И Чан Дун - Хувь тавилангийн тухайд /Өгүүллэг/

Twitter Print
2023 оны 04-р сар 20-нд 12:38 цагт
Мэдээний зураг,

И Чан Дун - Хувь тавилангийн тухайд

Танд би хачирхам хувь тавилангийнхаа талаар ярьж өгөх гэсэн юм. Миний ойлгосноор та зохиолч хүн шиг билээ. Тэгэхээр зүсэн зүйлийн хүмүүсийн жигтэй сонин түүхийг дуулж явсан байлгүй. Гэхдээ над шиг ер бусын намтар түүхтэй хүнтэй таарч байгаагүй л болов уу.

Та хувь тавилан, мэргэ төлгөд итгэдэг үү? Хувь тавиланд итгэгчид хүний заяа төөрөг төрөхөд нь л, үгүй ээ бүр төрөхөөс нь ч өмнө тооцооны дэвтэрт тэмдэглэсэн юм шиг л тодорхой бичээтэй байдаг гэж ярьдаг.Тэднийхээр бол аливаа хүний амьдрах хийгээд үхэх нь алганых нь хээнээс л хамаардаг гэнэ. Христчид ч бас иймэрхүү зүйл хэлдэг: хүн юу ч хийсэн бурхны зурсан зургаас хазайж чадахгүй. Харин би тэдний үгэнд хэзээ ч үнэмшиж байсангүй. Хэрэв тэдний зөв бол хүмүүний хувь тавилан хэчнээн шударга бус вэ?

Аз од нь гийсэн амны хишигтэй зарим нь айлын ганц хүү болж төрөөд алт эрдэнэс дунд умбаж байхад адилхан л нэг хүний үр авралгүй гудманд хаягдаад аав ээжийгээ байтугай алдар нэрээ ч мэдэхгүй явах. Хөөрхий тэр өнчин амьтан хольж сольж болохооргүй хөзрийн мод атгасан юм шиг л хувь тавилангаа хүлцэнгүйгээр дагана. Төрөхдөө юутай ирэх нь тэнгэр бурхны л таалал гэж христчид хэлдэг. Баян айлын ганц хүү болж төрсөн хүнд бол баярлууштай л хэрэг. Гэтэл гудамжны гуйлгачин болж төрсөн хүнд гайхалтай санагдана гэж үү? “Би юу хийсэн болоод бурхан намайг хөсөр хаяна вэ?” гэсэн бодол түүнээс лав салахгүй.

Би өөрөө өнчин болохоороо ингэж хэлж байгаа юм. Мэдээж надад аав ээж байсан л байх, гэхдээ би тэднийг ямархуу хүмүүс байсныг, яаж яваад дөрөв, тавхан насандаа гудманд хаягдсанаа ер мэддэггүй юм. Хоёр Солонгос дайтаж асан үе болохоор аав ээжийгээ дайнд алдсан болов уу л гэж таадаг. Нэрийг минь Ким Хөнь Нам гэдгээс өөр санах юм даанч алга. Гэвч энэ миний жинхэнэ нэр мөн эсэх нь бас л эргэлзээтэй. Үнэнийг хэлэхэд хэдэн настайгаа ч мэдэхгүй. Би Солонгосын өмнөд хэсэгт орших далайн эргийн хотод нурж унах дөхсөн умгар байшинтай асрамжийн газарт өссөн юм. Асрамжийн газар ч гэж дээ, дайны хөлд сүйдэн хамаг цонх нь хагарч унасан хуучин муу хуаран. Захирал нь гэж дайтаж яваад өрөөсөн хөлөө тайруулсан өвгөн цэрэг. Архинд толгойгоо мэдүүлчихсэн эр.

Мань эр согтохоороо шөнө дунд биднийг сэрээж, эгээ л цэргийн дарга аятай “Жагсаад! Жагсаад!” хэмээн хашхичиж гарна. Нойроо харамласан жаалууд нэг дуудахад нь босож ирэхгүй бол модон таягаараа нэвширтэл зодно. Гэхдээ асрамжийн газрын хүүхдүүдэд алганы амт үзнэ гэдэг айхтар хэцүү зүйл биш. Хоол идэх, бие засахтай л адил хэвшсэн зүйл. Хамгийн хэцүү нь өлсөх л байдаг сан.

Сурагч насанд хүрмэгцээ бид ойролцоох бага сургуульд явах болж, сунайсан урт далайн эргээр алхаж байхдаа ходоод хонхолзохын эрхэнд хатаасан загас хулгайлж иддэг байж билээ. Хүмүүс биднийг өнчин болохоор үл бүтэх амьтад хэмээн үзэж үргэлж нүд үзүүрлэн дээрэлхэх тул байнга л гурав дөрвөөрөө нийлж явна.

Тавдугаар ангид орсны өвөл би “Мэлхий ханхүү” ч билүү нэг жүжигт тоглох болов. Гол дүрийн хөөрхийлөлтэй ханхүүгийн дүр надад оногдлоо.

Хорон санаат шидтэний хараал тусаж хачин муухай царайтай мэлхий болж хувирдаг ханхүүгийн тухай үлгэр байсан санагдана. Ордны арын цэцэрлэгт вааглах үзэшгүй муухай мэлхий үнэн хэрэгтээ хөрш гүрний ханхүү явсныг хэн мэдэх билээ. Хөөрхий ханхүү хэдэн ясаа тараалгачихгүй гэсэндээ хүний харцнаас нуугдаж харанхуй буланд шигдэнэ. Гэтэл нэг өдөр үзэсгэлэн гоо царайтай, өр зөөлөн сэтгэлтэй гүнж түүнийг олж хараад өрөвдөж хайрласандаа үнсчихжээ. Тэр даруй хараал арилж, намгийн мэлхий хүн болон хувирав.

Тэгэхэд би хүүхэд байсан ч тэр хөөрхийлөлтэй мэлхийг өөрийгөө мөн гэдгийг мэдэж байсан юм. Би ч бас хараал хүрсэн болоод л ээж ааваасаа хагацаж, өнчин ганцаар гудманд хаягдсан биз ээ.

Үзэсгэлэнт гүнжийн дүрд ойролцоох сууринд амьдардаг, өч төчнөөн усан онгоцтой баян эрийн охин тоглох болов. Урт сормуустай, Америкаас тусламжаар ирдэг хуурай сүү шиг цав цагаан царайтай охин сон. Нэрийг нь Мариа гэнэ. Католик шашинтнуудын л нэр байх. Мариа бол над мэтийн өнчин өрөөсөн амьтны ойртож ч зүрхлэхээргүй, огторгуйд гялалзах од байв. Жүжгээ давтаж байх зуур гүнж мэлхийг үнсдэг хэсэг ойртоод ирмэгц л би учиргүй их сандарч, өмдөндөө дусаангаа алддаг байлаа. Гэвч Мариа үнсэж буй дүр л эсгэхээс бус нэг ч удаа намайг үнэнээсээ үнсэж байгаагүй юм.

“Тайзан дээр гарахаараа түүнийг жинхэнээсээ үнсэх ёстой шүү. Ойлгов уу, Мариа” гэж жүжиг давтуулдаг багш байнга сануулдаг сан. Тэгмэгц Мариа над руу илт жигшсэн харцаар ширвэх авч үүнд нь би огт гомдож байсангүй.

Тэгэхэд яагаад ханхүүгийн дүрд тоглох болсноо би одоо ч ойлгодоггүй юм. Магадгүй багшийн нүдэнд үзэшгүй муухай мэлхий болж хувирсан ханхүү, өнчин дорой хүү хоёр юугаараа ч юм адилхан харагдсан биз ээ. Ямар ч л байлаа гэсэн үргэлж дээрэлхүүлэн, ад шоо үзэгдэж өссөн надад өв хөрөнгөтэй айлын үзэсгэлэн гоо охинд үнсүүлэх (хэдий жүжиг ч гэсэн) завшаан олдсон нь үнэнхүү том өөрчлөлт байсан юм. Зүгээр ч нэг үнсэлт биш шүү. Өнчин дорой хөвүүн би вээр хоёр нүдээ тас аньчхаад, охины уруул ойртохыг сэтгэл догдлон хүлээж суухдаа өөрийгөө үнэхээр ханхүү болж хувирсан гэж, үгүйдээ л түүнтэй эн зэрэгцэх эрхэм хүмүүн болсноор төсөөлдөг байлаа.

Түдэлгүй жүжиг тоглох өдөр ирэв. Зэрэгцээ хоёр ангийн тусгаарлагч хаалтыг авч жүжгийн танхим болгоод, хааны ордонтой адил хараа булаам тайз засжээ. Тэр өдөр шагайгаар татсан цас орж таарлаа. Гэсэн ч танхим дүүрэн хүн цуглав. Мөрөн дээрх цасаа гөвөх хүмүүсийн дотор манай асрамжийн газрын захирал таягаа тулчихсан зогсож харагдана.

Би хөшиг татсан тайзны харанхуй мухарт зогсоод тэр бүхнийг ажиж байв. Харж байгаа бүхэн маань хуучин цэрэг хөнжил дөрөв таваараа хуваан нөмөрч, ходоод хонхолзохын эрхэнд шөнө дүлээр сэрчхээд, хагархай цонхны цаана түрхрэн шуугих тэнгисийн давалгааг чагнаархан хэвтдэг өнчдийн ертөнцтэй харьцуулшгүй, үлэмж гоо үзэгдэх ажээ. Хэдий жигтэй ч гэсэн тэгэхэд л би амьдрал гэдэг чинь хэчнээн үзэсгэлэнтэй юм бэ гэж анх удаа бодсон байж мэднэ.

Гэрэл унтарч, хуучин пянзнаас хөгжим эгшиглэхтэй зэрэгцэн жүжиг эхэллээ. Мэлхийн дүрд хувирсан би үзэмж муутай, эрээн цоохор нөмрөг хэдэрч, гүнж харин тэмээлзгэнийн далавч шиг сиймгэр цагаан даашинз өмсжээ. Том үсгээр “АНУ” гэж бичсэн тусламжийн гурилын шуудайгаар хийсэн нөмрөгтэй намайг харсан хүний элэг хөшихөөр байсан биз ээ.

Үзэмжгүй шуудайгаа нөмрөөд тайзан дээр гарав уу үгүй юу үзэгчид нирхийтэл инээлдэв. Тэр дундаас асрамжийн газарт цуг өссөн ангийн найз Сон Маны дуу чихэнд тод хадна. Намайг мэлхий адил вааглан тайзан дээгүүр мөлхөх зуур нөгөөх маань нулимсаа гартал инээж, хөлөө газарт дэвслэн байлаа. Би үзэгчдийн шоолон хөхрөлдөхийг ер тоосонгүй; хамаг анхаарлаа жүжигтээ төвлөрүүлж, ханхүү болж хувирах баярт мөчийг тэсэн ядан хүлээж байв. Энэ л аз жаргалтай агшны төлөө хоёр өвдгөө зулгарч цус шүүртэл тайзан дээгүүр мөлхөж, хоолойгоо сөөтөл ваагласан хэрэг шүү дээ. Тэр бүү хэл өвдөж байгаагаа ч тоосонгүй.

Хүсэн хүлээсэн мөч арайхийн ирж гүнж мэлхийг үнсэх болов. Би түүний гар дээр хэвтэж байлаа. Гүнжийн нүдэнд мэлтэлзсэн нулимс гэрэлд гялтганаж харагдана. Миний зүрх догдолсондоо чихэн дээр аянга нижигнэх адил чанга цохилж гарлаа. Гүнжийн уруул ойртсоор хацарт минь хүрдгийн даваан дээр гэнэт бүх зүйл харанхуйд умбах нь тэр.

Тог тасарсан юмсанжээ. Тайзан дээрх жүжигчдээс эхлээд үзэгчдийн суудалд суусан хүмүүс бүгд үймэлдэж гарав. Тэр үед тог тасарна гэдэг энгийн л үзэгдэл байсан боловч буцаж иртэл нь хүлээж байгаад жүжгээ үзэж дуусгах тэвчээртэй хүн үзэгчдийн дунд нэг ч байсангүй.

Хүмүүс сандлаа түжигнүүлэн шуугилдсаар хаалгаар багталцаж ядан гарч явсны хойно би харанхуй тайзан дээр ганцаараа хоцорлоо. Бяцхан хүүг хөсөр хаяад бүгд явж одов. Хараал арилсангүй...

Цас малгайлсан тэр шөнө би асрамжийн газар руугаа орь ганцаар алхахаас өөр аргагүй болж билээ. Ганьхарч, шархирсаар их л удаан алхсан юм даг. Нүүр нүдгүй цас лавсаж, тэнгисийн давалгаа эргээ цохин цамнахуй нэг насаараа мэлхий хэвээр үлдчих юм шиг санагдан нуруугаар хүйт дааж явлаа.

Хувь тавилан надаар ингэж л тохуурхсан юм даа. Итгэл найдварын зурвасхан гэгээ олж үзээд урагш ганц алхах төдийд л өмнө минь түнэр харанхуйг хөшиглүүлж орхисон сон.

Тэр өдрөөс хойш ангийнхнаас эхлээд асрамжийн газрынхан хүртэл намайг “Мэлхий” гэж хочлох болов. Сон Маны сэдсэн санаа л даа. Мань эр намайг харахаараа л “Мэлхий!” гэж тохуурхан дуудна. Ялангуяа Мариа ойрхон явж байвал элэглэхгүй өнгөрнө гэж үгүй. Хоч нэрэндээ би дургүй байсан ч хувь тавилангаа хүлээж авсан шигээ хүлцэн тэвчихээс өөр арга байсангүй. Яагаад гэвэл Сон Ман надаас хамаагүй том, хүчтэй байсан юм. Харин би туниа муутай хөвгүүн байлаа (одоо ч хэвээрээ).

Хойтон жил нь хувь тавилан намайг дахиад л сорив. Нар ээсэн өвлийн дулаахан өглөө манай асрамжийн газрынхан хир буртгаасаа салаад хуарандаа цугларах тушаал авлаа. Энэ бол зочин ирнэ гэсэн үг тул өнчид бидний магнай тэнийж, эрхгүй догдлон хөөрөв.

