Жагдалын Лхагва - Би аргалчин билээ /Өгүүллэг/

Twitter Print
2020 оны 06-р сар 25-нд 18:29 цагт
Мэдээний зураг,

Монголын орчин үеийн утга зохиолын нэрт төлөөлөгч, богино өгүүллэгийн мастер, зохиолч Жагдалын Лхагваагийн өнгөрөгч зууны далаад онд бичсэн өгүүллэгийг толилуулж байна.

Би наймтайдаа адуунд өшиглүүлж бэртээд сургуульд явж чадаагүй юм. Тэгээд “мэдрэл муудсан” гэж нутгийн нэг доохторын айлдсанаар арав хүртлээ хөдөө байж, аргалчин болсон билээ. Бургасан шээзгий үүрч, хулсан савар бариад хонины бэлчээр хүрээгүй хүн аргал түүхийн жаргалыг яахан мэднэ.

Аргалчин хүн яруу найрагч мэт үргэлж эрэлд хатаж түүнийгээ ямагт олж байдаг юм. Муу аргалчин малын чийртэй гэрийн хаяанаас үл холдон үнгэгдсэн хомоол, хөлдүү хоргол сэлтээр араг шээзгийгээ дүүргэвч тэр нь гал болохоосоо утаа болж нүдийг нь хорсгох бөлгөө. Харин сайн аргалчин гэрийн бараа тасартал сэргэг бэлчээрт хүрч өвөлжин урьшиж хаваржин хатсан намрын халтар аргалаар араг дөрвөлжөө дүүргээд буцахдаа тааралдах олзыг ч гээлгүй хормойлон ирнэ. Тэгээд аргалын гал тулган дотор цогтойхон найраг шиг дүрэлзэх агшинд хол явсны ид сая нэг гарч, араг оосорлосон оёмол дээсний мөрөнд шигдсэн хөндүүр өөрөө арилдаг билээ.

Аргал түүхдээ би дуулах дуртай. Тэргээр халтар аргал олдоосой гэж дуулна. Тэртээ цэнхэр уулсыг давахсан гэж дуулна. Сургуульд явчихсан үеийн нөхдөө дурсан дуулна. Энэ бүхнийгээ ганц мэдэх “Эрэлхэг Монголынхоо” аяар л дуулдаг байлаа. Сургуулийг би төсөөлөн бодохдоо ном, дуу хоёр заалгачихаад дараа нь олуулаа нийлээд аргалд явдаг байх гэж санана. Тэгээд миний өдөлж амжаагүй цурам ухаанд араг үүрсэн олон хүүхэд яваа нь дүрслэгдээд улмаар лавшруулан бодож, ганц сайхан аргал тааралдвал овоорон булаацалддаг байх даа хэмээн эзгүй хээр өөрийгөө цочтол тожигнон инээдэгсэн.

Аав минь цайны боодлын хулсаар хөнгөн савар хийнэ. Би сургуульд орохоороо тэр савраа бариад холоо явж сайхан халтар аргал түүнэ, тэгээд Луужаагийн Бөнтөөнийг надтай цуг явбал шээзгийг нь дандаа өргөж өгнө, бас ганц нэг халтар аргал илүүчлэн өгнө дөө гэж боддог байлаа. 

Би өдөртөө хоёр шээзгий аргал, бас нэг баглаа шаваг түүж, аавын ган тулганы угалзтай тотгыг хөргөлгүй явсаар адуунд өшиглүүлснээс хойш гурав дахь намартай золгов. Үхрийн баас хатахаа болиод суран зэл хар аяндаа гогцоорч модон гадас өндөлзөж эхэлнэ. Гэр манаасгүй боловч хаяаг нь буулгасан нь пүүгээгээ боочихоод замын унаа хүлээж буй хүн шиг дүнсгэр атлаа дээвэр нь бас үес үесхэн сэтгэл шиг дэрвэлзэнэ.

