
Өнөөдөр Намрын сүүл сарын 22-ны өдөр буюу “Бурхан багшийн "Эхийн ачийг хариулсан" дүйчэн өдөр” тохиож байна.
Бурхан багш төрөл таалсан ээжийнхээ ачийг хариулахаар 33 тэнгэрийн орноо залран очиж, ээждээ болон бусад тэнгэрүүдэд гурван сарын турш ном айлдаж, харьцашгүй дээдийн номын өглөгөөр ээжийгээ орчлонгоос гэтэлгэжээ. Тийн нирвааны хутагт хүргэн, ээжийнхээ ачийг хариулаад, намрын адаг сарын 22-ны өдөр 33 тэнгэрийн орноос эргэж, Замба тивд залран ирсэн түүхтэй өдөр юм.
Тиймээс тэр цагаас хойш намрын адаг сарын 22-ны өдрийг "Эхийн ачийг хариулсан их дүйчин өдөр" хэмээн Бурханы шашинт орнууд өргөн дэлгэр тэмдэглэж, энэ өдөр эцэг, эхийн ачийг санаж, буян номд шамддаг уламжлал тогтсон байна.
Эл өдөр сүсэгтэн олон зул хүж өргөх, суварга гороолох, буян хийдэг уламжлалтай. Түүнчлэн бурхан шашинтай оронд бурханы номыг суралцахын зэрэгцээ буяны үйл хийх их дүйчсэн өдрүүдэд хүмүүс жирийн өдрөөс илүүтэйгээр буяны үйлд шамддаг.
Буяны үйлд шамдахдаа бие, хэл, сэтгэл гурваар муу үйлийг тэвчиж сайн үйл хийхийг зорьдог.
-Бүхий л үест хэн ачтай вэ гэвэл ээж, аав хамгийн их ачтай. Тэгэхээр ээж аавын ачийг ойлговол бусад бүх хүний ачийг ойлгоно. Эцэг эхийнхээ ачийг нь ойлгосон цагт л ачийг нь хариулж чадна. Ойлгоогүй бол ачийг нь хариулах хэцүү. Тэгээд миний ээж аав хоёр надад ачтай бол тэдний ээж аав бас ачтай. Тэдний ээж аав ачтай юм чинь тэдний ээж аав ч ачтай гэх мэтээр хамаг амьтан ачтай юм.
-Эх гэдэг хүн ямар ачтай вэ гэдгийг сайн тунгаагаад үз. Ээж хүн бол хүүхдээ хөхүүлээд, шөнө уйлахаар нь ухас хийж босож аваад, хуурайлаад, хоолоо идэж чадахгүй болохоор нь өөрөө зажилж аманд нь хийж өгөөд, аль болох цэвэрхэн, хуурай юман дээр хэвтүүлээд л өдөр шөнөгүй аль чадлаараа энхрийлэн өсгөнө. Тэгээд махаа барж, биеэ эцтэл хөдөлмөрлөсөн олз бүхнээ, бүхий л сайн сайхан зүйлээ үр хүүхэддээ зориулдаг.
-Эцэг эхийнхээ ачийг хариулъя гэвэл эхлээд зөв сэтгэлтэй байх хэрэгтэй. Тэгээд тэднийхээ сэтгэл санааг нь тайван байлгах ёстой.
Та бүхэнд энгийнээр тайлбарлахад хүн нь харагдаж баригддаг махан бие, харагдаж баригдахгүй сүнсэн бие хоёроос тогтдог. Ертөнцийн хэллэгээр эцэг эхийн үр хөврөл буюу бурханы шашны хэллэгээр эцэг эхийн улаан, цагаан дусал нийлэхээр түүний дунд урьд төрлийн сүнс орж байгаа гэж үздэг. Тэгээд 10 сар болоод төрнө.
Энэ хорвоод мэндлээд юу ч хийж чадахгүй улаан нялзрай байхад эх нь сүүгээ хөхүүлж, өсгөж бойжуулсаар хүн болгодог. Тэгвэл ийм хүн ачтай биш бол өөр хэн ачтай байх вэ? Бид юунаас үүсч, хэнээс төрж, хэний ачаар хүн болсоноо санах хэрэгтэй. Ээж аавын ачийг ойлговол бусад бүх хүний ачийг ойлгоно...
(Ачит багшийн айлдвараас)
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.