
Та эсвэл таны дотны хэн нэгэн хүчирхийлэлтэй харилцаатай байдаг уу?
Хүмүүс гэр бүлийн хүчирхийллийн талаар бодохдоо ихэнхдээ бие мах бодийн хүчирхийлэлд анхаарлаа төвлөрүүлдэг. Гэхдээ гэр бүлийн хүчирхийлэлд гэрлэгчдийн болон дотно харилцаатай хүмүүсийн нэг нь нөгөөгөө захирч, хянах гэсэн оролдлого ч хамаарна.
Гэр бүлийн хүчирхийллийг нэг нь нөгөөдөө бүрэн хяналт тавьж, өөрийн хүслээр байлгах зорилгоор үйлддэг. Хүчирхийлэгч хэзээ ч "шударга" байдаггүй. Хүчирхийлэгч нь таныг айдас, гэм буруутай байдал, сул дорой ичгүүртэй байдал, сүрдүүлэгт автуулан өөрийн гарын аясаар байлгадаг.
Хүчирхийлэл нь бэлгийн чиг хандлага, нас, үндэс угсаа, санхүүгийн түвшин гээд ямар ч харилцааны хүрээнд тохиолдож болдог. Энд ямар нэгэн ялгаварлал байхгүй.
Эмэгтэйчүүд ихэвчлэн хүчирхийллийн хохирогч болдог ч эрчүүд мөн хүчирхийлэлд өртдөг, ялангуяа хэл ам, сэтгэл санааны хүчирхийлэлд илүү өртдөг.
Хамгийн гол нь эрэгтэй, эмэгтэй, өсвөр насныхан эсвэл хөгшин настай хүмүүсээс үл хамааран хүчирхийлэлтэй байдлыг хэзээ ч хүлээн зөвшөөрөх ёсгүй юм. Та өөрийгөө үнэ цэнэтэй, хүндэтгэлтэй, аюулгүй мэдрэх ёстой.
Гэр бүлийн хүчирхийлэл нь заналхийлэл, хэл амаар доромжлохоос эхлэн хүнд хэлбэр лүү шилжиж эхэлдэг. Бие махбодийн хүчирхийлэл нь хамгийн ил тод хохирлыг илэрхийлж байдаг ч энэ нь сэтгэл санааны болон сэтгэцийн хувьд мөн хүнд үр дагавартай байдаг.
Сэтгэл санааны хүчирхийлэлтэй харилцаа нь таны өөрийн үнэлэмжийг үгүй хийж, сэтгэл санааны хямрал, депрессд хүргэж, сул дорой, ганцаардмал мэдрэмжийг төрүүлэх болно. Ийм зовлонг хэн ч тэвчих ёсгүй —үүнээс чөлөөлөгдөх эхний алхам бол таны харилцаа хүчирхийлэлтэй байгааг хүлээн зөвшөөрөх явдал юм.
Хүчирхийлэлтэй харилцааны шинж тэмдэг
Хүчирхийлэлтэй харилцааны олон шинж тэмдэг байдаг бөгөөд хамтрагчаасаа айх нь хамгийн тод шинж тэмдэг юм. Хэрэв та хамтрагчтайгаа маш болгоомжтой харьцах ёстой юм шиг санагдвал – таны хэлсэн үг, хийсэн үйлдлийг байнга ажиглаж байвал таны харилцаа эрүүл бус, хүчирхийллийн харилцаатай байх магадлалтай.
Бусад шинж тэмдгүүд нь: Хамтрагч тань таныг дорд үздэг эсвэл хянахыг хичээдэг, та өөрийгөө үзэн ядаж, арчаагүй, сул дорой мэт мэдэрдэг гэх мэт.
Таны харилцаа хүчирхийлэлтэй эсэхийг тодорхойлохын тулд доорх асуултуудад хариулна уу.
"Тийм" гэж хариулах тусам та хүчирхийлэлтэй харилцаатай байх магадлалтай.
Та хүчирхийлэлтэй харилцаатай байна уу?
Таны дотоод бодол, мэдрэмж
Та:
- Хамтрагчаасаа ихэнхдээ айдаг юм шиг санагддаг уу?
- Хамтрагчаа уурлуулахаас айж зарим сэдвээс зайлсхийдэг үү?
- Хамтрагчийнхаа төлөө зөв зүйл хийж чадахгүй гэж бодож байна уу?
- Таныг гомдоох, хүчирхийлэх нь байж болох зүйл гэж итгэдэг үү?
- Та өөрийгөө галзуурсан гэж хааяа боддог уу?
- Хоосон, сул дорой мэдрэгддэг үү?
Таны хамтрагчийн зан байдал
Таны хамтрагч:
- Таныг доромжилдог уу, хашгирдаг уу?
- Таныг шүүмжилж, доош нь хийдэг үү?
- Таньд зүй бус ханддагаас болж та найзуудтайгаа эсвэл гэр бүлийнхэнтэйгээ уулзахаас санаа зовдог уу?
- Таны үзэл бодол, ололт амжилтыг үл тоомсорлдог уу?
- Өөрийнхөө зүй бус авирын бурууг таньд тохдог уу?
- Таныг хүн гэхээсээ илүү өмч эсвэл сексийн объект гэж харах уу?
Таны хамтрагчийн аюултай зан үйл, заналхийлэл
Таны хамтрагч:
- Тааварлашгүй бас түргэн ууртай юу?
- Таныг гомдооно эсхүл ална гэж заналхийлж байсан уу?
- Хүүхдүүдээ аваад явна, эсхүл тэднийг гэмтээн гэж заналхийлж байсан уу?
- Таныг явах юм бол амиа хорлоно гэж сүрдүүлж байсан уу?
- Таныг бэлгийн харьцаанд орохыг албадах уу?
- Таны эд зүйлсийг эвддэг үү?
Таны хамтрагчийн хянах зан байдал
Таны хамтрагч:
- Хэт хардах, эсхүл өмчирхдөг үү?
- Таны хаана, юу хийж байгааг байнга хянадаг уу?
- Таныг найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ уулзахад дургүйцдэг үү?
- Таны мөнгөний хэрэглээг хязгаарладаг уу? интернэт, утас, автомашин гэх мэт
- Байнга юу хийж байгааг шалгаж байдаг уу?
Дээрх асуултуудад илүү олон тийм гэж хариулах тусам таны харилцаа эрүүл бус байх магадлалтай тул та өөрийнхөө харилцааг нухацтай бодож үзэх шаардлагатай болжээ гэсэн үг. Та энэ харилцаагаа эрүүл бус, хүчирхийлэлтэй гэдгийг хүлээн зөвшөөрч байж сэтгэл санаагаа бэлтгэн дараагийн алхамуудаа хийх ёстой гэдгийг санах хэрэгтэй.
Г.Эрдэнэ
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
зочин
(203.194.116.111) 2014-03-31 15:57энэ ч нэг их алдаасаад байх юм алга даа, андуураад л дарагдчихсан юм байна
Хариулах