Амны эвгүй үнэрээс хэрхэн ангижрах вэ?

Twitter Print
2021 оны 10-р сар 07-нд 13:01 цагт
Мэдээний зураг,

Амны хөндийн ариун цэврийн шаардлагыг хангаагүйгээс, эсвэл бие организмд ямар нэг өвчин эмгэг байгаагаас шалтгаалан амнаас эвгүй үнэр гардаг. Мэргэжлийн хэлээр үүнийг галитоз гэдэг. Өглөөгүүр аманд муухай амт амтагдаж гашуу оргих нь 100% физиологийн асуудал тул шүдээ угаасны дараа хялбархан алга болно. Сонгино, сармис, байцаа зэрэг хүнсний зүйлсээс болж амнаас эвгүй үнэр ханхлах тохиолдол байдаг. Мөн тамхи татдаг хүний амнаас гарах үнэр. Эдгээр нь бүгд хялбар арилгаж болох физиологийн галитоз юм.

Амнаас эвгүй үнэр гарахын шалтгаан

Гэвч манай гарагийн хүн амын дөрөвний нэг хувь нь эмгэг галитозтой байдаг. Эмгэг галитоз нь амны хөндийн ариун цэврийг сайн сахиагүйгээс шүдэн завсар үлдсэн хоолны үлдэгдэл ялзарч бактери хуримтлагдах, шүдний өвчин, буйлны үрэвсэл, таараагүй хиймэл шүд, гүйлсэн булчирхайн үрэвсэл, хамрын дайвар хөндийн үрэвсэл, чих, хамар, хоолойн өвчнүүд, хоол боловсруулах замын өвчлөлийн үед бий болдог. Мөн дараах хэд хэдэн шалтгаан ч галитоз үүсэхэд нөлөөлдөг байна.

Хоол хүнсийг хэт их хэмжээгээр, хэтрүүлэн идэхэд.

Олон цагаар тасралтгүй ярихад. Энэ нь амны хөндийг чийгшүүлэх үүрэгтэй шүлс багассанаас амны салст бүрхэвч хуурайшсанаас болдог. Шүлсэнд бактерийн эсийг устгагч лизоцим хэмээх фермент агуулагдаж байдаг. Түүнчлэн шүлс бактериар ялгарсан хор, хоолны үлдэгдлийг уусгаж байдаг. Иймээс шүлс багасах нь амнаас эвгүй үнэр үнэртэх гол шалтгаануудын нэг юм.

Амны хөндийн бус өвчин, тухайлбал уушги, дотоод шүүрлийн тогтолцооны эмгэгээс шалтгаалан галитоз үүсэж болно.

Зарим төрлийн эм бэлдмэл ууж хэрэглэх, хоолны дэглэм барих, өлсөх үед амнаас эвгүй үнэр гардаг.

Амны эвгүй үнэрээс хэрхэн ангижрах вэ?

Хэрвээ галитоз нь ямар нэгэн өвчин эмгэгтэй холбоогүй бол дараах энгийн аргаар арилгаж болно. Хэрвээ доорх аргуудыг тогтмол дадал болгосонд амнаас гарах эвгүй үнэр арилахгүй бол эмчид заавал хандаарай.

Хамгийн энгийн бөгөөд хурдан хугацаанд танд туслах зүйлс бол амьсгал цэвэршүүлэгч шүршлэг, бохь, гаа байх болно. Мөн алим, лууван идэх, кофе зажлах зэрэг нь тус болдог. Яншуй, сельдерей зажлахад сонгино, сармисны таагүй үнэр алга болдог.

Өдөрт дор хаяж 2 удаа шүдээ угааж байгаарай. Шүдний ОО-гоо сонгохдоо хлорт нэгдэл агуулсан, бактерийн эсрэг эсэхийг нь нягтлаарай. Спирт агуулсан OO-г хэрхэвч хэрэглэж болохгүй учир нь амны салстыг хуурайшуулдаг.

Шүдний утас, хэлний өнгөр цэвэрлэгч, ам зайлагч шингэнийг тогтмол хэрэглэж заншаарай.

Юм идсэний дараа заавал амаа усаар тогтмол зайлж байгаарай.

Их ярьдаг ажилтай бол хажуудаа аягатай ус тавиад ойр ойр балгаж байгаарай.

Эх сурвалж: Амьдралын 1/4

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.