
Тайванийн Ерөнхий сайд Су Цэнь Чан Тайвань арлын эдийн засгийн өсөлтийг Тайванийн иргэн бүр хүртэх ёстой хэмээн энэ онд иргэн бүртээ 200 орчим ам. доллар өгнө хэмээн өнгөрсөн лхагва гарагт мэдэгджээ.
Тайвань нь хагас дамжуулагч чипийн экспортоороо дэлхийд тэргүүлэгч улс орнуудын нэг бөгөөд 2021 онд эдийн засаг нь 6.45 хувиар өссөн нь 2010 оны 10.25 хувиар өссөнөөс хойшхи хамгийн өндөр үзүүлэлт болж байна.
2022 болон 2023 онд Тайванийн эдийн засгийн өсөлт удаашрахтай холбоотойгоор Тайванийн засгийн газар өнгөрсөн жилийн татварын орлогын 380 тэрбум тайвань долларыг эдийн засгийн хямралаас сэргийлэх, эрчим хүч, нийгэм болон эрүүл мэндийн даатгалын салбарт хөрөнгө оруулахад ашиглахаар төлөвлөжээ.
Татварын орлогоос төсөвт орсон мөнгөнөөс 140 тэрбум тайвань долларыг хуваан иргэн бүртээ тараахаар төлөвлөөд байгаа ба Тайванийн иргэн бүрт 6000 тайвань доллар буюу 195.61 ам. доллар оногдох аж. Ерөнхий сайд Су Цэнь Чан, "Эдийн засгийн амжилтын үр шимийг Тайванийн иргэн бүр, хөгшин залуугүй хүртэх болно." хэмээн мэдэгдсэн ба Тайванийн парламент уг хуулийн төслийг баталсан тохиолдолд уг мөнгийг Хятадын Цагаан сарын үеэр тараахаар төлөвлөжээ.
Коронавирусын цар тахлын үеэр хүмүүс гэрээсээ ажиллаж, өргөн хэрэглээний цахилгаан бараа бүтээгдэхүүний гол сэлбэг болох хагас дамжуулагч чип өндөр эрэлттэй байсан нь Тайванийн эдийн засгийн өсөлт тогтвортой явагдах гол шалтгаан болжээ.
Тайванийн төв банк 2022 оны ДНБ-ий өсөлтөө 2.91 хувь болгон бууруулаад байгаа бол 2023 онд энэ тоо 2.53 хувь байна гэж тооцоолжээ. Тайванийн эдийн засгийн өсөлтийн хувьд 3-р улиралд өнгөрсөн жилийнхээс 4.01 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа аж.
Эх сурвалж: The Guardian
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.