Ерөнхий сайд асан Санжийн Баяр: Өчигдөр, маргааш хоёр халз тулж байна

Twitter Print
2022 оны 05-р сар 14-нд 13:03 цагт
Мэдээний зураг,

Ерөнхий сайд асан Санжийн Баяртай ярилцлаа.

-ОХУ, Украины дайны сэдвээр тантай ярилцъя гэсэн юм. Твиттерт данстай хүний тань хувьд би нэг зүйл ажигласан. Та уг нь дотоод гадаад бодлого, амьдралд тань тохиолдсон учрал, явдал гэх мэт сонирхолтой олон сэдвээр жиргэдэг. Гэтэл сүүлийн үед ОХУ, Украины дайны сэдвээр л дагнаад байх шиг. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

-ОХУ, Украины дайн одоо бусад бүх сэдвээс чухал болсон. Дэлхийн дэг журам, энэ бүс нутгийн болон Монгол Улсын өнөө, маргаашийг тодорхойлох гол сэдэв болон босч ирсэн. Өрнөсөн өдрөөсөө л энэ дайн дэлхийн анхаарлын төвд орсон. Дайн болж буй Европ тив үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж байна. Түрэмгий энэ дайныг манай хойд хөрш ОХУ өдөөсөн. ОХУ-тай хил залгаа том жижиг бүх улс орнууд айдас түгшүүрт автаж, дайны өрнөлийг нүд тавин ажиглаж, аюулгүй байдлаа хангах аргаа дор дороо сүвэгчилж байна. Байдал ийм болсон учраас би Монгол Улсын иргэнийхээ хувьд байр сууриа илэрхийлэх эрхээ эдэлж байгаа. Нэгэн цагт Монголын төрийн өндөр албанд зүтгэж явсныхаа хувьд ингэж илэрхийлэх үүрэгтэй гэж бас үзэж байгаа.

-ОХУ түрэмгий дайн өдөөсөн гэж тая сая хэллээ. Зөвхөн нэг талаас нь хараад ингэж дүгнэж болох уу. ОХУ-ын аюулгүй байдалд НАТО-гийн зүгээс ноцтой аюул учирсан, дээр нь орос гаралтай Украины иргэдийг хавчин гадуурхаж, аймаглан устгаж байна. Тийм учраас аргагүйн эрхэнд “цэргийн тусгай ажиллагаа” эхлүүлсэн гэж ОХУ-ын удирдлага удаа дараа мэдэгдэж байгаа биз дээ.

-ОХУ аюулгүй байдлын асуудалдаа анхаарах, түүнийгээ хангах эрхтэй юү гэвэл эрхтэй. Гэхдээ олон улсын эрх зүйн хүрээнд л хангах эрхтэй. Аюулгүй байдлаа хангаж байна гээд бусад улс руу цэргийн хүчээр орж, газар нутгийг нь булаан эзлэх тийм эрх хэнд ч байхгүй.ОХУ-ын удирдлагын санааг зовоож байгаа ямар асуудал байгаа юм.“НАТО биднийг бүслэх нь байна. Украин улс гар хөл нь боллоо. ОХУ-ын аюулгүй байдлын асуудал ноцтой хэмжээнд хүрлээ” гэж тэд ярьж байгаа. Гэтэл тэд яагаад ийм байдалд оров. Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ. ОХУ-тай хил залгаа, Европ тивийн зарим улс орнууд аюулгүй байдлаа хангах, ялангуяа ОХУ-ын болзошгүй түрэмгийллээс өөрийгөө хамгаалах үүднээс НАТО-д ум хумгүй орцгоосон. Дараагийн хэд нь НАТО-д орохоор дараалал үүсгээд байж байна. Тэд тийм эрхтэй юү. Эрхтэй. Гэхдээ мөн л олон улсын эрх зүйн хүрээнд л хангах эрхтэй. Аюулгүй байдлаа дангаар болон хамтын аргаар хамгаалах эрх тэдэнд бий.ОХУ түрэмгий дайн өдөөсөн гэж зөвхөн нэг талаас нь дүгнэж болох уу гэж чи надаас асуулаа. Зөв. Зөвхөн нэг талаас нь дүгнэж болохгүй. Гэтэл аль ч талаас нь харлаа,Украинд яг одоо юу болж байна. Хэн энэ улс руу довтолж, хэний газар нутагт дайн болж, олон зуун, мянган энгийн номхон ард иргэд, цэргийн албан хаагчид амь нас, эрүүл мэнд, эд хогшлоороо хохирч байгаа юм. Аль улсын хот суурин бөмбөгдөлтөд өртөн, хөрс газартай тэгшлэгдэж байгаа билээ. Үүний хариулт дэндүү тодорхой. Тодорхой ийм асуудал дээр манжлах хэрэггүй. Харыг хар, цагааныг цагаан гэж хэлэх ёстой.

-ОХУ НАТО-д бүслэгдээд аргагүй байдалд орж байгаа юм биш үү?

-Бүслэгдэнэ гэдэг бүс, тойрог гүйцэхийг хэлнэ. Тэрэндээ арай тулаагүй байна. Гэхдээ байдал ийм түгшүүртэй, аюултай байвал ОХУ удахгүй баруун болон баруун урд талаасаа НАТО-гоор бүрэн хүрээлэгдэхийг үгүйсгэх аргагүй. Дэлхийн хандлага, уур амьсгал тэр зүг рүү яваад байна. Эсрэг энэ хандлагыг ОХУ өөрөө бий болгосон. Аль нэгэн улс орон ОХУ руу дайрч довтлоогүй. Тийм явдал Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш гараагүй. Гэтэл ОХУ өөрөө түрэмгий бодлого баримталдаг, элдэв шалтаг тоочин хөрш зэргэлдээ орнуудаа дээрэлхэн гадуурхдаг явдал гаргасаар ирлээ. Үүний жишээ хайж хол явах хэрэггүй.

Молдав, Гүрж, Украин зэрэг ОХУ-тай хиллэдэг хэдэн улс түрэмгий бодлогод нь өртөж газар нутгийнхаа үлэмж хэсгийг алдчихаад байгаа. ОХУ бол хүчирхэг том гүрэн. Түүний арми, зэвсэгт хүчин нь дэлхийд дээгүүр жагсана гэж оросууд өөрсдөө ярьдаг, бусад улс ч үүнийг нь хүлээн зөвшөөрдөг. ОХУ-тай хиллэдэг дунд, жижиг улсууд эрх чөлөө, газар нутгаа хамгаалан ийм гүрэнтэй дангаар тулаад нэмэр бага. Тийм учраас хөрш орнууд нь аюулгүй байдлаа хангах арга хайхдаа НАТО-г бараадах болсон.Ингэх болсноор хүйтэн дайны дараа ач холбогдол нь алдагдаж эхэлсэн НАТОдахин сэргээх гол шалтаг, шалтгаан гарч ирэв.Цэрэг, улс төрийн энэ бүтцийг дахин босгож ирэх, дэлхийн геополитикийн том фактор дахин болгох хүсэлтэй барууны улс гүрэн, цэрэг-аж үйлдвэрийн том том бүлэглэлүүд ийм сайхан шалтаг, шалтгаантай болсондоо бөөн баяртай байгаа биз.

-НАТО-гийн аюул ярихаас гадна, орос гаралтай Украины иргэдийг аймаглан устгаж байгаа учраас “цэргийн тусгай ажиллагаа” эхлүүлсэн гэж ОХУ-ын ерөнхийлөгч Путин хэлсэн...

