Дэлхий дахин шинэ дайны ирмэгт тулсан юм биш үү?

Twitter Print
2014 оны 11-р сар 13-нд 18:07 цагт
Мэдээний зураг,

Зүүн Европ дайны нөхцөл байдалд ороод байгааг дэлхий нийт анзаараагүй өнөөг хүрчээ. Өнгөрсөн хугацаанд хэвлэл мэдээллүүд Украины зүүн хэсгийн нутаг дэвсгэрт зөвхөн орон нутгийн чанартай мөргөлдөөн гарч байгаа мэт ойлголт өгч ирсэнээс биш НАТО болон Оросын хоорондын харилцаа хурцдаж шууд мөргөлдөөнд хүргэх сэжүүр маш олон удаа гарч ирж байсан тухай мэдээлэл олж авч байгаагүй аж. Өнгөрсөн гуравдугаар сард Оросууд Крымыг нэгтгэж авсанаас хойш байдал улам хурцадсан бөгөөд сүүлийн найман сарын хугацаанд Умард Атлантын эвсэл болон ОХУ-ын хооронд дөч гаран тэр дундаа 11 удаа онц ноцтой мөргөлдөөнд хүргэх үйл явдал тохиолдож байсныг цөмийн зэвсэглэлээс олон талаар татгалзаж, дэлгэрүүлэхгүй байх Европын холбооны тэргүүлэгчдийн хорооноос (European Leadership Network) гаргасан "Дайны ирмэгт хүргэсэн аюултай тэнсэл" тайлан илтгэлд дурьдсан байна.

Эдгээр тохиолдлууд дотроос гурав нь шууд мөргөлдөөнд хүргэх нөхцөл байдал бүрдүүлж байсныг шинжээчид тэмдэглэжээ. Тухайлбал Оросын тагнуулын нисэх онгоц болон Эстонийн аюулаас хамгаалах байгууллагын ажилтныг Оросын тусгай албаныхан баривчилсан, мөн Оросын гэх цөмийн шумбагч онгоцыг Шведийн нутаг дэвсгэрийн усанд хайсан явдал орж байгаа аж.

Нисэх онгоцтой холбоотой ноцтой үйл явдал өнгөрсөн гуравдугаар сарын 3-нд тохиолдсон бөгөөд Ром орохоор Копенгагений нисэх буудлаас хөөрсөн агаарын тээврийн SAS компанийн 132 зорчигчтой нисэх онгоц ямар ч дохиолол өгөөгүй явсан Оросын тагнуулын нисэх онгоцтой мөргөлдөхөө  дөхсөн байна. "Тухайн тохиолдолд харагдах орчин сайн байсан болоод SAS нисэх онгоцны нисгэгчдийн ур чадварын дүнд ослоос зугтаж чадсан" гэж тайлан илтгэлт тэмдэглэсэн байна.

Мөн АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Балтийн орнуудыг дэмжихээ мэдэгдсэний дараахан есдүгээр сарын 5-нд Эстонийн аюулаас хамгаалах байгууллагын шуурхай бүлгийн ажилтныг Оросын тусгай албаныхан эх нутаг нь баривчилсан явдал шууд мөргөлдөөн хүргэх шалтаг болсон аж. Гэвч Оросууд Эстонийн тагнуулчыг ОХУ-ын нутаг дэвсгэр дээр баривчилсан гэж зүтгэсэн байна.

Гуравдахь тохиолдолд Шведийн усан хил хязгаарт Оросын шумбагч хөлөг сэлгүүцэж яваа гэх үндэслэлээр эрэл хайгуулын ажиллагаа явуулсан байна. Шведийн зэвсэгт хүчний ерөнхий захирагч Сверкер Йорансон хэрвээ Оросын шумбагч хөлөг усны мандал дээр гарч ирэхгүй байх тохиолдолд "зэвсэгийн хүчээр" асуудлыг шийдвэрлэхэд бэлэн байгаагаа өнгөрсөн аравдугаар сарын 17-нд мэдэгдэж байсан аж. Харин Оросууд, Шведийн усан хилд ямар ч хөлөг онгоц ороогүй гэх хариу бариад өнгөрсөн аж.

