
УИХ-ын өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэж, олонхийн буюу 54.5 хувийн саналаар Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцрууллаа. Ингэснээр Засгийн газрын кабинет бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохоор боллоо. Чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд бүрэн ирцтэйгээр ирээгүйгээс ийнхүү Засгийн газар огцрохоор болж байна. Үүнтэй холбоотойгоор УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн Д.Зоригтоос цөөн асуултад хариулт авлаа.
-Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах асуудал яригдаж байгаа үед намын бүлэг бүрэн ирцээ хангаж чадаагүйгээс Засгийн газар огцрохоор боллоо. Тэгэхээр ирцээ бүрдүүлээгүй гишүүдэд намын зүгээс ямар хариуцлага тооцох вэ?
-Засгийн газрын тэргүүнийг огцруулах тухай асуудал яригдаж байгаа үед намын гишүүд ирцээ бүрэлдүүлж ирээгүй тохиолдолд намаас хасах дүрмийн заалттай.
-Танай намын “Шонхор” фракцийн гишүүд үндсэндээ ирсэнгүй?
-Манайхаас долоон хүн ирсэнгүй.
-Өмнө нь энэ хүмүүс ямар нэгэн тайлбар, байр сууриа намын бүлгийн хурал дээр хэлсэн байсан уу?
-Өчигдөр гэхэд энэ хүмүүсийн нэлээд нь Засгийн газраа авч үлдэнэ гэж байсан. Өнөөдөр үл ойлгогдох, бидэнд мэдэгдэхгүй шалтгаанаар долуулаа ирсэнгүй.
-Шинэ Засгийн газрыг удахгүй бүрдүүлэх ёстой. Цаг хугацааны хувьд хуулиараа хэрхэн зохицуулагдах вэ?
-14 хоногийн хугацаанд шинэ Засгийн газрыг бүрдүүлэх ёстой.
-Засгийн газрынхээ эсрэг кноп дарсан гишүүдэд хариуцлага тооцож, намаас хөөх талаар яригдаж байсан?
-Манай намын дүрмэнд хариуцлага тооцох заалт байгаа. Намаас хөөх асуудлыг энд шийдэхгүй. Намын хяналтын зөвлөлийн шийдвэр гарна.
-Дараагийн Засгийн газрын хувьд намууд зөвшилцлийн ширээний ард суух хэрэгтэй гэдгийг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд хэлж байсан. Тэгэхээр зөвшилцлийн ямар хувилбар байж болох вэ?
-Улс орны эдийн засаг, нийгмийн байдал амаргүй байна. Ийм үед парламентад суудалтай намууд зөвшилцөж таарах байх. Яриа хөөрөө эхлэх байх.
-2015 оны төсвийг УИХ арваннэгдүгээр сарын 15 гэхэд батлах ёстой. Энэ хугацаандаа амжих боломжтой юу. Нэгэнт Засгийн газар огцрохоор болсон тохиолдолд, энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Үүнийг баталж чадах байх. Ерөнхий сайд, Засгийн газар огцорчихлоо. Гэхдээ сая үүрэг гүйцэтгэх хүмүүсийг томилсон. Тэгэхээр Шадар сайд ахлаад, төсвөө батлуулах байх.
-Энэ Засгийн газрын бүтцээр төсвийг батлах нь байна. Гэтэл дараагийн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдөнө шүү дээ?
-Тэгэхээр төсөвт тодотгол хийгдэнэ гэсэн үг.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.