Нүүр, гар, хөлөө ном журмын дагуу угаасан бид сэтгэл түгшин шуухитнасаар хүлээж суутал төсөөлснөөс болхи хувцасласан дунд эргэм насны эхнэр нөхөр хоёр хүрч ирлээ. Тэд тэвэр дүүрэн бэлэг авчирдаг том хамартай гадаадууд, гартаа Библи барьсан ганган хувцастай зочдын аль нь ч биш байсанд бид бага зэрэг урам хугарав. Гэтэл тэд онцгой зочид болж таарлаа.

Өнчид ихэвчлэн сийрэг ухаантай байдаг тул эхнэр нөхөр хоёр хүүхэд үрчилж авах гэж ирснийг бид даруй ойлгов. Зочид маань захирлын хамтаар нааш цааш зугуухан алхах зуураа хүүхэд бүр дээр харц тогтоон хянамгай гэгч нь харах аж. Гэрийн эзэн гэх гялаан толгойтой эр тос болсон хэлхгэр өмд өмсжээ. Сайх эрийн гүйнгэ харцтай нүднээс сүрдэхгүй байхын аргагүй аж. Сарампай хувцастай эхнэр нь харин сайхан сэтгэлтэй нэгэн бололтой. Тэрбээр бидний өмнүүр өнгөрөхдөө хорвоогийн хамгийн өрөвдөлтэй амьтдыг харсан мэт “Эвий минь!”, “Хөөрхий минь!” хэмээн халаглана. Гэтэл нөхөр нь гэнэтхэн миний өмнө зогсож “Чи хэдтэй вэ?” гэж асуулаа.

“А... Аравтай...”

Би догдолсондоо уйлчих шахав. Айлд өргүүлнэ гэдэг нэг талаар айдас хүрэм ч нөгөөтэйгүүр асрамжийн газарт өссөн хүүхэд бүрийн мөрөөдөл байдаг билээ. Энэ бол өлсгөлөн, дарлал ноёрхсон амьдралдаа үүрд баяртай гэж хэлээд огт мэдэхгүй ертөнцөд хөл тавина гэсэн үг. Үүнээс ч чухал нь ээж аавтай болно. Яг одоо энэ мөрөөдөл минь биелж ч магадгүй болоодохлоо.

Эхнэр нөхөр хоёр хүүхэд бүрийг шинжиж дууссаны дараа захирал намайг өрөөндөө дуудав. Зочид миний насны хүү хайж ирсэн нь харваас илт. Гэтэл нөхөр нь намайг нарийн шинжсэний эцэст бодлоо өөрчилчих шиг болов. “Энэ хүү гурван хоног хоол идээгүй юм шиг л харагдах юм. Үргэлж өвдөөд байвал яах юм бэ?”

Аав минь болж мэдэх эрд таалагдахын тулд би аль байдгаараа хүчтэй харагдах гэж хичээн нуруугаа цэхэлж, шүдээ зуулаа. Гэвч амжилт эс олсон тул ээж болох эмэгтэйн сэтгэлийг татахаар шийдэв. Эмэгтэй намуухан хоолойгоор миний нэр, дуртай хоол, хичээл сургууль зэргийн талаар асуулаа.

Би асуулт болгонд нь аль болох тод хариулахыг хичээв. Эмэгтэй намайг дуудаж дэргэдээ суулгаад толгой илж, гараас атгалаа. Дулаахан гарынх нь илчийг би одоо ч тод санаж байна.

“Манайд очиж надтай цуг амьдармаар байна уу?” гэж надаас тэр намуухан дуугаар асуулаа. Тэр үгийг сонссон даруйд хэзээ ч уулзаж байгаагүй боловч хором мөч бүхэнд санасаар ирсэн ээж минь бодогдон хүчтэй дүр эсгэж байснаа ч мартаж орхив. Би түүний асуултад хариулахын оронд уруулаа өмөлзүүлэн уйлж гарлаа.

“Яасан бэ? Яагаад охин шиг уйлаад байгаа юм?” гэж нөхөр нь дургүйлхэн шогшров. Харин эхнэр нь намайг бүр ч их өрөвдөв бололтой, “Хөөрхийд юунд хатуурхана вэ? Энэ хүүг авъя. Надад таалагдаж байна” гэлээ.

“Ашиг тус болохооргүй унж дорой амьтан байна шүү дээ.”

“Гэхдээ сайн хүү шиг байна.”

Нөхөр нь удтал эргэлзсэний эцэст эхнэрийнхээ үгэнд орж намайг авахаар шийдэх шиг болов. Тэд хүүхэд үрчлэх үйл явцын талаар захиралтай хэлэлцэж байх зуур би нуруугаа амраан хойш налж суулаа. Сандарч, түгшсэнээс болоод зүрх амаар гарах шахан цохилно. Бүх зүйл хэтэрхий гэмээр бүтэмжтэй байгаа нь, азын тэнгэр намайг ийм амархан ивээсэн нь нэг л хуурамч мэт санагдан айдас төрнө.

Айдас маань ортой болж таарав. Хувь заяаны сум байгаа алдаж оножээ: захирлын өрөөний хаалга онгойн Сон Ман орж ирлээ. Далайн боомт дээр ажиллаж байгаад ирсэн нь тэр. Сон Ман аль хэдийн эрийн цээнд хүрсэн хүн шиг өсгөлүүн биетэй тул өөрөө амьжиргааныхаа зардлыг олох ёстой гэж захирал үзээд усан онгоц ирмэгц ажиллуулахаар явуулдаг байсан юм.

Нөгөө эр Сон Маныг хараад нүд нь гэрэлтэж, толгойноос нь хөл хүртэл тогтоон шинжлээ. Тэгснээ “Энэ хүү ч бас танай асрамжийн газрынх уу?” гэж захирлаас асуув.

“Тийм ээ, манай хүүхэд.”

“Тэгвэл түрүүн яагаад харагдсангүй вэ?”

“Ажилд явсан байсан юм. Том хүүхдүүд хоолныхоо мөнгийг өөрсдөө олж сурах хэрэгтэй байдаг л даа.”

“Тэр ч тийм шүү. Тантай санал бүрэн нийлж байна. Эр хүн чинь идэх хоолныхоо мөнгийг өөрөө ололгүй яах вэ” гэж өнөө эр толгойгоо дохилзуулан хэлэв. Тэгснээ хаалганы дэргэд зогсож байсан Сон Маныг хуруугаараа дохиж хажуудаа авчраад шуу, бугалга, мөрийг нь барилж үзлээ. Юу болоод байгаа талаар ямар ч ойлголтгүй Сон Ман үл таних эр өөрт нь хүрэхийг огт ойшоосон янзгүй зогсохыг уурсан харахаас өөр би юу хийж чадах билээ. Нөгөө эр шийдвэрээ гаргав бололтой. “Энэ хүүг авъя. Үүн шиг эрүүл чийрэг, эршүүд хүүхэд л бидэнд хэрэгтэй.”

Өргөсөн аав ээжийгээ даган явах болсон Сон Маныг үдэж өгөхөөр асрамжийн газрынхан захирлын хамтаар цуглах зуур би хуучин барилгын буланд хяран мэгшиж, хацар даган урсах нулимсаа арчиж суув. Маргааш нь би асрамжийн газраасаа оргож Сөүл явах шөнийн галт тэргэнд сууж билээ.

Түүнээс хойш ямар их зовлон бэрхшээл амссаныг үгээр илэрхийлэх юм биш. Сөүлд очмогцоо би нэг хоосон лааз олж аваад Ёнсан галт тэрэгний буудлын урд гуйлга гуйж суух болов. Тийн хэдэн сар суугаад танхайчуудтай нийлж хэсэг хугацааг үдлээ. Дараа нь бохь зарах, гутал тослох, хуучин эд хогшил түүх, сонин тараах зэргээр зүсэн зүйлийн ажил хийж үзэв. Тэр зуурт доромжлуулах, нулимуулах, зодуулах явдал олон тохиолдоно. Амьдралын ширүүн урсгалд хуу хамуулчихгүй гэж ай даа мөн ч их тэмцсэн дээ. Хэрхэн зовж явснаа нэгд нэгэнгүй яривал хэд хэдэн ном хангалттай дүүрэх боловч хүмүүс шиг тэгж далан булчирхайгаа тоочмооргүй байна.

Он жил урсан өнгөрөхийн хэрээр энэ жигтэй, өршөөлгүй ертөнцөд яаж амь гарах арга ухаанаа олж эхлэв. Гэвч харанхуй гудамжаар хоосон ходоодтой алхаж явахдаа тэнгэрт гялалзах од шиг түг түмэн гэрэлтэй цонхнуудын аль нь ч намайг тосон угтахгүй гэдгийг мэдэрч ганцаардан, гунигладаг байлаа. Ганцаардлаас өөрийгөө аврах ганц арга маань мөнгө хадгалах л байв.

Огторгуйн хаа нэгтэйгээс унаж ирсэн, оноож хэлэх нэр ч үгүй өчүүхэн бөөм шиг миний энэ ертөнцөд аж төрөх эрхийн бичиг ердөө мөнгө мэт санагддаг сан. Тиймээс би хорголоо тоолох шахан хямгадаж, хэдэн сараар ч хамаагүй бэлэн гоймон идэж, хуучин муу хувцастайгаа явдаг байлаа. Өдөрт гурван удаа хооллох ч аяга хоолонд гурван зуун воноос илүү мөнгө төлж байсангүй. Үлдсэн мөнгөө банкинд хадгалж огт гар хүрдэггүй байлаа. Дансан дахь мөнгө өсөхийн хэрээр өөртөө бахдах сэтгэл төрнө. Энэ мөнгө л амьд яваагийн минь баталгаа болж, ахиад цааш амьдрах итгэл өгч байх шиг санагддаг сан. Үдэш орондоо ганцаар хэвтэж байхдаа дотуур халаасандаа нуусан хадгаламжийн дэвтрээ дахин дахин тэмтэрч үзээд сая нэг сэтгэл амарч, зориг ордог байлаа.

Хорин найм хүрсэн жил амьдралд минь шинэ боломж тохиов. Тэр үед би Сөүлийн Тэгэрү гудамжинд байрлах дэн буудалд ажилладаг байсан юм. Дэн буудлын хоёр давхрын мухрын өрөөнд боловсон байрын нэг өвгөн багагүй хугацаанд суух болов. Би түүний өрөөг өдөрт хоёр цэвэрлэж, бага сага зараалд нь явах болсноор хаа нэг үг сольж, нүүр хагарлаа. Эхэндээ би түүн шиг элдэв асуудал үүсгэхээргүй хүн яагаад орь ганцаархнаа ийм газарт амьдардаг юм бол гэж ихэд хачирхдаг байв. Гэтэл өвгөн АНУ-д гучин жил амьдарч байгаад эх орондоо буцаж ирсэн болж таарлаа. Тийм болоод л солонгосоор аялгатай ярьж, дандаа гадны тамхи татдаг байжээ.

“Үргэлж гадны тамхи татдагийг маань өршөөнө биз ээ...” гэж тэр тамхи асаах болгондоо инээмсэглэн хэлдэг сэн.

“Амьдралынхаа тэн хагасыг АНУ-д өнгөрүүлсэн ч гэлээ би одоо болтол солонгос хоолондоо, тэр дундаа шар буурцагны сүмстэй шөлөнд дурладаг хэвээр. Гэтэл америк тамхины амтнаас л гарч чадахгүй юм.”

Олон жил АНУ-д ажиллаж өчнөөн саад бэрхшээлийг туулан байж мөнгө цуглуулсан өвгөнд амьдрал утгагүй санагдах болсны дээр хоног өдөр өнгөрөх тусам харь оронд аж төрөхөөс залхах болжээ. Тиймээс ар гэр, ажил төрлөө АНУ-д үлдээгээд Сөүлд буцаж ирсэн аж. Энд ирснээсээ хойш дэн буудлаар хоног төөрүүлж байгаа ч үнэхээр тухтай байгаа гэнэ. Хааяадаа хүний бараа үгүйлэгддэг бололтой, намайг өрөөндөө урьж шөнөжингөө хууч хөөрдөг байлаа.

Би түүнд золгүй амьдралынхаа түүхийг ярьж өгөв. Олон жилийн өмнө асрамжийн газарт ирсэн эмэгтэй ээж шиг минь санагдсаны нэгэн адил өвгөн ч бас уулзаж үзээгүй аавыг минь санагдуулсан хэрэг. Гэвч хувь тавилан надаар дахиад л даажигнаж байжээ. Тэр өдрийг хүртэл би тэр тухай даанч мэдээгүй юм. Нэг шөнө өрөөнд нь орвол өвгөн юунд ч юм сэтгэлээ чилээсэн бололтой их л тавгүй угтав. Би түүнээс ахин дахин шалж байж арай гэж учрыг нь хэлүүллээ.

“Сөүлд буцаж ирснээс хойш эх орондоо байх шиг сайхан юм үгүйг яс махаараа мэдэрлээ. Адгуус хүртэл үхэхийн цагт эх нутгаа зорин тэмцдэг гэнэ билээ. Би ч бас АНУ дахь ажил төрлөө цэгцлээд эндээ бүрмөсөн суурьших бодолтой байсан юм.”

Ингээд тэр Солонгост бизнес эрхлэхээр шийдэж АНУ-д зардаг байсан бараа таваараа авчирч худалдсан гэнэ. Өнөөдүүл нь талх шиг л гүйсэн юм байх. Бүр ажлын байр хүртэл түрээсэлж амжжээ. Гэвч бичиг цаасны ажлаас болоод АНУ дахь хадгаламжнаасаа мөнгө шилжүүлж авч чадахгүй байгаа аж.

“Манай эрх ямбатнууд иймхэн асуудлыг шийдчихгүй яагаад ингэж удаад байгааг гайхаж цөхөх юм. Маргааш түрээсийн мөнгөө төлж барагдуулах ёстой. Үгүй бол ажлын байраа алдаад зогсохгүй урьдчилгаа төлбөрөө ч буцааж авч чадахгүйд хүрнэ. Эх орондоо хөлөө олох гэж ядаж байтал эхнээсээ л ийм асуудалд унана гэж хэн санах билээ.”

Өвгөн ингэж яриад нулимстай нүдээр над руу харав. Би түүнийг хачин их өрөвдлөө. Тиймээс тусалж чадах зүйл бий эсэхийг асуув.

