
Дэлхий даяар өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнэ 1970-аад оноос хойш хамгийн өндөр үзүүлэлтээр өсөөд байна. Улс орнуудын эрх баригчид өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнүүдийн үнэ огцом өссөн явдалд санаа зовж, нөхцөл байдлыг тогтворжуулах арга зам хайж байна.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас (FAO) мэдээлж байгаагаар өнгөрсөн 8-р сард л гэхэд хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 33 хувиар өсч, рекорд тогтоожээ.
Өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх болсон гол шалтгаан нь эрдэнэшиш, элсэн чихэр, кофе, шар буурцаг, дал модны тос, ургамлын тос, үр тариа, мах зэрэг хүнсний үндсэн бүтээгдэхүүнүүдийн үнэ нэмэгдсэнтэй холбоотой аж.
Түүнээс гадна дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор улс орнууд ган гачигт өртсөн зэрэг нь нөлөөлжээ. Жишээ нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний дэлхийн хамгийн том экспортлогч орнуудын нэг болох Бразилд ургац хураалт муу байсан, ОХУ ган гачигт өртсөн, АНУ-д үйлдвэрлэл багассан, БНХАУ бараа бүтээгдэхүүнүүд ихээр нөөцөлсөн зэрэг дээр бордоо, эрчим хүч, ачаа тээврийн үнэ нэмэгдсэн зэрэг нь дэлхий даяар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөд нөлөөлжээ.
Коронавирусын цар тахлын дараа улс орнуудын эдийн засаг хурдацтай сэргэж эхэлсэн нь ачаа тээвэр болон бордооны үнэ өсөхөд нөлөөлж, улс орнууд ажиллах хүчний хомстолд орсон билээ.
Олон тооны улс орнууд алт болон гадаад валютын нөөцөө дуусч, импортын зарим бараа бүтээгдээхүүнээ худалдан авахаа зогсоогоод байна.
Европын холбооны зарим орнууд, Турк, Энэтхэгт төрөөс иргэддээ хүнсний бараа бүтээгдэхүүн тарааж, борлуулагч нарыг үнээ нэмэхгүй байхыг уриалж, худалдааны зарим хууль журмуудаа өөрчилж, хэрэглэгчдэд ирэх дарамтыг бууруулахаар ажиллаж байна.
Хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн явдал хөгжиж буй орнуудад хамгийн ихээр нөлөөлж байна. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар эрх баригчид өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүдийн зөвхөн хэсэгхэн хугацаанд л барих боломжтой аж.
Үнийн өсөлттэй холбоотойгоор иргэдийн бухимдал нэмэгдсээр байна. Ази, Ойрх Дорнод, Африкийн орнууд болон Кубд үнийн өсөлт, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний хомстлыг эсэргүүцсэн олон тооны жагсаал цуглаан зохион байгуулагдсан юм.
Эх сурвалж:lenta.ru
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.