-Орос, Украин хоёр хоёулаа хаант Орос улс, дараа нь ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж олон зуун жил хамт оршин тогтносон улсууд. Ард түмэн, хүн ам нь хоорондоо үлэмж холилдсон, нэг нэгнийхээ газар нутагт олноороо суурьшиж ирсэн түүхтэй. Өнөөгийн ОХУ-ын хүн амын 30 орчим хувь украин гаралтай, Украины хүн амын 40 хувь орос гаралтай гэдэг. Энэ хоёр ард түмний угсаа нэг.Төрсөн ах дүү биш юм аа гэхэд ойрын хамаатан садангууд. Хөрш зэргэлдээ айл бүү хэл, ах дүү, хамаатан садан хүмүүсийн хооронд юу эс болж, хэрүүл маргаан яаж дэгддэг билээ. Гэвч хичнээн маргаж муудсан ч, түүнийгээ цэрэг, зэвсгийн хүчээр шийддэг байх ёсгүй. Үүнийг хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй. Чиний асуусан “аймаглан устгана” гэдгийн олон улсын эрх зүйн томьёо нь бол геноцид. Энэ бол онц ноцтой гэмт хэрэг. Украиныг тийм гэмт хэрэг хийсэн гэж ОХУ ярьдаг болж. Гэхдээ пиарын элдэв зураглалаас өөр баримт нотолгоо үгүй бололтой. Байсан бол тэрнийгээ НҮБ-д гаргаж үзүүлэхэд л хангалттай. Тийм байсан бол одоо ОХУ биш, Украин улс элдэв хоригт өртөн хамаг байдгаараа адлуулж байх байлаа. Тэгэхлээр геноцид хийсэн гэдэг нь худлаа. Түрэмгийллээ зөвтгөх гэсэн ядруу оролдлого төдий. Харин юу үнэн гэхээр, ОХУ эхлээд Украины Крымийн хойгийг өөртөө нэгтгэсэн. Дараа нь Донецк, Луганскийн Бүгд найрамдах улс гэж өөрсдийгөө тунхагласан Украины хоёр мужийн салан тусгаарлагчдыг өөгшүүлэн тэтгэсэн. Хэзээ ч зогсдоггүй “партизаны” маягийн дайн тэнд эхлүүлсэн. Ингэсээр байгаад энэ бүс нутгийг Украин улсаас де-факто салгаж авсан. Одоо үнийгээ де-юрэ болгох гэсэндээ “цэргийн тусгай ажиллагаа” явуулж байгаа нь энэ.

-Та Украины талын байр суурийг л баримтлаад байх шиг. Аль нэг талын байр суурийг баримтлах нь бидэнд тустай юу?

-Аль нэг талд, тэгэх тусмаа биднээс хол Украины талд би гараад яах юм. Аль нэг талд биш, олон улсын эрх зүйн талд байх ёстой. Тэгвэл алдахгүй. Чухамдаа ингэснээр л Монголынхоо талд бат тулгууртай зогсож чадна. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлын баталгаа бол аль нэг талын “хайр, халамж” биш. Бидний баталгаа бол олон улсын шударга дэг журам, эрх зүйн тогтолцоо юм. Аль нэг тал гэж яривал, бид Орос, Украин аль алиныг нь бас ч гэж сайн мэднэ, аль алинтай нь ойр дотно, найрсаг харилцаатай явж ирсэн түүхтэй. Тийм ч учраас энэ дайн нь монголчууд бидэнд ч гэлээ эмзэг хүнд тусч байна. Энэ дайны үйл явц, болзошгүй муу үр дүн нь сэтгэл үнэхээр зовоож байна.

-Гэхдээ л өөр чухал сэдэв үгүй юм шиг, тэнд болж байгаа дайнд энд байгаа бид хэт хөөрч, хэт анхаарах хэрэгтэй юү. Тэрүүгээр яваа гайг энүүгээр дуудна гэдэг шиг…

-Харамсалтай нь, гай тэрүүгээр биш, энүүгээр яваад эхэлсэн л дээ. Энэ дайныг тойрсон талцал биднийг ч бас хамрах гээд байна. Бидэнд хатуу, зөөлөн элдэв шахалт дарамт эхнээсээ үзүүлээд эхэлсэн. “Монгол Улс газар нутагтаа биологийн зэвсгийн үйлдвэр Украинаас шилжүүлэн байрлуулах гэж байна” гэсэн ОХУ-ын хардлага сэрдлэгт бид өртөж эхлэв. Үүнийгээ албан ёсны шат дамжлага ахиулан хэд ч давтав даа. Тйим юм байхгүй гэж манай Гадаад яам мэдэгдээд байхад л нөгөөхөө давтаад байх. Энэ юу гэсэн үг вэ. “Украин геноцид хийсэн” гэдэг шигээ элдэв шалтаг, зөвтгөл хайгаад байна уу. Энэ юуны цондон вэ гэсэн айдас хүрэх шиг. Нөгөө талаас биднийг талдаа татах гэсэн, ОХУ-ын эсрэг авч байгаа арга хэмжээндээ нэгтгэн оруулах гэсэн барууны том гүрнүүдийн оролдлого ч бас илрээд эхэлсэн. Бид аль нэг талыг сохроор дагах ёсгүй. Бид эрх чөлөө, тусгаар тогтнол, бие даасан байдлын маань гол баталгаа болсон дэлхийн шударга дэг журам, олон улсын эрх зүйн талд л тууштай байх ёстой. Ижил ийм байр суурьтай улс гүрнүүдтэй бол бид дуу хоолой, хүчин чармайлтаа нэгтгэх ёстой. Тэрнээс дайнаас үүдсэн талцалд татагдан орох нь бидний хувьд хамгийн том гай болно. Чи сая “дайнд хөөрөөд” гэсэн үг хаяж байна. Дайнд хөөрөх нь муу эрийн шинж. Гэхдээ хөлдүүс болсон мэт дайныг огт тоохгүй байж бас болохгүй. Тэр дайн, тэр гай зовлон чам дээр ирвэл яана. Үхтлээ зодуулж, юм хумаа булаалгаж буй өрөөлийн оронд өөрийгөө тавиад үз дээ. ОХУ-ын түрэмгийлэлд өртсөн Молдав, Гүрж, Украины оронд Монгол Улсаа төсөөлөөд үз дээ. Гэтэл маниусаа бодвол эдгээр улс нь Орос улстай, оросын ард түмэнтэй олон зуун жил хамт нэг том айл болсоор ирсэн, сайн муугаа хамт туулсан улс түмнүүд шүү дээ. Биднийг бодвол хамаагүй ойр дотно. Гэтэл тэд өдгөө юу үзэж, юу амсаж байна даа. Том нь жижгээ дээрэлхэж дарамталдаг, түрэмгийлдэг империалист хандлагыг үзэж, амсаж байна. Үгүй гэж үү?

-Орос, Украины дайн эхэлсэн мэдээг та яаж хүлээж авсан бэ?

-Дайн сая эхэлсэн юм биш. “Партизаны” маягийн явган мөлхөө дайн бол Украины зүүн хэсэгт, Крым хойгийг ОХУ-д нэгтгэсний дараахан эхэлсэн гэдгийг би түрүүн хэлсэн. Гэтэл ОХУ одоо бүрэн хэмжээний дайнд бэлдээд эхэллээ гэж өнгөрсөн оны сүүлээс л гадаадын хэвлэл мэдээлэл шуугьж эхэлсэн. Украины хил дээр 180 мянган цэргээ байрлуулав. Номхон далайгаас хүртэл байлдааны усан онгоцоо Хар далай руу татлаа. Тун удахгүй их хүчээр Украин руу дайран орно, нутгийг нь бүхэлд нь эзлэх нь гээд байсан. Шинэ оны эхэнд “Нью-Йорк Таймс” сонин “ОХУ удахгүй Украин руу дайрна” гэх утгатай нийтлэл гарсан. Бүр хаанаас, ямар ямар чиглэлээр, яаж дайрч болзошгүйг харуулсан газрын зураг хүртэл хавсаргасан байсан. Би бол үүнд итгээгүй. Орос, Украин хоёрын дунд нь яс хаяж байна, үймүүлж байна гэж бодсон.Бүрэн хэмжээний дайн хийх нь арай ч юу бол гэж бодож байтал ийм дайнаа гэнэт эхлүүлсэн. ОХУ-ын зэвсэгт хүчин Украин руу дөрвөн талаас нь дайрч орсон. Нийслэл Киев хот болон Харьков, Чернигов, Мариуполь зэрэг том хотуудыг үүрээр бөмбөгдөөд эхэлсэн. Үүнийг сонсоод би цочирдсон. Киев хотыг 1941 оны зургадугаар сарын 22-нд үүрээр бөмбөгдөж байсан тухай үзсэн кино шиг санагдаж байсан. Бод доо. “Оросууд Киевийг бөмбөгдөв”... Юу гэсэн үг вэ. Киев бол Оросын эртний нийслэл нь. “Монголчууд Хархориноо бөмбөгдөв” гэж солиорохтой агаар нэг. Эрүүл ухаанд багтамгүй, хар дарсан зүүд шиг.