“Зүгээр дээ. Чиний хийж чадах зүйл байхгүй л болов уу. Асуудлын гол нь мөнгөнд байгаа юм. Эх орондоо ирээд амьдралаа шинээр эхэлнэ гэж бодтол ийм юм тохиолдоно гэж даанч санасангүй. Бурхан туслаасай л гэж залбирах юм даа.”

Ингэж хэлээд өвгөн өмнөх хундагатайгаа хөнтөрч, хүүхэд шиг эхэр татан уйлж гарлаа. Би түүнийг харж хэсэг суув. Тэгээд дотуур халааснаасаа хадгаламжийн дэвтрээ гарган ирж түүнд өглөө. Гайхсан өвгөн над руу харж “Наадах чинь юу юм?” гэв.

“Энэ бол миний бүх хөрөнгө. Их мөнгө биш л дээ. Гэхдээ би өөрөөсөө хүртэл харамлан байж цуглуулсан юм. Танд зээлчихье. Та үүгээр түрээсээ төлж барагдуул.”

Өвгөнд гурван сая вон дутаад байсан юмсанж. Аз болоход миний хадгаламжинд тэр зэргийн мөнгө байлаа. Өвгөн хадгаламжийн дэвтрийг маань гөлөрч сууснаа гэнэтхэн миний гараас шүүрэн авч “Баярлалаа. Чи намайг аварлаа. Би чамайг бүх насаараа хүү шигээ санаж явна” гэв.

Арван жил хураасан мөнгөө би ингэж л алдсан юм даа. Маргааш нь өвгөн намайг даган банк орж мөнгийг маань авхуулаад, Мёндунд түрээсэлсэн гэх өндөр барилгын өмнө дагуулж авчрав. Түүнийг дотогшоо орж түрээсийн төлбөрөө төлөх хооронд би гадаа нь хүлээж хоцорлоо. Хэчнээн удаан хүлээсэн ч өвгөн гарч ирсэнгүй. Арга тасраад араас нь орвол өвгөн бараа туруугүй алга болжээ. Арын хаалгаар нь гараад явчихсан юмсанж. Ойр тойрноосоо асууж сурагласанд эл барилгад түрээсийн өрөө нэг ч байхгүй гэв. Тэгэхэд л бүх хөрөнгөө луйвардуулснаа ойлгож билээ.

Би түүнд хэтэрхий итгэжээ. Магадгүй хорвоогийн аашийг ухаарахааргүй харалган, тэнэг явсных биз ээ. Хожим нь би түүнийг зартай луйварчин байсныг олж мэдсэн юм. Над шиг залилуулсан маанагууд мянга түмээрээ байдаг болж таарав. Мэдээж америкжсан солонгос гэдэг нь ч худлаа. Мань эр нэг ч удаа АНУ-д хөл тавьж үзээгүй бөгөөд Солонгосын дайны үеэр америк цэргүүдэд хэлмэрчилж хэд гурван англи үг холбож сурчээ.

Тэгэхдээ л тэр тэгж их зүтгэн байж хураасан мөнгийг минь надаас булаах хэрэггүй байсан юм. Тэр өдрөөс хойш би өвгөнийг эрж олохын мөрөөсөл болов. Америк асаагуур, хумсны хутга, бөглөө онгойлгогч, бэх соруулдаг үзэг зэрэг аахар шаахар бараа хийсэн үүргэвчээ үүрээд Сөүлийн дэн буудал, цайны газруудыг нэгд нэгэнгүй нэгжлээ. Гэвч Сөүл шиг том хотоос түүнийг хайж олно гэдэг өвсөн дундаас зүү эрэхтэй ижил ажээ.

Гэтэл хоёр жилийн дараа хар шөнөөр уушийн газрын үүдэнд улаан халз таарах нь тэр. Хөлчүү улс хөлхөлдсөн гудамжаар алхаж явтал нэгэн уушийн газрын үүдэнд хүмүүс шавчихсан харагдав.

“Яадаг муу луйварчин бэ! Мөнгөгүй юм бол архи авч гудрахаа боль, мэдэв үү? Үнэтэй хоол авч идэх талаар мөрөөдөөд ч хэрэггүй. Овоо гайгүй юм уу гэсэн чинь адгийн шаар байж!” гэж уушийн газрын эзэн авгай өвгөжөөр эрийг сэгсчингээ хашхичиж зогслоо. Нөгөөх нь “Уучлаарай! Уучлаарай!” гэж амандаа бувтнахаас өөр үг хэлэхгүй аж. Би өөрөө ч мэдэлгүй өнөө эрийг харахаар дөхөж очлоо. Түүнээс өөр хэн байх билээ.

Би хүмүүсийн дундуур зүтгэсээр урд нь хүрч очлоо. Өвгөн үргэлж өмсдөг хослол, зангиатайгаа боловч үзвээс навтархай харагдана. Намайг таних ч үгүй байгаа бололтой, хий гөлрөн зогсох аж. Гэнэт уур шатаад явчхав. Би түүнийг заамдан авч “Ингэж нэг олдог юм байжээ! Мөнгийг минь өгөөд аль. Бушуул!” гэж хэллээ.

Гэвч нэмэр болсонгүй. Би түүнээс юу горьдсон юм бол доо? Уушийн газрын эзэн авгайд сэгсчүүлээд зогсож байсныг нь дөнгөж сая харсан шүү дээ. Уусан архиныхаа мөнгийг ч төлж дийлэхгүй хүнд юу байх билээ. Өвгөн аанай л ноомой царайлж, нүд нь гүйлгэнэсээр “Уучлаарай! Уучлаарай!” хэмээн давтах аж. Тийн бувтнахыг нь сонсоод тэвчээр алдарч, хэд гурван цаасаар арилжих гэж явсан эвхдэг хутгаараа дүрж орхилоо. Тэрхэн зуурт өвгөнийг алчхаад өөрийгөө хороочихъё гэж бодсон хэрэг.

Гэхдээ амин газар нь таараагүй байв. Би ч мөнгөө буцааж авч чадалгүй цагдаад баривчлуулан шоронд суулаа. Гавлуулж байхдаа өөрийгөө нэг их өрөвдөж билээ. Орох оронгүй өнчин хүү Сөүлд ирснээс хойш аль чадлаараа сайхан амьдрах гэж зүтгэсэн ч орон шоронд орж дуусах нь энэ үү? Амьдрах хүсэл ч төрөхөө болив. Хөх өнгийн дүрэмт хувцас өмсөөд харуулд түлхүүлэн барин хорих өрөөнд орохдоо хэчнээн их шаналсан гэж санана. Төмөр хаалга торхийн хаагдахад хөгц, чийгний үнэр цоргиж угтлаа. Өлсгөлөн араатных шиг нүднүүд өөдөөс тас ширтэх нь харанхуйн дундаас ялгарч харагдахад өөрийн эрхгүй өвдөг чичрэв.

Тэгтэл урж тастахад бэлэн өнөөх нүднүүдийн тэндээс нэгэн дуу хадлаа. “Хүүе ээ, хэн ороод ирэх нь энэ вэ? Мэлхий юу даа?”

Би чихэндээ ч итгэж чадсангүй. Намайг “мэлхий” гэж дуудах хүн нарт ертөнцөд нэг л бий. Дуу гарсан зүгт харвал минийхтэй ижил хөх дүрэмт хувцас өмссөн, хөрслөг бор царайтай эр дөхөж ирлээ. Хэдий олон жил өнгөрсөн ч асрамжийн газраас азыг минь булааж одсон Сон Маныг би даруй танив.

Арван таван жилийн дараа ингэж уулзах тавилантай байжээ. Сон Ман шоронд орохоосоо өмнө том тэрэгний жолооч хийж байгаад хүн мөргөөд алчихсан юмсанж. Асрамжийн газраас явсныхаа дараа тэр надаас дутуугүй зовлон амссан гэнэ. Хэдий аз нь гийж айлд өргүүлсэн ч гэлээ хүү нь гэхээсээ илүүтэй зарц шиг амьдардаг байжээ. Өргөсөн аав нь Бүсанд дархны газартай бөгөөд Сон Маныг амсхийх ч чөлөөгүй ажиллуулдаг байсан аж.

“Намайг хүүгээ болгох гэж биш зарцлах гэж л авсан юм билээ. Гэхдээ зарц хүнд ч гэсэн аяганы амсар зуулгадаг биз дээ? Харин надад хоол өгөх нь бүү хэл ажлаас хойш суулаа гээд ааг амьсгаагүй алганы амт үзүүлдэг байлаа шүү дээ. Асрамжийн газар хажууд нь диваажин л гэсэн үг. Төсөөлж байна уу?”

“Эхнэр нь яагаа вэ? Тэр ч бас чамд тэгж хатуурхдаг байсан хэрэг үү?” гэж би асуугаад анх удаа надтай хүн ёсоор харьцсан эмэгтэйг эргэн дурслаа.

“Эхнэр нь харин сайхан сэтгэлтэй хүн байсан шүү. Тэр байсан тулдаа л тэнд би хоёр жил тэссэн хэрэг. Өвчнөөр нас барсных нь дараахан оргочихсон юм.”

Сон Ман ч бас над шиг золгүй амьдарч иржээ. Өргүүлсэн айлаасаа оргосныхоо дараа тэр яг л над шиг аль мууг амсаж амь тэмцэн зүтгэсээр энд хүрч ирсэн аж. Ингээд бид шоронд хамтдаа амьдрах болов. Асрамжийн газрын найзууд шоронгийн “гал хамууд” болох нь тэр ээ. Сон Ман надад шинээр амьдрах итгэл өгөх гэж “Чи бид хоёр үүрд энэ чигтээ байхгүй шүү дээ. Цаг нь ирэхээр хоёулаа баяжаад цоо шинээр амьдарч эхэлнэ” хэмээн зоригжуулдаг байв.

Мань эр нэг л өдөр гэнэт баяжна гэсэн мөнхийн итгэл тээж явдаг аж. Боолын боол босгоны шороо болж явахаас залхсан тэрээр шоронгоос гарах өдрөө хоног тоолон хүлээдэг байв. Харин би тэгж чаддаггүй байлаа. Тэр бүү хэл аз ивээж юуны магад гэж бодохыг ч өөртөө зөвшөөрч үл чадна. Би өөрийгөө азгүй хувь тавилантай хүн гэдгээ мэдэхийн дээдээр мэддэг байсан юм. Гэхдээ шударгаар хэлэхэд дандаа л азгүйтээд явсан юм биш ээ. Сайн сайхан зүйлс ч бас тохиодог байлаа. Жишээлбэл гэр бүл зохиосон маань байна. Эхнэртэйгээ учирснаа би үнэхээр азтай хэрэг гэж боддог.

Тэр тийм ч сэтгэл татам эмэгтэй биш боловч түүнтэй ханилсандаа би үргэлж талархаж явдаг. Шоронд орохоосоо өмнө би Чаншиндуны толгодын орой дээрх түрээсийн байрнуудын нэгэнд сарын хоёр мянган воноор жижиг өрөө хөлсөлж суудаг байсан юм. Эхнэр болох хүн маань зэргэлдээ өрөөнд амьдардаг байв. Бүсгүй шөнийн цэнгээний газарт ажиллах тул оройн цагаар эзгүй байна. Тиймээс би түүнтэй ховорхон тааралдах агаад хоёулхнаа ярих боломж бараг олддоггүй байлаа. Нэг өдөр бүсгүй өрөөнийхөө үүдэнд явган суучихсан хоол хийж байгаа харагдав. Хоолны үнэр хавиар нэг ханхийхэд арван жилийн өмнө Сөүлд ирсний дараахан ойролцоох байшингаас ханхалж асан үнэр санаанд орлоо. Тэгэхэд би хэд хоног хэлэн дээрээ юу ч тавиагүй байсан юм. Очих газар байхгүй тул Ёнсан галт тэрэгний буудлын урд хоног төөрүүлж асан үе. Тэсэхийн аргагүй тэр сайхан үнэр өлөн ходоодыг минь ажиллуулж, өнөөх гунигт дурсамжийг сэдрээсэн хэрэг.

“Өршөөгөөрэй... Энэ юуны үнэр вэ?” гэж би асуулаа.

Бүсгүй шингэн түлшээр ажилладаг зөөврийн жижиг зуухаа усаар шүршин хиншүүг нь дарж сууснаа дээш өлийн харж “Энэ... шар буурцагны сүмстэй шөлнийх” гэж хариулав.

“Тийм ямар хоол байдаг билээ?”

“Та мэддэггүй гэж үү?”

“Идэж үзээгүй л хоол байна.”

Бүсгүй үл итгэсэн янзтай харагдана. Би түүнд уг үнэртэй холбоотой дурсамжаа ярьж өгсөнд үг дуугүй өөдөөс мэлрэн харав. Харцанд нь инээмсэглэл ч, дургүйцэл ч тодорсонгүй. Тэр өдөр би бүсгүйн ачаар шар буурцагны сүмстэй шөл идэж үзсэн юм. Түүнээс хойш хөрш маань үе үе өнөөх шөлөө хийхээрээ надад нэг аягыг авчирч өгдөг болов. Гэвч аягатай шөлөө авчирч тавьмагц үг дуугүй гараад явчих тул тухтайхан таван үг солих завдал гардаггүй байлаа.

Цагдаад баригдсанаас хойш түүнтэй уулзаж шөлийг нь иднэ гэдэг биелшгүй мөрөөдөл болж хувирав. Шоронд ороод сар гаруй болж байтал эргэлтээр хүн ирсэн тухай харуул мэдэгдлээ. Эхэндээ би итгэсэн ч үгүй. Над шиг амьтныг хэн л эргэж ирээ аж. Уулзалтын өрөөнд ортлоо би хүн андуурснаас зайлахгүй гэж бодож явлаа. Гэтэл хөрш бүсгүй сууж байх нь тэр.

“Ноён Ким, би танд шар буурцагны сүмстэй шөл авчирсан юм. Гэтэл хоол оруулдаггүй гэнэ. Тэгээд яах учраа олдоггүй” гэж бүсгүй хэлээд нөгөө л мэлрэнгэ харцаараа ширтэж билээ.

