа дээгүүрт тавих ёстой” гэж. Гэтэл Э.Бат-Үүл намын (фракцын, бүлэглэлийн, амин хоорондын) эрх ашгаа дээгүүр тавьж, АН-даа хэчнээн их “хайртай” болохоо илэрхийлээд хувийн амбицаа нууж ядан байгаа нь тод харагдаж байна л даа. Мань хүнийг хотын төсөвтэй холбоотойгоор бухимдав гэж хүмүүс харж байна. Үүнийг нь тэр яагаад гэнэт хэлд ороод, шулганаад, уймраад бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслээр маш идэвхтэйгээр оюутан цагийн найз явсан Н.Алтанхуягийгаа унагах гээд нөгөөх дунд гарын түгжил болох Ж.Батзандангийн  хөгийн үйлдлийг давтах болов гэдэгт задаргаа хийвээс сая ойлгогдоно.

Хоёр намын гэрээ бөөн бужигнааны эхийг тавьж, АН-ыг талцуулах шалтгаан болсон нь үнэн боловч үүний хөдөлгөгч хүч нь Э.Бат-Үүл болон тодроод буй нь юуг зөгнөв. Уг нь төрийн ажил төрөөрөө, намын асуудал намаараа л явмаар. Гэтэл Э.Бат-Үүл уриалснаар УИХ дахь АН-ын зарим нөхөд үүний аль нэгээр нь чагталж Ерөнхий сайдын асуудлыг шийдэх гэж дээлийнхээ хормойг шууж эхэллээ.

Ерөнхий сайдыг огцруулах дөрвөн заалт бүхий МАН-ын шаардлагын зарим нь тоо хэмжээ нь зөрүүтэй, хувь хүнийх нь хувьд эрээ цээргүй, үндэслэлгүй хандсан байсан. Огцруулсны дараа түүнийг шалгаж, шонд дүүжлэх ухааны юм бичиглэсэн байсан. Цэцэрлэгийн хүүхэд үсэглэсэн ч энэ заалт нь улс төрийн зохион байгуулалттай үйл ажиллагааны тусгал л байна лээ. Энэ тусгалд нь өнгө, хүч нэмж эрхэм хотын мээр Ерөнхий сайд руу зуудаг нохой шиг дайрч эхэлсэнд аягүй баярласан МАН-ынхан Н.Энхбаяр, Н.Алтанхуяг нарын хооронд байгуулсан нууц гэрээ гэгчийг хуурамчаар зохион нийтэд тарааж жороо хэтрүүлэв. Эцэстээ ТЕГ-т шалгуулаад булайгаа дэлгэсэн.

Гэнэн ч юм шиг, эмгэнэлт хошин жүжиг ч юм шиг эх адаггүй энэ бужигнааны цаана ердөө л МАНАН-г дахин босгох гэсэн МАН, АН-ын бизнесийн барилдлагатай бүлэглэлүүдийн эрх ашиг сүүдэртэнэ. Тэдний сэжиг төрөм хамтын бизнес, засгаас хуваан идэх гэсэн алсын зорилгыг сонгогч олон мэдэж байгаа. Гэтэл МАН-ын зүгээс сонин хэвлэлүүдээр Ерөнхий сайдыг зогсоо зайгүй баалахтай зэрэгцэн, Э.Бат-Үүл АН-ын “аврагч”-аар тодорч эхэлсэн нь санамсаргүй бус. Ерөөс АН-д “Шударга ёс” эвслийг шахаж МАНАН-г бий болгох гэсэн хүсэлтүүд жил гаруйн өмнөөс л цоролзоод байгааг ард түмэн сайн мэднэ. Үүний салхийг баатар та л хагалж дөнгөх болой хэмээн хөөрөгдсөөр байгаад мань хүнийг дэмий тоглоомд татан оруулж орхив бололтой. Өөрөө ч тун гэнэн юм. Миний ар талд МоАХ бүхлээрээ байгаа хэмээн зүүдээ ярих гээд хулгайгаа ярьж орхив. Өөрөөр хэлбэл хэнтэй хамтарч МАН-тай учир ургуулах гэж буйгаа илэрхийлж орхино лээ.

