Цанын спортын гавьяатууд: МУГТ, ОУХМ Л.Дорж /Цуврал 2/

Twitter Print
2020 оны 03-р сар 18-нд 11:21 цагт
Мэдээний зураг,

Монгол улсын ГАВЬЯАТ цаначид цувралаар МУГТ ОУХМ, 1980, 1984 онуудад тамирчнаар, 1998, 2002, 2006, 2010 онуудад дасгалжуулагчаар тус тус эх орноо төлөөлөн оролцсон Монгол улсад цанын спортыг хөгжүүлэхийн төлөө 55 жилийн туршид Тамирчин, Дасгалжуулагч, Багш, ЕНБД, УЗГ, Зүтгэлтэн хүртэл зүтгэж явсан Лувсандашын ДОРЖ-ийг танилцуулж байна.

Лувсандашийн Дорж 1955 онд Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутагт төрсөн. 1973 онд Хужирт сумын 10 жил, 1979 онд УБДС-ийг төгссөн.

Багш, дасгалжуулагч мэргэжилтэй 1973-1986 онд шигшээ багийн тамирчин, 1986-2010 онд шигшээ багийн дасгалжуулагч, 2010 оноос “Замчин” спорт клубт спорт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Дээрхи үүрэгт ажлыг хийхийн зэрэгцээ Монгол улсад цанын спортыг хөгжүүлэхээр Монголын Цанын Холбооны Ерөнхий Нарийн Бичгийн Даргын сонгуульт ажлыг удаа дараа гүйцэтгэж ирсэн.

Тэрбээр одоог хүртэл тэтгэвэртээ гарснаар цанын спортоо орхилгүй Архангай аймгийн Спортын төрөлжсөн сургалттай дунд сургуульд цанын багшаар ажиллаж байна. 1967 оноос эхлэн цанын спортоор хичээллэсэн.

Тэрбээр 1980 оны АНУ-ын Лейк-Плэсид, 1984 оны Югославын Сараево, 1998 оны Японы Нагоя, 2002 оны АНУ-ын Сольт-Лейк, 2006 оны Италийн Торино, 2010 оны Канадын Ванкувер хотуудад болсон өвлийн цагаан олимпийн их наадмуудад тамирчин дасгалжуулагчаар, 1977 оны Норвегийн Осло, 2005 оны Герман улсын Оберстдорф, 2009 онд Чех улсын Леберец хотуудад болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 1997 онд Норвегийн Байтуслейн, 2009 онд Финлянд улсын Кусамо, Итали улсын Вальдитерено хотуудад болсон дэлхийн цомын аварга шалгаруулах цуврал тэмцээнд дасгалжуулагчаар оролцсон.

Дэлхийн оюутан залуучуудын их наадам “Универсиад” тэмцээнд 5, Ази тивийн тоглолтонд 5 удаа, ах дүү армийн спартакиадад 5 удаа, Олон улсын тэмцээнд 40 гаруй удаа эх орноо төлөөлөн оролцсон. 1980 оны олимпийн 50 км-т 36-р байр эзэлж Ази тивийн тамирчдаас тэргүүн амжилт үзүүлсэн. 1976 онд Болгар улсад болсон олон улсын тэмцээнд 48 тамирчин уралдсанаас шагналт 6-р байр эзэлж байсан түүхтэй.

Бэлтгэсэн шавь нараас нь Д.Баттулга, З.Ганбат, Г.Мерей, Ч.Батболд нар 1990 оны Ази тивийн өвлийн 2-р тоглолтын 4х10 км-т хүрэл медаль, 1990 онд Эрхүү хотод болсон ОХУ-ын алс дорнодын оюутан залуучуудын аварга шалгаруулах 25-р спартакиадын 15 км -т 56 тамирчин уралдсанаас Б.Энх-Амгалан 3-р байр эзэлж хүрэл медаль тус тус хүртсэн.

Олон улсын хэмжээний мастер 8, спортын мастер 37 дэд мастер 42-ыг бэлтгэн гаргасан. Л.Дорж нь Улс , спартакиадын 22 удаагийн аварга, Биеийн тамир спортын тэргүүний ажилтан, боловсролын магистр цолтой, зууны шилдэг эрэгтэй цаначнаар шалгарсан, хөдөлмөрийн хүндэт медаль, цанын спортын ууган гавьяат тамирчин юм. Тэрбээр 1997 онд “Дэлхийг тойрсон хос мөр”, 2015 онд “Цанын спортын түүх бэлтгэл сургалт” гэсэн номуудыг бичин хойч үедээ үлдээсэн нь цанын спортыг хөгжүүлэхээр ажиллаж байгаа залуучуудад гарын авлага бэлтгэн үлдээсэн гавъяат тамирчин цолтой дасгалжуулагч хүн билээ.

Э.Очирсүрэн

Холбоотой мэдээлэл:

Цанын спортын гавьяатууд: Монгол улсын 22 удаагийн аварга, ОУХМ Н.Пүрэвжав /Цуврал 1/

Цанын спортын гавьяатууд: МУГТ Б.Зундуй /Цуврал 3/

Цанын спортын гавьяатууд: Монгол улсын Хөдөлмөрийн баатар Раднаабазарын Раш /Цуврал 4/

Цанын спортын гавьяатууд: Монгол улсын Хүний гавьяат эмч Борхүүгийн Алтангэрэл /Цуврал 5/

Цанын спортын гавьяатууд: Монгол улсын эрүүлийг хамгаалахын гавьяат зүтгэлтэн Данзангийн Сүрэнхорлоо /Цуврал 6/

Цанын спортын гавьяатууд: Олон улсын хэмжээний мастер Б.Дашгай /Цуврал 7/

Цанын спортын гавьяатууд: Монгол Улсын гавьяат багш Л.Чимэддорж /Цуврал 8/

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.