Болгарт жуулчны автобус шатаж, 46 хүн амь үрэгдсэний 12 нь хүүхэд байна

Twitter Print
2021 оны 11-р сар 24-нд 11:00 цагт
Мэдээний зураг,

Туркийн Истанбул хотоос Хойд Македон руу буцаж явсан Македонийн жуулчдын автобус Болгарын нийслэл София хотын баруун өмнөд зүгт байрлах хурдны зам дээр шатжээ.

Автобусанд нийт 53 хүн зорчиж явснаас 7 нь галаас амьд гарч чадсан ба амь үрэгдсэн 46 хүний 12 нь хүүхдүүд байжээ.

Амьд гарсан 4 эрэгтэй, 3 эмэгтэй автобусны цонхыг хагалж, гадагш гарч амжсан ба осол гарахаас өмнө автобусны зорчигчдын дийлэнх нь унтаж байсан аж.

Хойд Македонд 3 өдрийн гашуудал зарлаад байгаа ба Македонийн Ерөнхий сайд Зоран Заев ослоос амьд гарч Болгарын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдтэй уулзжээ.

Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Болгарын эрх баригчдын мэдээлснээр автобус хурдны замаас гарч, замын хажуугийн хаалтыг мөргөж мурийлгажээ.

Мөн автобусанд гал хэзээ гарсан нь тодорхойгүй байна. Осолд өөр тээврийн хэрэгсэл өртөөгүй хэмээн мэдэгджээ.

Осол гарсан хурдны замаас холгүй байрлах тосгоны даргын хэлж байгаагаар тус зам дээр автомашины осол их гардаг ба энэ нь тус хурдны замын чанар муудсантай холбоотой аж.

Осолд амиа алдсан иргэдийн 12 нь насанд хүрээгүй хүүхдүүд, бусад нь 20-30 насныхан байжээ.

Цагдаа нар осол жолоочийн алдаа эсвэл техникийн эвдрэл гэмтэл, буруу ажиллагаатай холбоотой байх магадлал өндөр хэмээн үзэж байна.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.