
Хэзээ ч билээ дээ, хаана ч билээ дээ, хэвлэлээр гарсан материалыг орчуулж нэгтгэх маягаар бичиж нийтлүүлж байснаа пост болгов.
Японы олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд япон эрчүүдийг өөр хооронд нь харьцуулан итгэмээр ч юм шиг, итгэмээргүй ч юм шиг маягаар ялган ангилж янз бүрээр тодорхойлох (үнэндээ бол нэр хоч л юм даа) байдал анзаарагддаг. Жишээ нь, “махан идэштэн эр” (японоор никүшёкү данши) болон “өвсөн тэжээлтэн” (соошёкү данши) гэж нэрлээд байгаа нь үнэндээ эрчүүдийн иддэг хоолтой ямар ч хамаагүй. Японы сонин сэтгүүл, TV нэвтрүүлгүүд иймэрхүү хэллэгийг нэлээд хэрэглэдэг.
“Махан идэшт” харчууд эмэгтэйчүүдийг урхидахдаа гаргууд, залуухан япон бүсгүйчүүд энэ “ангиллын” эрчүүдийг илүү таалдаг, эрч хүчтэй найдвартай гэж үздэг гэнэ.
“Өвсөн тэжээлт” харчуудын тухайд бол эсрэг хүйстнүүдтэйгээ харьцахдаа төдийлөн идэвхийлээд байдаггүй, номхон хүлцэнгүй. Тэд охид бүсгүйчүүлтэй цэвэр үерхлийн үүднээс уулзаж учирдаг. 30 эргэм насны гоонь эрчүүдийн бараг 75% нь өөрсдийгөө чухам энэ “өвсөн тэжээлтэний” ангилалд орно гэж үздэг гэсэн мэдээ бий.
“Загасан хоолт” эрчүүд (гёшёкү данши) “махан идэштэнүүдээ” бодвол арай хамжааргатай. Ер нь бол тэд эмэгтэй хүн өөрөө эхэлтэл хүлээхийг илүүд үздэг, их тэвчээртэйн дээр гол төлөв ухаалаг, уужуу тайван улс. Гэхдээ дотроо олон дэд бүлэгт хуваагдана. Зан авирт нь нэг тийм зэрлэгдүү юм илэрдэг харчуудыг “давстай шарсан загасанд” дуртай, өөрийгөө бүхнийг мэдэгчид тооцдог эрчүүдийг “тэрияки буюу цуугаар амталж шарсан загасанд” дурлагч, хэтэрхий амгалан тайванчуудыг “чанасан загас” зооглогч гэнэ. “Байцааны ороомогчууд” гэж бас байдаг. Энэ ангиллын эрчүүд даруухан царай төрхтэй, хувцаслах нь ч гял цал биш (хүрэм, пүүз өмсөх дуртай), нэг үгээр “өвсөн тэжээлтэн” шиг л харагдах боловч яг л байцаанд ороосон шанз шиг дотор талдаа “махан идэштэн” байдаг. Эмэгтэй хүнтэй танилцаад хамтдаа хатуухан юм уухыг урьснаар энэхүү “өвсөн тэжээлтэн” маань “махан идэштэн” болж хувирдаг гэж байгаа.
“Зөөхий” эрчүүд буюу “крем данши”. Ийм эрчүүд эелдэг инээмсэглэл тодруулсан, цэвэрхэн арьстай, гол төлөв хар үстэй, ихэд хөдөлмөрч. Эмэгтэй хүн юу бодож, хүсч буйг анхааран сонсож, ажил хэрэгч зөвлөгөө өгөхөө мартахгүй. Харахад эелдэг зөөлөн ч эршүүд тул шаардлагатай үед бүрэн найдаж болно. Яг л крем шиг тайвшруулж тайтгаруулах чадвартай учир ингэж нэрлэжээ.
“Эрдэмтэн” эрчүүд буюу японоор “рикэй данши”. Эгээ л эрдэмтэд лугаа адил логик буюу учир шалтгааны ухаанаар сэтгэдэг, хахирдуу. Тэд хүмүүстэй таарамж муутай, хов живийг бол үзэхгүй. Танихад нэг их түвэгтэй биш, хошигнолыг хүртэл логикийн үүднээс тайлах гэж мэрийж байгаад “балардаг”. Эмэгтэйчүүдтэй харьцаж сураагүй, моод энэ тэр мэдэхгүй, тэдэнтэй тоглоом хийх гэвэл шоглоом л болж дуусах тохиолдол олон. Хөөрхий тэднийг “засч залруулаад” авбал боломжийн, хүн сайтай гэж байгаа.
