Францын Засгийн газар сүрчиг үйлдвэрлэдэг компаниудыг спиртэн халдваргүйжүүлэх бодисын үйлдвэрлэлд "албадав"

Twitter Print
2020 оны 03-р сар 24-нд 17:15 цагт
Мэдээний зураг,

Францын Засгийн газрын халдварын эсрэг хариу арга хэмжээ ба Франц үндэстний онцлог

Францад анхны коронавирусын халдвар (COVID-19)-ын гурван тохиолдол болох Парист Хятадын нэг аялагч, Бордо-д Ухань хотоос буцаж ирсэн 2 оршин суугч, 1-р сарын 25-нд бүртгэгдсэн байдаг. Харин эд одоо бүгд эдгээд эмнэлгээс гарсан байна.

Эхэндээ нэг оронтой тоогоор тогтвортой хяналтанд байсан халдвар авсан хүмүүсийн тоо Элсэд болсон сүсэгтний томоохон цугларалтаас бөөнөөрөө халдвар авсан буюу кластер халдвар дэгдэлтийн улмаас нэгэн зэрэг улс даяар нь тархаж эхэлсэн.

3-р сарын 15-ны өдөр халдварын тохиолдлын тоо 5423, нас баралтын тоо 127-д тус тус хүрсэн нь Ерөнхийлөгч Макроныг 3-р сарын 17-ны өдрөөс эхлэн улсын хэмжээнд нэгэн зэрэг сургуулиудыг хаах, иргэдийг гадагшаа гарахгүй байх, амьдрахад зайлшгүй шаардлагатай үйл ажиллагаанаас бусад бүх худалдаа, соёлын болоод амралт цэнгээний үйл ажиллагааг хаах зэрэг хүнд шийдвэр гаргахад хүргэсэн.

3 сарын 24-ны өдрийн байдлаар халдварын тохиолдол 20123, нас баралт 862 болоод байна.

Тус улсын зарим шүүмжлэгчид "бүр эрт үеэс хилийн хориг хязгаарыг чангатгаж, бүх сургуулийг бүхэлд нь хааж, гадуур явах, цугларахаас зайлсхийж чадсан бол" хэмээн шүүмжилж байгаа ч ардчилсан улс оронд, тэр тусмаа Франц шиг хувь хүний эрх чөлөөг хүндэтгэдэг улс оронд ийм хүчтэй хариу арга хэмжээнүүдийг авахад хэцүү байсан болов уу гэж бодогдохоор.

Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Ерөнхий сайд Эдвард Филипп тэргүүтэй засгийн газар вирусыг дарж авахын тулд аль хэдийн уналтанд ороод байсан эдийн засгаа ч хөнөөчихгүйн төлөө эрүүл мэнд, улс төрийг тэнцвэржүүлэх логиктой холбоотой байсан болов уу.

Тухайлбал эцэг эхчүүд сургууль хаагдсан тохиолдолд ажлаа хийж чадахгүй, тиймээс эдийн засаг зогсох болно гэж тооцоолсон байж магад. Тухайлбал Францад 10-аас доош насны хүүхдүүдийг гэртээ ганцааранг нь үлдээх нь хуулиар хориглосон байдаг учраас зарим сургуулиуд, ангиудыг хэсэгчлэн хаасан юм шиг байгаа юм.

Эдгээрээс харахад урьдчилан сэргийлэх анхны хариу арга хэмжээ удааширсан шалтгааныг хувь хүн, эрх чөлөөг юунаас ч илүү хүндэтгэдэг Франц үндэстний онцлогтой холбож үзэж болохоор.

Нийгмийн эрүүл мэнд бол тэр чигээрээ улс төрийн бодлого, тиймээс ч улс төр нь тэр үндэстнийхээ онцлогийг харгалзахгүйгээр шийдвэр гаргах боломжгүй гэдгийг эндээс харж болохоор. Францад барьж буй эрүүл мэндийн бодлого анагаах ухаанын нөхцөл байдлаас гадна бусад олон хүчин зүйлийг хамаардаг гэж харагдаж байна.

Эхэндээ Францын иргэд ч цочирдсон зүйлгүй "сайн болж байна. Манай Францын эмнэлгийн тусламж үйлчилгээ сайн байна" хэмээн бодож санаж байсан бол хөл хорио тогтоосон цаг хугацаанаас хойш нөхцөл байдал өөрчлөгдөж олон хүн хүнд байдалд орсон шинжтэй болж ээ.

Ер нь энэ удаад улс орон бүрийн эрүүл мэндийн тогтолцооны болон үндэстний онцлог шинж чанар, соёлын ялгаанаас хамаарч COVID-19-ийн хариу арга хэмжээнд үнэхээр сонирхолтой түүх ажиглагдаад байгаа юм.