-Энэ хоёр улс чухам юунаас болж муудсан юм бол. Дайн яагаад дэгдсэн юм бэ, цаад учир шалтгаан нь юу байв аа. Яг хэнээс нь болов?

-Сайдах, муудах бол байдаг л явдал. Хүмүүс хооронд ч, улс хооронд ч гарч байдаг л зүйл. Хоёр хүн сайдах, муудахад бүх юм зуун хувь нэг талаас болно гэж үгүй. Улс гүрнүүдийн харилцаа ч мөн адил. Дээр нь харилцааны түүх гэж бас нэг ээдрээтэй юм бий. Орос, Украин гэх энэ хоёр улсын түүхийг яривал урт удаан юм болно.Товчилбол, “өндөг, шувууны аль нь анхдагч вэ” гэх маягийн агуулгатай маргаан олон зуун жил хийсээр ирсэн хоёр улс. Тийм ч учраас “цэргийн тусгай ажиллагаа” гэдгээ зарлахдаа Путин түүх яриад байсан. Түүх сөхөж болно л доо. Өөрийнхөө өнцгөөс тайлбарлаж болно. Тэгсээр ч ирсэн. Гэхдээ өнгөрсөн түүх ямар ч байлаа гэсэн өнөөгийн түрэмгийлэл хийх учир шалтгаан, зөвтгөл нь байж хэрхэвч таарахгүй. Түүх түшиглэн түрэмгийлдэг болбол энэ дэлхий эх захаа алдана. Дэлхийн дэг журам аль нэг талын түүхийн тайлбар дээр биш, бүгдээрээ хүлээн зөвшөөрсөн олон улсын эрх зүй дээр суурилах ёстой гэж би дээр хэлсэн. Одоо түүнийгээ дахин давтаж хэлмээр байна.

-Тэгэхлээр ОХУ, Украины дайн түүхэн сэдвээс үүдэлтэй болж таарч байна уу?

-Дан ганц түүхийн сэдвээс биш. Гэхдээ түүхэн сэдвээ нэг гол үндэслэл болгож байгаа юм билээ. “Украин гэх үндэстэн угаасаа байхгүй. Байх ч түүхэн үндэс үгүй. Нэгэнт ийм үндэстэн байхгүй юм бол тийм улс ч байх учиргүй” гэх ор тас үгүйсгэсэн утгатай мэдэгдэл Путин удаа дараа хийв. Урт том нийтлэл хүртэл гаргаж байсан. Тусгаар тогтносон, НҮБ-ын гишүүн орныг арай л дэндүү хэлж байгаа юм шүү. Гэхдээ тэрбээр Украин улсад “цэргийн тусгай ажиллагаа” гэдгээ эхлүүлэх болсноо түүхэн үндэслэлээс гадна гурван зорилт, учир шалтгаан бий гэж хэлж байсан. Энэ талаар сонирхсон бүх хүн уншсан, харсан биз. Мэдээжийн болсон тэр юмыг нь энд давтан ярих хэрэг байхгүй биз дээ.

-Хүмүүс тэр бүр санахгүй, эсвэл мартсан байж магадгүй. “Цэргийн тусгай ажиллагаа” гэдгийнх нь тэр гурван зорилт, учир шалтгааныг нь та дахин сануулахад илүүдэхгүй биз.

-Путины ярьснаар бол “цэргийн тусгай ажиллагааных нь” зорилт бол нэгдүгээрт, Украины “де-милитаризаци” буюу тус улсыг огт зэвсэгт хүчингүй болгох. Хоёрдугаарт, “де-нацификаци” буюу тус улсыг “нацист” гэгдэх удирдлагаас нь салгаж өгөх. Гуравдугаарт, өөрсдийгөө Донецк, Луганскийн Бүгд найрамдах улс гэж тунхагласан Украины хоёр мужийн иргэдийг аймаглан устгах аюулаас хамгаалах явдал гэж ярьсан. Ийм гурван зорилт дэвшүүлсэн. Гэхдээ эдгээрээ чухам ямар аргаар, яаж, ямар хугацаанд хэрэгжүүлэхээ тодорхой хэлээгүй. Явц дунд тавьсан эдгээр зорилтынх нь ээлж дараалал, ач холбогдол ч бас өөрчлөгдөөд байх шиг.

-Яаж өөрчлөгдөж байна гэж?

-Украинд хийх дайнаа 3-4 хоногт дуусгах бодол, төлөвлөгөө байсан бололтой. Тэр нь бүтэлгүйтэж, нөхцөл байдал өөрчлөгдөх хэрээр эдгээр зорилтын эхний хоёр нь яригдахаа бараг больж. Одоогийн байдлаар “цэргийн тусгай ажиллагаа” гэдэг нь дээр дурдсан хоёр муж, тэдгээртэй залгаа зарим нутагт л явагдах юм байна гэж ойлгогдсон. Өөрөөр хэлбэл, Украины нийт газар нутгийн хэмжээнд ажиллагаа явуулах эхний төлөвлөгөө нь бүтэлгүйтсэн учраас, Украины зүүн болон зүүн урд хэсэгт гол анхаарлаа хандуулж байгаа юм шиг.

-“Цэргийн тусгай ажиллагааг” 3-4 хоногт дуусгана гэж ОХУ мэдэгдсэн юм уу?

-Албан ёсоор тэгж мэдэгдээгүй. Гэхдээ тэр“тусгай ажиллагаа” гэдгээ хэдхэн хоногт дуусгана гэж ОХУ тооцож байсан аж. Үүнийг нотлох баримт цөөнгүй. Оросууд гол цохилтоо нийслэл Киев хот руу чиглүүлснээр дайны ажиллагаа эхэлсэн. Тэд давын өмнө Украины улс төрийн болон цэргийн удирдлагыг устгахыг оролдсон. Эхлээдхэдэн цаг зогсолтгүй бөмбөгдсөн. Дараа нь агаарын десантын хэд хэдэн анги буулгаж, төрийн байгууллагууд байрладаг хотын төв рүү довтолсон. Украины Ерөнхийлөгчийн ордон, Батлан хамгаалах яам зэрэг байгууллагын байрыг эзлэх оролдлого хийсэн. Гэвч украинчууд маш хүчтэй эсэргүүцэл үзүүлж. Зөвхөн цэргийн ангиуд биш, иргэдээс бүрдсэн “орон нутгаа хамгаалах” сайн дурын отрядууд олноор тулалдсан гэсэн. Ширүүн тулалдаан арваад хоног үргэлжилсэн. Гэлээ ч “блиц” дайн хийх оросуудын оролдлого бүтээгүй. Гэтэл гудамжны тулаанд алагдсан оросын цэрэг, офицеруудын аяны богц, ар талын албаных нь тээврийн хэрэгслээс парад ёслолын хувцас нь олдсон гэсэн.

-Дайнд орсон цэргүүд аяны богцондоо ёслолын формоо авч явсан хэрэг үү?

