
Гуравдугаар сарын 22
Дэлхийн Усны өдөр бол баяр биш харин харуусал, гэмшлийн өдөр юм. Жил бүрийн өдөр шөнө тэнцэх энэ өдөр дэлхий даяар устгасан гол горхи, бохирдуулсан усны нөөц, усаар дутагдаж гачигдаж буй сая сая хүмүүсийн тухай нийтийн анхаарлыг хандуулж, усанд хандах хандлага, уламжлалт усанд хайр найргүй ашиглалт хэрэглээгээ өөрчлөхгүй бол хүн төрөлхтөний ирээдүй бүрхэг болж байгааг сануулдаг өдөр юм.
Тийм ч учраас энэ жил НҮБ-ээс Дэлхийн Усны өдрийг "өөрчлөлтийг түргэтгэх" буюу "accelerating change" гэдэг сэдвээр дэлхий даяар зохион байгуулж байна. Дэлхийн хамгийн олон улсыг эгнээндээ нэгтгэсэн хамгийн том байгууллага болох НҮБ усанд орохдоо бага ус хэрэглэе гэх мэт жижигхэн зүйл ярьж байгаа мэт боловч аливаа агуу зүйл жижгээс л эхэлдэг. Ертөнцийг өөрчлөх өөрчлөлт өөрийгөө өөрчлөхөөс л эхэлдэг. Ийм учраас НҮБ-ээс хүн бүрийг, байгууллага улс бүрийг өөрчлөлтөө түргэсгэе гэж уриалж байгаа хэрэг.
Гэтэл Монголчууд бид усны өдрийг баяр гэж бодоод хэн ч, ямар ч байгууллага үл тоож байгаа болтой. Энэ нь бид юуг яаж өөрчлөхөө, устай холбоотойгоор юу хийх яахаа ч мэдэхгүй байгаатай холбоотой юм. Өнгөрсөн 30 жилд бид 700 гаруй гол горхиныхоо амийг хөнөөж, дахин сэргэхээргүй болгосон, өнгөрсөн 30 жилд мөнх цаст хайрхануудын маань буурал оройнууд нүдэнд мэдэгдэхүйцээр багасаж нимгэрсэн, өнгөрсөн 30 жилд усны хэрэглээ 3-4 дахин нэмэгдсэн, ирэх 2040 гэхэд дахин 3-4 дахин нэмэгдэж УБ хотод хоногт 1сая шоометр ус хэрэглэх тооцоо төлөв гарч байгаа. Гэтэл усны нөөц огт нэмэгдээгүй харин ч багассан, Туул гол маань тасалддаг болсон, бараг бүх голын урсац мэдэгдэхүйц багассан.
Өнөөдөр бид 1 ч литр ус хуримтлуулахгүй байна, (Гэгээн нуурыг эс тооцвол) 1 ч тонн усыг дахин ашиглахгүй байна. Ийм байхад өөрчлөлт хэрэггүй гэж үү. Өөрөөсөө хандлагаасаа эхлээд бүхнийг, усны үнэ, усны салбарын бүтэц, усны эрх зүйн тогтолцоо гээд бүхнийг өөрчлөхгүй бол бид хоцрох нь байна шүү.
Уудаг усаа жорлондоо хэрэглэж, уух усаараа машин угааж, ундны усаараа арьс шир боловсруулж буй бидэнд ирээдүй гэж байх уу?
Зэнээмядарын Батбаяр
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.