Францын эрүүл мэндийн салбарын суурь мэдээлэл:

 Хүн ам 67 сая
 Дундаж наслалт 82 нас
 Насны голч 42 нас
 Эмнэлгийн байгууллагын тоо 3000
 Яаралтай амбулаторийн тоо 645
 Цочмог үеийн орны тоо 200,000
 Эмчийн тоо: 223,571
 Эрүүл мэндийн нийт зардал 195.2 тэрбум евро (ДНБ-ий 11.5%)
 Үүнээс эмнэлгийн төсөв 80 тэрбум евро

PCR шинжилгээг хэрэгжүүлж буй бодлогын хувьд улс орнууд харилцан адилгүй ялгаатай байгаа энэ цаг үед халдвар авсан хүмүүсийн тоо болон нас баралтын түвшинг шууд харьцуулах нь нэг талаар огт ач холбогдолгүй гэж үзэхээр байгааг судлаачид хэлээд байгаа.

Улс орнуудын нас баралтын тоог харьцуулж харахад 3-р сарын 18-ны байдлаар Итали 2503, Франц 175, Герман 13, Япон 28 байсан.

1000 хүн амд ноогдох эрчимт эмчилгээний орны тоог харьцуулж үзвэл Италид 2.6, Францад 3.1, Германд 6, Японд 7.8 байгаа бөгөөд энэ нь эрчимт эмчилгээний орны тоо ихсэж буйг дагаад нас баралтын тоо буурах хандлагатай байгаа нь харагдаж байна.

Нөгөө талаар дээрх улс орнууд өндөр хөгжилтэй орнуудын өвөрмөц онцлог болох хөгшрөлтийн нийгэм бөгөөд архаг өвчний өвчлөлийн тархалтын хувьд бүгд бараг ижил байдаг юм.

Францын хувьд халдварын хариу арга хэмжээнд хорьж хумих арга хэмжээ нь амжилттай болсон боловч дараа нь халдварын тархалтыг хянах зорилготой хэрэгжүүлсэн арга хэмжээ нь бүтэлгүйтсэн гэж үзэхээр байна. Тэд ахмад настнуудаа хамгаалангаа, хамтын дархлаа олж авах гэж хичээсэн боловч тэдний тооцоолж байснаас ч илүү тэсрэлтийн хурдтайгаар халдвар, нас баралт огцом нэмэгдсэн.

Эндээс нөхцөл байдалд нийцүүлэн засгийн газар нь эмнэлгийн тусламж үзүүлэх бодлогынхоо чиглэлийг өөрчилсөн гэж харагдахаар байна.

Эхлээд Уханаас ирэгсэд, ойр харилцаатай байсан ханиадны шинж тэмдэгтэй өвчтөнүүдийг нийтийн үйлчилгээтэй эмнэлгийн байгууллагад очихгүй байх, харин түүний оронд нь САМУ буюу төрийн яаралтай түргэн тусламжийн үйлчилгээнээс утсаар заавар зөвлөгөө авч үйлчлүүлэх чиглэл өгч байсан. Дур мэдэн эмнэлэгт очихыг хориглож байсан бөгөөд асуудалтай бүх хүмүүсийг заагдсан эмнэлгийн байгууллага руу чиглүүлж тэнд нь PCR шинжилгээг хийлгүүлэн, эерэг хариу гарсан хүмүүсийг сөрөг даралттай өрөө бүхий эмнэлгийн байгууллагад тусгаарлаж хэвтүүлж байсан.

Дараа нь "Цагаан төлөвлөгөө" хэмээн өөрсдөө нэрлэж буй онцгой байдлын эмнэлгийн тусламжийн тогтолцоонд шилжсэн гэж харагдаж байна. Энэ нь эмнэлэгт эрсдлийн зөвлөл байгуулан, бүх төлөвлөгөөт мэс засал болон яаралтай бус эмчилгээнүүдийг цуцлах болон хойшлуулжээ.

COVID-19-ийг даван туулахын тулд бусад тасаг нэгжүүдээс хүний нөөц, орны тоог нэмэгдүүлж, үйлчилгээний шугам, үйлчилгээний бүсүүдийн ялгааг нэлээдгүйгээр шинэчлэн тогтоосон арга хэмжээнүүдийг авч.
Түүнчлэн амбулаторийн шинжилгээний хүлээлгийн зориулалттай майхан дэлгэж, хүлээж авах эмнэлгийн байгууллагуудын тоог нэмэгдүүлэх зэрэг тахлын эсрэг бэлтгэл ажлууд дараалан хийгдсэн байна.

Гэсэн хэдий ч эмнэлэгүүдэд эрчимт эмчилгээний хүний нөөц, эмнэлгийн хэрэгслийн дутагдалд орж, бүх өвчтнийг хүлээж авах боломжгүй болж. Энүүнийг Францчууд цэргийн нисэх онгоцоор эмнэлгийн хэрэгслийг зөөвөрлөх, хээрийн эмнэлэг дэлгэх замаар даван туулахыг хичээж байна.