Намайг шоронгоос гарснаас хагас сарын дараа бид гэрлэв. Гэвч албан ёсоор хурим найр хийсэнгүй. Зүгээр л нэг дор амьдардаг болсон юм. Хэдий сарын тавин мянган воны түрээстэй даруухан өрөөнд гал голомтоо асаасан ч ахиад шинээр амьдрах урам зориг төрж эхлэв. Гэхдээ над шиг танил тал, мэргэжил боловсрол гэх юмгүй, гар хоосон амьтанд ажил олдох амар байсангүй. Ядахад шоронд орж байсан маань нэрмээс болно. Хаа сайгүй хайж явсны эцэст орцны цэвэрлэгчээр түр хугацаанд ажиллах боллоо. Ариун цэврийн өрөөний хог асгах мэтийн аар саархан л ажил хийнэ. Гэсэн ч би хамаг хүчээ дайчлан ажилладаг байлаа.

Тэр үеэс эхлээд би “хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж” амьдрахаар шийдсэн юм. Од нь хаясан над шиг амьтан олдсон жаахан зүйлдээ талархаж амьдрах ёстой гэж өөртөө сануулна. Гэвч амьдралд минь азгүйтэл, бүтэлгүйтэл их бага хэмжээгээр оршсоор л байлаа. Талхаа унагаалаа гэхэд цөцгий түрхсэн тал нь шороон дээр унадаг тийм л золгүй хүн дээ би. Овоо боломжийн ажилд ордгийн даваан дээр цуцлагдчихна. Эхнэр минь таван сартай жирэмсэн байхдаа зулбаж, нийтийн байрны нөгөө өрөөнүүд зүгээр байхад манайх л шал нь халахгүй байх юм уу утаа мэдрэгч нь ажиллахаа больчихно. Иймэрхүү жишээ хэдийг л бол хэдийг хэлж болохоор байна. Дэлгүүрээс юм авлаа гэхэд дандаа л согогтой бараа таарна. Хамгийн ойрын жишээ хэлэхэд буудал дээр ирэв үү үгүй юу суух ёстой автобус маань хөдлөөд явчихна.

Нэг өдөр эхнэр маань Миари дүүрэгт амьдардаг сохор төлгөч дээр очъё гэлээ. Хүний өнгөрсөн хийгээд ирээдүйг “харах” чадвартай юм байх. Ийм санаа бодож олсонд нь эхнэрээ буруутгаж чадсангүй. Хаа ч явсан азгүйтэл дагуулдаг над шиг хүнтэй ханилсан эмэгтэй өөрөөр яах ч билээ.

“Сохор хүмүүс мэргэ төлгө буулгахдаа сайн гэж сонсож байсан ч алганы хээ уншдаг гэж дуулаагүй юм байна. Харахгүй байж яаж унших юм бэ?”

“Харин тэгээд яагаа вэ. Тийм болохоороо л гоц байхгүй юу. Хорооны дарга авгайг мэднэ биз дээ? Дандаа л өвдөж байдаг үгүй юу. Тэгээд Миаригийн төлгөчид үзүүлсэн чинь ‘Чи чинь хадам эхээ гомдоож явсан хүн байна шүү дээ’ гээд улаан нүүрэн дээр нь үнэнийг нь хэлсэн гэнэ билээ.”

Ингэж яриад эхнэр маань үргэлж азгүйтдэгийн маань цаана ямар нэг далд шалтгаан байгаа гэж үзэв. Өвөг дээдсийг маань буруу газар оршуулсан ч юм уу эсвэл цаг бусаар нөгчсөн нэгнийх нь сүнс амарлиж чадахгүй хэсүүчлээд яваа байж магадгүй гэнэ. Ямар ч шалтгаан байсан гэсэн олж мэдээд засаж залруулахгүй бол ажил үйлс маань огт бүтэхгүй юм байх. Угаалтуурын хоолой бөглөрвөл ус татагддаггүйтэй л агаар нэг юм болов уу даа.

“Утгагүй юм ярих юм. Наадах чинь мухар сүсэг. Ээж аавыгаа ч мэдэхгүй байхад юуны чинь өвөг дээдэс вэ. Тэгээд ч буруу газар оршуулсныг нь мэдлээ гээд яах юм?” гэж би эхнэртээ унтууцсан боловч эцэст нь түүний ятгалгад орж өнөөх сохор төлгөч дээр очихоор болов.

Бид автобусанд сууж явсаар “Онгон төлгөч”, “Шилмүүсээр мэргэлнэ”, “Яст мэлхийн хуягаар мэргэлнэ”, “Төлгөчийн газар” гэсэн элдэв янзын нэр хаягтай газруудаар дүүрсэн Миари дүүрэгт ирлээ. Хүн төрөлхтөн сансар огторгуйг эзэгнэж, цахим эринд шилжсэн атал хувь тавилан үзэж хардаг бизнес хөгжин цэцэглэсээр л байгаа нь хачирхалтай. Эхнэр бид хоёр газрын зургаасаа эрсээр байж өнөө сохор төлгөчийн сууцыг олж очтол өвөрмөц содон хувцастай өвгөжөөр хүн завилан сууж байлаа.

“Гараа аль!” гэж өвгөн эрсхэн тушаав. Сохор хүн хараатай хүний ирээдүйг “харах” л юм байх даа гэж би хачирхсаар гараа өглөө. Өвгөн миний алгыг удтал илж сууснаа “Чи их хүнд амьдрал туулжээ. Ажил төрөл чинь огт бүтэхгүй байгаа юм байна” гэх нь тэр. Би бүр гайхаш тасарч хоцорлоо.

“Гэхдээ сэтгэлээр бүү уна. Галт шувуу өндгөө дарж, анхилам үнэр дэлхийг дүүргэх нь ээ.”

“Юу гэсэн үг вэ?” гэж эхнэр маань суудал дээрээ тогтож ядан өндөлзөв.

“Хөрөнгө чинээтэй эцэг эхийнхээ буянаар удахгүй хөлжих нь ээ гэсэн үг.”

Яалаа гэнэ ээ. Хөрөнгө чинээтэй эцэг эхийнхээ буянаар хөлжинө гэв үү? Би бол өнчин хүн. Хуурамч дүртэй төлгөчийг харааж зүхэж орхиод хурдхан явмаар байсан ч эхнэр маань өөр бодолтой байгаа бололтой. Нүд нь очтон гялалзсан тэрбээр мэргэчээс үргэлжлүүлэн ярихыг гуйгаад зогсохгүй мөнгө нэмж өгөх юм болов. Иймэрхүү жигтэй, сонин түүх сонсох гэж хорхойсдог нь эмэгтэй хүний зан юм хойно. Төлгөч өвгөн биеэ займчиж, нүдээ эргэлдүүлснээ намайг эцэг эхээсээ мөнгө өвлөж авна гэв. Тэснэ тэснэ гэхэд үүнээс илүү яаж тэсэх вэ. “Хөөе өвгөн гуай, худал залахыг чинь сонсож ханалаа. Би танд итгэх юм шиг байна уу? Хөрөнгө өвлөнө ий? Эцэг эхгүй өнчин хүн үү? Та надаар даажигнаад байна уу? Хэлсэн үгэндээ хариуцлага хүлээж чаддаггүй юм гэхэд ядаж хүн итгэхээр юм ярих хэрэгтэй ш дээ” гэж би хашхичаад эхнэрийнхээ гараас шүүрэн авч “Явцгаая” гэлээ. Эхнэр намайг дуулгавартай дагаж гарсан боловч төлгөч өвгөний үгэнд итгэсэн хэвээр байгаа бололтой. “Хань аа, юмыг яаж мэдэх вэ. Төрсөн эцэг эх чинь чинээлэг хүмүүс ч юм билүү?”

“Наад балай яриагаа болиод өгөхгүй юу? Хамаг уур барчихлаа байна.”

“Над руу уурлаад яах вэ дээ. Юмыг яаж мэдэх вэ л гэж байна. Би ер нь мөрөөдөж ч болохоо байчхаа юу?”

Гэтэл юу болсон гэж санана? Тэр явдлаас хойш удаа ч үгүй байтал эхнэрийн маань утгагүй мөрөөдөл биелэх нь тэр! Итгэмээргүй байгаа биз? Энэ тухай ярихаасаа өмнө эхлээд нэг сайхан уужуу амьсгаа аваадахъя. Ердөө бодох төдийд л зүрх булгилаад байдаг юм.

Тэгэхэд эхнэр бид хоёр нэг гэрт ороод гурван жил болж байв. Тухайн үед “Төөрөлдсөн ахан дүүсээ ол” нэвтрүүлэг улс орон даяар ид хүчээ авч байлаа. Бүх зүйл Сон Мантай ярьснаас үүдсэн билээ. Бид хоёр шоронгоос гарсныхаа дараа бие биедээ хэл чимээтэй явах болсон юм.

“Хөөе Хөнь Нам аа, хоёулаа яг одоо уулзъя. Нэг ажил гарч ирсэн. Маш чухал шүү. Уулзаж байгаад нарийн ширийнийг нь ярья” Сон Ман амьсгаа давхцуулан хэлэв. Хэлэх гэсэн зүйл нь сонирхол татсаны дээр хоёул ярьж суулгүй удсан тул кофены газарт уулзахаар болзлоо. Болзсон цагтаа хүрч ирвэл хүмүүс зурагтын өмнө шавчихсан “Төөрсөн ахан дүүсээ ол” нэвтрүүлгийг үзэж байв. Бүүдгэр гэрэлтэй булангийн ширээнд сууж асан Сон Ман гараа даллан угтлаа.

“За, энэ чинь юу болоодохов? Золтой л кинотеатрт ороод ирж гэж андуурсангүй шүү” гэж би ширээнд суух зуураа ёжлов. Тэнд байсан хүмүүс үнэхээр л театрт кино үзэж байгаа аятай том дэлгэц рүү таг гөлөрчихсөн сууж байлаа. Уяхан сэтгэлтэй зарим нь амны алчуураа гартаа барьчихсан, уйлахад бэлэн харагдана. Та санаж байгаа бол тухайн үеийн телевизүүд олон ангит кино, спортын хөтөлбөрүүдээ цуцлаад, тэр “уйлуулдаг” нэвтрүүлгийг л өдөр шөнө, өглөө оройгүй гаргадаг байлаа шүү дээ.

“Кино цаашаа юм болж байна. Ийм өр өвдөм, гунигт түүхийн золиос болсон ард түмэн биднээс өөр байхгүй шүү.”

Сон Маны амнаас ийм үг унахыг сонсоод би мэл гайхаж хоцров. “Өр өвдөм?” “Ард түмэн?” Чи бас ийм үг хэлдэг байх нь ээ. Чиний тухай бодлоо эргэж харах хэрэгтэй юм байна даа.

Сон Ман миний ёжтой үгийг үл ойшоосон дүр эсгэж тун ч нухацтай харах нь түүнийг бүр ч өөр хүн шиг харагдуулах аж.

“Чи чинь юугаа л яриад байна даа? Ийм юм харчхаад зүгээр байна гэж бодоо юу? Би ч гэсэн солонгос хүн шүү. Ард түмнийхээ амссан зовлонг сонсчихоод уясалгүй яах юм бэ.”

Ингэж хэлснээ тэр гэнэтхэн урагш тонгойн над руу ойртож “Гэснээс чиний хөлөн дээрх сорви одоо ч хэвээрээ юу?” гэж шивнэх шахам асуулаа.

Би бүр гайхаш тасарч орхив. “За, бас юугаа яриад унав даа?”

“Баруун билүү зүүн хөлөн дээр чинь зоосны чинээ сорви байдаг даа. Түүнийг л ярьж байна шүү дээ. Тэр чинь одоо ч байгаа юу?”

“Байлгүй хаачих вэ. Би ямар хусаж арилгаж чадах биш.”

“Ашгүй дээ. Бүрэн бүтэн, хэвээрээ байгаа юм байна.”

Сон Маны нүүрэнд баярын мишээл тодорсноос харахад миний хөлөн дээрх сорвинд нэг чухал учир бий болж таарав. Мань эр гэнэтхэн дуугаа намсгаж “Хэрвээ бүх зүйл сайнаар эргэвэл хоёулаа амьдралаа өөрчилж чадна” гэлээ.

Өнөөхөө л ярьж байх шив гэж би халуун цай оочлонгоо хөмсөг зангидан бодлоо. Гурван жилийн өмнө Содэмүний шоронгоос суллагдсанаас хойш Сон Ман энэ үгээ байсхийгээд л ярих болсон тул би сонсож залхаад байв. Хэрвээ бүх зүйл сайнаар эргэвэл хоёулаа амьдралаа өөрчилж чадна... Бүх зүйл сайнаар эргэж бидний амьдрал өөрчлөгдсөн юм одоогоор лав алга. Хэрэв тэгсэн сэн бол би ариун цэврийн өрөө цэвэрлэж, Сон Ман хөлсний жолооч хийж явахгүй байхгүй юу.

“Цаадхаа хар даа! Ямар ч өрөвдмөөр юм бэ дээ!” гэж Сон Ман уулгалаад дэлгэц рүү заалаа. Гучин жил төөрөлдсөн гэр бүл эргэн уулзаж, бие биенээ тэврэн уйлалдах агаад “Оллоо! Оллоо!” гэж ам амандаа бувтнах аж. Сон Маны царай өрөвдөж хөөрхийлсөн гэхээсээ илүүтэй гэгэлзэж догдолсон янзтай улаа бутарч харагдана. Тэрхэн агшинд би түүнийг тэс өмнөө хүн шиг аашилж, зовсон ард түмнийг өрөвдөөд байсны цаад учрыг олох шиг болов.

