Хогоо задгай хаясан нөхдүүдийг торгодог байя аа...

Twitter Print
2019 оны 12-р сар 20-нд 15:13 цагт
Мэдээний зураг,

Хэлмээр болоод болж өгдөггүй ээ. Манай гэр хорооллынхон хогоо хаяхдаа ядахдаа уут шуудайныхаа амыг боогоод, жаахан цэгцтэй, бөөгнүүлээд тавьчихдаг байгаасай.

Талын нэг тараагаад хаячихна. Ойртож зогсоод машинаасаа буулгаад зүгээр л чулуудчихна. Ихэнхдээ ам нь онгорхой, Тэр онгорхойгоор хамаг байдаг нь цуваад, тэр хавийн газар нилэнхүйдээ хог. Хог ачдаг хүмүүст бөөн ажил, тэр бүхнийг хамаж, бөөгнүүлэх гэж халширмаар юм болно. Түүнээс илүү нь өөрсдөө энэ талын нэг тарсан хогон дотроо амьдарна. Өглөө оройд үр хүүхдүүд нь үүгээр гатална, өөрөө ч гатална. Үнс нь бургиж, цаас нь хийсээд орчлонгоор нэг юм.

Одоохондоо өвөл буй тул үнэр нь гайгүй, хавраас үнэр тэсэх аргагүй болно. Бид хятадуудын бохир завааныг гайхан муучлаад л суудаг атлаа өөрсдийнхөө энэ мэт заваан, бэртэгчин, арчаагүйгээ ер анзаарахгүй. Би л болж байвал боллоо гэсэн шүү аятай. Гэвч түүн шиг гэнэн тэнэг явдал үгүй. Энэ хог новш чинь чиний, чиний үр хүүхэд, ач зээ нарын эрүүл мэндийг хохироож байгаа. Түүнээс илүү сэтгэлгээ, сэтгэл зүйг нь эргэж эдгэхэд нэн бэрхээр гэмтээж байгаа. Ийм хогонд дасна, ийм л байдаг, ингэдэг юм гэсэн сэтгэлгээ шиг адгийн юм байхгүй. Энэ мэтийг ер бодож буй юм үгүй. Цацчихаад л явцгаах юм.

Naminchimed Baasan-н зураг.

Хогын тухай хууль байдаг уу? Синга-гийн Ерөнхийлөгч гудамжинд цэр нусаа хаяхад 500 синга доллараар торгож байж ард түмнээ соёлжуулсан гэдэг. Хогын тухай хууль гаргаж, орцонд хогоо хаясан, гудамж талбайд задгай хогоо асгадаг нөхдүүдийг задартал нь, далжийтал нь торгож баймаар байна. Тэр машинаас татвар авна гэж байхаар хогоо хаа хамаагүй хаядаг нөхдүүдээс тэр "Татвараа" авдаг болмоор байна. Тэр авилгал авсан хүний эрхийг дээдлээд сонгогдох эрхтэй нь үлдээж буй нөхөр хууль тогтоогчид энэ мэтийг бас бодож үзээсэй.

Ичиж үхмээр, түүнээс ч илүүгээр багтарч, хордож, бас санаа сэтгэл гутармаар. Хогон дотор амьдармааргүй л байна шүү, бүгдээрээ. Уг нь хичээвэл тун хялбархан.

Б.Наминчимэд 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.