АН-ын гурван удирдлагын нэг нь Э.Бат-Үүл. Шууд л мэдэгдэл энэ тэр болж намынхаа эсрэг ажиллав. Уг нь энэ засгийг унагана гэдэг АН-ыг булшилсантай адил гэдийг ойлгомоорсон. Нидэр дээрээ Н.Алтанхуяг руу дайраад байгаа нь АН руу дайрсантай адил гэдгийг хүлээн зөвшөөрөх улс төрийн эр зориг дутаад байна. Хувь хүнийх нь цээжинд зайрмагтсан зүйлс нь бусдын хатгаасаар цав сууж цуураад байх шиг. Гэвч харамсалтай нь түүний уриалгыг МАНАН-г үүсгэх гэсэн хэдэн амбицтай нөхөд л хөөрөгдөн сульдсан гараар нь могой бариулаад байгаа болохоос бус АН тэр аяараа дэмжихгүй байгаа нь ойрын үеийн хэрэг явдлаас тод харагдав.

Орон нутгийн МоАХ-ын салбарууд эхнээсээ дургүйцэж эхлэв. Тэр ч байтугай нийслэлийн АН-ын гишүүд багийн бус бусдын хатгалгаар хувийн тоглолт хийгээд байгаа буурал үст даргыгаа бутны ёроолдоо сууж байвал зохино хэмээн огцруулахаар дүнгэнэлдэж эхэлжээ. Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэдэг. Өмнөд Солонгосоос өнөөх Н.Энхбаяр ирээд бужигнуулсантай зэрэгцэн баруун хойноос С.Баяр ирээд баатар Үүлийг ийш тийш нь хөөргөөд байгааг зарим эх сурвалж өгүүлэх. Тэд дөчин мянгатын найзууд гэдгийг хүмүүс мэднэ. Бараг л цусан төрлийн холбоотой гэж жиг жуг хэлэлцдэг. МАНАН-г ахиад босгохын тулд золиос болгох дунд гарын “Түгжил”  Ж.Батзандан, Л.Цог нар арай цөөдсөн. Тэгэхээр нэр хүндтэй нэгний цөсний өвчигнөл их хэрэгтэй байв. Тэр нь хотын мээр байвал тун зүгээр байсан бололтой.

Нийслэлийн энд тэнд хэсэг бусаг зам тавьсан болохоор нөгөө хоёроос арай илүү нэр хүндтэй болох тул түүнийг ийнхүү утсан хүүхэлдэй болгосон байх л даа. МАН-ын тавьсан үндэслэлээр засгаа огцруулахыг АН-ынхан хэзээ ч зөвшөөрөхгүй тул Үүл баатараар уриалга гаргуулагсад өөр арга дор нь бодож олов. “МАХН-тай дур мэдэн гэрээ байгуулсан Н.Алтанхуягийг бид нар өөрсдөө зайлуулна. МАН-ын шаардлага бидэнд хамаагүй л дээ” гээд Ерөнхий сайдыг огцруулах бичигт гарын үсэг цуглуулж эхэлсэн. Эртний “Элсний 13”-ыг санагдуулам тэдгээр нөхдийн зорилго нь бүтвэл МАН-ынхны гаргасан бланк дээр АН-ынхан гарын үсгээ зурсан ичгүүргүйгээр урвасантай адил увайгүй зүйл болж түүхэнд үлдэх биз.