“Манай эзнийг санаж байгаа биз дээ? Нарийндаа хатсан өвгөн байдаг гэж би чамд мянгантаа ярьсан даа” гэж Сон Ман сая л нэг гол яриандаа оров. Сон Манаар жолоогоо бариулдаг дал эргэм насны тэр өвгөн Японы дарангуйлал нуран унасны дараахан гучин наймдугаар өргөргийг давж Өмнөдөд ирсэн хойд солонгосчуудын нэг юм гэдэг. Тэрбээр хуруу хумсаа хугалах шахан зүтгэж байж хэдэн тэрбумаар тоологдох хөрөнгөтэй болсон ч харамч гэж жигтэйхэн, аяга цайны мөнгөнд хүртэл гар татдаг тухай Сон Ман надад улиг болтол ярьсан сан. Өвгөн Чонро дүүрэгт хэд хэдэн барилга эзэмшдэг бөгөөд тэндхийн түрээслэгчдээс мөнгө хүүлж сурсан нэгэн аж. Сон Ман түүнийг үргэлж л хорголоо тоолсон өвгөн гэх агаад цалин хөлс өгөхдөө гар татуугийн дээр хоолны мөнгөнд хүртэл харамч хахир аашилдаг гэнэ. Эзэн нь түүнд илүү ч үгүй дутуу ч үгүй ганц аяга хар шоштой шөл авах мөнгө л өгдөг аж.

“Бод доо. Өгсөн мөнгөөр нь ердөө ганц аяга хар шоштой шөл л авч хүрдэг юм. Хоёр аяга шөл авчих мөнгө нэг ч удаа хялайлгаж байгаагүй. Түүн шиг харамчийн хар тулам лав хорвоо дээр байхгүй дэг ээ” гэж Сон Ман байнга л шогширно. Тэгсэн атлаа л гэнэт баяжих хүслээ хүртэл огоорон гар нь тэнийдэггүй харамч эзэндээ олон жил зүтгэж ирснийг нь би гайхаад гайхаад бардаггүй байлаа. Нэг удаа би түүнээс тийм харамч хүнд хөдөлмөрөө мөлжүүлж байснаас өөр ажил олж хийвэл дээргүй юу гэж асуусанд “Чи мэдэхгүй байна. Жан Сон Манд бодсон юм бий” гэж хариулж билээ.

“Манай эзэнд төрөл төрөгсөд гэх хүн байхгүй. Эхнэр, хүүхэд ч үгүй. Аав, дүү нар нь Хойдод үлдсэн, амьд үхсэнийг нь ч мэддэггүй гэнэ лээ.. Өмнөдөд ирээд нэг бүсгүйтэй ханилсан ч дайны хөлөөс зугтаж яваад эхнэр нь зуурдаар нөгчиж, тэр үед тав орчим настай байсан ганц хүү нь төөрчихсөн юм гэдэг. Таалал төгслөө гэхэд тахилын ширээг нь засах хүнгүй л амьтан шүү дээ хөөрхий. Хожим нэг хүүхэнтэй хэсэг хамт амьдарсан гэнэ лээ. Гэвч цаадах нь хүний алга тэнийлгэж мэддэггүй харамч хахир өвгөнийг тэвчиж чадалгүй хаяад явсан гэдэг. Түүнээс хойш дахиж гэрлэх талаар бодоо ч үгүй байх шүү. Тэгэхээр юуны тулд тийм бирдийн доромжлолыг өдий болтол тэсэж ирснийг минь чи ойлгоо байлгүй. Жан Сон Ман би зүгээр ч нэг тэсэхгүй шүү. Хэрэв бүх зүйл сайнаар эргэвэл миний амьдрал орвонгоороо өөрчлөгдөнө. Бодоод үз л дээ. Өчнөөн хөрөнгө хураалаа гээд үхэхдээ түүнийгээ аваад явж чадах биш.”

Тэгэхээр Сон Ман эзэн нь үхэхээсээ өмнө өв хөрөнгөнөөсөө өчүүхнийг ч атугай өгч юуны магад гэсэн итгэл тээж яваа ажээ. Мань эр ялзарсан жимс өөрөө газарт унаж ирэхийг амаа ангайн хүлээж буй болж таарав. Итгэлийг нь олох гэж байдгаараа хичээгээд бүтэлгүйтсэндээ шаралхсан тэрбээр эзэн өвгөнөө энэрэх сэтгэлгүй “чулуун зүрхтэн” хэмээн харааж явдаг билээ. Нэг удаа тэр бухын доодхыг харж үнэг турж үхэв гээч болж буй тухай гомдоллон ярьсан юм. Тэгээд миний сорвийг ашиглах мэргэн санаа бодож олжээ. Чухам яаж ашиглах гэж буй нь надад тун ч сонирхолтой байв.

“Аан гэж бай. Манай эзэн ойрд энэ ‘Төөрөлдсөн гэр бүлээ ол’ нэвтрүүлгийг үзээд шөнө ч унтаж чадахаа больсон” гэж Сон Ман хэлээд нүдээ ирмэв. “Орой болгон урдаа нэг сөжү тавьчхаад л уйлан хайлан үзэж гарна шүү дээ. Тийм хатуу сэтгэлтэй хүнийг тэгтлээ уясах юм чинээ хэн санах билээ.”

“Тэгээд наадах чинь миний хөлөн дээрх сорвитой ямар хамаатай юм?”

“Наадхыг чинь л ярих гээд байна шүү дээ. Эхнэр, хүүхдээ дайны үеэр алдсан гэж урьд нь би чамд ярьж байсан даа. Уг нь хүүгээ үхсэн гэж бодож явсан юм билээ. Харин сүүлийн үед төөрөлдсөн гэр бүлүүд эргэн уулзаж байгааг телевизээр хараад бодлоо өөрчилж эхэлсэн бололтой. Хэрвээ хүү нь амьд байгаад, хаа нэгтэйгээс хүрээд ирвэл яах вэ? Ганц шөнийн дотор тэрбумтан болж амьдрал нь орвонгоороо өөрчлөгдөнө шүү дээ.”

“Тэгээд юу гэж? Тэр тийм баярлахаар хэрэг гэж үү? Чиний хүртэх ёстой хувь тэр чигтээ хүнийх болно гэсэн үг шүү дээ.”

“Аан гэж бай, Хөнь Нам аа. Би чамд ямар санал тавьж байна вэ гэхээр чи манай эзний хүү болчих. Ямар вэ дээ?” гэж Сон Нам дуугаа улам намсган өгүүлээд эргэн тойрноо сэрэмжтэй харав.

Би гайхаж цочирдсондоо түүнийг хараад таг гөлөрч орхилоо.

“Манай эзэн тэр үед таван настай байсан хүүгийнхээ талаар тийм ч их зүйл санахгүй байгаа. Гэхдээ хүү нь зүүн хөлөн дээрээ сорвитой талаар өчигдөр надад хэлсэн юм. Тэр даруй миний толгойд юу харвасан гэж бодно? Жинхэнэ сод санаа! Хүүхэд байхад чиний хөлөн дээр сорви байдаг байсныг санахгүй юу. Тэгээд л ‘Тэнгэр бурхан надад боломж хайрлаж байгаа ч юм билүү хэн мэдлээ’ гэж бодсон.”

“Байз. Миний нэрийг Ким Хөнь Нам гэдэг байхад би яаж тэр өвгөний хүү болох юм бэ? Надтай адилхан нэртэй биш биз дээ?”

“Хөөе, наад толгойгоо ажиллуул. Санаснаа гүйцэлдүүлье гэвэл толгойгоо ажиллуулах хэрэгтэй” гэж Сон Ман унтууцан хэлээд толгойгоо тогшив. “Асрамжийн газрынхан нэрийг чинь сольчихсон гэхгүй юу. Өнчин өссөн чинь үнэн юм хойно. Түүнтэй маргах хүн үгүй биз дээ, аан?”

“Чи үнэнээсээ яриад байгаа юм уу?”

“Тэгээд худлаагаасаа байх уу? Цэвэрлэгч хийж явснаас л дээр шүү дээ. Төлөвлөснөөр болохгүй байсан ч чи бид хоёрт алдах юм байх биш. Буруутгах хүн ч байхгүй.”

“Тэгэхээр чи миний зүүн хөлөн дээрх сорвийг үнэ хүргэж зарах гэж байгаа юм биз дээ? Хонгон дээр түүнээс ч том сорви бий юм сан. Түүнийг зарвал илүү ашигтай биш үү?”

“Чшшш гэм! Наад дуугаа аяд. Хүн сонсох нь байна” гэж Сон Ман яаран хэлээд миний амыг дарах гэж оролдов. “Бүтэшгүй санаа гэдгийг нь мэдэж байна л даа. Гэхдээ л үзээд алдмаар байна. Үнэндээ яаравчлахгүй бол горьгүй болсон. Манай эзэн саяхан эхнэр авсан.”

“Эхнэр авсаан? Дал хүрэх гэж байж дахиад гэрлэсэн хэрэг үү?”

“За, би чамд сайхан тайлбарлаад өгье. Манай эзний зүрх байнга өвддөг юм. Тэгээд хэдэн жилийн өмнө нэг бэлэвсэн авгайг асрагчаар ажилд авсан юм л даа. Өнөөх нь эгээ л эхнэр нь юм шиг өдөр шөнөгүй дэргэд нь байж, өр ширийг нь хүртэл цуглуулдаг болсон. Энгийн нэг эмэгтэй биш болохоор эзний маань толгойг эрх хав шиг эргүүлж байж мэднэ гэж би сэрддэг байсан л даа. Гэтэл бүр эхнэр нь гээд бүртгүүлчихсэн байсныг хэд хоногийн өмнө л мэдлээ. Яаж тэгсэн юм бүү мэд. Одоо тэд албан ёсоор эхнэр нөхөр болсон! Их санасан газар есөн шөнө хоосон хонов гээч нь л болох гээд байна. Энэ олон жил би шал дэмий зүтгэсэн болж таарлаа. Үүн шиг шударга бус, уур хүрмээр зүйл гэж байх уу?”

“Аан, чиний санааг одоо л ойлголоо. Хаанаас ч юм эхнэр гараад ирж болсон байхад хүү гарч ирж болохгүй нь юу байх вэ.”

“Би тоглоогүй байна аа. Миний яриа утгагүй санагдаад байвал тэр дэлгэц рүү харахгүй юу. Амьдрал гээч өөрөө л холион бантан шүү дээ. Хүмүүс гэж хорвоогийн тоосыг хөдөлгөж яваа хөөрхийлөлтэй амьтад. За тэр яах вэ, манай эзэн одоо тийм ч удаан амьдрахгүй. Түүнийг нас барахаар тэр их хөрөнгө нь хэнд очно гэж бодож байна? Үнэг шиг зальтай өнөө авгайд л очно шүү дээ! Тэгвэл бид яагаад авч болохгүй гэж? Тэр их хөрөнгөнөөс жаахныг авахад буруу юм юу байна аа?”

Сон Маны тавьсан солиотой ч гэмээр санал сэтгэл хөндүүрлүүлсний дээр уур цухал ч юм шиг, уй гуниг ч юм шиг жигтэй мэдрэмж бул хар чулуу шиг цээжин дээр дараад үг ч дуугарч чадсангүй. Үнэндээ эхнэр маань намайг энэ нэвтрүүлэгт орж эцэг эхээ эрж ол гэж олон удаа ятгасан юм. Харин надад тэгэх хүсэл огт байхгүй. Төөрөлдсөн аав ээж, ах дүү нартайгаа уулзаж байгаа хүмүүсийг харахаар уур хүрэхээс хэтэрдэггүй юм.

Дайн боллоо гээд үр хүүхдээ орхиж болно гэсэн үг биш шүү дээ. Тэгээд ч гучин жил юу ч болоогүй юм шиг явж байснаа гэнэт л нэг өдөр бөөн сүр болон уулзаж нус нулимсандаа хутгалдах ямар хэрэг байна аа? Дайны цагт хүн бүр амиа авч гарах гэж тэмцэж явсан байх л даа, гэхдээ тэглээ гээд аав ээж, ах дүүсээ хөсөр хаяж болно гэж үү. Хэрэв тэгэхэд хөсөр хаяагүй бол ийм олуулаа төөрөлдөхгүй л байсан шүү дээ. Би ингэж л боддог юм. Тийм ч учраас олон жилийн дараа усан нүдэлсээр уулзаж буй хүмүүсийг харах онцгүй байдаг. Гурван арваныг тусдаа элээж, гудамжинд таарвал танихгүй зөрж мэдэхээр болсон хүмүүст нэгнийгээ гэх сэтгэл, нулимс үлдсэн байдаг нь хачирхмаар. Цусан төрлийн холбоотой хүмүүс гэдгээ сорви мэтийн барьцгүй зүйлээр “баталмагцаа” цугаараа тэврэлдэн уйлаад байдгийн учрыг л ойлгодоггүй юм. Адилхан сорвитой хүн алийг тэр гэх вэ дээ. Тийм болохоор л би тэр нэвтрүүлгийг үзэх дургүй. Түүнээс болж эхнэртэйгээ хэд хэдэн удаа муудалцсан түүх ч бий. Эхнэр маань харин өдөр шөнөгүй зурагтынхаа өмнө наалдчихаад уйлан хайлан үздэг юм.

Намайг яагаад эцэг эхээ олох дургүй байдгийг манай эхнэр лав ойлгоогүй биз ээ. Үнэнийг хэлэхэд би өөрөө ч учрыг нь сайн хэлж мэдэхгүй л байна. Надад хэзээ ч тийм аз тохиохгүй гэсэн бодол тархинд бат суучихсантай холбоотой ч байж магадгүй. Тэгээд ч нэр, насаа ч тодорхой мэдэхгүй байгаа хүн аав ээж, ах дүүсээ олж чадна гэж үү?

Маргааш өглөө нь би эртлэн босож Евидо дахь телевизийн байр руу явлаа. Удтал эргэцүүлсний эцэст Сон Маны төлөвлөгөөг дагаж дүр эсгэхээр болсон нь тэр. Чухам яагаад тэгж шийдсэнээ би одоо ч сайн мэддэггүй юм. Магадгүй миний дотор ч бас гэнэт баяжих хүсэл нуугдаж байсан байж мэднэ. Эсвэл зүгээр л эргэж уулзлаа гээд уйлаан майлаан болдог улсыг дэргэдээс нь харж чимээгүй шоолох гэсэн хүслээс үүдсэн ч байж болох юм. Ямартаа ч тэр өдөр би өвдсөн гэж ажлаасаа чөлөө аваад, эхнэртээ ч хэлэлгүйгээр телевизийн байр руу явж билээ. Телевизээр гарч байгаад баригдаж магадгүй гэж бодсон ч тэр үед нь санаа тавихаар шийдлээ. Ингээд цаасан дээр том үсгээр зар бичиж авав.