Уяанд жихүүцсэн морь, уугаад халамцсан хүн хоёрын тачигнатал давхих хүсэл яг нийлдэг намрын яг ийм өдөр би анх удаа шээзгийгээ дүүргэлгүй эргэж ирсэн билээ. Энэ өдөр мөн л урьдын адил тэртээ цэнхэр уулыг мөрөөсөн “Эрэлхэг Монголоо” аялан гарсан бөгөөд агь таанын үнэрт сайхан аргал хөөцөлдсөөр нэг мэдэхнээ гэрээс их л зайдуу явчихсан байлаа. Эргэж харвал уяанд олон морь багширч, гэр дээр нэг том улаан юм далбагнан харагдаж байлаа. Би шээзгийгээ ч дүүргэлгүй гэр өөд яаран явахдаа энэ улаан юм юун болохыг тааварлан ядаж Аниа хөгшний дээлнээс өөр гойд юм санаанд орохгүй мухардав. Хөдөө нутагт ховор үзэгдэх тод өнгө салхинд хурайлан даллах эд шидээрээ энэ улаан юм аравтай хүүгийн адтай хүслийг оргилуулан гэрийн зүг яаруулсан нь их л учиртай байжээ. Хүрч ирээд үзвэл том улаан пансан алчуур унийн модонд уяад хошлонд босгон хавчуулжээ. Дүү намайг тосон ирээд “улаан туг, улаан туг” хэмээн түүнийг зааж байв. Энэ нь ч үнэн байв.

Гэрт орвол нутаг усны арваад хүн, багийн дарга Шанж, бас нэг урт халимагтай танихгүй шар хүн байв. Урт халимагтай хүн жижигхэн дэвтэр дэлгэж бариад ямар нэг угтварын /би л буруу сонссон байлгүй/ улаан туяаны тухай ярина. Би угтах улаан туяа гэснээр нь холбож наран мандах, үүр гийхтэй л ойролцоо юм бодож байлаа. Харин тэр хүний дахин дахин хэрэглэх “ялангуяа” гэдэг үг нь урьд сонсоогүй учир гойд сонин санагдаж, нүүр рүүгээ байн байн бууж ирэх гялалзсан хүрэн халимгаа сурамгай гэтэл сэжих нь үзтэл сайхаан.

Би эвийг нь олоод юу болж байгаа тухай ааваас сэм асуувал тэрбээр эргэн миний чихэнд “угтварын хувьсгалын 30 жилийн ойн баяр“ гэчихээд шалавхан эргэж урт халимагтын яриаг анхааран сонсов. Албан ёсны яриа дууссаны дараа цай цүй ууцгааж энгийн хөгжилтэй боллоо. Тэр урт халимагт нь сумын сургуулийн багш гэнэ. Тэрбээр намайг дуудан дэргэдээ суулгаад насыг минь асууж яагаад сургуульд яваагүйг сонирхон “мэдрэл муутай” гэсэн үг дуулж, учрыг лавлав.

Тэгээд миний зурсан зураг сэлтийг үзэж, надтай нэлээд зүйлийг ярьсны дараа эрүүл цовоо хүүхэд байна гэж батлаад, дахин албархуу болж, босон зогсоод “угтварын” баярын ёслолд оролцохоос гадна сургуулиас завсардсан хүүхдүүдийг бүртгэн дуудах ажлаар яваагаа яриад намайг гурав хоногийн дотор сумын сургуульд хүргэж өгөхийг багийг дарга, аав хоёрт захиж захиж явлаа. Тэгж би хээр талд Октябрийг ёсолсон улаан туганд дуудагдан ирж араг, савар хоёроо цүнх, үзгээр сольсон билээ.

Сургуульд миний бодсончлон олуулаа явж аргал түүдэггүй байлаа. Тэгэвч би багшийн заасан бүхнийг халтар аргал шиг олзуурхан суралцсанаар гэртээ дутуу орхисон шээзгийгээ дүүргэсэн юм шиг бодож явдаг. Эдүүгээ би ухаанаа тал шиг уудамд бэлчээн тэмээний хоргол, адууны хомоол шиг олон янзын бодол дундаас агь таанын үнэртэй цэнхэр утаат халтар аргал шиг санаа түүж байнам. Түүсэн тэр санаа минь уран бүтээлийн галыг сэргээн хөгжөөх болтугай.

Аргалчин ээжийн хормойноос зүүгдэн өссөн талын хүн, энэ бяцхан өгүүллэгийг минь уншаад хялгана нэвт сүвлэсэн халтар аргал түүх нээрээ л бас жаргал шүү хэмээн бодох бол би аргалчин билээ.   

Улаанбаатар. 1970 он.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.