“Токио-2020” олимпийн наадмын эргэн тойронд...

Twitter Print
2020 оны 03-р сар 02-нд 16:35 цагт
Мэдээний зураг,

Олон улсын олимпийн хороо/ОУОХ/-ны Гишүүн Дик Паунд өнгөрсөн 26-ны өдөр “AP” мэдээллийн агентлагт өгсөн ярилцлагаар “ОУОХ нь “Ковид-19”-ийн тархалтын нөхцөл байдлыг харгалзан, “Токио 2020” олимпийн наадмыг зохион байгуулах нь эрсдэлтэй гэж үзвэл олимпийн наадмыг цуцалж болзошгүй бөгөөд, Олимпийн наадмыг хэвийн зохион байгуулах эсвэл цуцлах зэрэг асуудлыг ирэх 5 дугаар сард багтаан шийдэх ёстой” хэмээн мэдэгдсэн билээ.

Харин ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах, ““Токио - 2020” олимпийн наадмыг төлөвлөгөөт хугацааны дагуу хэвийн зохион явуулахыг зорин, бэлтгэл ажлуудыг эрчимтэй өрнүүлж буй бөгөөд, ОУОХ, Япон улсын засгийн газар, “Токио - 2020” олимпийн наадмыг зохион байгуулах хорооноос нягт хамтран ажиллаж байна” хэмээн өнгөрсөн 27-ны өдөр онцлов. Тэрээр Олимпийн наадмыг цуцлах, зохион байгуулах газрыг өөрчлөх тухай асуултад “Таамаглалд суурилсан асуултад хариулах боломжгүй” хэмээн мэдэгдэв.

Дэлхийн 66 улсад илрээд буй шинэ төрлийн коронавирус буюу "Ковид-19"-ийн тархалтын улмаас “Токио – 2020” Олимпийн наадмын эрх олгох зарим тэмцээнүүд цуцлагдаж байна. Тухайлбал, Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос 03 дугаар сарын 27-29-ны өдрүүдэд БНХАУ-ын Шиан хотноо явагдах байсан чөлөөт бөх, сонгомол барилдааны Ази тивийн, Олимпийн эрх олгох тэмцээнийг цуцалж, Киргиз улсын Бишкек хотноо зохион байгуулахаар шилжүүлсэн. Харин "Ковид-19"-ийн тархалт эрчимтэй байгаатай холбогдон, өнгөрсөн 29-ний өдөр Бишкек хот нь тус тэмцээнийг зохион байгуулахаас татгалзав.

Одоогоор Ази тивийн, Олимпийн эрх олгох чөлөөт бөх, сонгомол барилдааны тэмцээн хаана, хэзээ зохион байгуулагдах нь тодорхойгүй байна. БНХАУ-ын Ухань хотоос Йордан улсын нийслэл Амман хотноо шилжсэн боксын Ази - Номхон далайн орнуудын Олимпийн эрх олгох тэмцээн маргааш/03.03-11/ эхлэх билээ. Тус тэмцээнд Монгол улсаас ДАШТ-ны хүрэл медальт, Азийн наадам, Ази тивийн аварга Э.Цэндбаатар тэргүүтэй нийт 13 тамирчин “Токио-2020” олимпийн эрхийн төлөө хурд хүчээ сорин тулалдана.

Эх сурвалж: Монголын Боксын Холбоо

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.