ЭЦЭГ ЭХЭЭ ХАЙЖ БАЙНА. ХЭНИЙХ НЬ Ч НЭРИЙГ МЭДЭХГҮЙ. СОЛОНГОСЫН ДАЙНЫ ҮЕЭР ЗУГТАЖ ЯВААД ТӨӨРӨЛДСӨН БАЙХ МАГАДЛАЛТАЙ. НЭР: КИМ ГВАН И. НАС:37(?). ЖИЧ: ЗҮҮН ХӨЛӨН ДЭЭРЭЭ СОРВИТОЙ.

Үүнийг Сон Ман надад хэлж бичүүлсэн юм. Тохиолдлоор ч гэх үү, эзнийх нь төрсөн хүү Ким Гван И надтай насаар ойролцоо болж таарлаа. Сон Маны төлөвлөгөө ёсоор би зараа барьж зурагтаар гарах агаад өвгөн түүнийг үзэх байв.

Евидод ирээд нэвтрүүлэгт орох ээлжээ хүлээн урт дараалалд зогсож байхдаа төөрөлдсөн гэр бүлээ эрж цээжний гүнээс сүүрс алдан, нулимс дуслуулах хүмүүсийг хараад өөрийнхөө бичсэн зард эргэлзэх бодол төрлөө. Нэг талаар үнэн бол сайхан аа гэж хүсэж, нөгөөтэйгүүр үл таних Ким Гван Игийн өмнө гэмших сэтгэл төрж байв. Тиймээс нэрийг нь дарж байгаад том үсгээр КИМ ХӨНЬ НАМ гэж бичмээр санагдана. Олон цаг хүлээсний эцэст өвдөг бохирч суугаад өөрийнхөө нэрийг бичих гэж байтал миний дугаарыг дуудах нь тэр. Ингээд Ким Гван И болж аавыг нь хайхаас өөр аргагүй боллоо.

Хачирхалтай нь зурагтаар гарсны дараахнаас эхлээд жинхэнэ ааваасаа сураг чимээ хүлээж буй мэт зүрх догдолж, ам аргаад болсонгүй. Маргааш нь Сон Нам над руу залгав: “Байна уу? Ким гуайн гэрийн утас мөн үү? Ноён Ким Гван Итэй ярьж болох сон болов уу?”

Би түүнийг надаар даажигнаж байна гэж бодоод “Ким Гван И гэнэ шүү! Чи Сон Нам л биз дээ?” гэвэл нөгөөх маань миний үгийг сонсоогүй царайлж “Өө, та Ким Гван И юу? Зурагтаар гарсан хүн мөн биз? Тантай нэг хүн ярья гэнэ ээ. Харилцуураа түр барьж байгаарай, би түүнд дамжуулаадахъя” гэв.

Тэр даруйд би юу болоод байгааг ухаарлаа.

“Би... Би таны зарыг зурагтаар хараад ярьж байна аа...” гэсэн баргил дуу харилцуурын цаанаас гарав. Хойд солонгос аялгатай аж. “Таны нэрийг үнэхээр Ким Гван И гэдэг юм уу?”

“Тийм ээ эрхэм ээ, намайг Ким Гван И гэдэг” гэж би хариулаад ажиггүй худал хэлсэндээ өөрөө ч гайхав.

“Миний хүүг ч бас Ким Гван И гэдэг юм... Зүүн хөлөн дээрээ сорвитой гэж үнэн үү?”

“Үнэн байлгүй яах вэ. Ийм юмыг яах гэж худал хэлэх билээ?”

“Өөр санаж байгаа зүйл байна уу?”

“Өө, бараг л байхгүй дээ... Би их жаахан байсан юм...”

Өвгөн өөр асуулт асуух эсэхээ шийдэж ядан өөртэйгээ зөвлөх мэт удтал дуугүй байснаа

“Тэгвэл хоёулаа нэг уулзаж үзвэл ямар вэ?” гэлээ.

“Хаана уулзах вэ? Телевизийн байранд уу?”

“Өө, тэр дэмий байх. Эхлээд баттай болгомоор байна. Тийм болохоор камергүй газар уулзъя. Та над дээр хүрээд ирж чадах уу? Би тан руу унаа явуулаад авхуулчихъя.”

Надад ч бас камерын өмнө уулзах хүсэл байгаагүй болохоор түүний байгаа газарт очихоор боллоо. Намайг авчруулахаар явуулсан жолооч нь мэдээж Сон Нам. Мань эр магнайгаа хагартал баярласан харагдана.

“Намайг танихгүй царайлна шүү, мэдэв үү? Бидний төлөвлөгөө бүтэх эсэх нь чиний хэр сайн жүжиглэхээс л хамаарна. Зурагтаар гардаг хүмүүс шиг энгэрт нь наалдаад л эхэр татаад бай” гэж сэтгэл нь хөдөлсөн Сон Ман эзнийхээ машинаар намайг ирж авахдаа сургамжиллаа. Харин би үнэмшилтэй жүжиглэж чадах эсэхдээ эргэлзэж явав. Энэ бүх хуйвалдаан удахгүй илчлэгдэх юм шиг санагдан айдас төрөх аж. Үүний зэрэгцээ төлөвлөгөөгөө нураачихгүй юм сан гэсэн этгээд бодол дотроос хатгаж байлаа.

“Нөгөө миний яриад байсан авгайгаас болгоомжлоорой. Хялбар дийлдэх хүн биш шүү. Гахай шиг сувдаг, үнэг шиг зальтай амьтан байгаа юм. Ахиад О гуай гэж дуудвал ална тална гэж намайг сүрдүүлсээр байгаад О авхай гэж дуудуулдаг болсон гээд л бодчих. Байдаг л нэг авгай биш гэж би чамд хэлээд л байгаа шүү.”

Сон Ман намайг нүүрэн дээрээ хятад хоолны газар, кофены мухлаг, цэнгээний газар зэрэг зүсэн зүйлийн хаяг замбараагүй хадсан дөрвөн давхар хуучин барилгын гадаа авчирлаа. Сөүлийн төв цэг болсон Чонро дүүрэгт байрлах эл барилга үзэмж муутай ч үнэтэй гэнэ. Сон Маны ярьснаар эзэн өвгөнд нь иймэрхүү барилга хэд хэд байдаг аж. Гэвч үнэдээ нийцэмгүй элэгдэж хуучирсан хана, эвдэрхий модон шалтай эл барилга өдрийн цагт ч уулын агуй шиг харанхуй байх авай. Сон Маныг дагаж нарийхан шатаар өгссөөр хамгийн дээд давхарт нь гарвал наамал хавтангаар тусгаарласан өрөөнүүд угтлаа. Агуулах гэмээр тав тух муутай булангийн өрөөнд эзэн өвгөн ажил, амьдралаа аялуулж суудаг бололтой.

Хаалгаар орохын өмнөхөн Сон Ман надад “Чиний нэр Ким Хөнь Нам биш Ким Гван И гэдгийг бүү мартаарай. Ким Гван И шүү. Ойлгов уу?” гэж нам дуугаар ахин дахин санууллаа. Хэчнээн төв царайлавч харц нь тогтож өгөхгүй гүйлгэнэх түүнийг хараад би инээд алдчихав.

“Хүүе ээ, амь амьдрал шийдэгдэх гэж байхад юуны чинь инээхтэй манатай. Царайгаа төв болгоод, анхаарлаа төвлөрүүл. Бүх зүйл чамаас шалтгаална гэдгийг бүү мартаарай” гэж Сон Нам сүүлчийн удаа сануулаад хаалга зөөлөн тогшлоо. Долоон метр квадратаас томгүй, гудамж руу харсан халтар цонхтой, гундуу өрөө угтав. Өрөөнд нэг бичгийн ширээ, төмөр шүүгээ, хир даг болсон савхин буйдан, ханын жижиг самбар байх аж. Үзэмж муутай хаалгаар тусгаарласан өөр нэг өрөө байх агаад эзэн өвгөн тэнд амьдардаг бололтой.

“Эзэнтээн, би ирлээ” гэж Сон Ман хаалганы зүг хашхирав. Тэгтэл хаалга онгойж тэрбумтан гэхээргүй навтархай хувцасласан, нүдний шилтэй намхан өвгөн гарч ирлээ. Түүнийг анх харснаа эргэн санахул ширээ ч юм уу юу ч юм арчиж асан чийгтэй даавуугаа гартаа бариад зогсож байсан нь санаанд тодхон буудаг юм. Үс, сахал нь бууралтсан тэрбээр өвгөжөөр хүнд баймгүй хурц нүдтэй байж билээ.

“Чамайг үнэхээр Ким Гван И гэдэг юм уу?” гэж өвгөн үл итгэсэн янзтай асуугаад, нүдний шилнийхээ цаанаас намайг гүйлгэн харав. Би тэвдэхгүй байхыг хичээж гүнзгий амьсгаа аваад “Тийм ээ. Миний санаж байгаа ганц зүйл энэ” гэж хариуллаа.

“Тийм бий. Тэгвэл оймсоо тайлаад хөлөө харуулж болох уу?” гэж өвгөн асуугаад хантаазныхаа халааснаас өөр нэг шил гаргаж ирэв. Хоёр шил давхарлан зүүж хөлөн дээрх сорвийг маань хянамгай гэгч нь ажиглаж байснаа над руу сэжиглэнгүй харж “Үүнээс өөр сорви байхгүй юу?” гэж асуулаа.

Хонгон дээрх сорвиныхоо талаар хэлэх үү яах уу гэж хэсэг эргэлзсэний эцэст би “Аа... юу... байхгүй...” гэж худал хариулаад өөрийн мэдэлгүй улайж орхилоо. Өвгөний ард зогссон Сон Маны царайд түгшүүр тодрохыг үзвэл бидний төлөвлөгөө буруугаар эргэж буй бололтой. Мань эр намайг өвгөний энгэрт наалдаад уйл гэж дохих аж. Гэвч би асрамжийн газраас явснаасаа хойш огт жүжиглээгүй тул модон өмд өмссөн юм шиг л зогсож байв.

“Жан, чи түр гараад хүлээж бай. Байж байгаад дуудъя” гэж өвгөн Сон Манд хэллээ.

Сандарч түгшсэн Сон Маныг гарсан хойно өвгөн нуруугаа цэхлээд нүдний шилнийхээ цаанаас намайг бүр ч сэрдэнгүй харж байснаа “Гван И гэж чиний багын нэр яг мөн үү?” гэж асуув.

Би юу гэж хариулах учраа олж ядан эргэлзэж зогслоо. Өвгөний нэвт сүлбэх мэт харц үнэнийг илчилж орхих шиг санагдана. Ингээд бидний ур муутай төлөвлөгөө нурах шив. Үгүй байлаа гэхэд ийм зүйлээр хүн хуурсандаа өөрийгөө би хэзээ ч уучлахгүй биз ээ. Үнэнээ улайж өршөөл эрэх үү эсвэл үг дуугүй гараад явчих уу хэмээн өөртэйгээ зөвлөж зогстол өвгөн ярьж эхлэв. “Гван И гэдэг бол манай хүүгийн бичиг баримт дээр бүртгэлтэй нэр. Хэрвээ чи үнэхээр миний хүү мөн бол энэ нэрийг мэдэх учиргүй. Бид түүнийг багад нь өөр нэрээр дууддаг байсан юм. Өмнөдөд ирэхээсээ өмнө би Хамгён аймгийн Хөнь Нам боомтын ойролцоо амьдардаг байлаа. Хөнь Намын нүүлгэн шилжүүлэлт гэж зартай явдал болсон газар. Тэгээд хүүгээ тэр боомтын нэрээр нэрлэсэн юм.”

Хөнь Нам боомт оо? Хүүгээ тэр боомтын нэрээр нэрлэсэн гэв үү? Өвгөний ярьсан зүйл намайг балмагдуулж орхив. Гэнэт нүд харанхуйлж, бие сулбайгаад явчихлаа. Ухаан санаа дэн дун болоод өвгөний үг тээр хол сонстох аж. “Ийм юм асууж байгаад өршөөгөөрэй, гэхдээ өмдөө шувтлаад харуулж болох уу? Хүү маань хоёр настай байхдаа задгай зууханд түлэгдчихсэн юм. Хэрвээ чи миний хүү мөн бол хөлөн дээрхээс чинь том сорви хонгон дээр чинь байх ёстой...”

Хамаг бие салганан чичрээд хөлөө ч хөдөлгөж чадсангүй. Гайхсан өвгөн толгойгоо өргөн над руу харж “Юу болов? Бие чинь тааруу байгаа юм уу?” гэж асуулаа.

“Миний нэрийг... миний нэрийг Ким Хөнь Нам гэдэг” гэж би чичирхийлсэн хоолойгоор хэлэв. Өвгөн миний үгийг сайн ойлгоогүй бололтой “Юу гэсэн бэ? Нэрийг чинь хэн гэлээ гэнэ ээ?” гэж лавлалаа.

“Миний нэрийг Хөнь Нам гэдэг. Ким Хөнь Нам. Миний жинхэнэ нэр.”

Өөрөөр нь тоглож байна гэж бодсон уу яасан өвгөний ам ангайж өөдөөс таг гөлөрлөө.

“Энэ үнэн шүү. Тангараглая. Та өөрөө үз л дээ” гэж би хэлээд тэлээгээ тайлж өмдөө шувтлаад өвгөнд хонгоо харуулав. Энэ мөчид би өөрийн ухаанаа аль хэдийн алдчихаад байлаа.

“Харж байна уу? Сорви байгаа биз? Хуурамч биш жинхэнэ сорви. Би огт худлаа яриагүй. Энэ сорви хар нялхаас минь л байсан юм. Яаж яваад ийм сорвитой болсноо санахгүй байгаа ч ер нь бодоод байхад яах аргагүй түлэнхийн сорви байна. Гарцаагүй. Өөрөөр яаж ийм сорвитой болох вэ дээ?” гэж би ухаан самуурсан хүн шиг л урсгаж гарлаа. Би л ганцаараа буруу зүйл хийсэн гэж бодохгүй байна. Нарийн яривал над шиг ийм байдалд орсон хүмүүсийн хэд нь наадах цаадхыг ялгах сөхөөтэй байх бол? Өвгөн ч бас адилхан цочирдсон харагдана. Хонгон дээрх сорвийг маань хармагцаа харвасан хүн шиг салганаж эхлэв.