-Харин тийм. Сүр хүчиндээ итгэл дүүрэн, бардам байсных нь шинж. Барууны болон Украины телевизээр оросын цэргийн парад ёслолын тэр гоё хувцас, малгайг нь харуулаад байсан. Оросууд Киевийг эзэлж, засаг төрийг нь өөрчлөн, “де-нацификаци” гэдгээ гүйцээсний дараа баярын жагсаал тэндээ хийх бодолтой байж. ОХУ-ын удирдлага, Зэвсэгт хүчний Жанжин штаб нь байлдааны ажиллагааг цөөн хэдэн хоногт дуусгана гэж тооцож байсан нь үүнээс тодорхой. Дан ганц ОХУ ч биш, АНУ-ын Батлан хамгаалах яам ч тэгж үзээд, Ерөнхийлөгч Байденд “Украины зэвсэгт хүчин ОХУ-ын дайралтад 72-96 цагаас илүү тэсэхгүй” гэж илтгэсэн гэх. Энэ тухай CNN мэдээлээд байсан нь сонин санагдсан.

-Яагаад сонин гэж?

-АНУ-ын Зэвсэгт хүчний ерөнхий командлагчид Батлан хамгаалах яам нь танилцуулсан албаны илтгэлийг дэлхийгээр нэг нэвтрүүлгээ цацдаг CNN ил задгай мэдээлж байгаа нь анхаарал татсан. Энэ хорвоод нууц юм алга гэж бодогдохын зэрэгцээ зориуд нууц “алдсан” байдалтай мэдээлж байгаа ч юм шиг санагдсан. Дашрамд хэлэхэд, ОХУ-ын Зэвсэгт хүчин Украин улс руу их хүчээр довтлох гэж буй тухай АНУ-ын удирдлага Украины талд 2021 оны сүүлээс удаа дараа сануулж байсан юм билээ. Оросын агаарын десантын ангиуд Киев рүү нэвтрэн орж, Ерөнхийлөгчийн ордон руу хүчтэй довтолж эхэлсний дараахан Америкийн талаас ерөнхийлөгч Зеленскийд Украинаас яаралтай гарч дүрвэхэд нь тээврийн хэрэгслээр туслахад бэлэн гэж хэлүүлсэн байсан.

-АНУ яагаад тийм санал тавьсан юм бол?

-Украины ерөнхийлөгч Зеленский дайсанд олзлогдох, эсвэл алагдах аюул бодитой болж ирлээ гэж үзсэн учраас л тийм санал тавьсан байх. Украин улс албан ёсны дээд удирдлагагүй, зэвсэгт хүчин нь ерөнхий командлагчгүй болох аюултай нөхцөлд орохыг АНУ хүсээгүй биз. Тэр үед ерөнхийлөгч Зеленский АНУ-д ямар хариу өгснийг мэдэх үү.

-Ямар хариу өгсөн гэж?

-Хөөрхөн чимхсэн хариу өгсөн байсан. “Анхаарал тавьсанд баярлалаа. Гэхдээ эндээс зугтах такси надад хэрэггүй. Эндээ үлдээд байлдах зэвсэг хэрэгтэй” гэсэн гэдэг. Тэгээд зарчмын энэ шугамаа барин зүтгэсээр байгаад дайны галд өртсөн Киевээс улс орноо, зэвсэгт хүчнээ удирдан, орон орны парламентын хуралдаанд онлайнаар оролцон үг хэлсээр, олдсон бүх телевизэд ярилцлага өгсөөр дэлхий нийтээс бүх талын туслалцаа дэмжлэг авах нөхцөлийг тэрбээр бүрдүүлж чадав. Эхэндээ бол “энэ Украин ч дууслаа даа” гэсэн шиг олон улс гүрэн тун ч хойрго, хөшүүн байсан шүү. Одоо бол үе үе бөмбөгдөлтөд өртөж, дарийн утаа үнэртсээр байгаа Киевээс дэлхийн том том орны удирдлага салахаа болив. Улс төрийн оновчтой, шуурхай үйл ажиллагааны гайхамшгийг ерөнхийлөгч Зеленский, түүний баг харуулсаар байна. Түүний өмнөхийн өмнөх ерөнхийлөгч Янукович байдал хэцүүдмэгц эх орноосоо дүрвэн зугтсан байдаг. Ноднин Афганистаны ерөнхийлөгч ч бас ийм маягаар шившгээ тарьсан. Ерөнхийлөгч Зеленскийн идэвхтэй дайчин ийм байр суурь болон эх орныхоо төлөө боссон украинчуудын эр зориг Украин улсад, төрийн тэргүүнд нь хандах олон орны хандлагыг орвонгоор нь өөрчилж чадлаа. “Хошин шогийн жүжигчин” энэ тэр гэж мяалуулаад байсан нөхөр шүү дээ. Ард олноо араасаа дагуулж чадах лидершип буюу манайхаар бол манлайлал гэдэг нь энэ л дээ.

-Украин руу ОХУ довтлох гэж буй тухай АНУ-ын удирдлага Украины талд олон сануулж байсан гэж та түрүүнд хэллээ. Тэгэхлээр Украины тал дайнд бэлтгэлтэй байсан гэсэн үг үү?

-Мэдэхгүй. Цаагуураа бол бэлтгэлээ эрхбиш базааж байсан биз. Наанаа бол бардам туулай шиг л авирлаж байгаа харагдсан. “Амиа хорлох гээгүй л юм бол оросууд манайд бүрэн хэмжээний дайн өдөөхгүй. АНУ хий худлаа түгшүүртэй мэдээ түгээж манай иргэдийг айлгаж, хөрөнгө оруулагч нарыг үргээлээ” гэх уцаартай мэдэгдэл хийгээд байсан. АНУ-ын зүгээс “ОХУ бол арми, зэвсэгт хүчнийхээ хэмжээ, хүч чадлаараа дэлхийд дээгүүр орно. Ийм том хүчээр довтлоход Украин улс удаан сөрж чадахгүй” гэсэн санаагаа илэрхийлээд л байсан. Одоо бодох нь, тэр нь цаанаа нарийн учиртай байсан байж ч мэднэ. Үнэхээр тэгж тооцож байсан юм уу, эсвэл ингэж тооцож байгаа юм шиг царайлж байгаад оросуудын өөртөө итгэх итгэлийг нь улам дэвэргэж, хөөргөж байгаад урхинд гарцаагүй оруулахыг бодсон уу, бүү мэд. Том гүрнүүдийн бодлого явуурга тун эвгүй, тун нарийн шүү дээ.

-Гэхдээ АНУ хичнээн хөөргөлөө ч, ОХУ өөрийн хүч чадавх, Украины талын боломж бололцоог урьдчилж сайн тооцсон баймаар юм. 3-4 хоногт дуусах ёстой байсан дайн яагаад ингэж сунжраад, хэзээ дуусах нь тодорхойгүй болчихов оо. Та ОХУ-ын ерөнхийлөгч Путиныг сайн мэдэх ёстой хүний нэг. Тэр алдаа гаргав уу, яав?