“Гоё” эрчүүд буюу “биёо данши” нар үс зүсээ тордох гэж ёстой үзүүлнэ дээ. Бүхнээс илүүтэй өөртөө л хайртай. Хүмүүстэй харьцахдаа хүүхдэрхүү, заримдаа ааш нь олдохгүй. Хүмүүс өөрсдийг нь юу гэж бодох тэдний хувьд юу юунаас чухал.
“Соёлтой” харчууд (culture данши) өөрийн гэсэн тусдаа соёлтой. Эд бол арилжааны бус кино, буурьтай утга зохиолд дурлагч номын хорхойтнууд. Олны өмнө үг хэлэхдээ сайнгүй, хувийн үзэл бодлоо ихэд үнэлнэ. Тэдний ертөнц бол утга зохиол, кино, хөгжим, хүмүүнлэгийн ухаан. Өөрсдийнх нь санаа бодол, хүсэл мэдрэмжийг хуваалцдаг улстай хамт байвал ганц болж байгаа нь тэр.
“Гангачууд” (фэйшн данши) шинэ шинэ урсгалууд, ховор эд зүйл сонирхоно. Гадаад байдалдаа ихээхэн анхаардаг, хувиа хичээсэн, заримдаа ч их шазруун, төгс төгөлдөрийг эрхэмлэдэг. Хамгийн сүүлийн үеийн моодыг андахгүй, шинэ эд юмсыг тэд л хамгийн түрүүнд олж авдаг. Бусдаас урьтаж олж авч өмссөнөөрөө бахархана.
“Тогооч” эрчүүд (рёори данши) хоол хийх, бэнтоо (бэнтоо-бэлэн хоол. Гэхээ энэ бол гоймон биш шүү) бэлдэх дуртай. Шаардлага өндөртэй, олны нүдэнд ил байх дургүй, ажлаа төлөвлөж, тогтмол бөгөөд уйгагүй хөдөлмөрлөж чаддаг. Тэдний олонх нь хүнсний бүтээгдэхүүний онцлогийг мэдэж авах, мөнгөө хэмнэх үүднээс хоол хийж сурсан байдаг ч яваандаа хоол хийх сонирхол нь зуршил болоод, хоолны, ялангуяа бэнтооны жор ч олныг хуримтлуулчтхсан байдаг гэж байгаа. Бэнтоо бэлддэг эрчүүдийг “бэнтоо данши” гэж бас нэрлээд байдаг.
“Идэвхтэй амралтыг баримтлагч” эрчүүд эрүүл агаарт байгальтай харьцаж амрахыг илүүд үздэг. Өөртөө өндөр шаардлага тавьдаг, хоол сайн хийдэг, спорт хувцас голцуу өмсдөг. Уул хаданд явган аялах, далай тэнгис рүү явах дуртай, бусадтай нийлэмжтэй. Аливааг өөрсдөө л хийдэг, ялангуяа эмэгтэйчүүдэд нэг их найддаггүй.
“Фанатууд” өөрсдийн хоббины төлөө ухаанаа тавина. Тэд гадаад байдалдаа нэг их анхаарахгүй, даруу талдаа, харин сонирхдог зүйлийнхээ талаар бол сайн ч ярина, бусдаас хурдан ч ярина. Хобби ижилтэй хүмүүстэйгээ уулзаж ярих дуртай. Хэрвээ ижил хоббитой л биш бол эмэгтэйчүүдтэй харьцаж чадахгүй талдаа.
“Эмэгтэйлэг” эрчүүд, яг бүсгүй хүн шиг амттан болоод гоёмсог эдэд дурлана. Хобби нь ч эмэгтэй хүнийх, тийм гэх аргагүй царай төрхтэй, гоёлын чимэг хэрэгсэлд шимтэх тэд “махан идэштэн”-үүдийн яг эсрэг дүр. Аяглан аашлах нь хүртэл их зөөлөн наалинхай.
За нэг иймэрхүү. Монгол эрчүүдийг ийм маягаар ангилбал яах бол? “Тарваганы боодогт дурлагсад”, “цагаан архинд донтогсод”, "цүнх баригсад", "төмөр өргөгсөд", "уяхан сэтгэлт уйланхай нар" гээд л хөвөрч өгөх байх даа.
Япон судлаач Д.Төмөрбаатар
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.