Ламын Гэгээний хийд

Twitter Print
2020 оны 09-р сар 13-нд 12:21 цагт
Мэдээний зураг,

Ламын гэгээний хийд Анх Эрдэнэ бандида хутагт Ламын гэгээн Лувсанданзанжанцан 1680-аад оны үед өөрийн хийдийг Баян зүрхийн хонхор хэмээх газар байгуулсан. Энд ламын гэгээний хийд нь 4 жарныг өнгөрөөж гэгээний 7 дүр ээлжлэн тодорч 2000 гаруй лам хуврагтай 8 дацан 40-өөд дугантай Сайн ноён хан аймгийн төдийгүй Халх монголын шашны соёл боловсролын томоохон төв байжээ.

Сайн ноёны хошуунаас тусгаарласан Эрдэнэ бандида хутагт буюу Ламын гэгээний шавийн засаг захиргааны анхан шатны нэгж нь дацан хурал байсан бөгөөд лам, хар шавь нарыг тэдгээрт хуваан захируулдаг байжээ. Үүнд Нүвлэн /баруун дацан/, Шарилан /зүүн дацан/, Мамба /эмчийн дацан/, Жадар /тарнийн ёсны бурхны дацан/, Гүшиг /Гэгээний дэргэдэх шадар дацан/, Диваажингийн /тусгай хурлын дацан/, Жий /их цуглаан нийтийн хурлын/, Дуйнхор дацан зэрэг 8 дацан байжээ, Дацанг тамгын газраас томилсон зайсан лам тэргүүлж түүний доор бичээч, бошго, дэмч, зарлага ажиллаж байв. Тус хийдэд хамба Дүвжүү, ловон Жамбацэвээн, зурхайч Агваангомбо зэрэг эрдэм чадалтай лам нар олон байжээ. 20-р зууны эхээр Ламын гэгээний хүрээнд 8 дацан, 18 дуган, гэгээний суудаг Лаврин орд, Дэдлин хийдийн 10 гаруй дуган, бархан зэрэг нийт 41 сүм дугантай дөрвөн талдаа их хаалгатай сүм дугнууд нь орой дээрээ алтан шармал ганжир,хорол,бодь гөрөөсөн чимэглэлтэй байв. Хутагтын шавийн захирагч нь Шанзудба гэдэг тушаалтан байв.

Тус хүрээ хийд нь халх Монголын аль нэг аймгийн харьяа бус Эрдэнэ бандида хутагтын шавийн хүрээ хийд байсан бөгөөд 1937 оны их хэлмэгдүүлэлтээр Ламын гэгээний хүрээг хааж бурхан тахил, ном судрыг шатааж устган сүм дугануудыг ихээхэн гэмтээжээ. Одоо уг Дэдлэн хийдийн хурал номыг сэргээн Баянхонгор сумын төвд Дэдлэн нэртэй хийд байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд хуучин Ламын гэгээний хүрээний туурин дээр үлдсэн 3-4 дуганыг сэргээн засварлах туурин дээр хурлын шинэ сүм барих зэрэг идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.