-Путинтэй би хэд хэдэн удаа уулзаж, хоёр орны харилцааны талаар л гол төлөв ярилцаж байсан. Түүнийг би сайн мэднэ гэж юу байх вэ. Путин бол ОХУ гэх том гүрний төрийн жолоог хорь гаруй жил атгаж яваа хашир туршлагатай, дэлхийн хэмжээний улстөрч мөн. Асуудалд, тэгэх тусмаа дайн байлдааны асуудалд нарийн тооцоо судалгаатай хандсан болов уу гэж хэн ч бодно. Гэтэл бүх юм нь эхнээсээ нэг л биш байгаа харагдсан. Холбогдох албадууд нь түүнд бодит бус мэдээлэл өгөөд байсан уу, тэр өөрөө буруу дүгнэлт хийсэн үү, бүү мэд. Жишээ нь, эхлүүлсэн дайнаа хурдан дуусгана гэж итгэхдээ тэрбээр Украины ард иргэд “нацист” удирдлагаа үл тэвчин үзэн ядаж байгаа гэж итгэсэн байсан бололтой. Оросын цэрэг ороод ирэхэд украинчууд тэднийг цэцгийн баглаа барьсаар угтах юм гэж бодож байж. Гэтэл украинчууд цэцгийн баглаа биш, багсайсан буу зэвсэг барин өөдөөс нь босч. ОХУ-ын агаарын десант Киевт ороод ирэхийн өмнөхөн ерөнхийлөгч Зеленскийн шийдвэрээр тус хотын иргэдэд буу сум тавьж өгч. Нийтдээ 40 мянга гаруй автомат буу, сум иргэддээ задгай тараасан гэх. Армийн дөрвөн дивиз зэвсэглэхэд хангалттай эд юм шүү дээ. Хэрэв Украины ард иргэд “нацист” удирдлагаа үнэхээр үзэн ядаж, салахын түүс болсон байсан бол тэд олж авсан зэвсгээ хэн рүү чиглүүлэх нь тодорхой. Оросууд нөхцөл байдлаа нягталж судлаагүйн наад захын жишээ энэ. Ерөөс Украин руу цэргийн хүчээр орж, бүрэн хэмжээний дайн хийх шийдвэр гаргасан нь Путины хувьд хамгийн том алдаа нь боллоо гэж надад санагдсан. Магадгүй өөрийнхөө хувь заяаг болон Орос улсын ирээдүйг сөрөг тийш шийдвэрлэх, эргээд засах аргагүй асар том алдаа болж дээ гэж бодсон.

-Айхавтар үг байна. Өөрийнхөө хувь заяаг болон Орос улсын ирээдүйг сөрөг тийш шийдвэрлэх, эргээд засах аргагүй асар том алдаа болсон гэж та дүгнэж байгаа юм байна. Яагаад тэгж дүгнэж байна вэ?

-Ярих амархан, шийдвэр гаргах хэцүү. Төрийн шийдвэр гаргаж явсан, одоо ийм шийдвэр гаргаж яваа хүмүүс үүнийг мэднэ. Ажил хийж байхад алдаа гарна, оноо орно. Гэхдээ алдаа олон янз. Засч болдог алдаа байхад, засах аргагүй алдаа гэж бас байна. Тэр л хэцүү. Хүний амь нас хохирсон байхад л нөхцөл байдлыг засах, өөрчлөх аргагүй болдог. Би өрөөл бусдын тухай ярьж дүгнээд, ийм тийм гэхээсээ өмнө өөр дээрээ жишээ авъя. Манайд 2008 оны долдугаар сарын нэгэн гэх хар өдөр тохиосон. Би тэр үед Ерөнхий сайд байв. Олныг хамарсан үймээн самууныг зохицуулах, гэхдээ “Ямар ч байлаа галт зэвсэг л хэрэглэж болохгүй шүү” гэж хууль хүчнийхэнд байн байн анхааруулж, сэрэмжилж байсан. Гэвч таван хүний амь хохирсон. Тухайн үед би хуулийн хүрээнд шийдвэр гаргаж, өөрөөс хамаарах бүхнээ хийж байна гэж бодсон ч, хүний амь хохирохоос сэргийлж чадаагүй. Гүйцэтгэх засгийн аль нэг шатанд нь алдаа гарсан гэсэн үг. Эргээд засахын аргагүй алдаа. Тэр үед гүйцэтгэх засгийн тэргүүн нь би байсан учраас тэр алдааг надад хамаагүй гэж би үзээгүй. Одоо ч хэвээр.

-Таны хувьд бол хүнд хэцүү үе байсан байх. Сая хэлсэн таны үг содон сонсогдлоо. Бүх бурууг бусдад тохолгүй, өөрөөсөө хайсан хэвээр байгаа тань харин ч эерэг сонсогдож байна. Гэхдээ тэр үед гарч байсан шийдвэрийг ганц Ерөнхий сайд биш, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Засгийн газар хэлэлцэж байгаад гаргадаг байсан биз дээ...

-Тийм нь тийм. Харин эдгээр байгууллагуудын гаргасан шийдвэрийг биелүүлэх үүрэг бол Засгийн газрын хариуцах ажил мөн. Гэхдээ энэ сэдвийг одоо орхиё. Гэнэт санаанд бууж, хаа хөндлөнгөөс энэ сэдэв ороод ирлээ. Би бичиж байгаа номондоо долдугаар сарын 1-ний тухай илэн далангуй, факт баримттай бичсэн байгаа. Ном гарсны дараа энэ сэдвээр дэлгэрэнгүй, тэнд байгаа баримт түшин ярилцаж болох юм.

-Тэгье. Эргээд үндсэн сэдэвтээ оръё. Украин руу цэргийн хүчээр орж, бүрэн хэмжээний дайн хийх шийдвэр гаргасан нь Путины хамгийн том алдаа болсон гэж та ярьж байсан...

-Долдугаар сарын 1-ний тэр асуудал бол дотоодод үүссэн гэнэтийн үймээнийг зохицуулах явцад санаандгүй гарсан байж болзошгүй алдаа. Харин Украин руу цэргийн хүчээр орж, гадаад улс орны нутаг дэвсгэр дээр дайн эхлүүлэх нь Путины гаргасан албан ёсны шийдвэр нь. Бодож, судалж, тооцож байгаад санаатай гаргасан шийдвэр. Энэ шийдвэрээс үүдсэн үр дүн, гарз хохирол бол аймшигтай. Украинд дайн эхлээд хоёр сар хагас болоход хоёр талаас цэрэг, энгийн нийлээд дор хаяж 40 мянга гаруй хүний амь хохирсон гэж НҮБ мэдээлсэн. Хичнээн хүн эрүүл мэндээрээ хохирч, эрэмдэг зэрэмдэг болсныг одоохондоо хэлж мэдэхгүй гэсэн. Энэ их үхэл хагацал, эрэмдэг зэрэмдэг болсон бие махбод, энэ том хохирол, эдгээрт хүргэсэн алдаатай тэр шийдвэрийг одоо засах аргагүй. Дайнаа даруй зогсоож, дахин нэмж хүний амь, эрүүл мэндээр тоглохгүй байж асар их нүгэл хилэнцээ бага ч атугай нимгэлэх цорын ганц гарц л үлдсэн байх. Гэхдээ асуудал энүүгээр дуусахгүй. Яагаад алдаа гаргав гэсэн асуулт байнга дагалдан босч ирэх болно. Дайн эхлүүлэх Путины шийдвэр нь алдаа байсан бол тэр шийдвэрээ гаргахдаа түүний бодсон бодол, хийсэн тооцоо нь алдаатай байсан байж таарах гээд байна. Нэгэнт л алдааны тухай бодож эргэцүүлж байгаа бол түүнд хүргэсэн зорилт, тооцоо нь ямар байв гэдгийг заавал бодох ёстой болж байгаа юм.

-Яг ямар тооцоо нь алдаатай болсон гэж та үзэж байгаа вэ?