“Би... би нэг л ойлгохгүй байна. Сая ярьсан зүйлээ дахиад нэг аажуухан хэлээд өгөөч?”

“За тэгье. Намайг Ким Хөнь Нам гэдэг. Ким Гван И миний жинхэнэ нэр биш. Би танд худлаа ярьсан юм. Үнэндээ би нэрээ ч баттай мэдэхгүй. Хүмүүс намайг хар нялхаас минь л Хөнь Нам гэж дууддаг байсныг санадаг. Асрамжийн газрынхан намайг ингэж нэрлээгүй. Тэгэхээр энэ миний жинхэнэ нэр байж таарна. Одоо ойлгож байна уу, эрхэм ээ? Үгүй ээ, аав аа?”

“Тэгэхээр чи өөрийгөө... миний хүү Хөнь Нам байж магадгүй гэж таамаглаж байгаа юм уу?”

“Энэ бол таамаг биш, үнэн. Та миний иргэний үнэмлэхийг үз л дээ. Ким Хөнь Нам гэж байгаа биз? Харж байна уу?”

Өвгөн миний иргэний үнэмлэхийг авч эргүүлж тойруулан удтал харав. Жинхэнэ мөн эсэхийг шалгаж буй бололтой. Тэгснээ царай нь хувхай цайгаад ирлээ.

“Б... Байзаарай. Би жаахан суугаадахъя. Миний зүрх... муу юм...”

Өвгөний толгой эргэсэн бололтой, сандлаа тэмтэчсээр сууж авлаа. Тэгснээ над руу ширтэн нэг хэсэг дуугүй суув. Гэвч нүднийх нь харц над дээр биш миний үл мэдэх алс холын газрыг хараачилж буй мэт оргүй хоосонд тусах аж. Ухаан нь самуурчхаагүй байгаа гэж би түгшин бодлоо.

Өвгөн удтал гөлөрч сууснаа огтоос төсөөлж байгаагүй үйлдэл гаргах нь тэр: салганасан гараараа шүүгээ уудалж алтан хүрээтэй, элэгдэж хуучирсан бугуйн цаг гаргаж ирэв. Өнөө цагаа нэг илж үзсэнээ ээдэрсэн хэлээр ийн ярьж эхэллээ: “Энэ цаг тийм ч үнэтэй харагдахгүй байж мэднэ, гэхдээ надад юу юунаас эрхэм эд байгаа юм. Гучин таван жилийн өмнө гэрээсээ явахдаа авч гарсан ганц зүйл минь энэ...”

Өнгөрсөн амьдралынхаа талаар уйтгартай яриа дэлгэх өвгөнийг хараад би яагаад гэнэтхэн бугуйн цагны талаар яриад эхэлснийг нь гайхаж зогслоо. Төрсөн хүү нь байж мэдэхээр хүн өмнө нь зогсож байхад цаг мэтийн зүйл тийм чухал гэж үү? Арай ухаан санаа нь уймраад юу ярьж буйгаа мэдэхгүй байгаа юм биш биз дээ?

“Би аав, өвөө хоёр шигээ айлын ганц хүү байсан юм. Гэхдээ би аавынхаа өмнө уучилж болшгүй нүгэл үйлдсэн. Японы дарангуйлал нуран унахаас өмнө би найз бүсгүйтэй болсон байлаа. Тэр маань Сөүлд амьдарна. Гэтэл биднийг гучин наймдугаар өргөргөөр хуваачих нь тэр. Гэрийнхэн маань намайг өөр бүсгүйтэй суулгах гэж шахах болсон тул би Сөүл рүү оргохоор шийдсэн юм. Өөрт минь сохор зоос ч байгаагүй болохоор аавын цагийг хулгайллаа. Тэр үед бугуйн цаг нүдний гэм байсан болохоор үнэ сайн хүрдэг байв. Түүнээс гадна аав маань цагандаа хайртай гэж жигтэйхэн. Тэгэхэд би Сөүлд очиж их мөнгөтэй болон эргэж ирээд ааваасаа өршөөл гуйхдаа цагийг нь эргүүлж өгнө гэж бодож явсан юм. Гэтэл дайн дэгдэж бодсоноо гүйцэлдүүлж аав ээжээсээ өршөөл эрэх боломжгүй болсон...” гэж өвгөн яриад амьсгаа нь давхцаж нүүр нь улам цонхийлоо. “Сөүлд ирсэн даруйдаа цагныхаа ид шидийг үзсэн шүү. Хоёр ч удаа аргаа барахдаа барьцаанд тавиад мөнгө зээлж билээ. Гэхдээ хэзээ нэгэн цагт аавтайгаа уулзаж өршөөл эрнэ гэсэн итгэл минь хэвээр байсан болохоор мөнгөтэй болмогцоо л буцааж авсан даа...”

Тоос дарж халтартсан цонхоор оройн нарны ёлтгор гэрэл тусна. Өрөөнд өвгөний амьсгаадан ярих дуунаас өөр анир чимээ үгүй. Би ч бүлх залгисан юм шиг л дуугүй байлаа. Ерөөс юу ч ярих билээ. Болж буй бүхэн бодит явдал биш, зүүд юм шиг л санагдана.

“Өдийг хүртэл орь ганцаархнаа Сөүлд амьдрах гэж хэчнээн зовсныг хэлэх ч юм биш. Эхнэрээ өнгөрсний дараахан ганц хүүгээсээ хагацаж, амьдрах хүсэл ч үгүй болсон. Тэглээ гээд яах ч билээ? Үргэлжлүүлээд амьдрахаас өөр аргагүй... Намайг харамч хахир, хүйтэн чулуун зүрхтэй гэж хэлдэг хүмүүс миний талаар үнэндээ юу ч мэдэхгүй шүү дээ. Эхнэр хүүхдээ алдаж, ах дүүсээсээ салсан хүн чинь хэндээ ч итгэх билээ. Мөнгө л миинй гэр бүл, эцэг эх, үр хүүхэд болдог байлаа. Гэхдээ... өтөлж хөгшрөөд атигар жижигхэн өвгөн болсон хойноо эргээд бодоход энэ бүхэн утгагүй санагдах боллоо... Хуруу хумсаа хугалах шахан байж хурааж цуглуулсан хөрөнгө маань хэнд ч хэрэггүй зүйл байж...” гэж өвгөн харууссан янзтай хэллээ. Тэгтэл хаалга онгойж тавь эргэм насны эмэгтэй орж ирэв. Нүүрэндээ зузаан энгэсэг түрхсэн нь нас намбанд нь үл зохицох аж. Сон Маны яриад байсан О авхай гэгч мөн болохыг би зөнгөөрөө мэдэрлээ. Авгай хаалгаар хөл гишгэв үү үгүй юу

“Төвөг цаашаа. Дахиж л явах юм биш. Муусайн шаарнууд надтай муур хулгана болчих юм. Тэр өөдгүй амьтдаас яаж мөнгөө буцааж авна аа?... Авах болохоороо бөхийчхөөд өгөх болохоороо гэдийхийг нь яана” хэмээн тачигнаж гарлаа. Өр нэхэж яваад ирсэн нь илт. Авгай ямар нэгэн жигтэй зүйл болсныг анзаарсан янзтай, над руу сэрдэнгүй хараад “Энэ залуу чинь хэн бэ?” гэж асуулаа.

“Хэн л байв гэж. Надаас... юм гуйж ирсэн юм” гэж өвгөн жишим үгүй хариулсан ч тэвдсэнээ нууж чадсангүй. Тэгснээ “Би жаахан бодох хэрэгтэй байна. Маргааш өглөө ярилцъя. Ойлгов уу? Чи маргааш өглөө хүрээд ирж чадах уу? ...” гэж яаран хэллээ. Ярьсан зүйлээ авгайд мэдэгдэхийг хүсэхгүй байгаа нь илт.

“За тэгье. Би маргааш ирье. Амлая...” гэж би хариулав. Аав аа гэж хэлэх гэснээ авгайтай харц тулж амаа хамхилаа. Өвгөнд мэхийн ёслоод өрөөнөөс гаран гартал хоёр хөл салганасаар л байлаа. Гэтэл өвгөн араас гарч ирээд “Өнөөдөр ярьсан зүйлээ хэнд ч бүү хэлээрэй. Маргааш уулзаад үнэн мөнийг баталгаажуулъя. Түүнээс өмнө хүмүүст мэдэгдчихвэл асуудал үүснэ шүү... Ойлгов уу?” гэж аяархан хэлэв.

Анивчаа жижигхэн нүдэнд нь айдас түгшүүр, эргэлзээ, шаналал зэрэг тодрохыг ажаад би үг дуугүй толгой дохилоо. Өвгөний үг ямар учиртай болохыг ойлгож байсан тул амлалтдаа хүрэхээр шийдэв. Шатны хонгилд нуугдан намайг хүлээж зогссон Сон Манд ч болсон явдлын талаар ам нээсэнгүй. Сон Ман намайг хармагцаа гараас шүүрэн авч “За юу болов? Алив, бушуухан хэл л дээ. Төлөвлөгөө нурчихсан уу? Эсвэл бүтэмжтэй юу? Хуурсныг мэдсэн бол цаад өвгөн чинь чамайг ингээд явуулахааргүй л хүн дээ. Юу асууж байна? Бид хоёрын хуйвалдсаныг мэдсэн гэж л бүү хэлээрэй” хэмээн ааг амьсгаагүй шалгааж гарлаа.

Би түүнд маргааш өглөө дахиж уулзахаар болсон гэдгээс өөр юу ч хэлсэнгүй. Тэгээд зуурсан гарыг нь тавиулж харанхуй даасан шатны хонгилоос гарч ирвэл жаргаж буй нарны туяа нүд гялбуулан угтав. Би гучин жил туулж үл барах түнэр харанхуй хонгилд хоригдож байгаад гарч ирсэн юм шиг л гүнзгий амьсгаа авлаа.

Тэр шөнө би унтаж чадсангүй. Эртхэн хажуулж байж л маргааштай хурдан золгоно гэдгээ мэдэж байсан ч нойр хүрч өгөхгүй л байлаа. Сүүлдээ уур ч хүрэх шиг. Эхнэр, охин хоёр минь хажууд жигд амьсгалан нойрсоно. Унтаж буй эхнэрээ сэрээж өдөр болсон бүхнийг ярих гэсэн хүслээ арайхийн дарав.

Хэсэгхэн дугхийчих санаатай харанхуйд зүдэрч хэвттэл хүүхэд байхдаа сургуулиас дэглэсэн жүжигт тоглосон маань санаанд орлоо. Өнөөх муухай явдал сэтгэлд ургахад энэ бол жүжиг биш бодит амьдрал гэж өөртөө сануулав. Гэвч ийм зүйл амьдрал дээр тохиолдсонд итгэж чадахгүй хэвээр л байлаа. Очиж очиж надад ийм аз тохионо гэж үү? Гэнэт сугалаанд хожчихвол яах вэ гэж би өөрөөсөө байсгээд л асуудаг юм. Хэрэв тэгэх юм бол шууд галзуурна гэж өөртөө хариулдаг сан. Гэтэл өнөөдөр тохиосон үйл явдлын дэргэд сугалаанд хожих мэт шалихгүй хэрэг байж шүү. Маргааш арай нар мандахаа больчих юм биш биз? Эсвэл дэлхий сөнөчихгүй байгаа?

Аав ээжээсээ өнчирч хоцорсноос хойш өнөөг хүртэл туулсан аз заяагүй амьдрал минь элдэв уран төсөөлөлтэй холилдон нүдний өмнүүр хөврөхөд жинхэнээсээ галзуурч байгаа юм биш биз гэсэн жихүүдэст бодол төрлөө.

Тэгж тэгж нэг юм хар нүд хамхив. Зүүдэндээ хорин жилийн өмнө байсан асрамжийн газартаа эргэж очлоо. Би сургуулийн тоглоомын талбайд мэлхийн арьс нөмөрчихсөн хэвтэж байх юм. Намайг үнсэх ёстой гүнжийн оронд нөгөө өвгөн, биш ээ манай аав зогсож байлаа. Аавдаа үнсүүлж амжихаас өмнө жүжиг дуусчих вий гэж айсандаа би агзасхийж хэвтэв. Энэ удаа тог тасрахгүй ч зүүднээсээ сэрчих л юм бол жүжиг дуусна. Тиймээс сэрэхээсээ өмнө ханхүү болж хувирахаар яаравчиллаа. Аль болох хурдан хараалаас салгаж өгөхийг ааваасаа гуйх гэтэл ам зуурчхаад дуугарч чадсангүй. Аав над руу алгуурхан алхсаар ойртож ирдгийн даваан дээр айдас минь биеллээ олж би зүүднээсээ сэрчхэв.

Харанхуйд утас хангинах дуунаар сэрсэн юмсанж. Чихэнд чийртэй энэ дуу таагүй мэдээ дуулгах юм шиг ёр төрсөн ч харилцуураа авахгүй байж чадсангүй. Шөнийн хоёр цаг болж байлаа.

“Байна уу? Хөнь Нам уу? Би байна аа” гэх Сон Намын дуу гарлаа.

“Хар шөнөөр яах гэж залгаа вэ?”

“Би эмнэлгийн яаралтай тусламжийн төвд байна аа. Манай эзэн зүрхний шигдээс болчихлоо.”

Толгой дээрээс тэнгэр нураад ирэх шиг л болов. Золтой л зүрх зогсчихсонгүй. Харилцуур барьсан гар салганаж эхэллээ.

“Өчигдөр орой чамайг явсны дараа царай нь цонхийгоод амьсгаа нь давчдаад эхэлсэн юм. Тэгээд шөнө арван хоёр өнгөрч байтал гэнэт л зүрхний шигдээс болчихлоо. Эмнэлэгт авчиртал аль хэдийн амьсгал хураасан байсан. Хэзээ үхэхийг бурхан мэддэг л гэдэг, гэхдээ хүн гэнэт ингээд яваад өгнө гэж байдаг аа? Надаас болоод л эндчихсэн юм шиг гэмшил төрөөд байна. Өчигдөр чи бид хоёрын найруулж тавьсан жүжгийг л даасангүй дээ хөөрхий.”

