Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн тухай

Twitter Print
2021 оны 03-р сар 08-нд 09:23 цагт
Мэдээний зураг,

Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг 100 гаруй жилийн туршид жил бүрийн 3-р сарын (Мартын) 8-нд дэлхий даяар өргөнөөр тэмдэглэж иржээ. 

Энэ өдрийг тохиолдуулан НҮБ болон олон улсын бусад байгууллага, засгийн газрууд, дэлхийн болон үндэсний эмэгтэйчүүдийн хөдөлгөөнүүд эмэгтэйчүүдийн хүний эрхийг баталгаажуулах, тэдний улс төр, нийгэм, эдийн засгийн тэгш эрх, тэгш оролцоог хангахад гарсан ахиц, цаашид шаардлагатай өөрчлөлт шинэчлэлийн тухай өргөнөөр хэлэлцэн, эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх тэмцлийг нэгтгэн, шинэ эрч хүчээр цэнэглэх, эв санааны нэгдлийг бэхжүүлэхэд чиглэсэн олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг уламжлалтай.

Монгол зэрэг хуучин социалист орнуудад Мартын 8-ныг эмэгтэйчүүд, эхчүүдийн баяр болгон тэмдэглэж ирсэн бөгөөд энэ нь уг өдрийн жинхэнэ утга агуулгыг алдагдуулан, эмэгтэйчүүдийн хүний эрх, жендэрийн тэгш байдлыг хангахтай холбоотой олон тулгамдсан асуудлаас нийтийн анхаарлыг хөндийрүүлж, улмаар шударга ёсны төлөөх иргэдийн хүсэл эрмэлзлийг үгүйсгэх, тэдний улс төрийн ухамсар, идэвхийг хязгаарлахад чиглэсэн социалист авторитар дэглэмийн албан ёсны суртал нэвтрүүлгийн нэгэн хэрэгсэл болж байсан юм.

Харин ардчилсан тогтолцоонд шилжин, хүний эрхийг дээдэлсэн нийгэм байгуулах эрхэм зорилгоо Үндсэн хуулиараа тунхагласан Монгол улсад Мартын 8-ныг эмэгтэйчүүдийн аж байдлыг дээшлүүлэх; улс төрийн тэгш оролцоо, нийгэм-эдийн засгийн тэгш эрхийг нь хангах; хүний эрх, эрх чөлөөг нь баталгаажуулах уугуул үзэл санаа, утга агуулгаар нь тэмдэглэн өнгөрөөх эхлэлийг хүний эрх, жендэрийн тэгш эрх, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд тавьсан билээ.

Олон улсын хэмжээнд Мартын 8-ны утга агуулга, ач холбогдол нь эмэгтэйчүүдийн хүний эрхийг хангах чиглэлд гаргасан ололт амжилтыг цэгнэн дүгнэх, өөрчлөлт шинэчлэлийг шаардах, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө үйл хэрэгт зориг гаргаж, тууштай, шийдэмгүй зүтгэж ирсэн эмэгтэйчүүдийн хувь нэмрийг талархан тэмдэглэх, дэлхийн өнцөг булан бүрт өрнөж буй эмэгтэйчүүдийн шударга ёсны төлөө тэмцлийг нэгтгэн бэхжүүлэхэд оршдог.

Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр (ОУЭӨ)-ийн товч түүх:  

С праздником 8 марта!

1909 он Хамгийн анхны үндэсний Эмэгтэйчүүдийн өдрийг АНУ-д Америкийн социалист намын шийдвэрийн дараагаар 1909 оны 2-р сарын 28-нд тэмдэглэсэн.

1910 он Эмэгтэйчүүдийн эрх, түүний дотор сонгуульд оролцох эрхийн төлөө тэмцэх “Олон улсын хөдөлмөрчин эмэгтэйчүүдийн өдөр”-ийг тэмдэглэх тухай шийдвэрийг Копенгаген хотноо болсон 2-р Социалист Интернационалын өмнө зохион байгуулсан Олон улсын эмэгтэйчүүдийн бага хурлаас гаргасан.

1911 он Австри, Дани, Герман, Швейцари зэрэг оронд сая гаруй хүн 3-р сарын 19-нд жагсаал цуглаан хийж ОУЭӨ-ийг анх удаа тэмдэглэхдээ эмэгтэйчүүдийн сонгох, сонгогдох эрх, төрийн алба хаших эрх болон ажил эрхлэх, техник мэргэжлийн боловсролтой болох эрхийг нэхэж, ажлын байранд ялгаварлан гадуурхах явдлыг таслан зогсоохыг шаарджээ.

1913-1914 он Дэлхийн I дайны өмнө өрнөж эхэлсэн энх тайвны төлөө хөдөлгөөний хүрээнд Оросын эмэгтэйчүүд анх удаа 1913 оны 2-р сарын сүүлийн Ням гаригт тэмдэглэв. 1914 оны 3-р сарын 8 болон түүний орчим хэдэн өдрүүдэд энх тайвны төлөө эв санааны жагсаал цуглаануудыг Европын бусад орны эмэгтэйчүүд зохион байгуулжээ.

1917 он Дайнд хоёр сая цэргээ алдсан Орос орны эмэгтэйчүүд “талх ба энх”-ийг шаардсан ажил хаялтыг 2-р сарын сүүлийн Ням гаригийг дахин сонгон зохион байгуулав. Энэ огноо нь тэр үеийн Орос оронд хэрэглэж байсан Юлианы тооллын 2-р сарын 23-ны өдөр буюу дэлхийн бусад оронд хэрэглэж ирсэн Грегорианы тооллын 3-р сарын 8-ны өдөр байжээ.

1975 он Энэ оныг НҮБ-ын Ерөнхий Чуулганаас “Олон улсын эмэгтэйчүүдийн жил” болгон зарласан бөгөөд эмэгтэйчүүдийн асуудлаарх дэлхийн анхны бага хурал Мексик улсын нийслэлд хуралдсан. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаас улс орнуудад хандаж гаргасан илгээлтийн дагуу ОУЭӨ-ийг жил бүрийн 3-р сарын 8-нд тэмдэглэхээр болсон.

1977 он “Эмэгтэйчүүдийн эрх, олон улсын энх тайвны өдөр”-ийг гишүүн орнууд жил бүр тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалсан НҮБ-ын тогтоол гарч, цаашид энэ өдрийг дэлхий даяар өргөн тэмдэглэх болсон.

2011 он ОУЭӨ-ийн 100 жилийн ойг 100 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлсэн. АНУ-д Ерөнхийлөгч Барак Обама 2011 оны 3-р сарыг “Эмэгтэйчүүдийн түүхийн сар” болгон зарлаж, ОУЭӨ-ийг “улс орны түүхийг бүтээхэд эмэгтэйчүүдийн оруулсан гайхамшигт хувь нэмрийн талаар” эрэгцүүлэн бодож өнгөрөөхийг Америкчуудад уриалсан. Олон улсын улаан загалмайн нийгэмлэгээс зөрчил, мөргөлдөөнтэй газруудад олон эмэгтэйн амьдралыг сүйтгэж буй хүчин болон бэлгийн хүчирхийллийн бусад төрлүүдээс урьдчилан сэргийлэхэд тууштай анхаарч ажиллахыг улс орнуудад уриалсан. Австрали улс ОУЭӨ-ийн 100 жилийн ойн зоос үйлдвэрлэн гаргасан.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.