-Үүний бүрэн дүүрэн хариултыг Путин өөрөө одоо л мэдэж эхэлж байгаа байх. Түүний бодсон бодлыг нь өөр хэн ч мэдэхгүй, хийсэн тооцоог нь өөр хэн ч үзээгүй. Тиймээс гаргасан тэр шийдвэрийнх нь ил гарсан үр дүнгээр нь өнгөц дүгнэх гэж оролдох л боломжтой. Украинтай холбогдуулан Путин том жижиг олон зорилт дэвшүүлсэн юм билээ. Тэр зорилт нь юу байв, хүрсэн үр дүн нь юу юм гэдгийг харьцуулж үзэхэд алдаа, онооны багцаа дэнс нь харагдана. 1994 онд Украины цөмийн зэвсгийг хурааж, ОХУ-ын мэдэлд шилжүүлэх болсон. Тэр үед тус улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлын баталгаанд ОХУ, АНУ, Англи, Франц гэх том гүрнүүд бүгд гарын үсгээ зурсан. Үүнээс 20 жилийн дараа хамт гаргасан энэ баталгаагаа ОХУ улайм цайм зөрчиж Крым, Донбасс зэрэг нутгийг өөртөө нэгтэнэ гэж зүтгэсэн. Одоо бүр цаашлаад Украин гэх улс үндэстнийг юу ч биш болгон, ОХУ-ын бүрэн нөлөөнд оруулна, уусгаж нэгтгэнэ гэж Путин бодсон, зүтгэсэн юм шиг харагддаг. Гэтэл түүний энэ бодол, зүтгэлийн үр дүн одоо яг эсрэгээрээ гарч байна. Путин Украиныг хуваан задалсны эцэст захирч чадна гэж тооцсон. Гэтэл дотроо зөрчил маргаантай, баруун зүүн, урд хойд гэдгээрээ хуваагдсан байсан Украин улс ОХУ-ын түрэмгийллийг хамтран сөрснийхөө хүчинд маш эрчимтэй нэгдэн нягтарч байна. Путин Украиныг АНУ, Европын Холбоо, дэлхийн ардчилсан улс гүрнүүдийн нөлөөллөөс холдуулна гэж зүтгэсэн. Гэтэл Украин улс одоо дэлхийн анхаарлын төвд орж, олон улс гүрнүүдтэй маш ойр дотно болж, тэдний бүх талын бүрэн дэмжлэг авч байна. Украин улсыг ОХУ-д уусган нэгтгэх тухай бодоод ч хэрэггүй болсон. Украинчууд өөрсдийг нь ингэж түрэмгийлсэн оросуудыг одоо үзэхгүй. ОХУ-тай сайнаар ч, муугаар ч нэгдэх ямар ч үндэсгүй болсон байна. Энэ дайн дууссаны дараа Украин улс бие даасан, хараат бус хөгжил дэвшлийн замд эргэлт буцалтгүй оров гэх ийм төлөв харагдаж байна.

-Тийм гэж үү. Украин улс дайны хөлд нэрвэгдээд бүр баларч байгаа юм биш үү?

-Энэ дайн хэр удаан үргэлжлэх, өөр ямар сүйрэл Украинд учрахыг өнөөдөр хэлэх аргагүй. Гэхдээ дайн эхэлсэн нь үнэн бол, эрт орой дуусах нь бас үнэн. Хуучин ЗХУ гэж байхад Украин нь шинжлэх ухаан, техникийн чадавх, өндөр мэргэжилтэй боловсон хүчний нөөцөөрөө тэргүүлж байсан. Энэ улсад дутаж байсан нь эв нэгдэл, эд хөрөнгө, сайн засаглал гурав гэж украинчууд өөрсдөө ярьдаг байв. Дайн дууссаны дараа нягтарч чангарсан Украин нь Европын хамтын нийгэмлэг, европын соёл иргэншлийн салшгүй нэг хэсэг нь болохдоо болно. “Украиныг ялалтад хүргэж, хөгжил дэвшлийн замд гаргах нь бидний хамтын зорилт, нэр төрийн хэрэг мөн” гэж Европын Холбоо, АНУ, Их Британи зэрэг улс албан ёсоор сая амлав. Дэлхийн хамгийн хүчирхэг, хөгжил дэвшлээрээ тэргүүлдэг эдийн засгууд шүү дээ. Шинэ мэдээ гэхэд, АНУ-аас Украинд 33 тэрбум ам.долларын цэрэг, эдийн засаг, хүмүүнлэгийн ленд-лийз тусламж үзүүлэх хуулинд АНУ-ын ерөнхийлөгч Байден хэдхэн хоногийн өмнө гарын үсэг зурлаа.

-Та Путины хийсэн алдааны тухай ярьж байснаа Украины гэрэлт сайхан ирээдүйн тухай сэдэв рүү орчихлоо. Путин өөр ямар алдаа гаргасан гэж бодож байна?

-Мэдэхгүй. Миний яриад байгаа юм нь түүний алдаа мөн ч юм уу, биш ч юм уу, хэн мэдлээ. Өөрөө алдааны асар том уурхай болсоор ирсэн өчүүхэн би бээр өөрөө алдаж дүгнээд байгаа ч юм билүү, бас хэн мэдлээ (инээв). Хөрш айлын төрийн тэргүүн, хоёр орны харилцааны сэдэв бол инээж маазраад байх сэдэв биш. Орос улс бол манайхтай хил залгаа, нүүгээд явчихын аргагүй мөнхийн хоёрхон хөршийн маань нэг нь. Энэ улстай бид эрт дээр үеийн ч, шинэ цагийн ч үүх түүхээрээ нягт холбоотой. Монгол Улсын тусгаар тогтнолыг олон улсын хэмжээнд нотлон баталгаажуулах үйлсэд манай хойд хөршийн шийдвэрлэх оролцоо их байсан. Биднийг холбох эдийн засаг, эрүүл мэнд, шинжлэх ухаан боловсрол, хөдөө аж ахуй гээд өөр олон салбар чиглэл ч арвин байлаа. Орос улс сайн сайхан явбал бидэнд ч бас ашиг тустай. Алдаа гаргаад, аж байдал нь муудаад ирвэл бидэнд ч бас муугаар тусна. Тийм ч учраас олоход нь баярлах, алдахад нь сэтгэл зовох нь муугийн ёс биш, Монголын ёс гэж бодож байна. Путинтэй би хэд хэд уулзаж байсан тухай дээр хэлсэн. Эелдэг зөөлөн харилцаатай, энгийн яриатай, ой санамж тун сайтай хүн санагдсан. Үндсэн мэргэжлийнх нь зарим онцлог ч бас ажиглагддаг байсан. Путин бол ховор мэдрэмжтэй улстөрч. Тэрбээр элдэв сиймхийг андахгүй, харилцагч улсынхаа сул тал, дотоод гадаад зөрчлийг нь сайн мэдэрдэг, түүн дээр нь үр дүнтэй хагалж тоглож чаддаг гэдгээ харуулсаар ирсэн. Тактикийн чанартай тоглолтондоо сайн, харин стратегийн том зорилтоо орхигдуулдаг хүн юм болов уу гэж бас санагдсан. Жишээ нь, Трамп засаглаж байх үед тэрбээр АНУ, Европын Холбооны хооронд болон НАТО-гийн дотоод зөрчлийг нь асаан дэвэргэж чадсан. Түүний тооцсоноор бол, Украинд дэгдээсэн дайн нь энэ зөрчлийг улам гүнзгийрүүлнэ. ОХУ-аас авдаг шатдаг хий, газрын тосны хэрэгцээндээ хүлэгдсэн Европын олон орон Оростой муудахыг хүсэхгүй, АНУ-тай бол ам мурийна. Путин ингэж тооцоолон тоглож эхэлсэн байдаг. Нэг хэсэг тактикийн тэр тоглолт нь амжилттай өрнөсөн. Гэвч урт хугацааны стратегийн тооцооны хувьд энэ нь нурж эхэллээ. Дэлхийн томчууп, улс гүрний дарга, тэргүүнүүдийн хоорондын тохироо, “ханцуйн доторх” наймааны хүчин зүйлд Путин хэтэрхий найдаад, тухайн улсын ард иргэд, олон түмний хүсэл зоригийг үл ойшоосон. Түүний авторитар арга барил, зан төлөв нь үүнд их нөлөөлсөн байх. АНУ, Баруун Европын орнууд бол ардчилсан дэглэмтэй улс гүрнүүд. ОХУ өдүүлсэн түрэмгий дайныг эсэргүүцсэн эдгээр улс орны иргэд, сонгогч нарын хүсэл зоригийг эрх баригчид нь дагаж таарна. Путинтэй хичнээн ч хувийн сайн харилцаатай байлаа, олон уулздаг, ойлголцдог болсон байлаа хамаагүй. Ардчилсан орны удирдлага иргэд сонгочдоо л давын өмнө бодно, Тэднийгээ дагаж таарна. Ардчиллын далд хүч гэдэгнь энэ. Ингээд АНУ, Европын Холбооны хооронд болон НАТО-гийн дотоод зөрчил нь гүнзгийрэх биш, харин ч арилж, тэд нэгдэн нягтрах талдаа гарав.Дахиад л Путины хүсэн хүлээснээс огт эсрэг үр дүн гарч ирэв. Гэхдээ энэ бол ихэнхдээ тактикийн чанартай асуудлууд. Түүний хамгийн том, стратегийн чанартай алдаа нь юу гээч.