"Шууд зэвсэгт мөргөлдөөнөөс зайлсхийлээ ч Оросуудын цэрэг зэвсэгийн шилжилт хөдөлгөөн ихэссэн тухайн нөхцөл байдалд барууныхан байр сууриа хамгаалсан шийдвэртэй хариу барихад бэлэн байсан учир үйл явц хяналтаас гарах ноцтой аюул нүүрлэж байсан" гэдгийг шинжээчид онцлон тэмдэглэсэн байна.

Ийм ч учраас тайлан илтгэл бэлтгэсэн шинжээчид үндсэн гурван чиглэл гаргасан аж. Нэгдүгээрт Оросын засаг захиргаа цэргийн хүрээнд энэ мэтийн "түрэмгий" алхам хийхгүй байх асуудлыг нэн даруй  хянан үзэж шийдвэрлэх, хоёрдугаарт, өрнөдийн дипломатуудад уг зайлшгүй нөхцөл байдлын тухай Москвад итгүүлж үнэмшүүлэх чиг үүрэг өгөх, эцэст нь хоёр талаас улс төр, цэргийн хүрээнд хүлээцтэй байр суурь баримталж, үүнтэй холбогдуулан сүйрлээс сэргийлэхийн тулд цэргийнхэнтэй нягт уялдаа холбоотой байж, цэргийн шилжилт хөдөлгөөнийг тодорхой мэдээлэхийг уриалсан байна.

Бүс нутгийн хямралын асуудлаар шинжээчид өмнө нь долдугаар сарын 30-нд тайлан илтгэл гаргаж байсан бөгөөд уг илтгэлд Украины нөхцөл байдалтай холбоотойгоор Орос барууныханы хооронд гэнэтийн дайн гарч болзошгүй байгааг анхааруулсан байжээ.

Тэрчлэн өнгөрсөн наймдугаар сард The New York Times сонинд гарсан нийтлэлээр бол ОХУ болон Их Британийн гадаад харилцааны яамны сайд байсан Игорь Иванов, Малкольм Рифкин нар Украины хямралаас шалтгаалж Орос, НАТО-ийн хооронд цэргийн шууд мөргөлдөөн гарах нөхцөл бүрдэж байгаа тухай харилцан санал солилцсон байна.

Харин The Financial Times сонин ЗХУ-ын ерөнхийлөгч асан Михаил Горбачевын саяхан "Дэлхий дахин хүйтэн дайны ирмэг дээр байна" хэмээн мэдэгдсэнийг иш татаж Оросын талаас дэмжлэг хүлээж байгаа босогчид болон Украины засгийн газрын цэргийн хүчний хоорондын мөргөлдөөн сүүлийн үед улам идэвхжих болсон нь Оросын Холбооны болоод НАТО-гийн зөрчлийг улам хурцатгаж байгааг тэмдэглэжээ. Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагаас (OSCE) мэдээлж байгаагаар, сүүлийн хоногуудад ямар ч таних тэмдэггүй "хэдэн арван хүнд техник, танк"-ын цуваа хойд зүг болон баруун хойд зүг рүү шилжилт хөдөлгөөн хийж байгаагын дээр тодорхой ялгах тэмдэггүй хар өнгийн дүрэмт хувцастай цэргийн албан хаагчид үзэгдэж байгаа учир ойрын үед томоохон хэмжээний тулгаралт мөргөлдөөн үүсэж болзошгүй байгаа аж.

Ойрхи Дорнод, Сири, Иракийн нутаг дэвсгэрт дайны гал дүрэлзэж, Европын зүүн бүс нутагт өдөр тутам их бага хэмжээний тугаралт мөргөлдөөн үргэлжилж байгаа энэ үед дэлхий дахин үнэхээр шинэ дайны ирмэгт тулаад байгаа тодорхой дүр зураг харагдаж байна. Хэрвээ Орос болоод НАТО-ийн талаас аль нэгэн болгоомжгүй алхам хийхэд хүрвэл Европ, Ойрхи дорнодыг хамарсан томоохон бүс нутаг дайны хөлд нэрвэгдэхнээ. Нөхцөл байдал үнэндээ дарьтай торхоноос холгүй галтай цучил унасан мэт дүр зурагтай харагдаж байгаа аж.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.