“Байз, Сон Ман аа. Чи худлаа ярьж байгаа биз дээ? Надаар тоглож байгаа, тийм үү? Миний зөв биз?”

“Юу яриад байгаа юм бэ? Хар шөнөөр яах гэж ийм юмаар тоглох юм бэ? Итгэхгүй байгаа бол өөрөө эмнэлэг дээр ирээд харахгүй юу.”

Би харилцуураа тавиад голоороо хугарсан мануухай шиг л хөсөр уналаа. Эхнэр цочин сэрж намайг татаж босгоод “Яасан бэ, хань аа? Юу болов?” гэж шалгаав.

Надад тайлбарлаж хэлэх үг олдсонгүй. Ухаан зулаггүй босон харайж эмнэлэг дээр ирвэл өвгөнийг аль хэдийн шарил хадгалах өрөөнд оруулсан байлаа. Тэр, үгүй ээ, аав минь одоо энэ ертөнцөд үгүй болжээ. Гэрээслэл үлдээж амждаггүй юм гэхэд ядаж намайг хүү нь гэдгийг дурдаа болов уу гэсэн горь тээж Сон Манаас асуувал гэнэт зүрх нь зогссон тул ганц үг ч хэлэх завдал болоогүй гэж хариуллаа. Эмнэлэгт ирэхээсээ ч өмнө амьсгал хураачихсан байсан гэнэ.

Би шарил хадгалах өрөөний шалан дээр тэрий хадан унаад эхэр татан уйлж гарав. Уйлаад л уйлаад л байлаа. Аавдаа амин голоосоо хайртай байсандаа ч биш, гучин жилийн дараа ганцхан удаа уулзсанаа бодож л тэгсэн хэрэг. Өөрийнхөө гашуун хувь тавилан, аавынхаа хөөрхийлөлтэй амьдралыг бодох тусам сэтгэл өвдөнө. Бодоод үз л дээ. Ийм итгэмээргүй явдал тохиолдоно гэж байх уу?

Өр зүрхнийнхээ гүнээс харуусан уйлсны маань учрыг өөрөөс минь өөр хэн ч ойлгохгүй биз ээ. Өөд болсон өвгөний цор ганц мах цусны тасархай гэдгийг маань тэд ямар мэдэх биш. Энэ бүхэн талийгаач бид хоёрын нууж болж үлдлээ. Түүний төрсөн хүү гэдгээ батлах боломж ч үлдсэнгүй. Дахиад л жүжиг дуусаагүй байхад тог тасарчихлаа. Хорин жилийн өмнө хачин муухай мэлхийн арьс нөмрөөд харанхуйд ганцаараа хоцорсон тэр нэгэн шөнө шиг хараал арилж амжсангүй.

Гэвч ингээд л буугаад өгчих нь шударга бус санагдав. Тиймээс би тааралдсан хүн болгондоо түүний төрсөн хүү гэдгээ хэлж, Хөнь Нам гэдэг нэр, хөл, хонгон дээрх сорвиороо батлах гэж оролдох боллоо. Гэтэл тэд эвэртэй туулай үзсэн юм шиг л аашилцгаав. Сон Ман хүртэл надад итгэсэнгүй. Хүмүүс намайг талийгаач өвгөний хөрөнгийг авах гэж худал үлгэр зохиож байна хэмээн буруутгаж байлаа. Өвгөний эхнэр гэж бүртгүүлсэн О авгай бүр дэлбэртлээ уурлав. Авгай намайг залилагч гэж зарга мэдүүлээд зогсохгүй гудамжны танхайчууд хөлслөн нэвширтэл зодууллаа. Гэнэтхэн л түүнийг өмгөөлж хамгаалсан баахан хүн гараад ирэв. Тэд бүгд намайг луйварчин гэж чичилж байлаа.

Гэсэн ч би тэднээс айсангүй, үнэнийг мэдүүлэхийн төлөө бүх чадлаараа зүтгэв: өвгөнтэй нүүр хагарч явсан хүн бүхэнтэй уулзаж, албаны хүмүүст өргөдөл гаргаж, сонин, телевиз, радиод захидал бичиж тусламж гуйлаа. Гэвч бүх хичээл зүтгэл минь талаар болов.Тэд хэлэлцэж тохирсон юм шиг л миний үгэнд үл үнэмшинэ. Хүмүүс намайг өвгөний хөрөнгөд шунасан этгээд л гэж харж байлаа.

Өвгөний хүү гэдгээ батлах гэж үхэн хатан зүтгэсний маань нэг шалтгаан түүний өв хөрөнгө байсан нь яах аргагүй үнэн. Хуулиараа бол түүний бүх хөрөнгө О авгайд очих байлаа. Үүнийг л би хүсэхгүй байв. Түүнээс өөрөө өвлөж авах гэж улайрсан юм биш. Эцгийн минь бүх насаараа хурааж цуглуулсан хөрөнгө О авгайд очихыг л яагаад ч харж тэвчихгүй байсан юм. Түүний оронд буяны байгууллагад хандивлачихвал хамаагүй дээр байх сан. Тэр муухай авгайд л яасан ч өгч болохгүй!

Гэвч төрсөн хүү нь гэдгээ батлах бус ичгүүргүй луйварчин, солио өвчтэй амьтан болоод дуусав. Хамгийн гунигтай нь Сон Ман надад итгэсэнгүй. Итгэх нь бүү хэл эргүү солиотой амьтан мэт харьцах болов. “Хөөе, чи чинь яачхаад байгаа юм бэ? Одоо больж болохгүй юу? Чамд ямар байгааг би ойлгож байна л даа. Гэхдээ одоо бүх юм дууссан. Сэрүүн зүүдлэхээ болиод бодит байдалтайгаа эвлэр. Ингэж байгаад галзуурах вий дээ. Ер нь эмчид очиж үзүүлбэл яасан юм бэ?”

Энэ бүхэн Сон Манаар дуусчихсангүй. Эхнэр минь хүртэл намайг галзуурсан гэж бодох болов. “Хань аа, ухаан ор л доо. Яагаад ингээд байгаа юм бэ? Өөрийгөө ч, гэр бүлээ ч түмний шившиг болгох сайхан байна уу? Ийм доромжлолыг би лав тэвчиж чадахгүй. Чи бүр галзуурчхаж.”

Үнэхээр галзуурсан юм биш байгаа гэсан бодол үе үе төрөх болов. Хэрэв тийм бол тэр өдөр өвгөний гэрт очоод үзсэн харсан, сонссон дуулсан бүхэн худал, ердөө л миний төсөөлөл болж таарах нь уу? Ийнхүү эргэлзэх болсноор итгэж явдаг зүйлсийн маань аль нь үнэн, аль нь худлыг ч ялгахаа болилоо.

Цаг хугацаа өнгөрөх тусам үнэхээр солио өвчин тусаж байх шиг санагдах болов. Юм бүхэнд итгэл алдран, урам хугарч, хүмүүстэй уулзахаас залхаж, хоол идэхээс ч дургүй хүрэх боллоо. Ажилдаа явах талаар бүр бодохоо ч болив. Удалгүй цэвэрлэгчийн ажлаасаа халагдлаа. Амьжиргаагаа залгуулдаг ганц зүйлээсээ салж буйгаа ухаарах сөхөө ч байсангүй. Сүүлдээ үг ч дуугарахаа больж, өрөөнийхөө голд торонд орсон араатан шиг л тааз ширтэж хэвтдэг боллоо.

Эхнэр маань аргаа барахдаа намайг сэтгэцийн эмчид үзүүлсэнд сэтгэл гутрал нь даамжирсан гээд эмнэлэгт хэвтэхийг зөвлөв. Харин би хүсэхгүй байна гээд хэвтсэнгүй. Тэгж байх боломж ч хаа байх билээ. Өөрөө ажилгүй хэвтэж байж ар гэрээ тэжээх гэж хоолны газарт угаагч, цэвэрлэгчээр ажиллах болсон эхнэрийнхээ нуруун дээр ахин нэг ачаа нэмэхийг хүссэнгүй. Үр хүүхдээ өлсгөчихгүй гэж өглөө оройгүй зүтгэж явсан эхнэр маань өдөржин үг дуугарахгүй, өрөөнөөсөө толгойгоо ч цухуйлгахгүй, идэхээс өөр шидгүй намайг хараад уур нь буцалдаг л байсан байж таарна. Нэг өдөр аанай л адар ширтэн хэвтэж байтал гурван настай охин минь өлссөндөө ч тэр үү үснээс зулгаан уйлж гарав. Би өөрийн мэдэлгүй түлхэж орхисонд охин минь өрөөний буланд эвхрэн унаад, царай нь хувхай цайж амьсгалахгүй болчхов. Тэр л мөчид би юу хийснээ ухаарч өөрөөсөө учиргүй айж билээ.

Энэ явдлын дараа би Сөүлээс зайдуу байх сүмд суух болов. Гэвч тэнд очоод ч дээрдсэнгүй. Улирал солигдож, салхи шуурга дэгдэж, ургамал ногоо дэлгэрэвч надад ер хамаагүй болжээ. Жил орчмын дараа эхнэр охин хоёр маань кимбаб хийгээд эргэж ирэв. Сүмийн урдах зүлгэн дээр кимбабаа идээд сууж байтал эхнэрийн бугуйнд зүүлттэй цаг анхаарал татлаа. Яагаад ч юм нэг л харсан цаг шиг санагдав. Ойртоод сайн харвал аавын минь надад үзүүлж асан алтан хүрээтэй хуучин цаг мөн байлаа. Би эхнэрийнхээ бугуйнаас шүүрэн авч “Энэ цаг яахаараа чамд байдаг билээ? Хаанаас авсан юм?” гэж асуулаа.

“Аан, энэ үү? Чиний найз Сон Ман гадаад явахаасаа өмнө надад өгсөн юм.”

Сон Ман Саудын Араб ч гэлүү Дундад Азийн нэг орон руу ажиллахаар явсныг би сонссон байсан юм.

“Эзэн өвгөн нь энэ цагийг их нандигнадаг байсан юм гэнэ лээ. Тэгээд л цаадах чинь өвгөнийг өнгөрөхөөр хулгайлж аваад явчихгүй юу. Алтан цаг гэж бодсон байх л даа. Цагны худалдаачинд аваачаад үзүүлсэн чинь дуураймал хог байсан гэх чинь билээ. Тэгээд гадагшаа явахаасаа өмнө ‘аавынх нь’ цаг юм чинь Хөнь Намд дамжуулчхаарай гэж хэлээд надад өгсөн юм. Надад нэг л олиггүй санагдаад хаячих дөхсөн л дөө. Гэтэл тэр өдөр миний цаг эвдэрчихээр нь зүүчихсэн юм. Хуучин ч гэсэн сайн явдаг юм байна лээ...” гэж эхнэр маань гэмшингүй хэлэв. Би эхнэрийнхээ бугуйнаас цагийг тайлж аваад алган дээр тавьж хэсэг зуур гөлөрч суулаа. Толгойд түмэн янзын бодол эргэлдэнэ. Гэнэтхэн халуун нулимс хацар даган урсав. Уйлж суухыг минь харсан эхнэр:

“Хань аа, яасан бэ?” гэж түгшсэн янзтай асуулаа. Үнэнийг хэлэхэд сэтгэл доторхоо гаргалгүй их уджээ.

Аавын минь өв хөрөнгөнөөс ганц энэ цаг л үлдэх шив. Хамгийн хачирхалтай нь аавын цаг надад ирснээс хойш сэтгэл санаа аажим аажмаар дээрдэж эхэлсэн юм. Одоо бол би бүхнийг даван туулж чадсан.

Эдүгээ хоёр Солонгос нэгдэх талаар амтай бүхэн цуурах болжээ. Үнэн эсэхийг хэн мэдлээ. Над шиг амьтны мэдэх хэрэг ч биш. Гэхдээ үнэхээр нэгдчих юм бол өөрийнхөө аминдай тосгонд очиж өвөг эцгийнхээ булшинд энэ цагийг өргөөд аавынхаа өмнөөс өршөөл эрнэ...

Гэхдээ л хоёр Солонгос эргэж нэгдлээ гээд над шиг, бас аав шиг минь зовсон хүмүүсийн амьдрал нөхөгдөх биш дээ. Харанхуй бүдүүлэг болохоороо ийм үг хэлж байна гэж та бодож байгаа байх, тэгэхдээ л хоёр Солонгос нэгдлээ гээд хүмүүсийн амьдрал тэгтлээ өөрчлөгдөнө гэж үү? Эрдэм боловсролтой хүмүүс үүх түүх гээд ярьж л байдаг юм. Гэвч тэр түүхэнд нь миний аавын хуучин цаг зурвасхан ч багтахгүй шүү дээ.

Хувь тавиланг хүмүүс л бүтээдэг гэж нэг оюутан залуу надад хэлж билээ. Түүний ярьснаар эрт цагт бурхан зурдаг байсан байж болох ч эдүгээ золгүй амьдарч байгаа над мэтийн амьтад бол эрх мэдэл, эд хөрөнгөтэй хүмүүсийн улс төрийн тоглоом, эсвээс ОХУ, АНУ зэрэг хүчирхэг гүрнүүдийн бодлогын золиос гэнэ. Магадгүй түүний зөв байх. Дайны уршгаар би өнчирч хоцорсон. Дайныг хэн өдөөдөг вэ? Хүмүүс!

Гэхдээ л нэг зүйл эргэлзээтэй байх шиг. Хэрвээ бурхан хүний хувь тавиланг зурдаггүй юм бол аавын минь өв хөрөнгөнөөс амь шигээ хайрладаг байсан энэ хуучин цаг л надад үлдэж хоцорсныг юугаар тайлбарлах вэ? Магадгүй ингэх л хувь тавилантай байсан биз. Хэрэв энэ бурхны зурсан зураг юм бол үүнийг юу гэж нэрлэх вэ? Би одоо ч энэ асуултын хариуг эргэцүүлсээр байна. Харин та юу гэж бодож байна?

Орчуулсан: Б.Сувддулам

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • DR UROLOGIST

      (102.89.3.207) 2022-03-23 02:10
      • 0
      • 0

      БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

      Хариулах