-Юу гэж?

-ОХУ-ын одоогийн нэн хүнд байдал, эдийн засгийн хоцрогдол доройтол нь. ОХУ бол байгалийн шавхагдашгүй их нөөцтэй, шинжлэх ухаан техникийн асар их потенциалтай улс. Дэлхийд нөлөөтэй том гүрэн. Амжилттай хөгжвөл ДНБ-ний хэмжээ далайц зэргээрээ дэлхийд эхний арав, магадгүй айргийн тавд өлхөн багтах бүрэн боломжтой улс. Гэтэл Путин эдийн засгийн хөгжил гэхээсээ цэргийн хүч, шинэ зэвсэглэл зэргээрээ дэлхийд тэргүүлэх бодлого баримталсан. Түүндээ найдаад түрэмгий бодлого, үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Түүнээсээ болж одоо эдийн засаг, банк санхүү, техник технологийн ар араасаа цуварсан олон улсын хориг арга хэмжээнд орчихоод байж байна. Оросын эдийн засаг дэлхийн том тээрэмд нугаслуулж эхэлж байна. Цаашдаа бүр ч хэцүү болох,ОХУ дэлхийд улам бүр ганцаардан зожигрох шинжтэй болж ирлээ. Энэ нь хөрш зэргэлдээ бидэнд ч гэлээ хүндээр тусч эхэлж байгаа нь өдөр ахих тусам улам мэдрэгдсээр.

-ОХУ, Украины дайн удаан үргэлжилбэл манай улсад ямар сөрөг нөлөөтэй вэ?

-Мууг зөгнөж байгаа юм биш, тэр тухай дэлгэрүүлж яримааргүй байна. Дайн хурдан дуусч, бидний, манай байдал сайжраасай л гэж хүсч байна.

-ОХУ дэлхийд улам бүр ганцаардан зожигрох шинжтэй болж ирэв гэж та хэллээ. Гэтэл түүний ойрын түнш Хятад, Энэтхэг гэх дэлхийн том гүрэн, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан Дундад Азийн холбоотон хамсаатан гээд олон байгаа юм биш үү?

-Тийм биш. НҮБ-д хийсэн санал хураалтыг санаж байгаа биз дээ. “ОХУ-аас Украинд үйлдсэн түрэмгийллийг буруушаах тухай” тогтоол батлах санал хураалтад НҮБ-ын гишүүн 191 орон оролцсоноос 141 нь дэмжсэн, 35 нь түдгэлзсэн, тав нь (ОХУ өөрөө оролцоод) татгалзсан санал өгсөн байсан. Есөн улс ямар нэгэн санал өгөлгүй хурлын танхимаа ил, далд орхин гарсан бололтой. ОХУ-ыг дэмжиж, тогтоолыг эсэргүүцсэн тэр дөрөв нь мөнгө санхүү, аюулгүй байдлын асуудлаараа ОХУ-аас хараат болсон, эсвэл албан тушаалдаа үлдэх сонирхол бүхий удирдлагатай, үгүй бол суурь үзэл нь нэг Беларусь, Сири, Хойд Солонгос, Эритрей гэх дөрвөн улс юм. Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан Дундад Ази, Кавказ, Каспийн далай хавийн улс гүрнүүд ч гэлээ ОХУ-аас бүгд зайгаа барьсан байдалтай болж. Казахстан, Узбекистан, Азербайжан зэрэг улсууд нь ОХУ-ын өдөөсөн дайныг эсэргүүцэж, Украины тусгаар тогтнол, газар нутгийнх нь бүрэн бүтэн байдлыг өмөөрсөн мэдэгдэл гаргасан байдаг. Эдгээр улсаас гадна нөгөө ШОС (Шанхайн хамтын ажиллагааны байгууллага), ОДКБ (Хамтын аюулгүй байдлын байгууллага), ЕВРАЗЭС (Евразийн эдийн засгийн хамтын ажиллагаа) зэрэг нь байгууллагууд бүгд нам гүм. Эдгээр улс, олон улсын дээрх байгууллагууд бүгд ОХУ-ын явуулж байгаа түрэмгий бодлого, үйл ажиллагаанаас аль болох зай барихыг хичээж буй нь илт. Эдгээр улс орон, олон улсын байгууллагууд яагаад ингэж байгаа нь ч ойлгомжтой. Дэлхийд өдгөө ноёрхож байгаа гол үзэл суртал бол прагматизм буюу энгийн үгээр илэрхийлбэл “хувиа бодож, довоо шарлуулах” үзэл юм. Хятад, Энэтхэг зэрэг гүрнүүд бол энэ л чиглэл баримталж байна. ОХУ-тай тэд ойр дотно харилцаатай хэдий ч, холбоотон хамсаатан нь биш гэдгээ байнга илэрхийлсээр. Жишээ нь, АНУ, Европын Холбооны орнуудаас ОХУ-ны эсрэг авсан хориг арга хэмжээ зэргийг тэд буруушааж шүүмжилнэ, хатуу үг заримдаа хэрэглэнэ. Гэхдээ энэ шүүмжлэл нь “уруулын үйлчилгээ үзүүлэх” төдий хэмжээнд л явна. Харин ч өөрсдөө хориг арга хэмжээнд дам, хам байдлаар өртөхгүйн тулд тэд ОХУ-д ажиллаж байсан үндэсний том жижиг компаниудаа татаж, банк санхүүгийн болон бусад үйл ажиллагаагаа зад хумьж буй тухай мэдээ өдөр бүр гарсаар л байна. Өөр нэгэн жишээ. ОХУ-БНХАУ-ын худалдааны эргэлт нь 100 тэрбум ам.доллар гаруйхан. Гэтэл АНУ-БНХАУ, Европын Холбоо-БНХАУ хоорондын худалдааны эргэлт нь бараг хоёр их наяд ам.доллар буюу хорь дахин их. Бүх юмны суурь нь болсон худалдаа, эдийн засгийн харьцаа, харилцаа ийм байхад прагматизмыг баримталсан тэднийг буруутгах аргагүй. Оросын телевизээр “Дэлхий бүхлээрээ бидний эсрэг тэмцэж байна” гэж ярьж, гомдоллодог болсон байна. Тийм бол, түрэмгий дайныг эсэргүүцсэн дэлхий бүхлээрээ буруу, тийм дайн өдөөсөн Орос улс ганцаараа зөв болж байна уу гэж Оросын телевизийн тэр хөтлөгчөөс асуумаар санагдсан. “Хороо цэрэг буруу алхаад, би ганцаараа зөв алхаад” гэдэг онигоо шиг сонсогдсон.

-ОХУ, Украины асуудал дээр манай улсын барьж байгаа бодлого, байр суурь хэр зэрэг зөв явна вэ?

