Төрийн банкны захирлууд гаргасан зээлийнхээ 5-10 хувийг хахуульд авдаг байжээ

Twitter Print
2020 оны 03-р сар 23-нд 09:49 цагт
Мэдээний зураг,

Сарын 18 саяын цалинтай Төрийн банкны захирлын нэг компаниас авсан хахууль нь 235 сая төгрөг. Төрийн банкны гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэн, тэргүүн орлогч захирал Д.Ганбаатар нар авлига, албан тушаалын хэргээр ял сонсчээ.

Төрийн банкны Ерөнхий захирал Д.Баярсайхан сарын 18 сая, жилийн 216 сая төгрөг, Гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэн сарын 15 сая, жилийн 180 сая төгрөг, Тэргүүн орлогч Д.Ганбаатар сарын 12 сая, жилийн 144 сая төгрөгийн цалин авч байлаа. Энэ 3-аас доош 8-10 сая төгрөгийн цалин авдаг 10-аад захирал ажиллаж байлаа. Захирлууд албан хэрэгцээндээ хөлөглөдөг машин нь LEХUS-570.

Өндөр цалингийн хажуугаар Төрийн банкнаас гаргасан зээлийнхээ 5-10 хувийг хахуульд авдаг байжээ. Төрийн банкны гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэн, тэргүүн орлогч захирал Д.Ганбаатар нарын холбогдсон авлигалын хэргийг сөхвөл:

“Бичура” компаний захирал М.Болортуяа өөрийн танил Төрийн банкны гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнгээр дамжуулан 5 тэрбумын зээл хүсчээ. Зээлийн материалд хийсэн үнэлгээгээр эрсдэл өндөр гэж гарсан. Гэвч Д.Цэндсүрэнгийн оролцсон зээлийн хорооны 2017.09.12-ны хурлаар “Бичура” компанид 4.7 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Зээл гарангуут “Төрийн банкнаас зээл гаргахад зээлийн хорооны гишүүдэд нийт дүнгийн 10 хувийг өгөх ёстой. Чи зээлийн дүнгийн 5 хувийг өг” гэсний дагуу Б.Цэндсүрэнд 235 сая төгрөгийг хахууль болгон өгчээ. Үүгээр зогсохгүй 2018 оны 2-р сард Төрийн банкны гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэн нь Төрийн банкны тэргүүн орлогч захирал Д.Ганбаатарын хамт тус компаний тавилгын дэлгүүр дээр очиж, 22 сая төгрөгийн буйдангийн сет тавилга авсан байна.

Баасанжавын Отгон-н зураг.

Эдгээр захирлууд 2017.06.23-д БНХАУ-ын “Шинжиан Шинфа” компанид хууль зөрчин 20 тэрбум төгрөгийн зээл олгоход оролцжээ. Тэдэнд нийтийн албан тушаалтан албан үүргээ урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр шүүхээс ял оноожээ. Ингэхдээ Төрийн банкны гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнгийн нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээс хасч, 3,6 жилээр хорих ял, Д.Ганбаатарыг нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилээр хасч, 10 сая төгрөгөөр торгох ял оногдуулжээ.

Төрийн албан хаагчдын цалин, хангамжийг нэмэхийн хирээр авлигал буурна гэж тооцсон ч энэ нь эсрэгээрээ хэрэгжжээ. Цалин хангамж нэмэгдэхийн хирээр авлигалын хэмжээ улам нэмэгдсээр. Шүүгчдийн цалин нэмээд авлигал нь дийлдэхээ больсон. Яг түүн шиг төрийн хамгийн өндөр цалинтай Төрийн банкны захирлуудын нэг компаниас авах авлигын хэмжээ авсан зээлийн дүнгийн 10 хувь гэхээр... Цаана нь илрээгүй хичнээн авлигал байгаа бол?

Сэтгүүлч Б.Отгон

2020.03.23

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • zochin

      (107.77.106.90) 2020-03-24 07:04
      • 0
      • 0

      ee bagshaa Ene ih mungiig yumnd zartsuuldag bol tellor enter dooguur humuusiinh ni tsalin bas ih uu

      Хариулах

    • Zochin

      (64.119.21.221) 2020-03-23 10:39
      • 0
      • 0

      Zeel gargadag buh banknii bichegdeegui huuli sh dee 5-10%

      Хариулах