Хүүхдийн аяга

Twitter Print
2020 оны 08-р сар 20-нд 12:49 цагт
Мэдээний зураг,

Дээр үед үр хүүхэд нь тогтдоггүй, дөнгөж мөлхөж байгаа хүүтэй айлд эрлийн хүн бууж гэнэ. Эрэлчин мэнд усаа мэдэлцэж суугаад өврөөсөө бор тагшаа гаргаж, эзэгтэй цай аягалж өгч...

Зүүн хоймроо уяатай суусан жаахан хүү эрэлчин рүү сарвалзан тэмүүлээд байхаар нь аав нь уяаг нь тавиад өгч. Хүү эрэлчин рүү мөлхөж очиж өвөр дээр нь суугаад шулганаж гарч... Шулганаж шулганаж унтаад өгсөн хүүг ээжид нь тэврүүлж орхиод мордохдоо

- Танай хүү их ухаантай хүү юм..

Би ээв ээж хоёртоо өмнө нь гурвантаа ирж буцсан билээ.

Намайг бор хоол идээд ирэхээр хэний ч хамаагүй халтар аяганд хоолыг минь хийж өгдөг болохоор би буцчихдаг юм гэж байна лээ шүү...гэж хэлээд өөрийн бор тагшаа үлдээж

- Хүүгийн чинь аяга болог гэж хэлээд мордсон юм гэнэлээ.

Энэ цагаас хойш тэр айл олон сайхан үр хүүхэдтэй өнөр өтгөн айл болсон хэмээн ярихыг эмээгээсээ сонсож байсан. Монголчууд эртнээсээ хүн бүхэн тус тусын аягатай байдаг байсан л гэлцдэг... Ялангуяа нялх балчир үрсдээ өөрийн аягатай байлгаж хольж солихгүй байх нь эрүүл ахуй ариун цэвэр талаасаа ч зөв юм хэмээн бодож цоохорлов. 

Г.Баярмагнай

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.