Бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Германы баг түрүүллээ

Twitter Print
2021 оны 12-р сар 22-нд 14:40 цагт
Мэдээний зураг,

2021 оны 12-р сарын 18-нд Германы Бремен хотноо WDSF (World Dance Sport Federation) буюу ДБСХ (Дэлхийн Бүжгийн Спортын Холбоо)-оос зохион байгуулдаг Формэйшн латин (Formation Latin) төрлийн бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өнгөрлөө.

Энэхүү тэмцээнд 9 орны 13 хамтлаг (Австрийн 2, Англи, Германы 2, Монгол, Недерландын 2, Оросын 2, Серби, Унгар, Украин) оролцлоо. 18,20 метрийн паркетан шалтай талбайд 8 бүжгийн хос буюу 16 тамирчид ча-ча-ча, самба, румба, пасодобль, жайв гэсэн 5 бүжгийг нэг үзүүлбэртээ оруулж бүжиглэдэг онцлогтой.

Дүгнэх үндсэн шалгуур нь хөгжим, тамирчин бүрийн ур чадвар, бүжгийн шугам, хэлбэр, хосуудын хоорондын зай, талбайг зөв бүрэн дүүрэн ашиглах байдал, хамтлагийнхны хөдөлгөөний жигдрэлт, эвсэл, гоц онцлог хөдөлгөөн, тамирчдын жүжиглэлт, нүүр царайны хувирал, хамтлагийнхны нэгдэл зэрэг болно. Энэ жилийн онцлог нь финалын шилдэг 7 багийг шалгаруулав.

Финалын шилдэгүүд;

1. Grün-Gold-Club Bremen (Герман)

2. "Вера" Тюмень (Орос)

3. "Дуэт" Перм (Орос)

4. TSG Bremerhaven e.V. (Герман)

5. HSV Zwölfaxing A-Team (Австри)

6. "Moon dance" (Монгол)

7. TSC Schwarz Gold A-Team Latin (Австри)

Хоёрдугаар зэргийн;

8. Double V A (Недерланд)

9. Adagio (Украин)

10. DSV Dance Impression Latin team (Недерланд)

11. XS Latin Cambridge A (Англи)

12. Gala TE A Team (Унгар)

13. Vracar (Серби)

Энэ төрөлд монголоос “Moon dance” хамтлаг 2014 оноос оролцож, тэр жилдээ 9-р байр (Германы Бремен хот),

2015 онд 7-р байр (Австрийн Вена хот),

2016 онд 5-р байр (Германы Бремен хот),

2017 онд 6-р байр (Австрийн Вена хот),

2018 онд 8-р байр (Хятадын Шензень хот),

2019 онд 6-р байр (Германы Бремен хот),

2021 онд 6-р байранд (Германы Бремен хот) орж эрэмблэгдлээ.

Moon dance хамтлагийн багш дасгалжуулагчид нь О.Оюунбат, О.Саранхүү нар юм.

Хамтлагийн бүжигчид; Б.Золжаргал, Б.Алтанхөлөг, Б.Өлзий-Орших, Э.Саруулзаяа, Б.Халиун, О.Эрдэнэ-Очир, Т.Ариунболор, Э.Түвшинзаяа, Д.Баасан-Ёндон, Б.Солонго, Б.Зүчи, У.Мишээл, Т.Нандин-Эрдэнэ, Н.Отгонжаргал, Б.Тэнүүн, А.Анарбилэгт, М.Цолмон, Ж.Гэрэлмаа, Б.Эрдэнэсайхан, Т.Билгүүн

Мөн “Star” хамтлаг 2014 оноос оролцож, тэр жилдээ 8-р байр, 2015 онд 15-р байр, 2016 онд 8-р байр, 2017 онд 7-р байр 2018 онд 9-р байранд орж эрэмблэгдэж байжээ.

Нэг сонирхолтой нь сүүлийн 3 (2018,2019,2021) жилийн дэлхийн аварга Германы Grün-Gold-Club Bremen хамтлагт монгол бүсгүй Нэргүйгийн Онондарь бүжиглэдэг бөгөөд уг хамтлагт 2016 оноос бүжиглэж, аваргын титмийг гурвантаа хүртсэн билээ.

Монгол улсынхаа нэрийг дэлхийн бүжгийн тавцнаа цууриатуулж шилдэг хамтлагт багтдаг болсон “Moon dance” хамтлагийнханаараа бахдан бахархнам.

Батхүүгийн Энхжаргал

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.