Пхеньян цар тахлын үеийг ашиглан хилийн хамгаалалтаа эрс чангатгажээ

Twitter Print
2023 оны 05-р сар 28-нд 10:00 цагт
Мэдээний зураг,

Хойд Солонгос улсын хойд хил тус улсын иргэдэд олон жилийн турш мэдээ мэдээлэл олж авах, худалдаа наймаа эрхлэх, зарим нэгэнд нь эх орноосоо зугтах боломжийг олгож ирсэн аж.

2020 онд дэлхий дахинд коронавирусын цар тахал дэгдсэн үеийг ашиглан Ким Жон Ун Хятад болон ОХУ-тай хиллэх хилийн зурвасынхаа хамгаалалтыг чангатгаж, хууль бус наймаа эрхлэгчид болон эх орноосоо дүрвэгчдийн гол замыг хаажээ.

2020 оноос хойш Пхеньян хилийн зурвас дээрээ олон зуун км үргэлжлэх хамгаалалтын хаалт хашлага, хана босгож, хяналтын постуудын тоог нэмэгдүүлж, Хойд Солонгос руу гаднаас орж ирэх мэдээ мэдээлэл, бараа бүтээгдэхүүний урсгалыг хаах арга арга хэмжээ авсан болохыг Ройтерс агентлаг, Олон улс судлалын Миддлбери институт нар Google Earth Pro компанийн 2019-2023 онд хиймэл дагуулаас авсан Хойд Солонгосын хойд хилийн зургуудад хийсэн судалгаа шинжилгээ болон Хойд Солонгосоос зугтсан 7 хүн, тус улсын хилийн нөхцөл байдлын тухай мэдэх хүмүүсийн өгсөн мэдээллийг үндэслэжээ.

Өнгөрсөн жил л гэхэд 67 хүн л Хойд Солонгосыг хилийг давж зугтаж чадсан бол 2019 онд энэ тоо 1047 байжээ. Уг үзүүлэлт буурсаар байгаа нь Пхеньян хилийн хамгаалалтаа сайжруулснаар гадна Бээжин энэ тал дээр хатуу арга хэмжээ авдаг болсонтой холбоотой аж.

Хойд Солонгосын засгийн газар болон төрийн өмчит хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хил дээр явагдаж буй бүтээн байгуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлээгүй ч Пхеньяны эрх баригчид коронавирусын цар тахал, бас өөр "гадны зүйлс" орж ирэхээс сэргийлж, хилийн хамгаалалтаа чангатгаж байгаа гэж мэдэгдэж байсан юм. Коронавирусын цар тахлыг ялсан хэмээн зарлах үеэрээ Ким Жон Ун "их газар, эргийн бүс, далай, агаар дахь хилийг хамгаалалтаа сайжруулахыг" үүрэг болгосон билээ.

Миддлбери институтын судлаач Дэйв Шмерлерийн хэлснээр Ходй Солонгосын хойд хилийн дагуу өргөст торон хашлага, бетонон хана, хоёр давхар хашаа, хяналтын нэмэлт постууд нэмэгдсэн харагдаж байгаа аж. Эдгээр бүтээн байгуулалтууд нь дийлэнхдээ суурин газруудын ойролцоо, уул хад зэрэг байгалийн саад бэрхшээл багатай газруудад баригдсан байна.

Үүнээс болж хилийн орчим худалдаа наймаа эрхэлж, амиа зогоодог байсан иргэдийн амьдралын нөхцөл байдал хүндэрсэн байна. Хойд Солонгосоос зугтан гарч чадсан нэгэн иргэний яриагаар хилийн зурвасын дагуу олон тооны хяналтын камер байршуулж, олон давхар хашлага суурилуулжээ.

Хойд солонгосчуудын 80 орчим хувийнх нь өдөр тутмын хэрэглээгээ хууль бус худалдаачдын ачаар хангадаг байсан бол хилийн хамгаалалт чангарснаар тэдгээр иргэдийн аж амьдрал улам хүндэрсэн байна.

Олон улсын шинжээчдийн үзэж байгаагаар Хойд Солонгост хүнсний хомстол үүссэнд хилийн хамгаалалт чангарсан явдал мөн нөлөөлжээ.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.