Ямартай ч бодлогын өөрчлөлт гарах бүрт тэргүүн эгнээн дэх эмнэлгийн ажилтнуудад төөрөгдөл, эргэлзээг бий болгож байгаа нь тэднийг бухимдах, сэтгэл ханамжийг бууруулахад нөлөөлж байгаа юм байна.
Түүхэн нэр хүндтэй Сарпетриере эмнэлэгт зочилсон Ерөнхийлөгч Макронд байлдааны талбар болж хувирсан тус эмнэлэгт ажиллаж буй эмч нарын нэг нь өөрсдийгөө гал руу орох зуны хорхой аятай байгаа тухайгаа дурдаад эмнэлгийн тусламж үйлчилгээний зардлыг хянасан бодлогын чинь улмаас орны тоо цөөрч, эмнэлгийн мэргэжилтнүүд ачааллаа даахгүй цөхөрч туйлдан, эмнэлгийн тусламж үйлчилгээ нуран унаж байгаа тухай ярьж гомдоллож буй мэдээ орон нутгийн ТВ-ээр цацагдсан байна.

3-р сарын 22-нд Францад шинэ төрлийн коронавирусын халдвараар эмч мэргэжилтэн нас барсан анхны тохиолдол бүртгэгдсэн.

Парисаас 30 орчим км зайд оршдог кластер халдвар гарсан Оизе хотын Compienne эмнэлэгт яаралтай тусламжийн эмч хийж байсан, 68 настай тэтгэвэрт гарсан эмч бөгөөд "Тэрээр байдлыг чимээгүй хараад сууж чадаагүй учир эмнэлгийн тусламжийн тэргүүн эгнээнд буцаж очсон" хэмээн ар гэрийнхэн нь мэдэгдсэн байна.

Ерөнхийлөгч Макроны "Энэ бол дайн" хэмээн хэлсэнчлэн үндэсний хэмжээнд "Тулааны хууль" -ын дагуу:

• Элсас мужийн Мулуза эмнэлэгт цэргийн хээрийн эмнэлгийн майхан дэлгэж, анагаахын болон сувилахуйн оюутнуудыг "Оюутан сурагчдын дайчилгаа"-нд хамруулав

• Тэтгэвэрт гараад таван жил хүрээгүй байгаа эмч нарыг "цуглуулав"

• Маскыг "хуваарилалтад" оруулав

• Хувцасны оёдлын үйлдвэрүүдийг маск үйлдвэрлэлд

• Сүрчиг үйлдвэрлэдэг үйлдвэрүүдийг спиртэн халдваргүйжүүлэх бодисын үйлдвэрлэлд "албадав"

Гэсэн хэдий ч бүгд сайн дурын үндсэн дээр суурилж байгаа юм байна

Гуравдугаар сарын 17-наас хэрэгжиж эхэлсэн чухал бус үйл ажиллагаанд тавьсан хоригийг анх хоёр долоо хоногт хийхээр төлөвлөж байсан боловч сунгагдах бололтой.

Мэргэжилтнүүдийн зүгээс "6 долоо хоног, 45 хоног" хэмээн санал гарч буй бололтой. Гадуур гарах зөвшөөрөл гэрээс нь 500 м-ийн эргэн тойрноор хязгаарлагдаж, хэрэв гарвал шалтгааныг нь харуулсан баримт бичигтэй байх шаардлагатай. Хэрэв зөрчих юм бол 135 еврогийн торгууль ногдуулна гэсэн байна.

Хорио цээрт орсон иргэд оршин суугчид өдөр бүр оройн 20:00 цагаас цонхон дээрээ цуглдарч "Тулалдаж буй бидний цагаан нөмрөгт баатрууд" хэмээн алга ташилтаар эмч эмнэлгийн мэргэжилтнүүддээ урам өгч буй ажээ.

Францад эхний эмч нас барсан мэдэгдлийн дараа буюу 3 сарын 23-ны Даваа гарагийн өглөө эмчийн нас баралт хоёроор нэмэгдэж, шөнө нь дахин хоёр эмч нас барж, нийтдээ эмч мэргэжилтний нас баралт 5 болсон ба бүгд 60-аас дээш насныхан бөгөөд анхан шатанд ажилладаг ерөнхий дотор, өрхийн болон эмэгтэйчүүдийн эмч мэргэжилтнүүд байжээ.

За манайхны нэрлэснээр Анх-Отгоны маань ар гэр эх оронд нэг иймэрхүү байдал өрнөөд байгаа аж. Түүний эх орон, ард түмнийг бурхан ивээг. Бид дэлхий нийтээрээ хамтын хүчээр тэмцэж байж энэ өвчний ард гарч авах юм байна.

Ойдовын Батгэрэл

Анагаах ухааны доктор

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.