Харин Ерөнхий сайдын суудал руу гэтэгчид хэн байх бол. Уриалга гаргаад буй Үүл баатар уу, угаас тодорхой Женко Баттулга уу, уулын орой дээрээс зодооныг харж суугаа УИХ-ын дарга уу. Аль ч намын дүрэмд ялсан намын дарга Ерөнхий сайд байна гэсэн заалт бий. Энэ дагуу Н.Алтанхуягийг намын даргаас нь чөлөөлж, дараа нь шинэхэн даргаа Ерөнхий сайд болгож болох юм. Ийм шаанстай нь чи бөлгөө гээд Үүл баатарыг турхирч буй магадлал их байна. Нэгэнт МАХН-тай хамтран ажиллаж засгаа байгуулан явж байгаа учраас тэр намыг төлөөлж даргатай нь хамтран ажиллах гэрээ байгуулсан нь байдаг л улс төрийн үйл явц.

Гэхдээ үүнийгээ олонд зарлаж ҮЗХ-ныхоо хурлаар хэлэлцүүлээгүй нь Н.Алтанхуягийн алдаа байсан. Үүнийг нь сурмагаар ашиглаж, хуйвалдаанаар унагах гээд байгаа нь АН-ын ямар ч гишүүний хувьд үнэхээр ёс суртахуунгүй, намынхаа ирээдүйг боомилсон, түр зуурын ашиг хонжоо харсан хөөрхийлөлтэй улс төр гэхээс өөр юу гэж нэрлэх вэ. Засаг огцорно гэдэг Монгол орны амьдрал зогсч, бүр ухрах гээд байгааг ер нь ойлгох төрийн түшээ гэж байна уу. Нэн ялангуяа АН-ын гишүүд үүнийг хатуу санаж явах цаг ирсэн.

Хойд, урд хөршийн хүчирхэг удирдагчид айлчлаад буцахдаа ямар их боломж бидэнд үлдээгээд явсныг санацгаая. Тэр боломжийг нь идэх, гудрах гэж хараад байгаа нөхөд л засгийг унагах гэж байгаа хэрэг. Үүний салхийг хагалагч Э.Бат-Үүл өнөөгийн удирдлагын үедээ л АН сүүлийн таван сонгуульд ялсан, Ардчилсан Ерөхнхийлөгчөө хоёронтоо ялуулсан гэдгийг мартаж болохгүйсэн. Гэтэл энэ ялалтыг мань хүн бусниулах гээд байгаа нь эрүүл улстөрч мөн үү гэх эргэлзээнд хүргэж байна. Гэрээний холбогдох заалтад өөрчлөлт оруулна, ҮЗХ-гоороо хэлэлцэж батална гэж Ерөнхий сайд Үүл дарга тэргүүтэй түгжилтэнгүүдэд буулт хийснийг хэрхэн хүлээн авч буй нь ирэх өдрүүдэд мэдэгдэнэ байх.

Улс төрийн хэт савлагаатай нөхцөл байдалд тохируулан алтан дунджийг барьдаг Н.Алтанхуягийг огцруулахдаа гол нь бус, төрийг тогтвортой байлгах нь амин чухал асуудал, үндэсний эрх ашиг юм гэдгийг Монгол Улсын баатар цолтой хүн ойлгох л ёстой. Мань хүний хашгиран босгож эрхэм найзыгаа “төхөөрөх” аянд нь нэгдсэн 15 гишүүний нэрс хэвлэлээр гараад байгаа. Х.Баттулга, Г.Батхүү, М.Батчимэг, Д.Батцогт, Д.Ганбат гэхчилэн үргэлжилнэ. Үүн дээр анхны түгжилдэгчид болох Ж.Батзандан, Э.Бат-Үүл нар байна.

Нэг санал хэлье. Одоо Түгжилдэнэ гэдгийг орчин үедээ тохируулж Батдана гэвэл яасан юм бэ. Дээрх нөхдүүд дуртайяа зөвшөөрөх вий. Ерөнхий сайдыг ерөнхий саад хэмээн цоллож, зайл хэмээн захидал илгээгээд байгаа  МАН-ын генсек болох шүлэгч нэгэн залуу ч “Бат”-тай юм. Өөрөө л жинхэнэ саад тотгор биш гэж үү. Ингээд “Бат”-даад байвал энгийн олон л хөлд нь үрэгдэнэ.

www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.