
Германд коронавирусын халдварын тархалтыг бууруулахын тулд энэ долоо хоногийн лхагва гарагаас эхлэн хатуу хөл хорио тогтооно хэмээн ХБНГУ-ын канцлер Ангела Меркель өнгөрсөн ням гарагт мэдэгджээ.
Энэ лхагва гарагаас эхлэн ирэх 1-р сарын 10 хүртэл хүнсний дэлгүүрүүдээс бусад худалдаа үйлчилгээний төвүүд болон сургуулиудыг хаах ба Зул сарын баярын өдрөөр 10-аас дээш тооны иргэдийг нэг дор цугларахыг хориглох гэнэ. Канцлер Ангела Меркель иргэдээс Зул сарын баярын үеэр олноороо цугларахгүй байх, аль болох цөөн хүнтэй харилцахыг хүссэн байна.
ХБНГУ нь эрүүл мэндийн тогтолцоо сайтай мөн коронавирусын халдварын эхний давалгааны тархалтыг хяналтандаа авч чадсан ч вирусын халдварын 2 дахь давалгааны тархалтыг зогсоож чадаагүй юм. Өнгөрсөн баасан гарагт л гэхэд Германд 24 цагийн дотор коронавирусын халдварын улмаас 598 хүн нас барсан байна. Хөл хорионы дэглэмийг чангатгаснаар Зул сарын баярын өдрүүдээр сүмийн хуралд суух иргэд урьдчилж бүртгүүлэх шаардлагатай болж байгаа ба хурлын үеэр дуулахыг хоригложээ.
Түүнчлэн олон нийтийн зам талбайд архи согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон ба жил болгон Шинэ жилийн өмнөх өдөр зохиогддог галын наадам энэ жил болохгүй аж.
Эх сурвалж: CNN
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.