ҮНЭЭ МАЛГҮЙ хэрнээ жинхэнэ малчин монгол шиг...

Twitter Print
2020 оны 07-р сар 23-нд 17:12 цагт
Мэдээний зураг,

Гадаад орнуудад үл хөдлөх хөрөнгийн эзэн байшингаа нэг зочид буудлын үйлчилгээний компанид түрээслээд, доторхи рестораныг нь өөр нэг хоол үйлчилгээний компани ажиллуулаад, цагаан хэрэглэлийг нь нэг угаалга үйлчилгээний компани гүйцэтгээд, ресторанууд руу нь хүнс хүргэлтийн нэг компани хангамж хийгээд, бууж үйлчлүүлж байгаа зочдод өөр бусад аяллын болон худалдаа үйлчилгээний компаниуд үйлчлээд зөвхөн нэг байшинг 6-8 компани “амилуулаад” мөнгөний алдагдалгүй ажилладаг. Яг үүн шиг нэг жижиг хувилбар гэж хэлж болохоор мундаг гэр бүлтэй танилцлаа. Гэрийн эзэн Бэгзсүрэн, гэр гийгүүлэгч нь Мөнгөнсоёмбо, гурван сайхан хүүхэдтэй, аз жаргалтай энэ гэр бүл Өвөр Гүнтэд зусаж байна. Тэрүүхэн тэндээ “Өвөр Гүнтийн өрхийн бүлэг” байгуулчихсан.

Бэгзсүрэнгийнх өдөр бүр 40-60 л сүүг худалдан авдаг. Үнээтэй айлууд нь зөвхөн үнээгээ л хариулна, саана, сүүгээ Бэгзсүрэнгийд зараад орлого олчихно. Харин сүүг нь авсан Бэгзсүрэнгийнх тараг бүрнэ, өрөм загсаана, сүүгээ хөөрүүлнэ, ааруул хийнэ. Хийсэн цагаан идээг нь Өвөр Гүнтийн өөр бусад айлууд худалдан авдаг. Бэгзсүрэнгийнх үнээ хариулж, сааж, өвс хадна гэж цаг зарцуулахгүй. Тараг, сүүг нь худалдан авсан айлууд нь ийш тийш тээврийн зардал гаргахгүй, хуурай сүүний хольцгүй, элдэв сэжиггүй бүтээгдэхүүн авчихна. Энэ гурвалсан өрхийн үйлдвэрлэл үнэхээр супер. Мөн хотоос хүмүүс захиалга өгнө, өөрсдөө хот орохдоо хүргээд өгчихнө.

Buyan Choi-н зураг.

Сошиал орчинд энэ хүнийг “Creative Mongolia” пэйж хөтөлдөгөөр нь таньж мэддэг. 2008 оноос хойш 1000 гаруй жуулчинг гэртээ “хонуулсан”. Тэдгээр жуулчид өөрсдөө Бэгзсүрэнгийнхийг олж ирдэг бөгөөд онгоцны буудлаас тосохгүй, унаа тэргээр үйлчлэхгүй, хоногийн төлбөр, хоолны төлбөр гэж авдаггүй. Бэгзсүрэнгийнх жуулчин ирнэ гэж өдөр тутмын амьдралын хэв маягаа өөрчлөөд байдаггүй, урьдчилж бэлддэггүй. Илүү гэр барьж тусад нь хонуулаад байдаггүй, тур оператор компаниар зуучлуулаад манайд жуулчин өгөөч гээд явдаггүй. Дэлхийн хувиараа аялагчдын 10 гаруй сайтуудад бүртгэгдсэн, танигдсан ХОСТ АЙЛ юм.

Бэгзсүрэн 2006 оноос хойш блог хөтөлсөн бөгөөд 2020 онд гэхэд 45 блог бичсэн байна. Агуулга нь тэр чигээрээ монгол ёс заншил, монгол хүн, өдөр тутмын амьдрал. Тэднийд тааваараа байсан жуулчдын сэтгэгдэл 10 орчим дэвтэр болсон байна. Жинхэнэ монгол соёл, монгол амьдрах ухааныг биеэрээ мэдэрсэн тухай баярлаж талархсан сэтгэгдэл. Бэгзсүрэнгийн үзэл зарчим нь “монголоороо байх, монгол хүний уг яс чанарыг сэргээх, оюун санааны дархлааг бий болгох” юм.

Buyan Choi-н зураг.

Бэгзсүрэнд өөртөө тохиолддог зүйлийг ярилаа. “Тэрэлжид эхлээд би гаднаа илүү гэргүй яг л монголоороо байгаа айлыг олдог байв. Өөрийнхөө гэрт жуулчинг минь хүлээж аваад, сайхан ярьж хөөрөөд, өөрсдийнхөө хийж иддэг хоолыг сайхан хийж өгөөд явуулаарай гэдэг байв. Нөгөө айл маань дараагийн жилээс нь хажуудаа илүү гэрүүд бариад, гэрийн эзэн эзэгтэй хоёр үзэгдэхээ болиод, ор, ширээ сандлаас өөр юмгүй гэрт жуулчинг минь оруулаад, гаднаас поднус дээр тавьсан хоол авчирч өгчихөөд гарч явдаг болсон. Тэдгээр айлууд жуулчингаас олсон орлогоороо байшин бариад, машин аваад дэгжээд явчихдаг. Тэгэхээр би монголоороо байхыг алдуулсан байгаа биз” гэлээ. Бэгзсүрэн “аанха, Буянбадрах багш та тэдгээр айлуудыг эвдсэн буруу хэрэг хийжээ” гээд инээж билээ.

Buyan Choi-н зураг.

Та бүхэн Бэгзсүрэнгийд яваад очиж болно. Та нарт ямар нэгэн үнэ ханштай хоол унд санал болгохгүй. Байгаа зүйлээрээ дайлна, сайхан яриа хөөрөө өрнүүлнэ. Монгол хөлөгт тоглоомуудыг зааж өгнө. Сагс тоглож болно, волейбол тоглож болно, ой модонд салхилж болно. Хэрвээ ямар нэгэн хоол захиалах бол хоолны материалаа өөрсдөө аваад очоорой. Мөн архи дарсны хэрэглээгүй гэр бүл бөгөөд гүйж гараад худалдаа хийчих дэлгүүр дэргэд нь байхгүй гэдгийг анхаарна биз ээ. 

Ч.Буянбадрах 

Олон улсын аялал жуулчлалын хөгжлийн төв 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.