
Amazon компанийг үүсгэн байгуулагч Жефф Безосын Bezos Earth Fund доройтсон газрыг нөхөн сэргээх, хоол хүнсний тогтолцоог өөрчилж, дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд зориулж 2 тэрбум ам.доллар зарцуулна хэмээн мэдэгджээ.
Шотландын Глазгоу хотод болсон НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх тухай дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр хэлсэн үгэндээ тэрээр сансарт ниссэнийхээ дараа байгаль эх дэлхийн эмзэг, хэврэг байдлыг илүү ихээр мэдэрсэн гэжээ.
Ж.Безос тэргүүтэй дэлхийн хамгийн чинээлэг хүмүүс дэлхийд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд туслахын оронд сансрыг байлдан дагуулахад их хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулж байна гэсэн шүүмжлэлд өртөөд байгаа билээ.
Түүнээс гадна Amazon компанийн үйл ажиллагаа байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг хэмээн тус компанийн ажилчид нь хүртэл шүүмжилдэг аж.
Чуулга уулзалтын үеэр Жефф Безос "Дэлхийн олон газарт байгаль орчин хүлэмжийн хийг шингээгчээс хүлэмжийн хий ялгаруулагч болж хувирсан байна. Дэлхийг дээрээс харах нь таны үзэл бодлыг өөрчилнө гэж надад хэлж байсан нь ямар үнэн болохыг би мэдэрсэн" хэмээн бүгд нэгдэж, эх дэлхийгээ хамгаалах ёстойг онцолжээ.
Bezos Earth Fund уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нийт 10 тэрбум ам. доллар зарцуулахаар төлөвлөсөн ба өнгөрсөн сард уугуул иргэд болон тэдгээрийн соёл, ёс заншлыг хадгалж хамгаалах явдалд зориулж 1 тэрбум ам. доллар зарцуулна хэмээн мэдэгдсэн юм.
Ж.Безосын хэлж байгаагаар Африк тивийн шимт хөрсний 2/3 нь доройтсон ч тэдгээрийг нөхөн сэргээх боломжтой аж.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.