-Ярианыхаа эхэнд би хэлсэн. Ёрын энэ дайны талцал дагасан гай манай улсыг тойрохгүй, дайрах шинжтэй болж ирлээ гэж. Өнөөг хүртэл энэ асуудлаар манай төр засгийн баримталж ирсэн байр суурийг би зөв гэж үзэж байгаа. Өөрөөр бид яах юм. НҮБ-ын санал хураалтаар түдгэлзсэн байр суурьтай 35 орны тоонд бид багтсан. Том, дунд, жижиг эдгээр 35 улсад түдгэлзэх нийтлэг болон өөр өөрийн онцлогтой учир шалтгаан олон бий. Тэрнийг нь тоочимгүй. Бид цаашдаа ч энэ байр сууриндаа хэвээр байх нь зөв биз. Харин дотооддоо бол иргэний нийгмийн байгууллагууд, жирийн иргэд байр сууриа чөлөөтэй илэрхийлэх боломжийг нь чөлөөтэй олгох ёстой. Монгол Улс бол ардчилсан улс. Төр засгийн байр суурь, иргэдийн үзэл бодолтой яв цав тохирч байх албагүй. Тохирохгүй, зөрж байх нь харин ч маневрийн боломжийг маань нэмж байна гэсэн үг. Энэ бол ардчилал. Ардчилал бол манай тусгаар тогтнолын өөр нэг том баталгаа нь мөн. Мэдээжийн юм шиг үнэмлэхүй энэ үнэнийг бид хаа хаанаа дахин ухаарах ёстой болж байх шиг.

-Манай тусгаар тогтнолын баталгаа нь ардчилал мөн гэж та хэллээ. Тэгэхлээр ардчилалыг иргэд нь ч, төр засаг нь ч баталгаажуулах арга хэмжээ үргэлж авч байх ёстой биз дээ. Гэтэл манай цагдаагийн байгууллага иргэдийн зарим жагсаалыг хориод, зарим жагсаалыг дэмжээд байгаа юм шиг байдлыг та юу гэж үзэж байна вэ?

-Тийм хандлага надад ч бас ажиглагдсан. Тэр бол маш буруу хандлага. Иргэдийнхээ аль нэг байр суурийг төр засгийн аль нэг байгууллага, эсвэл төрийн томилгоотой олон нийтийн гэгдэх мэдээллийн хэрэгсэл нь цаагуураа өөгшүүлэн дэмжээд, эсвэл жадлан эсэргүүцээд байгаа юм шиг аашилж хэрхэвч болохгүй. Ийм хандлагыг хазаарлах ёстой. Манай гадаад, дотоод бодлогын уялдаа гэж байх ёстой. Гадагшаа нэг зүйл мэдэгдээд, дотроо огт эсрэг зүйл хийгээд байвал бид хол ахихгүй. Орос, Украины дайны асуудал дээр хоёр нүүр гаргавал энэ нь араасаа том эрсдэл, аюул дагуулж мэднэ. Өдгөө сайн муу мэдээ дотогшоо болон гадагшаа маш амархан, түргэн шуурхай түгдэг болсон. Гадна талд сөргөлдөн дайтаж байгаа аль нэг тал нь бидэнд хатуурхах, эсвэл элдэв хоригт шууд болон дам байдлаар хамааруулах нөхцөлд шахагдан орохоос аль болох зайлсхийх ёстой. Энэ асуудлаар ҮАБЗ, Засгийн газар тусгайлан авч хэлэлцээд зөвлөмж, шийдвэр гаргах шаардлагатай цаг үе ирсэн байж ч мэднэ. Төр засгаас нарийн тохиргоо, зохицуулалт хийх хэрэгтэй болж байна. Иргэдээс бол эх орноо гэсэн язгуурын эв нэгдлээ улам зангидан хүчитгэх хэрэгтэй болж байна.

-Манайд ийм эв нэгдэл үгүй байх шиг надад санагддаг. Бид хамрагддаг намаараа, төрсөн нутгаараа талцаж амьдардаг болсон. Одоо байтлаа “Оросын төлөө, Оросын эсрэг” гэдгээрээ хуваагдаж талцдаг, хэрэлддэг боллоо?

-Эв нэгдэл бидэнд ус агаар шиг хэрэгтэй. Эв нэгдэлгүй улс үндэстэн удаан оршин тогтнохгүй. Гэхдээ хүчээр, албадлагаар эв нэгдэл бий болохгүй. Тэгээд ч ардчилсан улсын иргэд өөр өөр үзэл бодол, байр суурьтай байх нь хэвийн үзэгдэл. Тийм хэдий ч хамгийн эрхэм үнэт зүйл болсон тусгаар тогтнол дээрээ бид эв нэгдлээ хангах үүрэгтэй. Энэ бол төрийн ч үүрэг, иргэний ч үүрэг. Орос, Украины дайны сургаар “Оросын төлөө, Оросын эсрэг” гэж утга учиргүй талцаж байгаа маань шившиг. Эх орноос илүү, өөрийн улсаас илүү ойр улс гэж юу байдаг юм. Монголчууд бид хэн нэгний төлөө биш, Монгол Улсынхаа төлөө, тусгаар тогтнолынхоо төлөө байх ёстой. Зангидсан гар шиг хатуу чанга, бат бөх эв нэгдэлтэй байх ёстой. Энэ эв нэгдэл өөр юун дээр ч биш, монгол хүний сэтгэл, ухамсар хоёр дээр л оршин тогтноно. Гэтэл сэтгэл, ухамсар хоёрыг тэтгэдэг нь хүний тархинд зогсоо зайгүй урсан орж буй мэдээлэл юм. Мэдээллийн эрин сайхан ч, сайныг дагаад саар юм их орж ирж байна. Гаднаас саадгүй орж ирж буй хулхи мэдээ, тэрнийг нь дотооддоо зориудаар түгээж монголчуудынхаа тархийг угаах явдал аюул гамшгийн хэмжээнд хүрэх нь байна шүү. Тэнцвэртэй, үнэн бодит мэдээллээр иргэдээ хангахад төр засаг, иргэний нийгэм онцгой анхаарч, оногдсон үүргээ гүйцэтгэх ёстой. Тэр цаг болсон байна.

-Ярилцлагынхаа төгсгөлд танаас нэг асуулт асууя. Дэлхийн геополитик хаашаа эргэж байна вэ. ОХУ, Украины дайны дараа дэлхийн улс төр, эдийн засгийн асуудал хэрхэн өөрчлөгдөнө гэж та харж байна?

-Украинд болж байгаа дайн ойрын хугацаанд дуусах төлөв шинж алга байна. Цаашаа даамжирч өргөжөөд олон орныг хамарсан, цөмийн зэвсэг хэрэглэсэн Дэлхийн гуравдугаар дайн битгий болчихоосой л гэж залбирч суухаас. Тиймээс ОХУ-аас Украинд хийж буй дайны дараа дэлхийн байдал яаж өөрчлөгдөхийг барим тавим одоо хэн ч хэлж мэдэхгүй. Өргөн утгаар нь авч үзэх юм бол энэ дайн Орос, Украин гэх хоёр улсын хооронд болоод байгаа юм биш. Энэ бол үнэндээ дэлхийн дэг журмын өчигдөр, маргааш хоёр халз тулж байгаа юм. Өнгөрсөн, ирээдүй хоёр дайтаж байгаа юм. Бүхнийг хүчээр шийддэг, том нь жижгээ дээрэлхэж ирсэн өчигдөр. Бүхнийг хуулийн дагуу шийддэг, том жижиг гэлтгүй бүгд ижил тэгш эрхтэй байх гэсэн маргааш. Энэ хоёр эсрэг тэсрэг зарчим, хандлага Украины газар нутаг дээр тулж байна. Аль зарчим, аль хандлага нь ялан дийлээсэй гэж чи бодож байна даа...

-Мэдээж бүхнийг хуулийн дагуу шийддэг, том жижиг гэлтгүй бүгд ижил тэгш эрхтэй байх гэсэн маргааш нь.

Ярилцсан таньд баярлалаа.

Базаррагчаагийн Номин-Эрдэнэ

Эх сурвалж: Өдрийн сонин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (66.181.160.37) 2022-05-14 19:13
      • 0
      • 0

      Үнэхээр мөнгөтэй хүн ч итгэх аргхгүй өөрчлөгдөх юм даа

      Хариулах

    • Зочин

      (202.72.246.142) 2014-02-04 10:47
      • 0
      • 0

      yana aa. ene kino vzeed uilj bgaa ni ene vv

      Хариулах