Пакистаны Лахорт хотод метроны анхны шугам ашиглалтанд орлоо

Twitter Print
2020 оны 10-р сар 27-нд 11:14 цагт
Мэдээний зураг,

Пакистаны зүүн зүгт байрлах Лахор хотод метроны анхны шугам ашиглалтанд оржээ. Авто замын түгжрэл ихтэй гэдгээрээ алдартай Лахор хотод ашиглалтанд орж буй метроны анхны шугам болох 27 км урттай Улбар шар шугам нь дундаа 20 гаруй зогсоолтой байх ба автобусаар 2 цаг 30 минут явах замыг 45 минутанд туулах аж.

Албаны хүмүүсийн мэдээлж байгаагаар Лахор хотын метро бүрэн ашиглалтанд орсоноор тус метрогоор өдөрт 250 мянга орчим хүн үйлчлүүлэх гэнэ. Өнгөрсөн ням гарагт болсон нээлтийн үйл ажиллагаанд оролцсон Пунжаб мужийн ахлах сайд Усман Буздар, "Энэ төслийн ачаар Лахорын иргэд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн дээд зэрэглэлийн үйлчилгээг авах болно." хэмээн онцолжээ. 

Олон жилийн турш хойшлогдож, улс төрийн маргааны сэдэв болж байсан уг метроны төсөл нь 1.8 тэрбум ам. доллараар боссон ба төслийг БНХАУ-ын тусламж дэмжлэгээр хэрэгжүүлсэн аж. Үүнтэй холбоотойгоор Пакистан улсын гадаад өрийн хэмжээ сүүлийн жилүүдэд огцом нэмэгдсэн асуудал олон нийтийн анхаарлыг татаж эхлээд байна. БНХАУ-ын зүгээс Ази, Африк болон Европыг дэд бүтцээр холбох Нэг Бүс Нэг Зам санаачилгын хүрээнд Пакистан улсад олон арван тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт хийсэн юм.

Лахор хотын метроны төсөл хэрэгжсэнээр тус хотын түүх дурсгалын газрууд тэр дундаа ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд багтсан Шалимарын цэцэрлэгт хүрээлэнг сүйтгэгдэнэ хэмээн иргэд эсэргүүцлээ илэрхийлж байсан юм. Метроны шугам барихын тулд 600 гаруй модыг огтолжээ. Метроны шугамын нээлтийн үйл ажиллагаанд оролцсон БНХАУ-ын консул Лон Динбин уг төслийг хоёр улсын харилцаанд гарсан томоохон дэвшил хэмээн онцолж, Пунжаб мужийн удирдлагууд болон Пакистаны ард түмэнд баяр хүргэж буйгаа илэрхийлсэн байна.

Хятадын Синьхуа агентлаг Лахорын метроны анхны шугам нээгдэж байгаа талаар Өмнөд Азийн улсын нийтийн тээврийн салбар шинэ шатанд гарлаа хэмээн онцолсон байна.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.