Хүний багана нурууны физиологийн мурийлтууд хэдийд үүсдэг вэ?

Twitter Print
2022 оны 02-р сар 14-нд 16:14 цагт
Мэдээний зураг,

Хүний багана нурууны физиологийн мурийлтууд хэдийд үүсдэг вэ ?

Хүүхэд анх төрөхдөө багана нуруу нь нэг л гүдгэртэй буюу ганцхан төрөлхийн кифозтой төрдөг. Тэгээд бие нь өсөж, булчингийн систем нь улам хөгжихийн хэрээр бусад физиологийн хэвийн мурийлтууд бий болдог. Тухайлбал :

Хүүхэд төрсний дараа 2-3 сартайдаа толгойгоо өргөж чаддаг болж эхлэх үед хүзүүний хотгор буюу хүзүүний лордоз үүсэж эхэлнэ.

Хүүхэд 5-7 сартайдаа сууж эхлэх үед сээрний гүдгэр буюу сээрний кифоз үүсэж эхэлдэг.

Харин 8-9 сартайдаа зогсож эхлэх үед бүсэлхийн хотгор буюу бүсэлхийн лордоз үүсэж эхлээд бие даан тогтвортой зогсож чаддаг, бие даан алхдаг болсон үед нэлээн хэлбэржин тогтдог.

Эдгээр физиологийн хэвийн мурийлтууд хүний амьдралын эхний жилд тийм ч хурдан бүрэн бий болчихдоггүй. Хүүхдийн амьдралын эхний 6-7 жилд физиологийн мурийлтууд үүсэх явц үргэлжилсээр байх бөгөөд 6-7 настайд сая гүйцэд бий болж тод ялгарч харагддаг. Энэ үед хүүхдийн багана нуруу хэвийн эсвэл эмгэг хэлбэртэй байгааг тодорхойлох бүрэн боломжтой болдог. Ер нь хүүхдийн багана нуруу хэлбэржин тогтоход нөлөөлдөг өсөлтийн хэд хэдэн чухал үе байдаг.

Тухайлбал:

7-11 насанд хүүхдийн бие өндрөөрөө удаан өсдөг ч тулгуур хөдөлгөөний эрхтний аппарат улам хөгжиж илүү бэхжин, булчингууд балчир үетэйгээ харьцуулахад илүү хүчтэй болон өөрчлөгдөн хувирч байдаг. Бас хүүхдийн нугалам хоорондын жийргэвч насанд хүрсэн хүнийхтэй харьцуулахад ус ихээр агуулдаг учир уян хатан чанартай, төрөл бүрийн байрлалаар далайцтай хөдлөх боломжтой байдаг. Хүүхэд энэ насандаа харьцангуй хөдөлгөөнтэй байдаг онцлогтой учир удаан хөдөлгөөнгүй суухад ядардаг. Иймд буруу байрлалд удаан сууж, хичээл хийх үед багана нуруунд мурийлт болон бусад эмгэг өөрчлөлт үүсэх магадлал ихтэй. Хүүхэд энэ насандаа хүнд ачаалал авах үедээ гэмтэх магадлал өндөр. Гэхдээ хүүхдийн биеийн өндөр бага, яснууд нь богинохон байдаг учир багана нуруунд үүссэн мурийлт эцэг эхэд нь тэр бүр анзаарагдахгүй өнгөрдөг талтай

12-15 насанд хүүхдийн ясны бүтцийн онцлогоос шалтгаалан биеийн өндөр хурдан нэмэгдэж, өсөж өндөр болж эхэлдэг. Багана нуруу уян хатан хэвээрээ байх боловч булчингийн хөгжил бага зэрэг удааширч эхэлдэг. Тиймээс нурууны булчингуудын барьж тогтоох чадвар харьцангуй сул байх бөгөөд харин нугалмууд хөдөлгөөнтэй хэвээр байдгаас багана нуруунд янз бүрийн өөрчлөлт үүсгэж болзошгүй хэвийн бус, тааламжгүй нөхцөлд удаан суух, хэвтэх зэргээр биеэ буруу байрлуулж хэвших юм бол нугалмуудад эргэлт, мурийлт зэрэг гажилт үүсэх боломжтой, бас арай бага насанд нь үүссэн эмгэг өөрчлөлт улам ихсэх хандлагатай байдаг. Энэ үед бас яс уян хатан чанартай хэвээр байдгаас хүүхдэд, ялангуяа өсвөр насны охидод бөгтөр үүсэх боломжтой байдаг. Бас яснууд нь бага насны үетэйгээ харьцуулахад илүү урт болдог учир 12 орчим наснаас нь өмнө багана нуруунд үүссэн мурийлт, бөгтөр, эргэлт зэрэг хэвийн бус өөрчлөлтүүдийг эцэг эх нь сая анзаарч эхэлдэг талтай.

16-18 насанд яс уртаашаа биш харин өргөөшөө ургаж бэхэждэг. Нугалмууд илүү тогтвортой байдалд шилжин, булчингийн масс ихтэй болж, булчингийн хүч чадал сайжирна. Тиймээс бага насны үеэ бодоход багана нурууны уян хатан байдал багасаж, өмнөх үе шигээ хэт далайцтай уян хөдөлгөөн хийх боломж нь багасаж, багана нуруу нэлэнхийдээ тогтвортой болж эхэлдэг. Харин энэ үед сайн анзаарч харах юм бол нурууны хэвийн бус өөрчлөлтүүд илүү тод ажиглагдана. Харин 18 наснаас хойш ихэнх хүүхдийн бие насанд хүрсэн хүний биетэй адил бүтэцтэй болж бүрэн хөгждөг.

Тэгэхээр та энэ постыг бүрэн уншсан бол хүүхдийн тань сууж хэвтэж зогсож байгаа хэвшсэн дадал хүүхдийн тань нурууны эрүүл мэндэд ямар чухал үүрэгтэй гэдгийг ойлгосон байх гэж найдаж байна.

Бэханзэ эмнэлэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.